Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 0374

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Хохирогч Ц.Мөнхзул

Шүүгдэгч З.Ө

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Ө-д холбогдох эрүүгийн 1725003320163 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1992 оны 01 сарын 22-ны өдөр Булган аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, группэд байдаг, ам бүл 2, дүүгийн хамт урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, З.Ө, 

 

Шүүгдэгч З.Ө нь Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баясгалан хүнсний дэлгүүрийн хажууд 2017 оны 10 сарын 23-ны орой хохирогч Ц.Мөнхзулыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч З.Өн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Энэ эгчийг танилцаж болох уу гэж асуусан. Тэгээд санаандгүй алгадаж цохисон. Зодсон үйлдлээ зөвшөөрч байгаа. Хохирогчоос уучлалт гуйсан. Буруугаа хүлээсэн. Хохирогчид эмчлүүлээрэй гээд мөнгө төгрөг өгсөн. Ээж өгсөн байгаа. Дахин ийм хэрэг хийхгүй гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Ц.Мөнхзулын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 10 сарын 23-ны орой 11 цагийн үед ажлаа тараад явж байсан. Тэгтэл энэ Өнөмөнх гэдэг хүн дэлгүүрийн хажууд таарч шууд хашаа руу шахаж толгой руу цохисон. Толгойд хөнгөн гэмтэл учирсан. Толгойгоо эмчлүүлж байгаа. Эмчилгээний зардал 50.000 төгрөг, сэтгэл санааны 550.000 төгрөг, нийт 600.000 төгрөг нэхэмжилж байгаа. Одоо хохирлоо барагдуулсан. Гомдол санал алга. Эмчилгээний зардалд шүүгдэгч талаас 170.000 төгрөгийг өгсөн. Энэ нь нэхэмжлэлээс хасч тооцохгүй гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч Т.Даваагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Мөнхзул гараад гэртээ харихаар явсан бөгөөд араас нь бид нар гараад явах гээд би машинаа асаагаад зогсоол дээрээс эргээд хөдөлтөл манай ажлын хүмүүс хүүе Мөнхзул эгчийг зодоод байна ш дээ гээд байхаар нь гэрлээ тусгаад хартал Мөнхзулыг зодож байсан хүн зугтаад хашаа даваад яваад өгсөн гэсэн мэдүүлэг / хх 8 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 912 дугаартай дүгнэлтэнд:

1. Ц.Мөнхзулын биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт үүсчээ.

2. Дээрх гэмтлүүд хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Тухайн цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй.

4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн нүдний зовхинд цус хуралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

5. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 14 ху /

 

Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаанд:

  1. З.Ө өмнө болон одоо дээрх F70 оноштой. Энэ өвчин төрөлхийн өвчин.
  2. Дээрх оношоор Булган аймгийн сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг.
  3. Албадан эмчилгээ шаардлагагүй.
  4. Үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Хэрэг хариуцах чадвартай гэсэн магадлагаа /хх 18 ху/,

 

            -Хохирлын баримт /хх 53 ху/

-З.Өн-г яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 24-27 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 29 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч З.Ө нь Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баясгалан хүнсний дэлгүүрийн хажууд 2017 оны 10 сарын 23-ны орой хохирогч Ц.Мөнхзулыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Ц.Мөнхзулын “...энэ Өнөмөнх гэдэг хүн дэлгүүрийн хажууд таарч шууд хашаа руу шахаж толгой руу цохисон” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Т.Даваагийн /хх 8 ху/ мэдүүлэг, хохирогчийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл үүссэнийг тогтоосон 912 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч З.Ө-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Хохирогч Ц.Мөнхзул нь эмчилгээний зардалд 50.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 550.000 төгрөг нийт 600.000 төгрөгийг тус тус нэхэмжилж нотлох баримтаар гавал ясны дижитал зургийн 30.000 төгрөгний баримтыг гарган өгч, шүүгдэгч талаас 170.000 төгрөгийг өгсөн болохыг  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байна.

            Шүүх нотлох баримтын хүрээнд шинжлэн судлаад толгойн зургийн төлбөр 30.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд энэ төлбөрийг шүүгдэгч нь төлж барагдуулсан байна.

            Иймд хохирогчийн нэхэмжлэлээс 570.000 төгрөгний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.

            Шүүгдэгч З.Ө нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З.Ө- ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ө-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ө-д оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс 570.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж,  хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

 

 

7. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА