Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2018/ДШМ/18

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 7 сарын 09 өдөр                  8    ДШМ/18                                         Хэрлэн сум                                   Хэрлэн сум

 

Н.Г, Н.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

226/2018/0015

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга: М.Сайнболд,

Прокурор: Д.Э

Өмгөөлөгч: Л.Ц нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 180 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч улсын яллагчийн  эсэргүүцлээр яллагдагч Н.Г, Н.Г нарт холбогдох эрүүгийн 1839002270114 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймагт 1978 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4,  эхнэр хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Биндэр сум 1 дүгээр баг Баянбүрд гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, З овогт Н Г /РД:СЖ78051115/

Хэнтий аймагт 1979 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4,  хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Биндэр сум 1 дүгээр баг Баянбүрд гэх газарт оршин суух, , ял шийтгэлгүй, З овогт Н Г /РД:СЖ79111010/ нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан “алдуул мал завших” гэмт хэрэгт холбогджээ

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 180 дугаар шүүгчийн захирамжаар: Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Т.Б нь давж заалдах журмаар гаргасан эсэргүүцэлдээ: Шүүгчийн захирамжинд шүүгдэгч нарын холбогдсон хэрэг нотлох баримтаар бүрэн нотлоогүй, мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийгдсэн байна гэжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч хонь, ямаагаа алдсан тухай, шүүгдэгч нар хонь, ямааг авсанаа хүлээн мэдүүлсэн. Хохирогч нарын гэр болон шүүгдэгч нарын гэр хоорондоо ямар зайтай болох, мал олсон гэх газар хохирогч болон шүүгдэгч нарын гэрээс хаашаа хэдэн км байсныг тодруулж, хэргийн газарт нөхөн үзлэг хийх гэсэн байгаа бөгөөд нэгэнт хохирогч нь малаа алдсан, алдсан малыг нь шүүгдэгч нар завшсан талаар мэдүүлсэн тул энэ байдлыг тогтоох шаардлага байхгүй, тогтоосноор хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудалд ямар нэгэн өөрчлөлт орохгүй юм. Шүүгдэгч Ганхуяг тухайн үед мотоциклтэй явсан талаар мэдүүлсэн байхад зохих журмын дагуу шалгаж, шаардлагатай бол үнэлгээ тогтоолгож, битүүмжлэх  гэсэн. Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шатанд дээрх мотоциклийг битүүмжлэх боломжтой.  Ял шалгах хуудсыг эх хувиар нь хавсаргах талаар хавтаст хэрэгт цагдаагийн газрын албан ёсны баталгаат тэмдэг дарж хавсаргасан. Шүүгдэгч нарыг өөрийнх нь эсрэг гэрчээр, хууль сануулж байцааж мэдүүлэг авсан нь Үндсэн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзжээ. Хэргийн нөхцөл байдлын улмаас хамаарч одоогийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд ямар этгээдийг гэрчээр эхэлж байцаах боломжтой байгаа. Энэ утгаар нь шүүгдэгч нараас гэрчийн мэдүүлэг авахдаа хууль зөрчөөгүй, дараа нь шүүгдэгч нарыг Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байцаасан нь хууль зөрчөөгүй байна. Хохирогч Хурцболдын мэдүүлэг гаргац муутай нотлох баримтын шаардлага хангахгүй гэсэн байгаа нь үндэслэл муутай хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулж хэргийг шийдвэрлэх боломжтой юм. Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс өмнө шаардлагатай байсан бол урьдчилсан хэлэлцүүлэг явуулах боломжтой байсан. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан хэлэлцэхдээ гэм буруугийн асуудлыг огт хөндөөгүй гэм буруугийн шүүх хуралдаан хийгээгүй атлаа буцаахаар шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Н.Г, Н.Г нарт холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлээр хэлэлцэж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Яллагдагч Н.Г, Н.Г нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан шүүгчийн захирамж үндэслэл бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Тухайлбал: Н.Г, Н.Г нарын бусдын 51 тооны алдуул малыг завшсан гэх үйлдлийг зөв зүйлчилсэн эсэх, хэргийн газрын үзлэг хийгээгүйгээс хохирогч, шүүгдэгчийн нутаглаж буй газраас гэр нь ямар зайтай болох, мал олсон гэх газар нь хохирогчийн гэрээс хэдэн километрт байсныг тодруулах, хохирогч ямар нас, зүсмийн 30 хонь, ямааг хэдийд авсан нь тодорхойгүй, Н.Г нь хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэлтэй явсныг шалгаж, үнэлгээ тогтоож битүүмжлэх асуудлыг шийдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3-т заасан бичмэл нотлох баримтыг эх хувиар нь авах заалтын дагуу ял шалгах хуудсыг хавсаргаагүй, алдагдсан малаас  хэд нь эзэндээ буцаж очсон нь тодорхойгүй зэргээс хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай байна.

Шүүгдэгч нарыг гэрчээр асуухдаа өөрийнх нь эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутай байдлаар мэдүүлэг авсан, мөн хохирогч Б.Х-ын анхны мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал  гэж үзэв.

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож,  шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 180 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, яллагдагч Н.Г, Н.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг мөн шүүхэд буцаасугай.

2. Яллагдагч Н.Г, Н.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ДЭНСМАА

                             ШҮҮГЧИД                                                  Я.АЛТАННАВЧ

                                                                                                 Б.СҮХГОМБО