Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 00102

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн

Улсын яллагч Э.Энхбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Цэдэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Түмэн-Өлзийд холбогдох 1732000150013 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1976 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 31-509 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 2 удаагийн шийтгэлтэй

-2000 онд Баянзүрх дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар

- 2010 онд Баянзүрх дүүргийн шүүхийн № 291 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан,  бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Рагчаагийн Түмэн-Өлзий. /РД: ХИ76062876/

 

           Шүүгдэгч Р.Түмэн-Өлзий нь 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баян-Уул зоогийн газрын гадна зогсож байсан машин дотор иргэн Б.Гантулгын хэвлийн тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Түмэн-Өлзийгийн өгсөн…. ...  2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотоос Орхон аймаг орохоор хамт ажил хийдэг хүмүүстэйгээ микро автобустай явсан юм. Хотоос гараад бид нар машин дотроо архи уусан. Тэгээд юу болсныг санахгүй байгаа юм. Нэг сэргэхэд цагдаа дотор байсан. Гантулга гэх хамт явсан хүнээ хутгалсан гэж цагдаа хэлсэн. Би бол сайн санахгүй байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Б.Гантулгын хэрэг бүртгэлтэд өгсөн ........ Би 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хамт ажилладаг хүмүүстэйгээ Орхон аймаг руу барилгын ажил хийхээр явцгаасан юм. Тэгээд замдаа машин дотор архи уугаад согтоод тасарчихсан байсан юм. Тэгээд нэг сэргэхэд л би эмнэлэг дээр сэрсэн юм. Түмэн-Өлзий ах бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзон өр авлаганы асуудал байгаагүй ээ. Тухайн үед Түмэн-Өлзий ах бид хоёр хэрэлдэж маргалдаагүй гэдгийг бид нарыг ахалж явсан Жамъян болон манай эхнэр Баярмаа нар намайг эрүүл болсны дараа ярьж байсан юм. Миний хувьд юу ч санахгүй байгаа болохоор хамт байсан хүмүүсээсээ болсон асуудлыг сонсож мэдсээн. Би өөрөө мах идэж байгаад гэдэс рүүгээ хутгаараа хатгачихсан байж магадгүй гэж санаад хүн гүтгээд хохироочих вий гэж болгоомжлоод байгаа юм. Тэрнээс би юу болсныг юу ч санахгүй байна. Би тэр талаараа юу ч санахгүй байна. Хамгийн сүүлд архи уугаад замын гуанзнаас мах авч байсныг үл мэдэг санаад л байна. Тэрнээс цааш юу болсныг огт санахгүй байна. Нэг мэдэхэд л гэдсээр аймар өвдөөд тэгээд л архи гараад л эхнэр Баярмаагаас юу болсныг асууж мэдсэн юм. Миний зүгээс цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ээ гэх мэдүүлэг /Хх-н 9-10 дугаар хуудас/

Гэрч Б.Баярмаагийн хэрэг бүртгэлтэд өгсөн ...... 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 19-20 цагийн үед шиг санаж байна манай эмнэлэгээс жижүүр эмч миний дугаар луу залгаад хэвлий хэсэгтээ хутгалуулсан байдалтай хүн ирчихлээ гэж танилцуулаад би эмнэлэг дээр ирж уг хүний биеийг нь үзэж шалгахад иргэн Гантулгын хэвлийн зүүн доод хэсэгт хавж орсон шархтай   6-4 см хэмжээтэй арьсны доод хэсгээр цус хуралттай байсан юм. Уг иргэний биеийн байдал нь асуусан асуултанд үнэн зөв хариулна, амин үзүүлэлтүүд нь хэвийн байсан юм. Шарханд зоондолж оёдол тавих гэсэн боловч өвчтөн өөрөө татгалзсан ба эхнэр нь хүсэлт бичээд нөхрийгөө Дарханы эмнэлэг рүү авч явсан юм гэх мэдүүлэг /Хх-н 11 дүгээр хуудас/

            Гэрч Б.Жамъянгийн хэрэг бүртгэлтэд өгсөн .......  Би 5 хүн аваад Орхон аймаг руу барилгын ажил хийх гээд 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотоос гарсан юм. Замдаа бид нар баяр тэмдэглэж байна гээд ганц нэг шил архи уугаад замын гэр гуанзнаас хорхогны мах аваад явцгаасан юм. Тэгээд Баруунхараа өнгөрөөд Баян-уул нэртэй цайны газрын гадаа зогсоод бие засаад ус ундаа тамхи авах гээд бүгд бууцгаасан юм. Харин машин дотор Гантулга, Түмэн-Өлзий ах хоёр нилээн согтчихсон гялгар ууттай мах урдаа гаргаж тавиад үлдсэн юм. Би тэр хоёрыг бууж бие засаж ав дахиж зогсохгүй шүү гэж хэлсэн боловч тэр хоёр миний үгэнд оролгүй үлдсэн юм. Тэгээд би яваад бие засаад цайны газрын дэлгүүр дотор байж байтал гэнэт л гадаа хүн хутгалчлаа гээд орилолдсон юм. Тэгээд гүйгээд гартал Гантулга гэдсээ дарчихсан машины гадаа доошоо тонгойчихсон зогсож байсан ба наанаас нь  Гантулгын эхнэр гүйж очоод гэдсийг нь хараад цус гараад байна гэж хэлээд тэгээд л эмнэлэг цагдаа дуудаад л би Гантулгатай хамт эмнэлэг дээр ирсэн юм. Би тухайн үед машины хажууд хэвтэж байсан жижиг тонгорог хутгыг авч халаасандаа хийсэн юм. Би Гантулгыг хэн хутгалсныг хараагүй ээ. Харин Гантулгын дэргэд ганцхан Түмэн-Өлзий үлдсэнийг л мэдэж байна. Намайг дэлгүүрээс гарч ирэхэд Гантулга машины гадна хэсэгт гэдсээ дарчихсан аа пиздаа хутгалчихлаа гээд орилоод гэдсээ дараад байж байхад цаад талд нь Түмэн-Өлзий машины суудал дээр тонгойчихсон сууж байсан юм. Тэгээд би тухайн үедээ Түмэн-өлзий Гантулгыг хутгалсан л гэж бодож байсан юм. Тухайн үед би Түмэн-Өлзийг очиж хөөш яаж байгаан бэ хэн хутгалсан юм бэ гээд татахад Түмэн-Өлзий миний өөдөөс зайлаарай пиздануудаа гээд тонгойгоод суугаад байсан юм гэх мэдүүлэг /Хх-н 12 дугаар хуудас/

 Гэрч Ж.Баярмаагийн хэрэг бүртгэлтэд өгсөн ........ Манай нөхөр  Гантулга бид хоёр хэсэг хүмүүсийн хамт Орхон аймаг руу барилгын ажил хийх гээд 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотоос гарсан юм. Замдаа манай барилгын бригадийнхан баяр тэмдэглэж байна гээд ганц нэг шил архи уугаад замын гэр гуанзнаас хорхогны мах аваад явцгаасан юм. Тэгээд Баруунхараа өнгөрөөд Баян-уул нэртэй цайны газрын гадаа зогсоод бие засаад ус ундаа тамхи авах гээд бүгд бууцгаасан юм. Манай нөхөр Гантулга нилээн согтсон байсан болохоор би машин дотор орхиод буусан юм. Тэгээд намайг дэлгүүр орчихоод дэлгүүрээс эмэгтэйчүүдийн хэрэглэл аваад жорлон руу орчихоод дөнгөж гараад машин руу алхаад ирж явтал манай нөхөр Гантулга орилоод хутгалчихлаа ш дээ гээд гэдсээ дараад машинаас буугаад ирсэн юм. Тэгээд би гүйж очоод гэдсийг нь хартал манай нөхрийн хэвлийн хэсгээс нь цус гарч байсан юм. Тэгээд би эмнэлэг дуудаарай цус гарч байна гэж хэлэхэд цаанаас Жамъяан ирээд утсаараа залгасан байх. Харин машин дотор Түмэн-Өлзий ах ганцаараа доошоо хараад сууж байсан юм. Тэгээд би хэн хутгалчихваа гээд Түмэн-Өлзий ах руу харахад Түмэн-Өлзий ах доошоо тонгойчихоод нэг юм яриад байсан юм. Би юу гэж хэлснийг нь ч ойлгоогүй. Харин манай нөхөр зүгээр л ёо ёо гээд орилоод байсан юм гэх мэдүүлэг /Хх-н 14-15 дугаар хуудас/

Гэрч Д.Алтангэрэлийн хэрэг бүртгэлтэд өгсөн ...... Би 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод байж байгаад Орхон аймаг руу явна гэсэн 5-6 хүнийг хөлсөөр аваад Орхон аймаг руу явсан юм. Намайг хөлсөлж явсан хүмүүс замдаа архи уугаад хоёр гурван газар зогсож явсаар би Баянгол сумын төв өнгөрөөд Баян-Уул гэх цайны газрын гадаа хоол идэх гээд зогссон юм. Тэгээд намайг цайны газар хоол захиалаад идээд сууж байтал гадаа хүмүүс хутгалчихлаа жолооч хаана байна яаралтай эмнэлэг явна энэ тэр гээд орилоод шуугиад байхаар нь би гараад иртэл нэг залуу нь гэдсээ дарчихсан байсан ба нилээн цус алдаж байх шиг байхаар нь би шууд машиндаа суулгаад Баянгол сумын эмнэлэг дээр хүргэж очсон юм. Тэгээд эмнэлэг дээр байж байгаад гарч ирээд боолт хийлгэчихлээ Дарханы эмнэлэгт үзүүл гэж байна гээд гарч ирцгээсэн юм. Тэгээд тэндээсээ шууд явсаар Дарханы эмнэлэгт очиж үзүүлээд шарх нь нэвтрээгүй зүгээр гэж байна гээд Орхон аймаг руу явсан юм. Тэгээд дахиж тэр хүмүүстэй тааралдаагүй ээ. Би тэр хүмүүсийг сайн танихгүй ээ гэх мэдүүлэг /Хх-н 17 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 262 ......

Дүгнэлт

  1. Б.Гантулгын биед хэвлийд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хурц зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 22 дугаар хуудас/

Эд зүйлийг түр хураан авсан тухай тэмдэглэл /Хх-н 7 дугаар хуудас/

Р.Түмэн-Өлзийгийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 34 дүгээр хуудас/

Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /Хх-н 35 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 36 дугаар хуудас/

Хохирогч Б.Гантулгын Мандал сумын Цагдаагийн хэлтэст гаргасан Р.Түмэн-Өлзийд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг түргэн шуурхай шийдэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 45 дугаар хуудас/ зэрэг болно.

             Шүүгдэгч Р.Түмэн-Өлзий нь 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баян-Уул зоогийн газрын гадна зогсож байсан микро машин дотор иргэн Б.Гантулгын хэвлийн тус газар хутгалж түүний биеийн хэвлийд шарх бүхий гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй  байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Р.Түмэн-Өлзийгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа прокурорын саналыг харгалзан торгох ялыг оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв. 

 

Хохирогч Б.Гантулга нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тонгорог хутга 1 ширхгийг устгах, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаад

 

 Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3.4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Боржигон овогт Рагчаагийн Түмэн-Өлзийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Р.Түмэн-Өлзийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Р.Түмэн-Өлзий нь 450000 төгрөгийн торгох ялыг 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Р.Түмэн-Өлзий нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг тонгорог хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, Р.Түмэн-Өлзий нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүтжлэгдсэн зүйлгүй болохыг  дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Р.Түмэн-Өлзийд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН