Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 76

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                 Хэргийн индекс: 114/20160031/З

Дархан-Уул аймаг  дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Энхтуяа би нэхэмжлэгч “*******” ХХКомпанийн нэхэмжлэлтэй хариуцагч  Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох  “Дархан-Уул аймгийн Засаг даргын  2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/70 дугаартай захирамжийн “*******” ХХКомпапид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагатай захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайхан нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан буулт хийж эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшин,  хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайхан нар 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр харилцан тохиролцон байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

            Хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөөгөөр өөрчлөлт орсонтой холбогдуулан газрын хэмжээг төлөвлөлтөнд тусгагдсан хэмжээ, иргэн Г.******* эзэмшил газрын гарцын хэмжээ нийт 1000 м.кв газрыг хасаад үлдсэн 1500 м.кв газрыг “*******” ХХК-д хэвээр үлдээхээр эвлэрлийн гэрээг байгуулж байна.

            1.Шүүх хуралд оролцогч талууд болох хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайхан, нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшин бид “*******” ХХК-ийн эзэмшиж байсан Дархан-Уул аймгийн Дархан сум 10 дугаар баг, 10 дугаар хороололд байрлах 2500 м.кв газрын талаарх маргааныг шийдвэрлэх явцад Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/70 тоот захирамжийн хавсралтын “*******” ХХК-д холбогдох хэсгийн газрын хэмжээ хэсэгт  “2500 м.кв” гэснийг “1000 м.кв” гэж, хүчингүй болгох шалтгаан хэсэгт  “2 жил дараалан ашиглаагүй, газар эзэмших гэрээний хугацаа дууссан” гэснийг “хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөөгөөр өөрчлөгдөн хасагдсан, иргэн Г.******* эзэмшил газрын гарцын хэсгээр хасагдсан” гэж тус тус өөрчлөлт оруулах,

            2.”*******” ХХК нь уг газрын талаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэхгүй болно.

            3. Цаашид энэ асуудлаар дахин маргахгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Энэхүү захиргааны хэргийг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 14.00 цагт хийхээр шүүх хуралдааныг хойшлуулсан ба нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанаас өмнө буюу 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан буулт хийж,  эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дугаар зүйлийн 21.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.5-т заасан эрх болон нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт олгосон итгэмжлэлээр нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж, гарын үсэг зурж, энэ  хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т “ нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр  зүйлийн 69.2-т заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагаварыг нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тайлбарлан танилцуулж, энэ тухай зөвшөөрснийг баталж гарын үсэг зурж баталгаажуулсан болно.

            Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тохиолдолд талууд эвлэрлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелэгдэхийг мэдэгдэх нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан буулт хийж хоорондоо тохиролцож талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрлийг баталж, нэхэмжлэгч “*******” ХХК-аас “Дархан-Уул аймгийн Засаг даргын  2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/70 дугаартай захирамжийн “*******” ХХКомпапид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулж үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.  

 

 

 

ШҮҮГЧ                                           З.ЭНХТУЯА