Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2019/0464

 

Гомдол гаргагч гомдлоосоо татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Халиуна би, Ж ХК-ийн гомдолтой, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Энхзулд холбогдох Гаалийн улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 0243971 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Жуулчин дюти фрий ХК-ийн Олон улсын нисэх буудлын дэлгүүр дээр 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 17 цагийн үед Гаалийн ерөнхий газраас шалгалт хийгдэж Гаалийн улсын байцаагч Ц.Энхзул нь 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 0243971 тоот хялбаршуулсан журмаар 2 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах шийтгэлийн хуудсыг бидэнд ирүүлснийг эс зөвшөөрч гомдол гаргасан бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШЗ2019/3843 тоот Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа болно.

Үүнтэй холбогдуулан Жуулчин дюти фрий ХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 болон 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа тул хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч Жуулчин дюти фрий ХК нь Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Энхзулд холбогдуулан өөрийн гаргасан Гаалийн улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 0243971 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагаасаа татгалзах тухай хүсэлтийг 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлжээ.

Гомдлыг болон гомдлоосоо татгалзах энэхүү хүсэлтийг Жуулчин дюти фрий ХК-ийн гүйцэтгэх захирал буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд өөрөө гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу Жуулчин дюти фрий ХК нь Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Энхзулд холбогдуулан гаргасан гомдлоосоо татгалзсанаа ийнхүү шүүхэд бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу гомдлоосоо татгалзсан этгээд болох Жуулчин дюти фрий ХК нь уг асуудлаар дахин гомдол гаргах эрхээ алдах бөгөөд шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох талаар үр дагаврыг гомдол гаргагчид тайлбарлан өгч, баримтад гарын үсэг зуруулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч Жуулчин дюти фрий ХК-иас Гаалийн улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 0243971 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлоосоо татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар гомдол гаргагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүйг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь уг асуудлаар шүүхэд дахин гомдол гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэ нь бусад этгээд уг асуудлаар бие даасан гомдол гаргахад саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Д.ХАЛИУНА