| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 101/2019/03387/и |
| Дугаар | 476 |
| Огноо | 2020-03-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 476
Д.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “Э К К” ХХК, Ж.Э- нарт холбогдох
Орон сууцны үнэ 150 000 000 төгрөг, орон сууц түрээслэсэн төлбөр 10 250 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагч Ж.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.Б-,
Хариуцагч Ж.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Уянга,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.
Нэхэмжлэгч Д.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр “Э К К” ХХК-ийн захирал Ж.Э-тай 39.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууц худалдаж авах гэрээ байгуулсан. Тухайн үед “Э К К” ХХК нь Цагаан хуаран хотхоны 3 дугаар ээлжийн барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан ба бартераар авах байрнаасаа өгнө гэж гэрээ байгуулсан. Мөн дараа нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр мөн дээрх хотхоноос дахин нэмж 45 м.кв хэмжээтэй 2 өрөө байр өгөхөөр тохирч гэрээ байгуулан надаас мөнгө авсан боловч өнөөг хүртэл эдгээр байрнуудаа өгөөгүйгээр барахгүй туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Цагаан хуаран хотхоноос авах ёстой байраа аваад зарчихсан гэж хэлсэн. Би энэ хүнд мөнгө хэрэгтэй байна гэхээр нь тус болох үүднээс өөрийн амьдарч байсан байраа 2018 оны 12 дугаар сард зарж мөнгийг нь өгч өнөөг хүртэл түрээсийн байранд амьдарч сэтгэл санаа, эд материалын хохиролтой байгаа.
2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл гэрээ байгуулан 5 950 000 төгрөг бэлнээр төлж байр түрээслэх хугацаагаа 2 сараар сунган 1 600 000 төгрөгийг байрны түрээсийн төлбөрт төлсөн.
2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс дахин өөр байр түрээслэн 2 700 000 төгрөг төлөн гэр бүлийн хамт түрээсийн орон сууц дамжин амьдарч байна. Орон сууцны түрээсийн төлбөрт 10 250 000 төгрөгийг Ж.Э-, хариуцагч “Э К К” ХХК нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч энэ шаардлагаасаа татгалзаж байна.
Би “Э К К” ХХК-ийн захирал Ж.Э-тай Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороололд байрлах Цагаан хуаран хотхоны 3 дугаар ээлжийн 528 айлын барилгаас А блокын 1 буюу 2 дугаар орцны 39.5 м.кв талбайтай орон сууц, үнэ нь 71 100 000 төгрөг, мөн 3 дугаар ээлжийн барилгын 6 дугаар давхрын 45.3 м.кв талбайтай орон сууцыг 80 000 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг авахаар тохирч гэрээ байгуулсан.
Эдгээр орон сууцыг нэхэмжилж нэхэмжлэл гаргасан боловч бусдад зарсан гэх тул мөнгийг нь нэхэмжлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Би “Э К К” ХХК-ийн захирал Ж.Э-т бэлэн мөнгө 66 500 000 төгрөг өгсөн бөгөөд 20 038 000 төгрөгийн ажлын хувцас өгсөн. Иймд гэрээнд заасан 2 өрөө бүхий 2 ширхэг орон сууцыг өгөх боломжгүй гэсэн тул эдгээр байрны үнэ 150 000 000 төгрөгийг Ж.Э-, хариуцагч “Э К К” ХХК нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Э К К” ХХК-ийн захирал, иргэн Ж.Э- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Б- ахтай тохирч 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 15 000 000 төгрөг зээлэн зээлийг буцааж төлөхдөө Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Цагаан хуаран хотхоны 3 дугаар ээлжийн 528 айлын барилгаас 2 өрөө, 39.5 м.кв орон сууц нийлүүлэхээр гэрчилгээг олгож төлбөрийг дуусгахаар тохирсон. Энэ 39.5 м.кв талбайтай байрны талаар ярих зүйл байхгүй. Цагаан хуаран хотхоны орон сууц 1 м.кв нь 1 980 000 төгрөгөөр зарагдаж байгаа. 10 000 000 төгрөгийг бэлэн бусаар, үлдэх 5 000 000 төгрөгт нь ажилчдын хөдөлмөр хамгааллын хувцас авсан. Эвлэрэх саналыг надад хэд хэдэн удаа тавьсан. Надад хүлээлгэн өгсөн бэлэн мөнгөний талаар маргаан байхгүй. Авсан нь үнэн. 20 038 000 төгрөгийн ажлын хувцас хүлээлгэж өгсөн гэж байна. Үүн дээр маргаантай байгаа. Миний хувьд манай компани 12 351 000 төгрөгийн ажлын хувцас авсан гэсэн тооцоо байгаа. Д.Б- ахад хэд хэдэн байр санал болгож байсан бөгөөд өөрөө зөвшөөрөөгүй. Одоо 90 000 000 төгрөг өгөөд эвлэрч болж байна. 150 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Э-, хариуцагч “Э К К” ХХК нараас нийт 150 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-өд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б- нь орон сууц түрээслэсэн төлбөр 10 250 000 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 098 169 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Э-, хариуцагч “Э К К” ХХК нараас нийт 907 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-өд олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Ж.Э- давж заалдах гомдолдоо: “...2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл” гэж үзэж байна. Гэрээний гол нөхцөлд нийт 15 000 000 төгрөгийг 2018.05.10-ны өдрөөс 2019.09.15-ны өдөр хүртэл хүүгүй бэлнээр зээлэхээр байгуулсан боловч энэхүү 15 000 000 төгрөгөөс ойролцоогоор 10 000 000 төгрөгийг бэлэн бусаар, үлдэх 5 000 000 төгрөгт нэг бүр 28 000 төгрөгийн үнэ бүхий ажилтнуудын хөдөлмөр, хамгааллын хувцас авсан. Энэхүү гэрээний 2.1 дэх хэсэгт зээлийг буцааж төлөхдөө Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14-р хороололд байрлах. “Цагаан хуаран” хотхоны 3 ээлжийн А блокын /1 буюу 2 орцны аль нэг / 528 айлын барилгаас 2 өрөө, 39.5 м.кв орон сууц нийлүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгож төлбөрийг дуусгахаар тохиролцсон гэх заалт байгаа боловч Д.Б- нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 120 мянгатад байрлах Д.Азжаргал гэх таньдаг нотариатч дээрээ дагуулан очиж, бусдыг хууран мэхлэх замаар энэхүү гэрээнд гарын үсэг зуруулсан нь хууль бус үйлдэл. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой аливаа төрлийн гэрээ, хэлцлийг зөвхөн тухайн үл хөдлөх хөрөнгө байгаа газрын нотариатын байгууллагаар гэрчлүүлэх болон бусад бүх үйлдлийг хийхдээ мөн Иргэний хуулийн дээрх заалтыг баримтлах ёстой байдаг. Гэтэл анхан шатны шүүх энэ үйл баримт болон талуудын хооронд байгуулсан чухал ач холбогдол бүхий гэрээнд хууль зүйн хувьд үнэлэлт өгөхдөө дээр дурдсан хууль тогтоомжийг зөрчсөн. Мөн анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн өр авлагын тооцоог хийхдээ алдаатай буюу зөвхөн нэг талын гаргаж өгсөн гар бичмэлийг үндэслэн хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан тул тус шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч “Э К К” ХХК, Ж.Э- нарт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Цагаан хуаран хотхон, 3 дугаар ээлжийн барилгаас 39.5 м.кв болон 45 м.кв талбайтай тус бүр 2 өрөө бүхий 2 ширхэг орон сууцыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа орон сууцны үнэд 150 000 000 төгрөг гаргуулахаар өөрчилснийг хариуцагч Ж.Э- нэхэмжлэлийн шаардлагаас 90 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч Д.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдрөөс хойш өнөөг хүртэл хугацаанд байр түрээслэн амьдарч байгаа хэмээн тайлбарлан түрээсийн төлбөрт 10 250 000 төгрөгийг хариуцагч “Э К К” ХХК, Ж.Э- нараас гаргуулах тухай шаардлага гаргаж байсан боловч уг шаардлагаасаа татгалзсан байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдан 15 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, хүүгүй зээлсэн ба хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр, буцаан төлөхдөө Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороололд байрлах, Цагаан хуаран хотхоны 3 дугаар ээлжийн 528 айлын барилгаас 2 өрөө 39.5 м.кв орон сууц нийлүүлэн Д.Б-ийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгон төлбөрийг дуусгахаар тохиролцжээ.
Талуудын дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар баримт үйлдэж гарын үсэг зурж байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Хариуцагч Ж.Э- нь уг гэрээ байгуулагдсан талаар маргахгүй байх тул анхан шатны шүүх дээрх гэрээнд заасан орон сууцны үнийг 70 000 000 төгрөгөөр тодорхойлон нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Мөн нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч “Э К К” ХХК-ийн захирал Ж.Э-тай 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан Энх каркас констракшн ХХК-иас Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороололд байрлах, Цагаан хуаран хотхоны 3 дугаар ээлжийн барилгаас 45.3 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв талбайг нь 1 800 000 төгрөгт тооцон авахаар тохирч, нийт үнийг 80 000 000 төгрөгөөр тохирч, тус өдрөө 30 000 000 төгрөгийг хүлээлгэн өгч, 2019 оны эхний 7 хоногт багтаан 30 000 000 төгрөгийг өгч үлдэгдэл төлбөрт ажлын хувцас өгөхөөр харилцан тохиролцжээ. /хх 5/
Шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний талаар дүгнэлт хийсэн нь зөв байна.
Мөн хариуцагч “Э К К” ХХК-ийн захирал Ж.Э- нь нэхэмжлэгч Д.Б-өөс хүлээн авсан мөнгөн дүнгийн талаар маргаагүй тул шүүх хэрэгт авагдсан баримтаар 66 500 000 төгрөгийг хариуцагч хүлээн авсан гэж үзсэн нь үндэслэлтэй. /хх 7, 27-33, 138-226/
Нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хариуцачид 20 038 000 төгрөгийн ажлын хувцас хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж, холбогдох нотлох баримтуудыг /хх 7, 119-125/ шүүхэд гаргаж өгснийг шүүх үнэлж нэхэмжлэгч үүргээ биелүүлсэн гэх дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.
Хариуцагч Ж.Э- нь 12 351 000 төгрөгийн ажлын хувцас авсан тооцоо байгаа гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд шүүх нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч “Э К К” ХХК болон “Э К К” ХХК-ийн захирал ажилтай иргэн Ж.Э- нартай байгуулсан гэрээнүүдэд заасан үүргээ биелүүлсэн, хариуцагч тал гэрээнд заасан 2 орон сууцыг хүлээлгэн өгөлгүй, бусдад худалдан борлуулсан үйл баримт тогтоогдсон тул 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр тохирсон үнэ 1 800 000 төгрөгөөр тооцон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч нараас 150 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцжээ.
Хариуцагч Ж.Э- нь давж заалдах гомдолдоо “...үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой аливаа төрлийн гэрээ, хэлцлийг зөвхөн тухайн үл хөдлөх хөрөнгө байгаа газрын нотариатын байгууллагаар гэрчлүүлэхээр заасан бөгөөд нэхэмжлэгч нь Хан-Уул дүүрэгт байрлах таньдаг нотариач дээр дагуулан очиж, бусдыг хууран мэхлэх замаар гэрээнд гарын үсэг зуруулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл гэж үзэж байна гэжээ.
Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлж баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурж байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх тул хариуцагч Ж.Э-ын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй болно.
Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчийн орон сууцны үнэд шилжүүлсэн ажлын хувцас барааны үнэ, тоо хэмжээний талаар давж заалдах гомдол гаргаагүй тул 20 038 000 төгрөгийн үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн, хариуцагч зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ж.Э-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/03387 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ж.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ж.Э-аас төлсөн 907 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Т.ТУЯА
Д.ЦОГТСАЙХАН