Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 479

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Т-ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02682 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “У Г”  ХХК-д холбогдох 

 

Гүйцэтгэх захирлын 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Тэлмүүний гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваажанцан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Тэлмүүн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Т- 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “У Г”  ХХК-ийн Стратеги, Бизнес хөгжлийн газрын захирлын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээг 5 жилийн хугацаатай байгуулан тус өдрөөс ажиллаж эхэлсэн. Уг хугацаанаас хойш хөлсөөр ажиллах гэрээнд заасан чиг үүргийг миний бие хэрэгжүүлэн ажилласаар ирсэн болно.

Гэтэл 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “У Г”  ХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Батбаатар өрөөндөө дуудан хөлсөөр ажиллах гэрээг хугацаанаас өмнө цуцалж байгаа тухайгаа хэлсэн бөгөөд ямар үндэслэлээр халж байгаа талаар тайлбар хэлээгүй юм. Бидний хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд ямар үндэслэлүүд хамаарч байх талаар тохиролцож гэрээг байгуулсан бөгөөд миний хувьд гэрээ болон холбогдох хуульд заасан гэрээг цуцлахад хүргэх ноцтой зөрчлийг гаргаагүй болно.

...2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр миний бие “У Г”  ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Одбаярт хандан ажлаас халах тухай тушаал гарсан бол уг тушаалыг гаргуулах тухай хүсэлт хүргүүлсэн. Уг хүсэлтэд тушаалыг албан ёсоор гаргуулж түүнд ажлаас халсан үндэслэлийг тодруулах талаар бичсэн ба өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй юм. Иймд намайг ажлаас халсан тушаалыг албан ёсоор бичгээр гардуулаагүй учир ямар үндэслэл шалтгааны улмаас намайг ажлаас халсныг одоог хүртэл ойлгохгүй байна. Тушаалыг гардуулаагүй учир нэхэмжлэлд хавсаргаж өгөх боломжгүй байна.

Хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан боловч “У Г”  ХХК-ийн Стратеги, Бизнес хөгжлийн газрын захирлын албан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах байнгын ажлын байр тул уг хуульд заасан зохицуулалт, нөхцөл, шаардлага үйлчлэх боловч хариуцагчийн зүгээс ажилтан миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна.

Хөлсөөр ажиллах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар “...гэрээг цуцлах тохиолдолд энэ тухайгаа ажилтанд 2 cap ба түүнээс дээш хугацааны өмнө мэдэгдэх үүрэгтэй бөгөөд 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг төлнө” гэж харилцан тохиролцсон. Иймд “У Г”  ХХК-ийн Стратеги, Бизнес хөгжлийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Б.Т- нь анхны уулзалтуудаар компанийн хөрөнгө оруулалт, бизнесийн хөгжил, үйл ажиллагааны стратеги төлөвлөлтийн талаар мэргэшсэн, энэ талаар маш их туршлагатай гэдэг байсан. Үүнийгээ өөрийн гүйцэтгэж байсан гэх төсөл хөтөлбөрүүдийн талаар ярьсан учраас маш цөөхөн байдаг өндөр ур чадвартай менежерүүдийн нэг юм гэсэн ойлголтыг авсан.

Улмаар “У Г”  ХХК нь иргэн Б.Т-аар Стратеги, Бизнес хөгжлийн газрын захирлын ажлыг гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 041 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр талууд харилцан тохиролцож Б.Т-ын хөдөлмөрийн нөхцөлийг дээрдүүлж, гүйцэтгэлийн урамшуулал, тусгай урамшуулал олгохоор хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Ингээд ажил үүргээ гүйцэтгэх явцад бизнесийн хөгжил, стратеги төлөвлөлтийн туршлагатай гэхэд бодит эргэлзээнүүд төрж эхэлсэн. Учир нь анх хөлсөөр ажиллах гэрээ байгуулахдаа ярилцаж тохиролцсоны дагуу “У Г”  ХХК болон түүний хөрөнгө оруулсан бизнесүүд, хамаарал бүхий хуулийн этгээдүүдийн бизнес төлөвлөгөө гаргах, бизнес бүрийн онцлогт нийцсэн стратеги төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэнэ, шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтүүдийг татах төлөвлөгөө боловсруулна, одоо хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгнө гэсэн боловч уг ажлаа огт гүйцэтгээгүй. Эхний ээлжинд 5 жилийн хугацаатай бизнес төлөвлөгөө боловсруулж уг төлөвлөгөөтэй холбогдуулан жил жилийн төлөвлөгөө гаргахаар тохиролцсон. Ингээд гүйцэтгэх ажил үүрэг, төлөвлөгөөгөө гэрээ байгуулахад бэлэн болгож гэрээний хавсралтаар баталгаажуулахаар тохиролцсон. Гэвч энэ ажил нь ч хийгдээгүй. Мөн манай компанийн зүгээс Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Хуримын ордны хойно баригдаж байгаа Холбооны Бүгд Найрамдах Герман улсын компанийн хэрэгжүүлж байгаа Радиссон Монголиа төслийг худалдан авахаар хэлэлцээр хийж байсан. Уг төслийг Холбооны Бүгд Найрамдах Герман улсын хөрөнгө оруулалттай компани гүйцэтгэж байсан бөгөөд гадаадын болон Монголын талын хувьцаа эзэмшигчдийн хоорондын үл ойлголцлоос шалтгаалан гадаадын хувьцаа эзэмшигчид нь өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдан борлуулахаар мэргэжлийн байгууллагыг сонгож уг байгууллагатай нь манай компанийн зүгээс холбоо тогтоон ажиллаж байсан.

Уг төслийн гадаад хувьцаа эзэмшигчид нь Швед, Финланд, Дани, Кипр зэрэг орны хуулийн этгээдүүд байсан бөгөөд олон улсын мэргэшсэн аудитын PWC компани мэргэжлийн зөвлөхөөр ажиллаж байсан. Энэ төслийг бизнес хөгжил, стратеги, гадаадын байгууллага, хөрөнгө оруулагчидтай хамтран ажилладаг туршлагатай учраас Б.Т- захирал хариуцсан. Тэрээр гадны хөрөнгө оруулагчидтай албан ёсоор харилцан төслийн талаарх мэдээ мэдээллийг хүлээн авч надад танилцуулдаг байсан. Компанийн хувьцаа шилжүүлэх, эрх хүлээн авах нь нарийн төвөгтэй ажиллагаа бөгөөд хувьцааны үнэ, санал болгох хугацаа, төслийн хөрөнгө оруулалтын талаарх мэдээлэл, ашгийн тооцоолол зэрэг нь маш нууц бөгөөд эдгээр мэдээлэл алдагдах нь манай бизнест ноцтой үр дагавар авч ирж болзошгүй байсан. Гэтэл Б.Т- нь уг төслийн талаарх мэдээллийг бусад этгээдүүдэд задруулж, хөрөнгө оруулалт босгон ажиллах боломжтой гэж мэдээлэл өгч байсан нь илэрсэн.

Дээрх хоёр шалтгаанаар 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Б.Т- захиралтай уулзсан. “У Г”  ХХК болон охин компаниудын бизнес төлөвлөгөө, стратеги төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэх, дунд болон богино хугацааны төлөвлөгөөг танилцуулах ажлыг яаралтай гүйцэтгэх шаардлагатай байгаа тухай болон Радиссон Монголиа төслийн хүрээнд цаашид ажиллуулахгүй болсон, төслийн хүрээнд хүлээн авсан болон харилцаж байсан мэдээллийг хүлээлгэн өгөх, төслийн мэдээллийг цаашид дахин задруулахгүй байх талаар анхааруулж сануулсан. Гэвч Б.Т- тэр өдрөө ажлаа орхиод явсан байсан. Төслийн талаарх мэдээлэл, гүйцэтгэж байсан ажлаа хүлээлгэж өгөөгүй. Манай компанийн зүгээс түүнтэй байгуулсан гэрээг цуцлаагүй. Энэ талаар тушаал шийдвэр гаргаагүй. Б.Т-тай байгуулсан гэрээтэй холбоотой түүний хүрэх ёстой үр дүн, урамшууллын талаар шийдвэрлээгүй орхигдсон зүйлс бий. Тэрээр өнөөдөр ч ажил үүргээ гүйцэтгэх боломжтой. Харин гэрээгээр хүлээсэн ажил үүргээ тасалдуулсан тохиолдолд нийгмийн даатгал төлөгдөхгүй гэдгийг тодруулах нь зүйтэй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Т-ыг “У Г”  ХХК-ийн Стратеги, Бизнес хөгжлийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9 655 128 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Т-ад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг “У Г”  ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас хуулиар чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 169 432 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар тов мэдэгдэхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарт мэдэгдэлгүйгээр хариуцагч компанийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн гэх боловч хэн гэдэг хүн ямар байдлаар хүлээн авсан талаар тодорхойгүй, баримт байхгүй байна. Мөн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хурлыг хойшлуулан 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр товлосон байдаг.

Улмаар 2019 оны 12 дугаар 20-ны өдрийн шүүх хуралдааны товийг 1 хоногийн өмнө буюу 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт тус өдрийн ажлын цаг дуусч байхад утсаар мэдэгдсэн. Ийнхүү шүүх хуралдааны товыг тулгаж мэдэгдсэнээс шалтгаалан 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч албан томилолтоор явсан гэх нотлох баримт гаргаж өгөх бодит бололцоо байгаагүй, орон нутагт албан томилолтоор явж байсан тул маргааш өглөө нь шууд шүүх хуралд ирж оролцох боломж байгаагүй юм.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Тэлмүүн миний бие Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд /А.Цэнд-Аюушийн нэхэмжлэлтэй Т.Ганболдод холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 20-ны 10:30 цагаас товлогдсон, шүүх хуралдааны товыг хүсэлтэд хавсаргаж өгсөн/ шүүх хуралдаан давхацсан байсан тул хариуцагчийн өмгөөлөгч орон нутагт албан томилолттой байгаа гэх зэрэг хүндэтгэн үзэх шалтгаануудаа дурдан холбогдох баримтаа хавсаргаж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэгч нь компанийн бизнесийн нууцлалтай холбоотой мэдээллийг задруулсан үндэслэлээр уулзалт хийснээс хойш ажилдаа ирээгүй буюу тус байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг зөрчин өөрөө дур мэдэн ажлаа орхин явсан байдаг. Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс компанийн мэдээлэл задруулах нууцлалтай холбоотой асуудлаар гэрч асуулгах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахгүй орхиж хэргийг шийдвэрлэсэн байдаг.

Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ зохигч талуудын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх эрхийг хангаагүй, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

 

Нэхэмжлэгч Б.Т- нь “У Г”  ХХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулах, “У Г”  ХХК-ийн Стратеги, Бизнес хөгжлийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...намайг ажлаас халахдаа тушаал шийдвэрийг бичгээр гаргаагүй, хууль болон гэрээнд заасан хугацаа болох 2 сарын өмнө халах тухай мэдэгдэх үүргээ биелүүлээгүй” гэж, хариуцагч татгалзаж буй үндэслэлээ “...Б.Т- нь уг төслийн талаарх мэдээллийг бусад этгээдүүдэд задруулж, хөрөнгө оруулалт босгон ажиллах боломжтой гэж мэдээлэл өгч байсан нь илэрсэн, Б.Т- тэр өдрөө ажлаа орхиод явсан, ...ажлаа хүлээлгэж өгөөгүй. Манай компанийн зүгээс түүнтэй байгуулсан гэрээг цуцлаагүй. Энэ талаар тушаал шийдвэр гаргаагүй. ...өнөөдөр ч ажил үүргээ гүйцэтгэх боломжтой” гэж тус тус тайлбарласан байна. /хх 1-2, 33-35/

 

Нэхэмжлэгч Б.Т- нь хариуцагч “У Г”  ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б-44/19 дугаартай тушаалаар тус байгууллагын Стратеги, Бизнес хөгжлийн газрын захирлаар 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 041 тоот хөдөлмөрийн гэрээг 3 сарын туршилтын хугацаатайгаар байгуулан, мөн өдрөө эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай болон нууц хадгалах тухай гэрээнүүдийг тус тус байгуулан ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дээрх тушаал, хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбараар нотлогдож байна. /хх 67-69, 70-71/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 22, 25 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн мөн өдрөөс 5 жилийн хугацаатай, сарын 3 000 000 төгрөгийн цалинтай байхаар харилцан тохиролцож, Контрактын /хөлсөөр ажиллах/ гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь зөв.

 

Хариуцагч нь Б.Т- контрактад заасан ажил үүргээ биелүүлээгүй, төслийн нууц задруулсан ноцтой зөрчлийг гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа баримтаар нотлож чадаагүй байна.

Ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан үндэслэл журамд нийцээгүй байхаас гадна, ажилтны ажил, үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулсан, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үзнэ. Иймд шүүх нэхэмжлэгчийг Улаанбаатар групп” ХХК-ийн Стратеги, Бизнес хөгжлийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгаж, түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан "Ажилтны дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын дагуу тооцож хариуцагч “У Г”  ХХК-иас 9 655 128 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Т-ад олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Хариуцагч байгууллагын захирлын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тул бие даасан шаардлага гэж үзэхгүй.

Шүүх хариуцагч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Оргилд 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүний эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж өгсөн, мөн хариуцагч талын хүсэлтээр 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13 цаг 30 минутад болох шүүх хуралдаан хойшилж, хариуцагч байгууллагад 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн, мөн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарт шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэж баримт үйлдсэн байгаа нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Тэлмүүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж үзэж нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтдээ хавсаргасан баримтаас үзэхэд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны мэдэгдлийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээж авсан, харин тус шүүх хуралдааны мэдэгдлийг хариуцагч “У Г”  ХХК-иас 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан байхаас гадна, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 30 минутад товлогдсон байх тул түрүүлж товлогдсон хуралдаанд оролцох боломжтой, О.Тэлмүүн нь тус шүүх хуралдаанд оролцох эсэх нь тодорхойгүй гэж үзэж анхан шатны шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02682 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “У Г”  ХХК-иас төлсөн 169 433 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

                                                           

                                        ШҮҮГЧИД                                Т.ТУЯА

 

                                                                                         Д.ЦОГТСАЙХАН