Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2019/0471

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би, Н.Б*******, Н.С******* нарын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох ...Албаны орон сууц эзэмших тухай гаргасан өргөдлийг хассан 2019 оны 5 дугаар 15-ны өдрийн үйлдлийг хүчингүй болгуулах, албаны орон сууц эзэмших тухай гаргасан өргөдлийг "Албаны орон сууц эзэмшүүлэх журам"-д заасны дагуу Ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлэхийг даалгах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Орон сууц чөлөөлөх" тухай амаар гаргасан 2019 оны 5 дугаар 15-ны өдрийн мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Б*******, Н.С******* нараас тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд нэхэмжлэгч Н.Б*******, Н.С******* нар нь Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан албаны орон сууц эзэмшихээр гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа нь эс үйлдэхүй болохыг тогтоолгож, уг өргөдлийг хуралдаанаар хэлэлцүүлэхийг хүссэн нэхэмжлэл гаргасан.

Энэ нь тухайн орон сууцыг үргэлжлүүлэн эзэмших, цаашлаад өмчлөх санааг агуулаагүй бөгөөд гагцхүү орон сууц эзэмших сонгон шалгаруулалт зарласан атлаа оролцуулалгүй материалуудыг маань хассантай холбоотой буюу уг сонгон шалгаруулалтад оролцох л зорилготой байсан болно.

Бид Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааг хүндэтгээд шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Б*******, Н.С******* нар нь 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд хандан ...Албаны орон сууц эзэмших тухай гаргасан өргөдлийг хассан 2019 оны 5 дугаар 15-ны өдрийн үйлдлийг хүчингүй болгуулах, албаны орон сууц эзэмших тухай гаргасан өргөдлийг "Албаны орон сууц эзэмшүүлэх журам"-д заасны дагуу Ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлэхийг даалгах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Орон сууц чөлөөлөх" тухай амаар гаргасан 2019 оны 5 дугаар 15-ны өдрийн мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Улмаар нэхэмжлэгч Н.Б*******, Н.С******* нар нь 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай хүсэлтээ шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-д Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасан хуулийн шаардлагыг хангасан байх бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Н.Б*******, Н.С******* нарын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүхээс нэхэмжлэгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 122 дугаар зүйлийн 122.2-д Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Н.Б*******, Н.С******* нараас Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан ...Албаны орон сууц эзэмших тухай гаргасан өргөдлийг хассан 2019 оны 5 дугаар 15-ны өдрийн үйлдлийг хүчингүй болгуулах, албаны орон сууц эзэмших тухай гаргасан өргөдлийг "Албаны орон сууц эзэмшүүлэх журам"-д заасны дагуу Ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлэхийг даалгах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Орон сууц чөлөөлөх" тухай амаар гаргасан 2019 оны 5 дугаар 15-ны өдрийн мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгч Н.Б*******, Н.С******* нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА