Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2019/ДШМ/49

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 08 өдөр                         2019/ДШМ/49                                   Хэрлэн сум                                  

 

О, С нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2019/0049/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг,

Прокурор Б.Бямбасүрэн,

Хохирогч Б,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г-,

Шүүгдэгч О, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал

Шүүгдэгч С, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл нарыг оролцуулан нээлттэйгээр,  

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г, шүүгдэгч О, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал нарын давж заалдах гомдлоор О, С нарт холбогдох эрүүгийн 1839003400233 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Дадал суманд 1971 онд төрсөн, эрэгтэй, 48 настай, бага боловсролтой, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Дадал сумын 3 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, У овогт Т-н О

Хэнтий аймгийн Дадал суманд 1981 онд төрсөн, эрэгтэй, 38 настай, боловсролгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Дадал сумын 3 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Д-н С нар нь

2018 оны 7 дугаар сарын 08-ны орой Хэнтий аймгийн Дадал сумын “Агац” 3 дугаар баг “Битүүгийн ар” гэх газарт гөрөөс буудахдаа болгоомжгүйгээр Д.Ганбаярын амь насыг хохироож, Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн С-, О- нар нь бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газар нутагт бор гөрөөс зөвшөөрөлгүйгээр агнахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн Прокурорын газраас: Яллагдагч О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1, 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар, мөн С-, О- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Урианхай овогт Түмэндэлгэрийн О-ийг болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч С-, О- нарыг бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-ийг 3 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар галт зэвсэг зэвсэг ашиглах, эзэмших, өмчлөх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2,  3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, шүүгдэгч С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг нийт 4 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-т оногдуулсан 4 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г-ийн нэхэмжилсэн өмгөөллийн хөлс 2500000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г-т 5000.000 төгрөг, хохирогч Б-т 3.500.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч нар нь бусад хохирол зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдахаар тус тус заан шийдвэрлэжээ.  

Хохирогч Б- давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа 2 талын хүсэлтийг хангах талаар даалгавар бичсэн бөгөөд хэрэгт хийгдвэл зохих нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс С-т 3 жилийн тэнсэн харгалзах ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүгдэгч нар нь хууль бусаар ашиг орлого олох зорилгоор утсаар тохиролцож, урьдчилан байлдааны зориулалттай сумыг олж авч, нуун дарагдуулж, байлдааны суманд тохируулан зассан, зөвшөөрөлгүй бууг С- нь О-т дамжуулж, мотоциклоороо очиж авч, гэрэл тусгаж өгсний улмаас энэ гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэж байна.

С-ын өөрийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар түүний үйлдэл нь нотлогдож байх тул С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хорих ял оногдуулж өгнө үү.

Миний бие цаашид нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай байх тул эмчилгээний зардалд 10000000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г- давж заалдах гомдолдоо: С- нь галт зэвсэг эзэмших эрхийн гэрчилгээгүй бууг засч, нуун дарагдуулж, байлдааны зориулалттай сумыг хууль бусаар олж авч, гэртээ хадгалж байгаад О-т дамжуулсны улмаас миний дүү нас барж, нэг хүн хүндээр гэмтсэн. Иймд С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.6 дугаар зүйлийн 2-т заасны дагуу ял оногдуулж өгнө үү.

Мөн оршуулгын зардал бүрэн төлөгдөөгүй байхад С-, О- нарт битүүмжлэгдсэн малыг буцаан олгосонд гомдолтой байна гэжээ.

Шүүгдэгч О-, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 29 тоот шүүгчийн захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан бөгөөд 7-11 дүгээр заалтууд одоог хүртэл хангагдаагүй, захирамжид дурдсан сумны хошууг олох ажиллагааг огт хийгээгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд буцсаны дараа холбогдох туршилтуудыг хийсэн боловч хэдий хэмжээний зайнаас буудлага хийхэд хүний бие болон хувцсанд түлэгдэлт, улайлт үүсч болох талаар туршилт хийгээгүй орхигдуулсан.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн оролцогч нарын зүгээс гаргаж байсан хүсэлтүүдийг үндэслэлгүйгээр хязгаарлаж, хэрэгсэхгүй болгосон байхад анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч С-ын өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс С-ыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүй ан агнахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулсан. Миний үйлчлүүлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаагүй юм. Иймд хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч О-, С- нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, давж заалдах гомдолд дурдагдсан асуудлууд хавтаст хэрэгт авагдсан гэж үзэж байна.

Иймд хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар О-, С- нарт холбогдох эрүүгийн хэргийг хохирогч Б-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г-, шүүгдэгч О-, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

О-, С- нар нь 2018 оны 7 дугаар сарын 08-ны орой Хэнтий аймгийн Дадал сумын “Агац” 3 дугаар баг “Битүүгийн ар” гэх газарт гөрөөс буудахдаа болгоомжгүйгээр Г-н амь насыг хохироож, Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн С-, О- нар нь бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газар нутагт “Бор гөрөөс” зөвшөөрөлгүйгээр агнахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г-ийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн: “...Уг хэргийн улмаас миний дүү нас барж, нэг хүн хүнд гэмтсэн. ...С-, О- нар нь хэргээ хүлээж, хэргийн газарт ажиллаж байсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хэрхэн яаж буудсанаа зааж өгсөн тул хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 91-93, 4хх-ийн 76-102 хуудас/,

Хохирогч Б-ийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн: ”...Би гэрэл тусгаж өгөөд зогсож байтал нэг удаа буу дуугарсан. ...Намайг буудуулчихаад хэвтэж байхад О гэх хүн ирээд “та хэд яаж гол гарсан юм бэ” гэж асууж байсан. Хамт явж байсан хүмүүс “та хоёр хүн буудчихлаа” гэж хэлж байсан. Яг хэн нь буудсаныг мэдээгүй. ...Миний биед бүдүүн, нарийн гэдэс тасарсан гэмтэл учирсан. Цаашид гарах эмчилгээний зардалд 10000000 төгрөг нэхэмжилж байна. ...Маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 100-102, 4хх-ийн 76-102 хуудас/,

Шүүгдэгч О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 08-ны орой 20 цагийн үед би С-той гөрөөсөнд явахаар ярьж тохиролцсон. С- ирэхдээ ZKK-600 загварын ангийн буу болон прожекторыг авч ирсэн. ...Би мотоциклоосоо буугаад гөрөөс рүү нэг удаа буудсан боловч оноогүй. ... бүдэг дуу сонсогдсон чигт явж очиход Д амдаж ирээд та хоёр хүн буудчихлаа гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-64 хуудас/,

Шүүгдэгч С-ын мөрдөн байцаалтад өгсөн: 2018 оны 7 дугаар сарын 08-ны орой 20 цагийн үед О- “гөрөөсөнд явъя” гэж хэлсэн. Би өөрийнхөө 7.62х63 мм калибрьтай ZKK-600 загварын бууг прожектортойгоо аваад мотоциклоо унаад О-ийнх рүү очсон. ...О- гөрөөс рүү нэг удаа буудсан боловч оноогүй. ...буцаад гарам руу очтол Д амдаж ирээд та хоёр хүн буудчихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-74 хуудас/,

2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаартай

-Талийгаач Г-н цогцост 1 удаагийн хошууч сумны буудалт, багана нурууны зүүн хажуугийн шугамаар 8, 9-р хавирганы завсраар орж, өвчүүний зүүн хажуугийн шугамаар 4, 5 дугаар хавирганы завсраар гарсан хошуут сумны ил шарх, Зүүн уушги, үнхэлцэг хальс, зүрхний тосгуур хоорондын таславч, ховдол хоорондын таславчийг дайрч нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 217-218 хуудас/,

2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 9669 дугаартай

-Б-ийн биед нарийн гэдэс, S хэлбэрийн гэдэсний тасрал, цоорол, хэвлийн хөндий дэх цус хуралт, хэвлийн зүүн хэсэг, нурууны зүүн 10-11 дүгээр хавирганы түвшинд нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо...

-Дээрх гэмтэл нь ...амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 220 хуудас/,

2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 8261 дугаартай

- ...Цогцосны нурууны ар талын шархнаас авсан гэх арьснаас илэрсэн дарь тортогны үлдэц элементүүд шинжилгээнд ирүүлсэн замагны 290 дугаартай “ZKK” маркийн галт зэвсгийн гол төмрөөс илэрсэн дарь тортогны үлдэц элементүүдтэй найрлагын хувьд тохирч байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 238 хуудас/,

2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4793 дугаартай

- ...Шинжилгээнд Чехословак улсад ан агнах зориулалттай үйлдвэрлэгдсэн, 7.62х39 мм /30-06 SPRG/ калибртай “ZKK-600” загварын галт зэвсгийн гол төмрийн хойд сумны байрыг зориудаар тайрч богиносгон 7.62х39 мм калибртай суманд тохируулж засварлан үйлдвэрийн хийцийг өөрчилсөн гар хийцийн галт зэвсэг ирүүлжээ...

- Шинжилгээнд ирүүлсэн 7.62х39 мм калибртай сумны хонгио нь шинжилж буй гар хийцийн галт зэвсгээр буудагдсан. Шинжилгээнд ирүүлсэн 7.62х39 мм калибртай сум хонгионы малгай хэсгийн бялтанд байх дугуй хэлбэртэй дотогш хонхойсон мөр нь шинжилж буй гар хийцийн галт зэвсгээр буудаж загвар болгон авсан 7.62х39 мм калибртай сумны хонгионы малгай хэсгийн бялтанд үүссэн цохигчийн мөртэй тохирч байна...

- ...Шинжилж буй гар хийцийн галт зэвсгийн эд ангиудыг зориудаар өөрчилсөн учир уг гар хийцийн галт зэвсгийн ашигтай тусгалыг тогтоох боломжгүй. Харин шинжилж буй гар хийцийн галт зэвсэгт таарч тохирон буудлага үйлдэгдэх 7.62х39 мм калибртай байлдааны зориулалттай сумны хошууны анхны хурд 710-745 м/с, сумны хошууны алах чадварыг хадгалах нисэлтийн хамгийн холын зай 1500 м, сумны хошууны хамгийн хол нисэж хүрэх зай 3000 м байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 248-250 хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2855 дугаартай

- ...Шинжилгээнд ирүүлсэн “ZKK600” гэх хаягтай арчдаст дарь тортогны үлдэц элемент илэрч байна...” гэсэн дүгнэлт /3хх-ийн 199 хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2861 дугаартай

-...Шинжилгээнд ирүүлсэн хохирогч Б-ийн задгай энгэртэй “Mizuno” гэх бичиглэлтэй цэнхэр, саарал өнгийн цамц, хар саарал өнгийн биеийн тамирын өмд зэргээс дарь тортгийн үлдэц элементүүд илрэхгүй байна...” гэсэн дүгнэлт /3хх-ийн 202-203 хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-12 хуудас/,

Хэргийн газрын дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 142-146 хуудас/,

Тээврийн хэрэгсэлд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 43-48 хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 50 хуудас/,

Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 147-149 хуудас/,

Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 150-153 хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 154-155 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн нотлогдож тогтоогдсон байх бөгөөд анхан шатны шүүх нотлох баримтуудыг шинжлэн судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд гэж үзсэн нь хуульд нийцсэн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хуулийн буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн  зөрчил тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасны дагуу анхан шатны шүүхээс О-, С- нарт шударга ёсны зарчимд нийцүүлэн, тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ. 

Хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын С-т Эрүүгийн хуулийн 20.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ял оногдуулж өгнө үү гэсэн гомдлын тухайд: С-ын О-т шилжүүлж өгсөн гэх Чехословак улсад үйлдвэрлэгдсэн ан агнах зориулалттай 7.62х63 мм /30-06 SPRG/ калибрьтай ZKK-600 загварын галт зэвсэг /хх-ийн 248-250 хуудас/ нь байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг биш тул С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 20.6 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилж ял оногдуулах үндэслэлгүй байна.

Мөн хүний амь насыг хохироосон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг О-, С- нар нь хамтран үйлдсэн гэх гомдлын тухайд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1-т “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж заасан байх тул О-, С- нарыг уг гэмт хэргийг хамтран үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Хохирол, төлбөрийн талаарх болон С-, О- нарт битүүмжилсэн малыг буцаан олгосон гэх гомдлын тухайд: Хэрэг шийдвэрлэх үед хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь эмчилгээний болон оршуулгын зардал, гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх баримтуудаа бүрэн бүрдүүлээгүйн улмаас шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй байсан тул эд хөрөнгө битүүмжилсэн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 27, 28 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэснийг буруу гэж үзэж боломжгүй байна.

Шүүгдэгч О-ийн өмгөөлөгч Г.Баяржаргалын сумны хошууг олох ажиллагаа хийгдээгүй гэх гомдлын тухайд: 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хэргийн газрын дахин үзлэг хийж 2 ширхэг металл хайгч ашиглан сумны хошууг хайсан боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй гэх тэмдэглэл хавтаст хэргийн 142-146 дугаар талд авагдсан байна.

Хохирогч Б-ийн хувцсанд тортог, дарьны үлдэгдэл байсан эсэх талаар тодруулаагүй гэх гомдлын тухайд: Мөрдөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу 2019 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн 2861 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн задгай энгэртэй “Mizuno” гэх бичиглэлтэй цэнхэр, саарал өнгийн цамц, хар саарал өнгийн биеийн тамирын өмд зэргээс дарь тортгийн үлдэц элементүүд илрэхгүй байна” гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан  байна /3хх-ийн 202-203 хуудас/.

Шүүгдэгч нарын авч явсан сум, Д-н явж байсан сумнууд буудлага үйлдэгдсэний дараа үүссэн дарь тортогны үлдэц элементүүд найрлагын хувьд ялгаатай эсэхийг тогтоогоогүй гэх гомдлын тухайд: 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4793, 4794 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр буудлага үйлдэгдсэний дараа үүссэн дарь тортогны үлдэц элементүүд найрлагын хувьд ялгаатай эсэхийг тогтоосон байна /хх-ийн /1хх-ийн 248-250 хуудас, /1 хх-ийн 243-244, 248-250 хуудас/.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ТОЗ-16 маркийн буу, улаан мяндсан уяа зэрэг нь гэм бурууг тогтоох, хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолгүй тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй юм.

 Дээр дурдсанаас үзэхэд хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

 1. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн  2019/ШЦТ/176 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г-, шүүгдэгч О-, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч О-ийн цагдан хоригдсон 98 хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧИД                                          Я.АЛТАННАВЧ

                                                                                              Б.ДЭНСМАА