Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2016/00759

 

Б.Отгонбүзмаагийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай        

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/02162 дугаар шийдвэртэй,                                       

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 761 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Отгонбүзмаагийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежид холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор  гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан хяналтын гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Н.Сосорбарам, нарийн бичгийн даргад Б.Хүрэлтулга нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би зөрчил гаргаагүй байхад 2015.11.23-ны өдөр сануулах арга хэмжээ, 2015.9.14-ний өдөр надад урьдчилан мэдэгдэхгүй сургалтын албаны даргын албан тушаалыг бууруулж сургалтын албаны арга зүйч албан тушаалд томилсон. Мөн ээлжийн амралтын эдлэх 30 хоногоос 20 хоногийг хэсэгчлэн эдлүүлсэн боловч үлдсэн 10 хоногийг биечлэн эдлүүлээгүй. 2015.12.08-ны өдөр Б/208 тоот тушаалаар ажлаас халсан гэж 2015.12.09-ний өдөр тушаал гаргасан. Хариуцагч тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийг үндэслэсэн нь хуульд нийцээгүй. Би хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргаагүй. Иймд намайг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, сануулах арга хэмжээ авах мөн албан тушаал бууруулах тухай тушаал, ажлаас чөлөөлсөн тушаалуудыг тус тус хүчингүй болгож, урьд ажиллаж байсан сургалтын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Захирлын 2015.11.23-ны өдрийн Б/203 тоот тушаалаар Б.Отгонбүзмааг “...ажил тасалсан, удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг биелүүлээгүй..” гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1-г үндэслэн сануулах сахилгын шийтгэл оногдуулсан. Б.Отгонбүзмаа нь 2015.10.22 өдөр буюу 176 цаг ажиллахаас 3,3 хоногийн ажил тасалсан. 12 өдөр ажилд ирэхдээ 6 цаг хоцорч ирсэн, 2015-11-р сард  21 хоног ажиллах ёстойгоос 7, 2 өдөр 3,3 цаг хоцорч ажил тасалсан нь   цагийн цахим бүртгэлээр нотлогдож байгаа. Энэ нь Б.Отгонбүзмаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд тодорхой заасан зөрчил тул  арга хэмжээ авсан хууль зүйн үндэслэлтэй юм. В.Отгонбүзмааг ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөрийн гэрээний 5.3.1, 5.3.6, мөн  дотоод журмын 7.2.2.4, 7.2.2.5, 7.2.2.8,7.2.2.9-д хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд  7.2-д заасанчлан ажлаас чөлөөлсөн юм. Ажилдаа хариуцлагагүй хандсан, үүрэг даалгавар биелүүлдэггүй, хөдөлмөрийн гэрээ,  дотоод журмыг зөрчиж ажилдаа хариуцлагагүй хандаж байсан нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2015.12.01-ний өдрийн 02-09-087/1309 тоот албан шаардлагаар нотлогдоно. Уг шаардлагад “төгсөлтийн улсын шалгалтын комиссын тогтоол тушаал байхгүй, элсэлтийн журам, захирлын тушаал байхгүй,элсэлтийн шалгалт өгөх, элсэгчдийн бүртгэл, төгсөгчдөд бичиг баримт олгосон тухай бүртгэл хийгдээгүй, хийсэн ажлын тайлан, биелэлтийг тооцож ажлаагүй байгаа нь БСШУ-ны сайдын 2006 оны 189 дүгээр тушаалын хавсралт, Хөдөлмөрийн сайдын 2014 оны А/197 тоот тушаалын 1 дүгээр зүйлийн 1-ийн 3 дахь заалтыг зөрчсөн гэж байгаа. Уг ажил нь сургалтын албаны менежер Б.Отгонбүзмаагийн хариуцаж хийх,санаачлан зохион байгуулах ажил юм. Мөн сургуулийн Хяналт шалгалт чанарын баталгаажилт хариуцсан ажилтны хийсэн шалгалтын тайланд “сургууль төгсөгчдөд боловсролын бичиг баримт олгосон тухай бүртгэл дутуу, 2015.01 сард 15 анги төгссөнөөс 5 ангийн төгсөгчдөд боловсролын баримт бичиг олгосон бүртгэл байхгүй.Элсэлтийн журмыг баталсан тушаал байхгүй, 2014, 2015 оны хичээлийн жилийн хаврын төгсөгчдийн болон элсэгчдийн комисст ажиллах үүрэг болон хуваарь тодорхойгүй, хийсэн ажлаа сургуулийн захиргаанд тайлагнаагүй байдаг. 2015 оны 5 дугаар сард элсэгчдийн журмыг батлуулсан гэх боловч албан ёсны тушаал байхгүй. Энэ талаар 2015.12.04-ний өдрийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцээд Б.Отгонбүзмаагийн гаргасан дутагдал нь дээрх нотлох баримт дээр нотлогдож байгаа тул захиргааны зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар ажлаас нь чөлөөлсөн юм. Түүнчлэн нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т заасан хугацаанд шүүхэд гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/02162 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг баримтлан Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежид холбогдох Б.Отгонбүзмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 761 дугаартай магадлал гаргаж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 101/ШШ2016/02162 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “… 129.1 …” гэснийг “…129.2…” гэж, 3 дахь заалтын “… шийдвэр уншин сонсгосноор хуулийн хүчин төгөлдөр…” гэснийг “шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй…” гэж, “… давж заалдах шатны шүүхэд …”гэснийг “Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд” гэж тус тус өөрчилж,“… 30 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд …” гэснийг хасч шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хэрвээ ажил буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил ологчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс 1 сарын дотор гомдлоо гаргахаар хуульчилсан байна. Шүүх хуралдааны үед хариуцагч нь 2016.6.29-ний өдрийн сургалтын албаны менежерийн албан тушаалд томилсон тушаал гаргасан гэж хэлсэн. Энэ тушаалыг надад огт танилцуулаагүй, хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, ажлын байрны тодорхойлолт гаргаж өгөөгүй. Би ажлаас халагдах хүртлээ сургалтын албаны менежер болсоноо мэдээгүй байсан. 2015.9.14-ний өдөр уг тушаалын талаар сонссон гэхээс биш хүлээлгэж надаа өгөөгүй. Тус тушаалд ажил хүлээлцэх комиссын бүрэлдэхүүнийг томилсон байна. Гэтэл би тус комисст огт өөрийн хийж байсан ажлаа хүлээлгэж өгөөгүй. Харин ч хүчээр намайг өрөөнөөс хөөсөн. Тэгээд албан тушаал буруулсан тушаалаа явья гэхлээр надад өгдөггүй байсан. Гэтэл анхан шатны шүүх зөвхөн цаг бүртгэдэг хурууны цахим бүртгэлийг үнэлсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх зөвхөн нэг нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийсэн, харин сургалтын албаны менежер болгосон тухай шийдвэрт огт дүгнэлт хийгээгүй. Мөн 2 шатны шүүх хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэхийг тодруулалгүй хэрэгсэхгүй болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тушаалыг гарч байгаа талаар мэдсэн байх ба 2015.10.28-ны өдөр ажлаа Д.Одгэрэлд хүлээлгэж өгсөнөөр нотлогддог. 09.01-нээс хойш ажилдаа ирээгүй бөгөөд захирлын зөвлөлийн хуралд ирээгүй. Мөн сургалтын албаны арга зүйчээр ажиллаж байсан нь хурууны хээний цахим бүртгэлээр батлагдаж байна. 2015 оны Б/203 тоот тушаалаар нэхэмжлэгчид нэг удаагийн сануулах арга хэмжээ авсан байдаг. Энэ бүгд хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдсон байдаг ба шүүх зөв дүгнэлт хийсэн. Мөн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3-д зааснаар ажлаас халсан нь тус хуулийг зөрчөөгүй болно. Нэхэмжлэгч нь 2015.11.23-наас 2015.11.28-ны өдрийн хүртэл эмнэлгийн чөлөөтэй байсан гэх боловч баримтаар нотлогдоогүй байдаг. Иймд нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ :

Б.Отгонбүзмаа нь ажил олгогчийн 2015 оны 147, Б/203, Б/208 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгох, урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, холбогдох дэвтэрт зохих бичилт хийлгэх нэхэмжлэлийг Үйлдвэрлэл урлалын политехник коллежид холбогдуулан гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй маргажээ.

Анхан шатны шүүх Б.Отгонбүзмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн гэж үзсэн байна.

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.    

1. Б.Отгонбүзмаагийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийг зөрчжээ. Нэхэмжлэгч нь “сургалтын албаны даргын” ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг хүссэн /хх 2/ байхад хариуцагч түүнийг “сургалтын албаны менежер” хийж байсан гэж тайлбарлажээ. /хх 24, 29, 53, 67, 69/

Хэрэгт авагдсан баримт буюу 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тэмдэглэл, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнээс үзвэл нэхэмжлэгч нь “сургалт зохицуулалтын албаны дарга” /хх 36, 31, 39/ ажилтай байжээ.

Сургалтын албаны “дарга”, “менежер” нь хоёр өөр эсхүл нэг ажил албан тушаал  эсэх нь тодорхойгүй байгаа тохиолдолд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх боломжгүй. Зохигчид нь Б.Отгонбүзмаагийн хийж байсан ажлыг “сургалт зохицуулалтыг албаны дарга”, “сургалтын албаны дарга”, “сургалтын менежер” гэж өөр өөр байдлаар нэрлэж байгааг шүүх хэргийг шийдвэрлэхдээ анхаарч үзээгүй нь буруу болжээ.

2. Б.Отгонбүзмаа шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2015 оны 147, Б/203, Б/208 дугаар  тушаалуудыг үндэслэсэн учир эдгээрийн талаар шүүх дүгнэлт хийх шаардлагатай

а/. Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн захирал 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Б/208 дугаар тушаал гаргаж /хх 4/ Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3, хөдөлмөрийн гэрээний 5.3.1, 5.3.6, 5.3.9 дэх заалт, дотоод журмын 7.2.2.4, 7.2.2.5, 7.2.2.8, 7.2.2.9, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 02-09-087/1309 тоот албан шаардлага, хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэр, ажлын байрны тодорхойлолтыг баримтлан Б.Отгонбүзмааг сургалтын албаны арга зүйчийн ажлаас чөлөөлсөн боловч үндэслэлээ тушаалд заагаагүй /хх 26/ байна.

Ажил олгогч нь ажилтныг сургалтын албаны арга зүйчийн ажлаас халахдаа хөдөлмөрийн гэрээний 5.3.1, 5.3.6, 5.3.9-г баримталсан боловч сургалтын албаны арга зүйч Б.Отгонбүзмаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ хэрэгт байхгүй байна. 

Хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас нь халахдаа байгууллагын дотоод журмын 7.2.2.4, 7.2.2.5, 7.2.2.8, 7.2.2.9-г баримталсан бөгөөд 7.2.2.4-т “...байгууллагын нэр хүндийг унагасан, удирдах удирдуулах ёс зүй, үнэт зүйлс, соёлыг эрхэмлэн дээдлээгүй, бусдыг буруу үйлдэлд турхирсан, үгсэн тохирсон, хамт олны сэтгэл санаанд сөргөөр нөлөөлсөн, хувийн ашиг хонжоо хайж авлигын зөрчил гаргасан, ажлын байранд бусдыг өдөөн хоргоож эрх чөлөөнд нь халдах, танхайрах, бусад зохисгүй зан авир, үйлдэл гарган байгууллагын хэвийн үйл ажиллагааг тасалдуулсан...”, 7.2.2.5-т ”...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, ажлаас хоцорсон, цагийн нийлбэр дүн нэг сарын хугацаанд 3 ба түүнээс дээш өдөр болсон...”, 7.2.2.8 “...үр дүнгийн гэрээгээ хангалтгүй биелүүлсэн хагас бүтэн жилийн ажлын тайлан хамгаалалтаар хангалтгүй үнэлгээ авсан...”, 7.2.2.9 “...хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийг бүрэн биелүүлээгүй, аттестатчилалд хангалтгүй үнэлгээ авсан...” бол ажлаас чөлөөлнө гэж /хх 71-80/ тус тус заажээ. Дотоод журмын 7.2.2.4, 7.2.2.5, 7.2.2.8, 7.2.2.9-т буй аль зөрчлийг ажилтан гаргасан талаар тушаалд заагаагүй байхад шүүх энэ талаар тодруулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж үзнэ.

Хэргийн 29-35 дугаар талд хурлын тэмдэглэлд хэрэгт авагдсан байх бөгөөд уг тэмдэглэлд дурдсан зарим нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байна. Тухайлбал,  Б.Отгонбүзмаа менежерийн ажил хийж байхдаа гаргасан зөрчлийн талаар эсхүл арга зүйчийн ажил хийж байхдаа гаргасан зөрчлийн талаар захиргааны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн эсэх нь ойлгомжгүй байна.    

3. Ажил олгогч 147 дугаар тушаал гаргаж нэхэмжлэгчийг сургалтын албаны менежерийн ажлаас чөлөөлж сургалтын албаны арга зүйчээр томилохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-г баримталснаас үзвэл Үйлдвэрлэл урлалын политехник коллежид “орон тоо хасагдсан” эсхүл “орон тоог цөөрүүлсэн” гэж үзэхээр байна. Хариуцагч тушаалын талаар тайлбарлахдаа “нэхэмжлэгчийн албан тушаалыг бууруулсан” /хх 24/ гэх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд “албан тушаал бууруулах” хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн хэлбэр байхгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/02162 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 761 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сүхбаатар дүүргийн шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                  Б.УНДРАХ