Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2019/ДШМ/44

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 11 өдөр                         2019/ДШМ/44                                   Хэрлэн сум                                  

 

Г-т холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

 

226/2019/0044

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг,

Прокурор Д.Энхжаргал,  

Хохирогч М-,

Шүүгдэгч Г-, түүний өмгөөлөгч Г.Бадамгэрэл нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г-ийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г-ийн давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1939002760174 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Баянхутаг суманд 1991 онд төрсөн, эрэгтэй, 28 настай, дээд боловсролтой, эдийн засагч, эмч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг, Айргийн энгэр 11 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Г овогт Ц-н Г нь

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын иргэн З.Оюунцэцэгээс 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр 500000, 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 1000000, нийт 1500000 төгрөг,

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын иргэн Х-с 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 300000 төгрөг,

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын иргэн Н-с 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 1000000 төгрөг,

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын иргэн Д-с 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 886000 төгрөгийн үнэ бүхий гэр ахуйн бараа,

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын иргэн Б-с 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 1500000 төгрөг,

 Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын иргэн Б-с 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 800000 төгрөг,

 

 

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын иргэн Н-с 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр, мөн 3 дугаар сард нийт 2000000 төгрөг,

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын иргэн Н-с 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр,  мөн 3 дугаар сард нийт 1100000 төгрөг,

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын иргэн Ц-с 2018 оны 9 дүгээр сард 1500000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай монгол гэр, 100000 төгрөгийн үнэ бүхий шалны хулдаас зэрэг эд хөрөнгийг,

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын иргэн Э-с 2019 оны 01 дүгээр сард 1302910 төгрөгийн үнэ бүхий бараа материал,

Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн М-оос 2019 оны 01 дүгээр сард 4650000 төгрөг,

Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт иргэн С-с 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 3300000 төгрөгийг, тус тус бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан бусдад нийт 19438910 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г овогт Ц-н Г-ийг  бусдын эд хөрөнгийг залилан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Г-ийг 01  жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-т оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ийн баривчлагдсан 1 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг DVD дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар  зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г-оос 1.302.910 төгрөгийг гаргуулж хохирогч Э-д, 4.650.000 төгрөгийг гаргуулж хохирогч М-од, 2.100.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б-д, 2.000.000 төгрөгийг гаргуулж Н-д, 1.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н-д, 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н-д, 400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д-д, 800.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б-д, 300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х-д тус тус олгож, шүүгдэгч нь бусад хохирогч нарт хохирлоо төлсөн болохыг дурдахаар тус тус заан шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Г- давж заалдах гомдолдоо: Миний бие эхнэр, 2 хүүхдийн хамт хамт амьдардаг. Эхнэр У нь хүний их эмч мэргэжилтэй, ажил хөдөлмөр эрхэлдэг. Том хүү Б нь 2 дугаар ангид сурдаг, бага охин Г нь 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан. Хүү Бэлгүтэй нь төрөлхийн хараа муутай Улаанбаатар хотын нүдний “О” эмнэлгийн хяналтад байдаг. Би хүний эмч, эдийн засагч мэргэжилтэй. Эрүүл мэндийн хувьд төрөлхийн түнхний мултралтай юм. Хохирогч нарын хохирол төлбөрийг барагдуулахаа илэрхийлж байна. Мөн үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа бөгөөд дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байж чадна. Ар гэрийн болон эрүүл мэндийн байдлыг минь харгалзан үзэж анхан шатны шүүхээс надад ногдуулсан 1 жилийн хорих ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял болгож хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Г- нь олон удаагийн үйлдлээр бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан бусдад нийт 19438910 төгрөгийн хорхиол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, дүгнээд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн хор аюул, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байна. Мөн хохирол төлбөр төлөгдөөгүй нь тухайн хувь хүний байдалтай холбоотой гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. Иймд шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, хохирогч нарын хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн. Анхан шатны шүүхийн тогтоол гарснаас хойш 83 хоног цагдан хоригдож байгаа бөгөөд энэ хугацаанд нэмж хохирол төлбөр төлөгдөөгүй. Г-ийг цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаанд 1 ой өнгөрч байсан охин нь нас барсан бөгөөд хүүхдээ алдсан эцэг, эхийн хувьд сэтгэл санаагаар унаж, сэтгэл зүйд нь их өөрчлөлт гарсан учир Г-ийг цагдан хоригдож байх хугацаанд эхнэр нь эргэж ирээгүй юм. Г-ийн хувьд нэг хүүхэд нь өвчний улмаас нас барсан, дахин хүүхэд нь өвдөх вий гэсэн болгоомжлолтой байдаг. Цагдан хоригдож байх хугацаандаа үйлдсэн гэмт хэргийнхээ талаар ухамсарлаж, ойлгосон байна гэж үзэж байна. Г- нь нийгэмд гараад ажил хөдөлмөр эрхлэх боломжтой боловсрол мэргэжилтэй хүн юм. Ажил хөдөлмөр эрхэлж хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулах, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна гэдгээ илэрхийлсэн. Миний хувьд М-ын өмгөөлөгч Жавхлантай хоёр удаа уулзаж Г-той уулзах саналыг тавьсан. Мөн Г-т Жавхлан өмгөөлөгчийг мөн цагдан хорих байрны ажилтнуудаар хоёроос гурван удаа дуудуулсан байдаг. Г-ийн хувьд М-од машин, хөөрөг өгч хохирлыг барагдуулах саналыг тавьж байсан. Иймд Г-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг 660 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.  

Хохирогч М- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 01 сард Г-т мөнгө зээлсэн. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд намайг 2019 оны 01 дүгээр сард хохирсон гэж бичсэн байна. Миний зүгээс Г-ийг хорих ялаар шийтгүүлэх бодолгүй байна. Гэтэл Г-т миний хохирлыг барагдуулах санаа байхгүй байна. Хэрэв цагдан хорих байгууллагаас гарсан тохиолдолд хохирлоо яаж барагдуулах нь тодорхойгүй байна. Г-оос хохирлоо гаргуулах саналтай байна гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г-т холбогдох эрүүгийн хэргийг түүний давж заалдах гомдлоор хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Г- нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан бусдад нийт 19438910 төгрөгийн хохирол учруулсан үйлдсэн болох нь:

Хохирогч О-н мөрдөн байцаалтад өгсөн: ”...Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд малын мах, түүхий эдийн худалдаа эрхэлдэг юм. ...2019 оны 01 дүгээр сарын сүүлээр Г- 98009091 гэсэн дугаарын утаснаас “ноолуурын урьдчилгаа авъя, 1000000 төгрөг зээлээч” гэж ярьсан. Тэр үед нь миний мөнгө хүрээгүй учраас 500000 төгрөгийг бэр Урангоод хэлж Г-т бэлнээр нь өгүүлсэн. ...2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотоос ирээд гэртээ байж байтал Г- ирээд нэмээд 1000000 төгрөг авсан. ...Би өөрийнхөө  /ХААН банк/ данснаас Г-ийн бичиж өгсөн  гэсэн дансруу шилжүүлсэн. ...1500000 төгрөг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 104-105 хуудас/,

Хохирогч Х-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сард Өмнөдэлгэр сумын эрүүл мэндийн төвд хэвтээд Г- эмчээр бариулж байсан юм. ...Г- 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр надаас 300000 төгрөг бэлнээр авсан. ... эмч хүн болохоор нь итгээд мөнгө зээлдүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 112-113 хуудас/,

Хохирогч Н-н мөрдөн байцаалтад өгсөн: ”...Г- манай 2 дугаар багийн эмчээр ажиллаж байсан. ...2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Г- “1000000 төгрөг зээлчих машин авах гэж байгаа юм” гээд гуйгаад байхаар нь би сумынхаа Рина эгч рүү утсаар ярьж 1000000 төгрөг зээлээд Г-ийн ............ тоот данс руу шилжүүлүүлсэн. ...эмч хүн болохоор нь итгээд 1000000 төгрөг өгсөн. ...1000000 төгрөг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 118-120 хуудас/,

Хохирогч Д-н мөрдөн байцаалтад өгсөн: ”...Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд “С” гэдэг нэртэй худалдааны төвийг ажиллуулдаг. 2019 оны 01 дүгээр сарын 20-доор манай сумын эмч, эрүүл мэндийн төвийн эрхлэгч Алтанзул “Г-т угаалгын машин зээлдүүлээч” гэж над руу утсаар ярьсан, би эрүүл мэндийн төвийн эрхлэгчийг хэлсэн болохоор нь зөвшөөрсөн. ....Г- манай дэлгүүрээс ирээд 380000 төгрөгийн үнэтэй угаалгын машин авсан, худалдагчид надтай ярьсан гэж худал хэлээд нэг бүр нь 13000 төгрөгийн үнэтэй 2 сандал, 300000 төгрөгийн үнэ бүхий хувцасны шүүгээ, 180000 төгрөгийн үнэ бүхий ширээ нэмээд аваад явсан байсан. ...бараа бүтээгдэхүүний үнэ болох 886000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 126-127 хуудас/,

Хохирогч Б-н мөрдөн байцаалтад өгсөн:”...Би Өмнөдэлгэр сумын төвд хувиараа хөдөлмөр эрхэлдэг. 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр манай сумын бариа заслын эмч Г-, эхнэр Ундрахнаран нар ирээд “машин авах гэсэн чинь мөнгө дутаад байна, 1 сарын хугацаатай 1500000 төгрөг зээлээч” гэхээр нь өөрийн интернет банкаар Г-ийн 5955072542 тоот дансанд 1500000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 138-140 хуудас/,

Хохирогч С.Бадамхатангийн мөрдөн байцаалтад өгсөн: ”...2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Г- манай үйлчилгээний төвд орж ирээд “мөнгөний хэрэг байна, 1300000 төгрөг зээлээч” гэж хэлсэн. Би Г-ийг эмч болохоор нь итгээд өөрийн ХААН банкны ....... тоот данснаас Г-ийн .......дансруу 800000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 147-149 хуудас/,

Хохирогч Н-н мөрдөн байцаалтад өгсөн: ”...Би мал махны түүхий эдийн худалдаа эрхэлдэг. ...2019 оны 02 дугаар сард Г- манай гэрт ирээд “ноолуурын урьчилгаа авъя, 1500000 төгрөг зээлээч” гэж хэлсэн. ...би ноолуураа өгнө гэсэн болохоор нь итгээд өөрийн ХААН банкны ........ тоот данснаас Г-ийн өөрийнх нь данс руу /дугаарыг санахгүй байна/ 1500000 төгрөгийг “ноолуурын урьдчилгаа, Н-ээс” гэж гүйлгээний утга хэсэгт нь бичээд шилжүүлсэн. ....3 сар гараад ноолуурын үед Г- гэрт ирээд “ямаа самнуулах хүмүүстээ хоол хүнс авах гэсэн юм, 500000 төгрөг зээлчих, танд ноолуураа авчирч өгнө” гэж хэлээд бэлнээр 500000 төгрөг авсан. ...эмч хүн болохоор нь мөн ноолуураа өгнө гэхээр нь итгээд өгсөн. ...2000000 төгрөг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 157-159 хуудас/,

Хохирогч Н-н мөрдөн байцаалтад өгсөн: ”...2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “А” дэлгүүрийн Б эгч надад утсаар яриад “Г- гэдэг хүнд 600000 төгрөг өгчих, найдвартай хүн байгаа юм” гэхээр нь Г-той утсаар ярьж .......... гэсэн дансруу би өөрийн Төрийн банкны ........... тоот данснаас 600000 төгрөг шилжүүлсэн. ...2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Г- над руу утсаар яриад “500000 төгрөг зээлээч, зээлээ хаачихаад маргааш өглөө буцаагаад өгнө” гэж хэлсэн, би сумын эмч, хүний нутагт таньж мэдэх хүнгүй гэдэг утгаар нь тус хүргэе гэж бодоод 500000 төгрөг өөрийнхөө ХААН банкны ......тоот данснаас Г-ийн 5955072542 дугаарын дансруу нь шилжүүлсэн... Бичгээр бол гэрээ хэлцэл байгуулаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 165-167 хуудас/,

Хохирогч Ц-н мөрдөн байцаалтад өгсөн: ”...эмч Г- манай 5 ханатай монгол гэрийг 1500000 төгрөгөөр бодож авахаар болсон. Мөнгөө 2018 оны 9 дүгээр сарын цалингаас өгнө гэхээр нь гэрээ өгч явуулсан, ...мөн гэрийн хулдаасыг Г- 100000 төгрөгөөр бодож авъя гэсэн. ...Г- надад гэрийн 1500000 төгрөг, хулдаасны 100000 төгрөг, нийт 1600000 төгрөг өгөх ёстой...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 173-175 хуудас/,

Хохирогч Э-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 25-ны үеэр сумын эмч Г- манай дэлгүүр дээр ирээд “цагаан сараар хүнсний зүйл зээлээч, хавар ноолуур дээрээс мөнгийг нь өгье” гэхээр нь 582250 төгрөгийн хүнсний зүйл өгч явуулсан. Би ч тухайн үедээ сумын эмч болохоор итгээд өгсөн.. ...1302910 төгрөгийн барааны үнэ нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 183-185 хуудас/,

Хохирогч С-н  мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оноос хойш “Э” худалдааны төвд хувиараа цагаан идээ худалдан борлуулж амжиргаагаа залгуулдаг. ... Г-т 2019 оны 3 дугаар сарын 21-ны өдөр 3,3 сая төгрөг 3 хоногийн хугацаатай зээлсэн. Надад 3 хоногт бас тодорхой хэмжээний хүү төлнө гэж хэлсэн. ...Г- миний ..... тоот дансруу 900000 төгрөг шилжүүлсэн. ...одоо 2400000 төгрөг өгөөгүй байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 191-193 хуудас/,

Хохирогч М-ын мөрдөн байцаалтад өгсөн: ”...Миний бие одоо Г-оос 4650000 төгрөг авах ёстой...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 197-203 хуудас/,

Хохирогч О-н гаргаж өгсөн Г-т 1500000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /2хх-ийн 2 хуудас/,   

Хохирогч Н-с гаргаж өгсөн Г-т 1000000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /2хх-ийн 4 хуудас/,

Хохирогч Х-с гаргаж өгсөн Г-ийн бичсэн мессеж бүхий 1 хуудас материал /2хх-ийн 6 хуудас/,

Хохирогч Д-с гаргаж өгсөн Г-т бараа олгосон зарлагын баримт бүхий 1 хуудас материал /2хх-ийн 8 хуудас/,

Хохирогч Н-с гаргаж өгсөн Г-ийн данс руу мөнгө шилжүүлсэн тухай ХААН болон Төрийн банкны 2 хуудас дансны хуулга /2хх-ийн 9-11 хуудас/,

Хохирогч Э-с гаргаж өгсөн Г-т бараа зээлээр олгосон тухай сурагч дэвтрийн 1 хуудас бүхий баримт /2хх-ийн 13 хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан 1 минут 21 секундийн яриатай хатуу дискийг хураан авсан прокурорын зөвшөөрөл /2хх-ийн 17 хуудас/,

 

Шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 62 дугаартай бичгийн хэвний дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 19-30 хуудас/

Шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 144 дугаартай хөрөнгийн үнэлгээний “Фейр Валушн” ХХК-иас 5 ханатай иж бүрэн гэр болон гэрийн шалны хулдаасны зах зээлийн үнэлгээг тогтоосон дүгнэлт /2хх-ийн 33-34 хуудас/,

Шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 145 дугаартай хөрөнгийн үнэлгээний “Фейр Валушн” ХХК-иас монгол гэрийн хувцасны шүүгээ, шилэн тавцантай ширээ, хятад угаалгын машин болон 2 ширхэг сандал зэргийн зах зээлийн үнэлгээг 886000 төгрөгөөр тогтоосон дүгнэлт /2хх-ийн 35-37 хуудас/,

Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /2хх-ийн 124 хуудас/,

Г-ийн .........тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 193-212 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх бөгөөд анхан шатны шүүх нотлох баримтуудыг шинжлэн судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд гэж үзсэн нь хуульд нийцсэн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байна.

Анхан шатны шүүх Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ хохирогч С, Ц, О нарын хохирол төлбөргүй гэсэн саналыг харгалзсан байх бөгөөд Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг хоёроос дээш удаа үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Г-т анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх тул шүүгдэгчийн ял хөнгөрүүлэх тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 1. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/169 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Г-ийн цагдан хоригдсон 83 хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧИД                                          Я.АЛТАННАВЧ

                                                                                              Б.ДЭНСМАА