| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/00822/И |
| Дугаар | 182/ШШ2024/02935 |
| Огноо | 2024-07-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 182/ШШ2024/02935
| 2024 о 07 с 02 өдөр | 182/ШШ2024/02935 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ВЮБ ХХК /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух ТХ овогт Нийн А/РД: ****/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,116,860.80 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М
Гэрч Т.М, Ц.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.
Тодорхойлох нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь манай байгууллагаас дараа төлбөрийг нь хийж гүйцэтгэх нөхцөлтэй бараа худалдан авч Соёл хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан ба 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тооцоо нийлэхэд 2,116,860.80 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан.
Манай зүгээс тухайн төлбөрөө яаралтай төлж барагдуулах асуудлаар тэдний дэлгүүрт бараа хүргэж очих бүртээ шаардаж байсан боловч төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрсэн байна.
Иймд хариуцагчаас дараах үндэслэлээр төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл болох үлдэгдэл 2,116,860.80 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь Н.АСоёл супермаркетад 5-6 жил кассчинаар ажиллаж байх хугацаанд дэлгүүрийн эзэн М нь дэлгүүрээ түрээсэлж ажиллуул гэсэн удаа дараа санал болгоод байхаар нь аргагүй эрхэнд зөвшөөрсөн.
Ингээд Мээс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дэлгүүрийн барааны тооллого хийж дэлгүүрийг хүлээж авахад 62,000,000 төгрөгийн бараа байсан, хариуцагч 32,000,000 төгрөгийг нь бэлнээр өгөхөд тэрээр 30,000,000 төгрөгийг чи 4 хувийн хүүтэй төл гэж тулгасан тул аргагүйн байдалд хүлээн зөвшөөрсөн.
Энэ дэлгүүрийн жинхэнэ эзэн нь өөр хүн байдаг. Харин М нь хариуцагчтай амаар тохирч итгэлцэл дээр түрээсэлсэн. А.М нь цаад үндсэн түрээслэгчээсээ 2,000,000 төгрөгөөр түрээсэлж байсан ч сүүлд нь 2,500,000 төгрөг болсон гээд, мөн тоног төхөөрөмж, болох лангуу хөргүүрүүдийн түрээс гэж 1,000,000-1,500,000 төгрөгийг нэмж хариуцагчаас сард түрээс 3,500,000 төгрөгийг авдаг болсон.
Энэ түрээс дээр мөн 4 хувийн хүүгийн 1,200,000 төгрөгийг нэмээд нийт 4,700,000 төгрөг авдаг болсон. Хариуцагч нь сард өөртөө цалингүй түрээсийн төлбөрөөс илүү гардаггүй байсан. Дэлгүүрийн орлого багасаж компаниудын барааны үнийг өгөх боломжгүй болсон. Ингээд 2023 оны 10 дугаар сард дэлгүүрийг үлдэгдэл бараатай нь Мт хүлээлгэн өгсөн.
Гэтэл ВЮБ ХХК-ийн үл таних хүн намайг бичиг хийж өг гэж шаардсаар байгаад бичүүлж авсан. Н.Ань дэлгүүрийн үлдэгдэл барааг Мт хүлээлгэн өгсөн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд:
3.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт /хх-2-3/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 24/10 тоот Итгэмжлэл /хх-5/, тооцооны үлдэгдлийн баталгаа болон Н.Аын өргөдөл /хх-6/, Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /хх-7/,
3.2 Хариуцагчаас нотлох баримтаар: 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 0107 бүртгэлийн дугаартай итгэмжлэл /хх-15/, хариу тайлбар /хх-17/ зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.
3.3 Шүүхээс: тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШЗ2024/04937 дугаар захирамжаар ВЮБ ХХК-ийн зарлагын баримтууд /хх-30-37/-ыг бүрдүүлж,
Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШЗ2024/05524 дүгээр захирамжаар, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилж, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 10/3334 тоот албан бичиг /хх-51/ ирүүлж,
Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШЗ2024/11196 дугар захирамжаар Ц.Б, Т.М нарыг гэрчээр асуулгах, Т.Мын 8899-7067 дугаараас ... дугаартай харьцсан мессежинд үзлэг хийхээр шийдвэрлэж, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр үзлэг хийн, тэмдэглэл үйлдэж, мөн өдрийн шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг авсан зэрэг баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн байна.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан болон шүүхийн журмаар бүрдүүлсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ НЬ
Шүүх хэргийн үйл баримт, зохигчдын тайлбар зэргийг дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
1. Нэхэмжлэгч ВЮБ ХХК нь хариуцагч Н.Ад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,116,860.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг ...хариуцагч Н.Аын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл дэлгүүртээ авсан барааны үлдэгдэл төлбөр нь 2,116,860.80 төгрөг байна. Хариуцагч Н.Ань 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тооцооны үлдэгдэл баталгаа үйлдэж, өөрийн гараар өргөдөл бичиж өгсөн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлийг ... Зарлагын баримтуудад бичигдсэн гарын үсэг нь Н.Аын гарын үсэг биш бөгөөд бараануудыг хүлээж аваагүй. Мөн тооцооны үлдэгдлийн баталгааг удаа дараа бичиж өг гээд шаардсан учир айсандаа бичиж өгсөн гэж маргаж байна.
3. Нэхэмжлэгч нь Соёл хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг Н.Атай төлбөрийг нь дараа төлөх нөхцөлтэйгөөр нийт 9 удаагийн үйлдлээр бараа нийлүүлсэн, барааны төлбөрийн үлдэгдэл 2,116,860.80 төгрөг болох тухайд тооцоо нийлсэн гэж, хариуцагч нь Соёл хүнсний дэлгүүрийг түрээслүүлэн ажиллуулж байсан. ВЮБ ХХК-аас бараа хүлээж авсан тухай баримт байхгүй, тооцооны үлдэгдлийн баталгааг айсандаа бичиж өгсөн гэх тайлбаруудаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэхээр байна.
4. Зохигчид ВЮБ ХХК-ийн зарлагын баримт дээрх барааг хүлээлгэн өгсөн эсэх нь маргааны зүйл болжээ.
4.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ВЮБ ХХК-ийн зарлагын баримт дээрх хүлээн авсан харилцагч гэх хэсэгт зурагдсан гарын үсэг өөрийнх нь биш гэж маргаж, үүнийг тогтоолгохоор шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШЗ2024/05524 дүгээр захирамжаар Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрыг шинжээчээр томилсон байна.
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 13/2744 дүгээр албан бичигт ... Н.Аын гэх гарын үсэг, бичгийн хэвийн чөлөөт, харьцангуй чөлөөт загварыг нэмэлтээр ирүүлнэ үү гэсний дагуу шүүхээс хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй.
Иймд Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 10/3334 дүгээр албан бичигт ...шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзаж, шинжилгээнд ирүүлсэн зүйлсийг буцаав гэсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээжээ.
Хариуцагч нь ВЮБ ХХК-ийн 32223, 34969, 45585, 16567, 29558, 21411, 42628, 35169, 37451 дугаартай зарлагын баримтууд дээр хүлээн авсан харилцагч гэх хэсэгт зурагдсан гарын үсэг нь иргэн Н.Аын гарын үсэг биш, тухайн баримтад тусгагдсан барааг хүлээж аваагүй гэх тайлбараа нотлоогүй байна.
4.2 Хариуцагч Н.Ань 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Вива сити хотхон Соёл супермаркет нь 2,748,300 төгрөгийг барааны НӨТ-ыг 13-14-ний хооронд шивж өгөхгүй бол үлдэгдэл 2,116,860 төгрөгийн үлдэгдэл дээр 10%-г нэмж төлнө. Үлдэгдэл тооцоо болох 2,116,860 төгрөгийн тооцоог 11-р сарын 20-ны өдөр төлж барагдуулна гэж өөрийн гараар бичиж, Витафит ХХК-д өргөдөл гаргажээ.
Мөн өдөр талууд тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдэж, хариуцагч Н.Ань 2,116,860 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг баталгаажуулжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... тухайн өргөдлийг байнга дарамталж шаардаад байсан тул айсандаа бичиж өгсөн гэх тайлбар, татгалзлаа нотлоогүй бөгөөд энэ тухай эрх бүхий байгууллагад мэдэгдээгүй гэх тайлбарыг гаргаж байна.
4.3 Хариуцагч Н.Ань өөрийн ... дугаарын гар утаснаас нэхэмжлэгч ВЮБ ХХК-ийн нягтлан бодогч Т.Мын 8899-7067 дугаартай гар утас руу 2,748,300 төгрөгийг зөвшөөрч, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 15-нд төлөх тухай зурвас явуулсан болох нь 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн гар утсанд хадгалагдсан зурваст үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр тогтоогдсон.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Н.Аыг зарлагын баримтын хамрах хугацаа болох 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Соёл дэлгүүрийг түрээслэн ажиллуулж байсан болон ... дугаарын гар утсыг эзэмшдэг тухайд маргаагүй.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.
Иймд хариуцагч Н.Ааас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,116,860.80 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ВЮБ ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.
6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,819.78 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 48,819.78 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Ааас 2,116,860.80 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ВЮБ ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,819.78 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Ааас 48,819.78 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ВЮБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА