Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2024/02933

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2024/02933

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: тоотод оршин суух Н Н /РД: ***/-ийн хүсэлттэй,

 

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Н.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Хүсэлт гаргагч Н.Н нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Миний тэтгэвэрт гарах нас болоод тэтгэврээ тогтоолгох гэтэл хугацаа нь хүрэхгүй байна. Ингээд өмнө нь ажиллаж байсан газраа очиж шүүлгэтэл миний ажиллаж байсан гэх ямар ч бичиг баримт байхгүй гэсэн байгаа учир шүүхэд хандсан. Би худалдааны Техник мэргэжлийн сургуулийг 1987 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төгсөж 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын сангийн аж ахуйн Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч, кассчинаар ажилд орсон. Тэгээд нөхөр цэргээс ирээд 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ажлаасаа гарсан юм. Энэ хугацаанд хөдөлмөрийн дэвтрээ аваагүй учир тэтгэвэртээ гарч чадахгүй байгаа юм. Иймд 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Төв аймгийн Жаргалант сумын Сангийн аж ахуйн худалдаа бэлтгэлийн ангид худалдагч, кассчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 

2.1 Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт /хх-2/, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 327 дугаартай тодорхойлолт /хх-3/, фото зураг /хх-4/, Үндэсний төв архивын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 879 дугаартай тодорхойлолт /хх-5/, Нийслэлийн Архивын газрын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 514 дугаартай тодорхойлолт /хх-6/, Төв аймгийн Төрийн Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 239 дугаартай тодорхойлолт /хх-7/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-6/, гэрч Г.Шийн тодорхойлолт болон түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-8-9/, гэрч Д.Нийн тодорхойлолт болон түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-10-12/ зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

2.2 Шүүхээс 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гэрч Д.Н, Г.Ш нараас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-17-20/ хэрэгт авагдсан байна.

 

Шүүх хүсэлт гаргагчаас шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

Үндэслэх НЬ:

 

1. Хүсэлт гаргагч Н.Н нь Төв аймгийн Жаргалант сумын Сангийн аж ахуйн худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл худалдагч, кассчинаар ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлийг ... Би Төв аймгийн Жаргалант сумын Сангийн аж ахуйн худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл худалдагч, кассчинаар ажилласан. Тухайн үедээ хөдөлмөрийн дэвтрээ аваагүй ажлаас гарсан. Би бүх архивуудаас шүүлгэсэн боловч юу ч гарч ирээгүй учраас шүүхэд хандсан гэж тайлбарлаж байна.

 

3. Хүсэлт гаргагч нь нь Төв аймгийн Жаргалант сумын Сангийн аж ахуйн худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл худалдагч, кассчинаар ажиллаж байсан нь дараах баримтуудаар тогтоогдож байна.

 

3.1 Гэрч Д.Н ... Би 1981 оноос Төв аймгийн Жаргалант сумын сангийн аж ахуйн худалдаа бэлтгэлийн ангид тоо бүртгэгч, нягтлан, нярав гэх мэт олон ажил хийж байсан. Н.Н нь өөрөө Жаргалант сумын хүүхэд байсан. Тэр 1987 онд Худалдааны ТМС төгсөөд манайд барааны худалдагч, кассаар ажилд орж байсан. Бид 2-3 ажил хамт ажилласан, Н.Н Улаанбаатар хот руу шилжээд ажлаас гарсан санагдаж байна гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтэр,

 

Гэрч Г.Ш ... Би 1983 оноос 1986 он хүртэл Төв аймгийн Жаргалант сумын сангийн аж ахуйн худалдаа бэлтгэлийн ангид тогоочоор ажилласан. 1987 оноос барааны худалдагчаар Н.Нтэй хамт 1989 он хүртэл ажилласан. Худалдаа бэлтгэлийн анги нь 1989 оноос Бадрах хоршоо болсон. Н.Н нь нөхрөө дагаад Улаанбаатар хот руу шилжсэн гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтэр,

 

3.2 Хавтаст хэргийн 4 дүгээр талд авагдсан фото зураг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр Н.Нийн ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135 дугаар зүйлийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан.

 

Хүсэлт гаргагч нь Төв аймгийн Жаргалант сумын Сангийн аж ахуйн худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл худалдагч, кассчинаар ажиллаж байсан баримтыг өөр аргаар олох боломжгүй болох нь Үндэсний төв архивын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 879 дугаартай тодорхойлолт, Нийслэлийн Архивын газрын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 514 дугаартай тодорхойлолт, Төв аймгийн Төрийн Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 239 дугаартай тодорхойлолт болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд Н.Нийг Төв аймгийн Жаргалант сумын Сангийн аж ахуйн худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл худалдагч, кассчинаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

 

5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Н Н /РД: ***/-ийг Төв аймгийн Жаргалант сумын Сангийн аж ахуйн худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл худалдагч, кассчинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Нийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА