Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2019/ДШМ/43

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 10 өдөр                         2019/ДШМ/43                                   Хэрлэн сум                                  

 

Э-т холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

 

226/2019/0043/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга М.Сайнболд,  

Прокурор Г.Мөнхболд /онлайнаар/ нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлттэй Э-т холбогдох эрүүгийн 1840001060076 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 1983 онд төрсөн, эрэгтэй, 36 настай, бага боловсролтой, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар баг, Чулуун-Овоотын 02-07 тоотод оршин суух, урьд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар нийт 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх Х овогт Б-н Э нь

2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг, Жаргалантын 1009 тоотод оршин суух Ц-н гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч иргэн Ц-н эзэмшлийн “Хуй вэй П-8” маркийн гар утсыг хулгайлж, 600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболд давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, нийт 2 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Эрүүгийн 184000106 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад цугларсан хохирогч Цогтбаатар, насанд хүрээгүй гэрч Г, гэрч М, Д нарын мэдүүлгүүд, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр Э-н анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах үед мэдэгдээгүй буюу 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг, Жаргалантын 1009 тоотод оршин суух Ц-н гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч иргэн Ц-н эзэмшлийн “Хуй вэй П-8” маркийн гар утсыг хулгайлж, 600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан нөхцөл байдал илэрсэн байна.

Иймд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж, прокурорт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичлээ гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах” тухай прокурорын дүгнэлттэй Э-т холбогдох  эрүүгийн 1840001060076 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Э- нь эрүүгийн 1840000000058 дугаартай хэрэгт Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар нийт 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгүүлсэн байна. Түүний 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын иргэн Ц-н эзэмшлийн “Хуй вэй П-8” маркийн гар утсыг хулгайлсан үйлдэлд нь 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн 1840001060076 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.

Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд Э-ын шийтгэх тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг, шийтгэх тогтоол гарсны дараа илэрсэн нь оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болохгүй хэдий ч түүний шийтгэх тогтоол гарсны дараа илэрсэн хэрэгт оногдуулсан ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялтай хэрхэн нэмж нэгтгэх талаар хуулийн зохицуулалтгүй, энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдийг хэрэглэхэд эргэлзээ үүсч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5-д зааснаар нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах зарчмыг баримтлан, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх, энэ талаар бичсэн прокурорын дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, Э-т холбогдох хэргийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Хэргийг прокурорт очтол Э-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.2-т заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, Хатгин овогт Баатарын Э-т холбогдох эрүүгийн 1840001060076 дугаартай хэргийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол Э-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧИД                                          Я.АЛТАННАВЧ

                                                                                              Б.ДЭНСМАА