Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 128/2017/0030/з |
Дугаар | 221/МА2017/0388 |
Огноо | 2017-06-02 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2017/0388
2017 оны 06 сарын 02 өдөр Дугаар 221/МА2017/0388 Улаанбаатар хот
С.Н-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч С.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0215 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, С.Н-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0215 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 14 дүгээр зүйлийн 14.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/124 дүгээр тушаалыг хүчингүй болгож, С.Н-ыг урьд эрхэлж байсан, Зураг, төсөв хяналтын хэлтсийн зураг, төсөв, хийцийн инженерийн албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан С.Н-д 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1.601.779 /нэг сая зургаан зуун нэгэн мянга долоон зуун далан ес/ төгрөгийг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “... Нийслэлийн Засаг даргын “Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/635 дугаар захирамж, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын “Газрын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А46 дагуу батлагдсан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын шинэчлэгдсэн бүтцээр Зураг, төсөв хяналтын хэлтэс татан буугдаж Зураг, төсөв хийцийн инженерийн албан тушаалын орон тоо байхгүй болсон тул Зураг төсөв хяналтын хэлтсийн зураг, төсвийн хийцийн инженер байсан С.Н-г албан тушаалаас нь чөлөөлсөн болно. Мөн С.Н-д удаа дараа урьд эрхэлж байсан албан тушаалтай нь адил төстэй ажлын байр санал болгосон боловч хүлээн аваагүй. Уг ажлын байр нь одоог хүртэл хэвээр хадгалагдаж байна.
С.Н нь төрсний дараах 60 хоногийн листний мөнгийг авсан ба мөн ажлаас чөлөөлөгдсний тэтгэмж болох 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг авсан болно. С.Насанжаргал 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн ба үүнээс хойшхи 60 хоног нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дууссан ба үүнээс хойшхи 3 сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгосон нь ажилгүй байх хугацааны цалинг нэхэмжлэх үндэслэлгүй болно. С.Н-ын Улаанбаатар хотын банкны 2611182820 дугаартай дансанд 1710375 төгрөгийг шилжүүлсэн болно. Дээрх мөнгө нь нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутгалгүй олгосон ба С.Н нь дээрх тэтгэлэгээс өөрөө нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөх ёстой гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0215 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.Н “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/124 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалинг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргад холбогдуулан гаргасан байна.
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/45 дугаар тушаалаар Худалдан авах ажиллагааны хэлтсийн Барилга байгууламжийн худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн С.Н-ыг өөртэй нь зөвшилцсөний дагуу 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж мөн өдрөөс Зураг төсөв, хяналтын хэлтсийн Зураг төсөв, хийцийн инженерийн албан тушаалд томилжээ.
Нэхэмжлэгч нь 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны амралтаа авсан байх бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.
Харин Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/124 дүгээр тушаалаар С.Н-ыг “Бүтцийн өөрчлөлтөөр Зураг, төсөв хяналтын хэлтсийн Зураг, төсөв хийцийн инженерийн албан тушаалын орон тоо хасагдсан, өөрчлөгдсөн” гэх үндэслэлээр төрийн албанаас чөлөөлжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа” гэж заасан байна.
Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуульд заасан “жирэмсний болон амаржсаны амралтын хугацааны” зохицуулалт үйлчилж байхад мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа” тохиолдолд ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүргийг хариуцагч хүлээнэ.
Тиймээс нэхэмжлэгч С.Н-ыг төрийн албанаас чөлөөлсөн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны Б/124 дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн, хууль бус захиргааны акт болжээ.
Иймд анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн “урьд эрхэлж байсан Зураг, төсөв хяналтын хэлтсийн Зураг, төсөв хийцийн инженерийн албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн томилуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.
Харин хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч С.Н нь жирэмсний болон амаржсаны амралттай байсан бөгөөд “... ажилдаа орох ...” хүсэлтийг гаргаагүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох “... ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалинг тогтоолгох” тухай шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Зүй нь, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр байжээ.
Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар төрийн албан хаагч нь албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө төрөөс цалин хөлс авдаг бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар төрийн албан хаагчийг ажлаас буруу халсан нь тогтоогдсон тохиолдолд ажилгүй байсан хугацааны олговрыг шүүх нөхөн олгохоор шийдвэрлэдэг, тиймээс шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг зөвхөн тухайн ажил, албан тушаалд ажиллаж байсан тохиолдолд олгохоор шийдвэрлэх ёстой.
Нэхэмжлэгчийн тухайд маргаан бүхий захиргааны актыг гарах үед үүрэгт ажлаа гүйцэтгээгүй, жирэмсний болон амаржсаны амралттай байсан тул ажиллаж байсан гэж үзэн олговрыг олгох боломжгүй бөгөөд нэхэмжлэгчид нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэл, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нөхөн олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм.
Тиймээс дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0215 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж, 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/124 дүгээр тушаалыг хүчингүй болгож, С.Н-ыг урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, 3 дахь заалтын дугаарыг “2” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР