| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2024/03106/И |
| Дугаар | 182/ШШ2024/02575 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 182/ШШ2024/02575
| 2024 оны 06 сарын 05 өдөр | Дугаар 182/ШШ2024/02575 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин байрлах, ХХ ББСБ ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Э.Аыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа.
/нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Хүсэлт гаргагч ХХ ББСБ ХХК-ийн төлөөлөгч О.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь Э.А-тай 2022.04.11- ний өдөр 000157 тоот хэрэглээний зээлийн гэрээ байгуулан 4,999,000 /дөрвөн сая есөн зуун ерэн есөн мянга/ төгрөгийг, сарын 2,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээл олгосон. Э.А нь дээрх зээлийн гэрээг байгуулах үедээ Чингэлтэй 10-р хороо, чингэлтэйн 11 гудамж 371 тоот хаягт оршин суух гэх иргэний үнэмлэхний лавлагааг үндэслэж гэрээгээ байгуулсан болно. Зээлдэгч Э.А нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 2023.02.02-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2023.03.14-ний өдрийн 182/Ш32023/03324 дугаартай захирамжаар хариуцагч Э.А нь дээрх хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна гэж үзэн Хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.
Э.Аын 000дугаарын утас нь тэжээлээс салсан гэх байдалтай, Ээж болох /8011/-тэй утсаар холбогдоход хүүтэйгээ ерөөсөө холбоо барьж чадахгүй байгаа гэдэг. Иймээс хариуцагчийн оршин суух хаяг нь тодорхойгүй, хариуцагч хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийг үндэслэн хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж байгаа тул хариуцагчийг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.
2.Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 182/ШЗ2023/03324 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч ХХББСБ ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Аыг эрэн сурвалжлуулж, оршин суудаг газрыг нь тодруулахаар хүсэлт гаргажээ.
ХХББСБ ХХК нь Э.Атай 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Зээлийн гэрээ-г байгуулсан болох нь болох нь талуудын хооронд байгуулсан дээрх гэрээгээр тогтоогдож байх тул зээлийн гэрээний үүргийн нэхэмжлэлд Э.А нь хариуцагч болох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь Э.А хаягт оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 182/ШЗ2023/03324 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу Э.Аыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч ХХББСБ ХХК-ийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагч талыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Э.Аыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Э.Аыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ХХББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Э.Аыг хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Д /Утас:/-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС