Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 0376

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Ц.Мөнхтуяа

Хохирогч Э.Эрдэнэтөр

Шүүгдэгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 1725000000170 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1981 оны 08 сарын 28-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Б, 

 

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Даваат баг Манханы 7-25 тоот хашаанд Э.Эрдэнэтөрийг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хохирогч Эрдэнэтөр нь манай эхнэрийн төрсөн дүү юм. Би архи уусан байсан. Тэгээд эвгүй харьцсан юм шиг байна лээ. Би 1 шил архи, 1 шил пиво уусан. Би болсон асуудлыг хагас дутаа санаж байгаа. Хохирогчийг 2 удаа хутгалсан байсан. Үүнийгээ санахгүй байгаа. Хохирогч эмчилгээний зардал нэхэмжлээгүй. Миний зүгээс эмнэлэгт хэвтүүлж, ойр зуурын эм тариа авч өгсөн. Банкны зээл 386.000 төгрөг төлсөн. Архи ууснаас ийм зүйл боллоо. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Хохирлыг барагдуулна гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Э.Эрдэнэтөрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр би таксинд явж байсан. Баатархүүг согтуу байна гэж дуулсан. Манай дүү Бямбадорж хөдөөнөөс ирээд гэдэс чанаж байна ирээд идчих гэсэн. Би очоод гарах үед Баатархүү Улаанаа гэх залуутай орж ирсэн. Улаанаа юу байна гэхээр юу байхав дээ гэтэл Баатархүү хүнтэй яаж харьцаад байна гэж маргалдсан. Тэгээд үүд рүү очих үед тог тасарч миний цээж рүү 2 удаа цохисон. Тэгээд барьцалдаад байж байтал бид хоёрыг салгасан. Гэтэл цээж рүү халуун оргиод явсан. Намайг хутгалсан байсан. Миний хувьд гомдолтой байгаа. Энэ сарын банкны зээл 373.000 төгрөг төлсөн. Эм тариа авч өгсөн. Биеийн байдал нэг үеэ бодвол чөлөөтэй амьсгалдаг болсон. Гэхдээ хөндүүрлээд байдаг. Урьд нь 2 жилийн өмнө хутгалж байсан. Хийсэн хэргийнхээ төлөө надаас уучлалт гуйж байгаагүй. Хохирлын баримт бүрдүүлсэн зүйл алга. 1.000.000 төгрөг нэхэмжилж байна. Хохирогчийг ял аваад яваасай гэж бодож байгаа. Намайг угаасаа ална гэж заналхийлдэг гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч Г.Бямбадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Эрдэнэтөрийг Баатархүү хутгалсан, миний бодлоор гэрт хутгалсан байх гэж бодож байна. Ядаж байхад тог тасарчихсан. Яг тог тасрах үед Эрдэнэтөр ёо гэсэн чимээ гаргасан юм гэсэн мэдүүллэг /хх 28 ху/,

 

-Гэрч Ч.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Алтансүхийн гэрт түрүүлж ороод сайн байна уу гэхэд хохирогч сахалтай залуу сайндаа сайн гэж хэлэхэд Баатархүү араас орж ирээд чи хүнтэй эвтэйхэн харьцаж болдоггүй юм уу гээд хэрүүл гарсан. Тэрхэн үед тог тасраад Баатархүү, хохирогч хоёр хоорондоо гэрийн үүд хэсэгт зодолдож улмаар хамт гэрээс гарсан гэсэн мэдүүлэг /хх 30 ху/,

 

-Гэрч Э.Энхсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэгээд би босоод гадаа гарсан чинь Баатархүү, Эрдэнэтөр 2 барьцалдаад байж байсан. Тэгэхээр нь дундуур нь ороод салгасан. Тэгсэн манай дүү Эрдэнэтөр цээжээ дарчихсан байсан. Тэгсэн Бямбадорж Баатархүү Эрдэнэтөрийг хутгалчихлаа ш дээ гэж орилоод эмнэлэг, цагдаа дуудаад байсан гэсэн мэдүүлэг /хх 31 ху/,

 

-Гэрч Н.Оюумаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэгээд л гэнэт Эрдэнэтөр, Баатархүү нар нь хоорондоо барьцалдаж зодолдоод гэрээс гарсан юм. Энэ үед Баатархүү нь Эрдэнэтөрийг 2 удаа хутгалсан байсан, тэгээд Баатархүү нь зугтаагаад явсан гэсэн мэдүүлэг /хх 34 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 932 дугаартай дүгнэлтэнд:

1. Э.Эрдэнэтөрийн биед цээжинд 2 тооны хатгагдаж зүсэгдсэн шарх үүсчээ.

2. Эдгээр гэмтэл нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 2 удаагийн хатгах, зүсэх хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сариулна.

4. Шарх тус бүр нь ГЗЗ-ийн 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

6. Шинэ гэмтэл байна гэсэн дүгнэлт /хх 23 ху/,

 

-Б.Б-г яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 1-4 ху/

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8-9/

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-11 ху/

-Эд мөрийн баримтаар тооцох тухай /хх 15 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 43 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Даваат баг Манханы 7-25 тоот хашаанд Э.Эрдэнэтөрийг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Эрдэнэтөрийн “...үүд рүү очих үед тог тасарч миний цээж рүү 2 удаа цохисон. Тэгээд барьцалдаад байж байтал бид хоёрыг салгасан. Гэтэл цээж рүү халуун оргиод явсан. Намайг хутгалсан байсан“ гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн насанд хүрээгүй гэрч Г.Бямбадорж /хх 28 ху/, Ч.Мөнхбат /хх 30 ху/, Э.Энхсүрэн /хх 31 ху/, Н.Оюумаа /хх 34 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед цээжинд 2 тооны хатгагдаж зүсэгдсэн шарх үүссэнийг тогтоосон 932 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Б.Б-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

                     Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

 

                     Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...энэ сарын банкны зээл 373.000 төгрөг  төлж, эм тариа авч өгсөн” гэж мэдүүлж нэмж 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байх боловч хохирлын талаархи баримтыг ирүүлээгүй энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, хохиролоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

            Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдсан шаргал иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 600 /зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч нь уг ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдсан шаргал иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс 1.000.000 /нэг сая/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА