| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/01537/И |
| Дугаар | 182/ШШ2024/02930 |
| Огноо | 2024-07-01 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 182/ШШ2024/02930
| 2024он 07ры 01дөр | 182/ШШ2024/02930 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоотод оршин суух Сбодонгууд овогт Бы О/РД: ****/,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух ** овогт Ргийн Ц /РД: ***/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух Б овогт Шгийн Э/РД: ***/-т холбогдох
*** тоот хаягт байршилтай 31 м.кв талбайтай, улсын бүртгэлийн *** дугаартай 2 өрөө орон сууцнаас хариуцагчийг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, Т.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.
Тодорхойлох нь:
1. Нэхэмжлэгч Б.О, Р.Ц нар нь хариуцагч Ш.Эт холбогдуулан *** тоот хаягт байршилтай 31 м.кв талбайтай *** дугаартай 2 өрөө орон сууцнаас хариуцагчийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
Миний бие Б.Онь эхнэр Р.Цын хамт Нийслэлийн ***тоот хаягт байршилтай 31 м.кв талбайтай *** дугаартай 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бүртгэгдэж, Төрийн банк ХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №26/02 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-г байгуулж үүнээс хойш тухайн үл хөдлөх хөрөнгийн ипотекийн төлбөрийг сар бүр төлсөөр ирсэн бөгөөд хууль ёсны өмчлөгчид билээ.
Хариуцагч Ш.Этэй 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр *** дугаартай Р.Цын өмчлөлийн**** тоотод байрлах 19 м.кв 1 өрөө орон сууцыг худалдах гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн.
Харин тухайн үл хөдлөх хөрөнгийн хажуу талд байрлах Б.О, Р.Ц нарын өмчлөлийн *** дугаартай 2 өрөө үл хөдлөх хөрөнгийг худалдах талаар ярилцаж байсан.
Тус 2 өрөө үл хөдлөх хөрөнгийг худалдах худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаагүй. Нэхэмжлэгч Б.Онь хариуцагч Ш.Этэй найз нөхдийн холбоотой байсан тул ипотекийн зээлийн төлөлтийг хэрхэн төлөх талаар цаашид тохиролцож, 2 өрөө *** дугаартай үл хөдлөх хөрөнгийг худалдах эсэх талаар ярилцаж байсан. Ингээд тухайн үед 2 өрөө үл хөдлөх хөрөнгийн түлхүүрийг хариуцагчид итгэж өгсөн бөгөөд улмаар нэхэмжлэгч Б.Онь тухайн 2 өрөө үл хөдлөх хөрөнгийн ипотекийн зээлийн төлбөрөө сар бүр төлсөөр өнөөдрийг хүрсэн.
Хожим хариуцагч нь тухайн 2 өрөө үл хөдлөх хөрөнгийг өөрийн эзэмшилдээ байлгасан хэдий ч ярилцаж, тохиролцон бичгээр гэрээ хийгээгүйгээс гадна тухайн байрны ипотекийн төлбөрийг хэрхэх талаар бичгээр тохиролцоогүй бөгөөд 2 өрөө байрны ипотекийн төлбөрт Б.Онь 10 жилийн хугацаанд буюу өнөөдрийг хүртэл хугацаанд 58,804,620 төгрөг төлж хохироод байна. Учир нь ипотекийн төлбөрөө төлөхгүй тохиолдолд Монгол банкны найдваргүй зээлдэгч болох эрсдэлтэй байсан тул 2 өрөө үл хөдлөх хөрөнгийн ипотекийн төлбөрийг төлөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн. Мөн үүн дээр 50,043,226 төгрөг төлөх дутуу байгаа болно.
Хууль ёсны өмчлөгч, тухайн өмчийнхөө төлбөрийг төлж байгаа хэр нь өмчлөлийн эд хөрөнгөө захиран зарцуулах, эзэмших, ашиглах боломжгүй болж, эсрэгээрээ хариуцагч нь 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч үүний дараа ипотекийн зээлийн асуудлыг шийдэж, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авна гэсэн боловч бодитоор бичгээр худалдах худалдан авах гэрээ байгуулж, тохироогүй атлаа нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнд 10 жилийн хугацаанд хууль бусаар эзэмшилдээ байлгаж, амьдарч байна.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж хуульчилсны дагуу Б.Оболон Р.Ц нарын өмчлөлийн Нийслэлийн ***тоот хаягт байршилтай 31 м.кв талбайтай *** дугаартай 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэв.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:
Нэхэмжлэл болон байр чөлөөлөх тухай мэдэгдэлтэй танилцлаа.
Энд нэлээд худлаа зүйлүүд их байгаа тул нэхэмжлэл дурдсан болон мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь ...1 өрөө байр болон 19 тоот 2 өрөө байрууд нь нэг хаалгаар ордог буюу миний нэрээ шилжүүлж авсан 1 өрөө байр болох 20 тоотын хаалгаараа ордог. Гэтэл надад хажуу 2 өрөө байрны түлхүүрээ итгээд өгсөн гэж хүн гүтгэж болохгүй. Энэ нь үнэнд нийцэхгүй энэ 1 өрөө, 2 өрөө 2 байрыг нийлүүлээд хана туургыг нь хаагаад нэг л хаалгаар гаднаасаа ордог болгосон байр байсан одоо ч тэр хэвээрээ л байгаа.
2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр *** дугаартай ... тоотод байрлах 19 м.кв 1 өрөө байрны нэрийг шилжүүлж байсан тухайн үедээ 2 өрөө байр болох 19 тоотоо банкны зээлэнд байгаа би зээлээ төлөөд чиний нэр дээр шилжүүлнэ гэсэн чи үлдэгдэл мөнгө болох 105,000,000 төгрөгийг бэлдэж байгаарай гэсэн би ч найз нөхдийн харилцаатай болохоороо итгэсэн.
Харин Б.О, Р.Ц хоёр 2 өрөө байраа 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зээлэнд тавьсан байсан зээлээ төлж барагдуулаад надад 2 өрөө байрны ордероо худалдах худалдан авах гэрээ хийж үлдэгдэл мөнгө болох 105,000,000 төгрөгөө авна гэж 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 1 өрөө байр шилждэг өдөр надад хэлээд өөрсдөө 10 жил алга болчхоод одоо тэр зээлийг аваад хэрэглэсэн юм шиг 58,804,620 төгрөг төлж хохироод байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн дутуу төлөх банкны мөнгө 50,043,226 гэсэн зээлийн үлдэгдэл би авсан биш надад хамаагүй. Үүнийг мөн хүлээн зөвшөөрөхгүй.
Ер нь тэр 1 өрөө, 2 өрөө байраа зарж байхдаа л намайг залилсан байна. Тэр үед 2014 онд 3 өрөө байр дэндээд л 110,000,000 төгрөгийн ханштай байсан. Харин ч би 220,000,000 төгрөгөөр зарна гэхэд нь авахаар болж 115,000,000 төгрөг 1 өрөө, 2 өрөө нийлүүлсэн байрны 52% гаруй мөнгийг төлсөн. Гэтэл 235,000,000 төгрөгөөр тохирсон гэдгийг мөн хүлээн зөвшөөрөхгүй ингэж хүнийг гүтгэж болохгүй.
106 дугаар зүйлийн 106.1 өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсэн хуулийн зүйл заалт хэрэглэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Би 1 өрөө, 2 өрөө байрынхаа 52% гаруй хэмжээний мөнгийг төлсөн нь үнэн. Харин үлдэгдэл 105,000,000 төгрөгийг төлж 2 өрөө байрны ордероо өөрийн нэр дээрээ шилжүүлж авмаар байна гэв.
3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд:
3.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт /хх-3/, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 0066 бүртгэлийн дугаартай Итгэмжлэл /хх-5/, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 627 бүртгэлийн дугаартай Итгэмжлэл /хх-6/, шуудангийн баримт /хх-7/, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Мэдэгдэл /хх-8/, Голомт банкны дансны хуулга /хх-10-11/, Төрийн банкны дансны хуулга /хх-12-27/, 000300183 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх-28/, Орон сууц, зээлдэгчийн амь намын даатгалын гэрээ /хх-29/, Орон сууцны зээлийн гэрээ /хх-30-34/, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /хх-35-36/, Орон сууцны худалдах, худалдан авах гэрээ /хх-37/, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 0067 бүртгэлийн дугаартай Итгэмжлэл /хх-65/, Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-66-67/, зээлийн мэдээллийн лавлагаа /хх-146/,
3.2 Хариуцагчаас нотлох баримтаар: хариу тайлбар /43-45/, Голомт банкны Төлбөрийн баримт /хх-76/ зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.
3.3 Шүүхээс: тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШЗ2024/08323 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 16-ны дөрийн 5/6656 дугаартай албан бичиг /хх-89/, хавсралт /хх-90-143/ зэрэг баримтыг шүүхийн журмаар бүрдүүлсэн байна.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан болон шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ НЬ
1. Нэхэмжлэгч Б.О, Р.Ц нар нь хариуцагч Ш.Эт холбогдуулан *** тоот хаягт байршилтай 31 м.кв талбайтай, улсын бүртгэлийн *** дугаартай 2 өрөө орон сууцнаас хариуцагчийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг ...Хариуцагчтай 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 20 тоот хаягт байрлах 19 м.кв талбайтай 1 өрөө орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж өмчлөх эрхийг шилжүүлж өгсөн байдаг. Харин 19 тоот хаягт байрлах 2 өрөө байрны хувьд худалдах, худалдан авах гэрээг бодитоор байгуулаагүй. Тухайн байрыг ипотекийн зээлээр авч, Төрийн банкны барьцаанд байгаа гэдгийг нэхэмжлэгч нар болон хариуцагч мэдэж байсан. Ипотекийн зээлийг төлсний дараа 2 өрөө байрыг худалдах, худалдан авах гэрээг хийе гэх байдлаар ярилцаж байсан. Нэхэмжлэгч Б.Онь энэ 2 өрөө байрны ипотекийн зээлийг өнөөдрийг хүртэл төлсөөр байгаа. Гэтэл хариуцагч Ш.Энь тухайн орон сууцанд ямар ч төлбөр төлөхгүйгээр амьдарсаар байна. Нэхэмжлэгч нарын хувьд хууль ёсны өмчлөгч гэдэг нь тогтоогдож байгаа боловч эд хөрөнгөө бодитойгоор захиран зарцуулах, эзэмших боломжгүй болоод байна. Хариуцагч нь тухайн 2 өрөө байранд бичгээр гэрээг байгуулаагүй учир хууль бусаар амьдарч байгаа нөхцөлийг хангаж байгаа гэж үзээд хариуцагчийг тус үл хөдлөх хөрөнгөөс албадан чөлөөлүүлэх шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр *** дугаартай ... тоотод байрлах 19 м.кв 1 өрөө байрыг шилжүүлж, худалдаж авсан. ...тоотод байрлах 1 өрөө байр болон 19 тоотод байрлах 2 өрөө байр нь 1 хаалгаар ордог буюу миний нэрийг шилжүүлж авсан 1 өрөө байр нь 20 тоотын хаалгаар ордог. Гэтэл хажуу 2 өрөө байрыг итгээд өгсөн гэж хүн гүтгэж болохгүй. Анхнаасаа нэг л хаалгаар гаднаасаа ордог байсан, одоо ч тэр хэвээрээ байгаа. Тухайн үед 2 өрөө байр банкны зээлэнд байгаа, би зээлээ төлөөд чиний нэр дээр шилжүүлнэ гэхэд би итгэсэн. Тэр үед 3 өрөө байр 110,000,000 төгрөгийн ханштай байсан. Харин ч би 220,000,000 төгрөгөөр зарна гэхэд нь авахаар болж 125,000,000 төгрөгөөр 1 өрөө, 2 өрөө нийлүүлсэн байрны мөнгийг төлсөн. Гэтэл 235,000,000 төгрөгөөр тохирсон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би 1 өрөө байрны 50 хувийн хэмжээний мөнгийг төлсөн нь үнэн. Харин 105,000,000 төгрөгөө төлж 2 өрөө байрыг өөрийн нэр дээр шилжүүлж авмаар байна гэж маргажээ.
4. Нэхэмжлэгч Б.О, Р.Ц нар нь 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр .... тоот хаягт байрлах 31 м.кв талбайтай, улсын бүртгэлийн *** дугаартай, 2 өрөө сууцны өмчлөгчөөр бүртгэгдэж, 000300183 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан.
Уг шаардах эрхийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч шаардлага гаргах эрхтэй байхаас гадна шаардлагыг биелүүлэх этгээд нь эзэмшигч байх, түүний эзэмшил хууль бус байх нөхцөл бүрдсэн тохиолдолд хэрэгжүүлнэ.
Талууд 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч Р.Ц нь ...тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн *** дугаартай 19 м.кв, 1 өрөө орон сууцыг Ш.Эт худалдаж, өмчлөх эрхийг шилжүүлжээ.
Зохигчдын тайлбараас үзэхэд .... тоот хаягт байрлах улсын бүртгэлийн *** дугаартай, 31 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц болон ...тоот хаягт байрлах, *** дугаартай 19 м.кв, 1 өрөө орон сууц нь нэг орц, гарцтай болох нь тогтоогдож байна.
Хариуцагч Ш.Энь ...тоот хаягт байрлах, *** дугаартай 19 м.кв, 1 өрөө орон сууцыг худалдан авсан үеэс эхлэн нэг орц, гарцтай тухайн 2 орон сууцыг эзэмшиж байжээ. Энэ үйл баримтад талууд маргаагүй.
Дээрхээс үзэхэд талуудын хооронд 2 орон сууцыг худалдах, худалдан авах хүсэл зориг байсан байх бөгөөд хариуцагч нь маргааны зүйл болсон .... тоот хаягт байрлах *** дугаартай, 31 м.кв талбайтай, 2 өрөө сууцыг нэхэмжлэгч нарын зөвшөөрлөөр эзэмшиж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч нар нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч Ш.Эт ... үл хөдлөх эд хөрөнгийн хажуу талд байрлах 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг худалдах талаар ярилцаж байсан. Тус үл хөдлөх хөрөнгийг худалдах талаар албан ёсоор гэрээ байгуулагдаагүй. Хамгийн сүүлд 2023 оны 09 дүгээр сарын 20-ны үед уулзахад үлдэгдэл төлбөрийг бүрэн төлөх талаар илэрхийлж байсан хэдий ч төлбөрөө өнөөдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулаагүй байна. Иймд ... Р.Ц, Б.Онарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор чөлөөлж өгнө үү гэх орон сууц чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд хариуцагч нь шүүхэд ... Би 1 өрөө байрны 50 хувийн хэмжээний мөнгийг төлсөн нь үнэн. Харин 105,000,000 төгрөгийг төлж 2 өрөө байрыг өөрийн нэр дээр шилжүүлж авмаар байна гэх тайлбарыг гаргажээ.
Нэхэмжлэгч нар нь 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс маргааны зүйл болсон орон сууцыг эзэмших эрхийг хариуцагчид өгөөгүй тул хариуцагч Ш.Энь 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшсэн гэж үзэн нэхэмжлэгч нарын шаардах эрх үүснэ.
Хариуцагч Ш.Энь маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийг хууль буюу гэрээгээр эзэмшиж байгаа, түүний эзэмшилд хуульд нийцсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
6. Иймд нэхэмжлэгч Б.О, Р.Ц нар нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар .... тоот хаягт байрлах *** дугаартай, 31 м.кв талбайтай, 2 өрөө сууцыг хариуцагч Ш.Эийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
7. Хариуцагч Ш.Энь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.
8. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг заасныг баримтлан нэхэмжлэгч Б.О, Р.Ц нарын өмчлөлийн .... тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн *** дугаартай, 31 м.кв талбайтай, 2 өрөө сууцыг хариуцагч Ш.Эийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ш.Эээс 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.О, Р.Ц нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА