Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 506

 

 

 

 

 

 

 

 

 

А.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00049 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.А-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч П.Б-өд холбогдох,

 

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 22 135 053 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг,

 хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн А.А- нь ээжийн хамт Хан-Уул дүүрэгт амьдардаг бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр түүний ээж Амарбаясгалант хийд рүү явж, А.А- гэрээ харж байсан. Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, 12-453 тоот оршин суудаг П.Б- нь эхнэрийнхээ хамт ирж хашаанд чинь морио идүүлж хонуулах, ээжээс чинь зөвшөөрөл авсан гээд морио хашаанд нь оруулж ирсэн байсан. Маргааш орой буюу 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр урд талын хаалга тогшиход очиж нээхэд П.Б-ийнд туслах хийдэг залуу морио хөтөлж хашаанд оруулсны дараа А.А- хаалгаа хаачихаад эргээд хартал морь нь А.А-гийн нүүр рүү өшиглөсөн. Тухайн үед А.А- гэртээ 2 найзтайгаа байсан ба түүний моринд өшиглүүлээд чангаар орилох чимээнээр найзууд нь гарч ирснээр найзуудынхаа хамт Гэмтэл согог судлалын үндэсний төвд очсон. Ингэж очиход гавлын ясны зураг авч, хамрын яс бяцарсан, нүдний ухархай хугарч цуурсан, тархинд их хэмжээний цус хурсан, хаван үүссэн гэсэн онош тогтоогдож улмаар морины өшиглөснөөс үүссэн ил шархыг оёж оёдол тавьсан. Гэмтлийн эмнэлэгт очиход П.Б-ийн эхнэр ирсэн байгаад эмчилгээ хагалгаа хийлгэхэд шаардлагатай бүх төлбөр тооцоог төлөхөд бэлэн байгаагаа илэрхийлж байсан. Ингээд эхний ээлжинд 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Эм Би Жи” эмнэлэгт хагалгаанд орсны төлбөр болох 5 000 000 төгрөгийг төлсөн. Хагалгаа эмчилгээ хийлгэсэн ч нүүрний хаван буухгүй, нүүрний яс толгой байнга өвдөх болсон тул “Эм Би Жи” эмнэлгийн эмч н.Дуламсүрэнгийн байнгын хяналтад байж өвчин намдаах эм тогтмол хэрэглэх болсон. Хацрын мэдрэл алдагдаж унжсан байдалтай байснаар нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн боловч өөрчлөлт гараагүй. Эмчийн хяналтад байх хугацаандаа 2018 оны 09 дүгээр сард нүүр толгойн яс тэсэхийн аргагүй өвдөж байсан тул “Эм Би Жи” эмнэлэгт 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлсэн, эмчилгээний төлбөр 1 211 400 төгрөг болсон хэдий ч ажилгүй болсон тул төлбөрийн чадваргүй болсон. А.А- нь нүүрэн хэсэгтээ хагалгаанд орж сорви үлдсэн, нүүрний хэлбэр өөрчлөгдөж хамар мурийсан тул өмнө эрхэлж байсан ажлаа үргэлжлүүлэн эрхлэх боломжгүй болсноор ажлаасаа халагдаж орлогогүй болсон. Ингэж моринд өшиглүүлснээс хойш 2019 оны 09 дүгээр сарын сүүлээс нүдний өнцөгт өөрчлөлт орж баруун нүд нь дотогш татагдах болсон тул дахин “Эм Би Жи” эмнэлэгт үзүүлэхэд эмч нарын шийдвэрээр Солонгос улсад явж эмчлүүлэх шаардлагатай гэснээр 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр тус улс руу явсан. Онгоцны тасалбарт 1 227 400 төгрөг төлсөн. БНСУлсад очоод тус улсын Асан эрүүл мэндийн нэгдсэн төв эмнэлэгт үзүүлж, өөрийн хараагаа алдахгүйн тулд шаардлагатай мөнгийг өөрийн болон ээжийнхээ танил ах, эгч, найз нөхдөөсөө зээлж нүдний ухархайн доод ханыг нөхөн сэргээх ясны хэлбэр засах хагалгаанд 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр орсон. Тиймээс Монгол Улсын MBG эмнэлэгт 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлсэн төлбөр 1 211 400 төгрөг, БНСУлсад эмчилгээ хийлгэхээр явсантай холбогдон гарсан зардалд онгоцны тасалбар 1 227 400 төгрөг, эмчилгээний зардал нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 184 430 вон буюу 427 877,6 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 352 280 вон буюу 817 290 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 371 330 вон буюу 857 772 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 15 300 вон буюу 34 884 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 478 840 вон буюу 1 063 024,8 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 20 000 вон буюу 44 400 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 936 120 вон буюу 895 231,2 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 27-нд 4 660 000 вон буюу 10 718 000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2 103 380 вон буюу 4 837 774 төгрөг, нийтдээ 22 135 053 төгрөгийг А.А- нь Баянмөнхийн моринд өшиглүүлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд дээр дурдсан мэс засал буюу хагалгааны төлбөрт төлсөн. Иймд П.Б-өөс 22 135 053 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн байдлаар А.А-гийн эмчилгээний зардалд 5 000 000 төгрөгийг төлснөөр хохирлыг бүрэн төлсөн гэж бодож явсан. Тухайн үйл явдал болсноос хойш А.А- нь БНСУлсад эмчлүүлсэн зардал нэхсэн байгаа. 2018 оны 09 дүгээр сард А.А- нь Хан-Уул дүүргийн нутагт буюу нисэхийн цагаан хаалга орчим 2 адуу дайрсан, осол гаргасан. Үүнээс үүссэн бэртэл гэмтэл гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах хүсэлттэй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч П.Б-өөс гэм хорын хохиролд 22 135 053 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.А-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс урьдчилан төлсөн 272 470 төгрөгнөөс нэхэмжлэлийн шаардлагад ногдох 268 625 төгрөгийг улсын орлогод үлдээж,  илүү төлсөн 3 844 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж, хариуцагч П.Б-өөс 268 625 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.А-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар эрх зүйн зөв дүгнэлт хий ёстой байтал буруу дүгнэлт хийснээс болж шийдвэр хууль ёсны болж чадаагүй. Учир нь нэхэмжлэгч тал гэрээний бус үүргийн улмаас учирсан гэм хорын хохирол нэхэмжилсэн, хариуцагч тал гэрээний харилцаа үүссэн буюу Монгол Улсын Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт заасан “Хадгалалтын гэрээ”-ний харилцаа үүссэн тул гэм хорын хохирлыг хариуцахгүй талаар тодорхой тайлбарлаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах нэг үндэслэл болсон.

Хадгалалтын гэрээний үндсэн зүйл нь хөдлөх эд хөрөнгийг хадгалах байдаг. Хадгалагч нь шилжүүлсэн өгсөн эд хөрөнгийг хадгалах өрөө, тасалгаа гаргаж өгөх болон эд хөрөнгийг хамгаалалтад авдаг онцлогтой. Хадгалуулагч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч байх албагүй бөгөөд эд хөрөнгийн эзэмшлийг шилжүүлэх ёстой байдаг ба хадгалагч нь эд хөрөнгийг өөрийн эрхшээлд авдаг. Мөн хадгалалтын гэрээг байгуулах тодорхой хэлбэрийг хуульд заагаагүй боловч тодорхой үйлдэл хийх эсхүл дуугүй байх замаар байгуулах боломжтой.

А.А-гийн ээж болон П.Б- нарын хооронд хадгалалтын гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, анхны хадгалагч ба хоёр дахь хадгалагчийн хооронд хадгалалтын гэрээний харилцаа үүсэхгүй гэж ойлгогдохоор байх тул хадгалалтын гэрээний харилцаа үүссэн гэж үзэх бүрэн боломжтой байхад шүүх хадгалалтын гэрээ биш гэж дүгнэсэн нь илт үндэслэл муутай, баримтад тулгуурлаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Хариуцагч П.Б-ийн ямар үйлдлийг хууль бус гэж үзсэн, П.Б- А.А-д ямар гэм хор учруулах талаар санаатай хууль бус гэх ямар үйлдэл хийсэн зэрэг нь тодорхойгүй, хэргийн баримтаар хариуцагчийн хууль бус үйлдэл нотлогдоогүй байхад хууль бус үйлдлийн улмаас гэм хор учирсан гэж шууд эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм.

Амьтны үйлдлээс гэм хор учирсан бол амьтны учруулсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцахаар байх ба хэрэгт авагдсан баримтуудаар адууны өмчлөгч нь П.Б- гэснийг баттай нотолсон бичгийн нотлох баримт байхгүй бөгөөд шүүх дүгнэхдээ эмнэлэгт хагалгаанд орсон зардал болох 5 000 000 төгрөгийг хариуцагч П.Б- төлсөн болох нь 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 397 дугаартай кассын орлогын ордерын баримтаар тогтоогдож байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Гэвч хэрэгт Цэнд-Аюуш овогтой Оюунгэрэл гэх хүний депозит дансны хуулга нотлох баримтаар авагдсан бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 5 500 000 төгрөгийг “...Гэрэлээс А.А- эмчилгээний төлбөр...” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн байдаг. Дээр дурдсан баримтуудаар адууны өмчлөгч нь П.Б- гэдгийг шууд нотлохгүй байхад шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

А.А- нь 2018 оны 9 дүгээр сар орчим зам тээврийн осол гаргаж, хоёр адуу мөргөсний улмаас гэмтэл учирсан гэх татгалзсан тайлбар нь үгүйсгэгдэж байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу юм. А.А- нь зам тээврийн ослын материалыг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн байх ба адуу мөргөсний улмаас биедээ гэмтэл авах, өмнөх гэмтэл нь сэдрэх бүрэн боломжтой байгаа тул түүний биед ослын улмаас гэмтэл учраагүй гэж дүгнэх нь эргэлзээтэй юм. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч А.А- нь хариуцагч П.Б-өд холбогдуулан А.А-гийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 22 135 053 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...П.Б- нь А.А-гийн ээжээс зөвшөөрөл авч хашаанд нь морио оруулснаар тухайн морь нь иргэн А.А-гийн нүүрэн тус газар өшиглөж нэхэмжлэгчийн хамрын яс бяцарч, нүдний ухархай хугарч цуурсан, тархинд их хэмжээний цус хурсан, хаван үүссэн гэсэн онош тогтоогдож, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Эм Би Жи” эмнэлэгт хагалгаанд орж, тухайн эмнэлэгт 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлж, тухайн эмнэлгийн эмч нарын шийдвэрээр Солонгос улс руу явж эмчлүүлэх шаардлагатай болсон тул 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос улсын Асан эрүүл мэндийн нэгдсэн төвийн эмнэлэгт үзүүлж, нүдний хагалгаанд 2019 оны 06 дугаар сарын 27-нд орж, эмчилгээ хийлгэж 22 135 053 төгрөгийн зардал гарч, эрүүл мэндэд нь хохирол учирсан...” гэж, 

Хариуцагч татгалзаж буй үндэслэлээ “...А.А-гийн эмчилгээний зардалд 5 000 000 төгрөг төлснөөр хохирлыг бүрэн төлсөн гэж бодож явсан, тухайн үйл явдал болсноос хойш А.А- 2018 оны 09 дүгээр сард осол гаргаснаас бэртэл гэмтэл гэж үзэж байна. П.Б-ийн туслах залуугийн хашаанд оруулсан морь нь П.Б-ийн адуу биш. 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр П.Б- нь А.А-гийн ээжээс манай дүүгийн морь гэж хэлээд хашаанд нь оруулсан тул эдгээр хүмүүсийн хооронд хадгалалтын харилцаа үүссэн, иймд хашаанд байгаа адууг А.А-гийн ээж хариуцах ёстой...” гэж тус тус тайлбарласан байна.

Хариуцагч П.Б- нь нэхэмжлэгч Аззаяагийн ээжээс тэдний амьдарч байгаа хашаанд нь морио оруулах зөвшөөрөл авснаар нэхэмжлэгчийн амьдардаг хашаанд 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч П.Б- өөрөө, маргааш нь буюу 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр түүний туслах гэх залуу морио оруулсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

Харин 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчийн амьдардаг хашаанд оруулсан морь нь нэхэмжлэгч А.А-гийн нүүрэн хэсэгт өшиглөсний улмаас түүний биед гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан MBG гэмтэл согогийн эмнэлгийн комиссын шийдвэр, БНСУ-ын Асан эмнэлэгийн төвийн төлбөрийн баримт, БНСУ-ын Асан эрүүл мэндийн төвийн өвчтөний түүх орчуулга, А.А-гийн эрүүл мэндийн дэвтрийн хуулбар, компьютерт томографийн оношлогоо, моринд өшиглүүлсний дараа Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн байдлын фото зураг, MBG гэмтэл согогийн эмнэлгийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын нотариатаар баталгаажуулсан хуулбар, MBG гэмтэл согогийн эмнэлгийн 000000616 дугаартай өвчний түүхийн хуулбар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-14, 16-29, 30-51, 52-61, 86-88, 148, 151-153, 154-155, 172-197 /

Хариуцагч П.Б- нь тухайн амьтан буюу морийг өөрийн өмчлөл, эзэмшлийнх биш гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлож чадаагүйгээс гадна, нэхэмжлэгч А.А-гийн Монгол Улсад “MBG” гэмтэл согогын эмнэлэгт хагалгаанд орсон зардал болох 5 000 000 төгрөгийг хариуцагч Баянмөнх төлсөн болох нь 2018.08.17-ны өдрийн 397 дугаартай кассын орлогын ордер болон Цэнд-Аюуш Отгонгэрэлийн Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд 5 500 000 төгрөгийг Гэрэлээс Аззаяа э.төлбөр гэх утгатайгаар шилжүүлсэн, мөн нэхэмжлэгчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэж хариуцагч П.Б- төлбөр төлж байсан нь тогтоогдсон гэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй болно. /хх 12/

 

Мөн хэрэгт нэхэмжлэгч А.А-гийн онгоцны тасалбарт 1 227 400 төгрөг, Монгол Улсын MBG эмнэлэгт 2018.09.24-ний өдрөөс 2018.10.01-ний өдрийг хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлсэн төлбөр 1 211 400 төгрөг, БНСУ-ын Асан эрүүл мэндийн төвд үзүүлж, шинжилгээ хийлгэхэд зарцуулсан 2019.04.15-ны өдрийн 184 430 вон буюу 427 877 төгрөг, 2019.04.16-ны өдрийн 352 280 вон буюу 817 290 төгрөг, 2019.04.22-ны өдрийн 371 330 вон буюу 857 772 төгрөг, 2019.04.29-ний өдрийн 15 300 вон буюу 34 884 төгрөг, 2019.05.31-ний өдрийн 478 840 вон буюу 1 063 024 төгрөг, 2019.05.31-ний өдрийн 20 000 вон буюу 44 400 төгрөг, 2019.06.19-ний өдрийн 936 120 вон буюу 895 231 төгрөг, 2019.06.27-нд хагалгаанд орсон зардлыг хоёр хувааж төлсөн ба эхэлж төлсөн 4 660 000 вон буюу 10 718 000 төгрөг, 2019.06.28-ны өдөр төлсөн 2 103 380 вон буюу 4 837 774 төгрөг зарцуулсан талаарх баримтууд авагдсан байх тул шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсэгт заасныг баримтлан амьтны үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учирсан, улмаар А.А- нь эрүүл мэндээ эмчлүүлэхэд гарсан зардал болох нь нотлогдож байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хэргийн баримтад нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “...А.А- нь 2018 оны 9 сарын орчим зам тээврийн осол гаргаж, хоёр тооны адуу мөргөсний улмаас биедээ гэмтэл авах, өмнөх гэмтэл нь сэдрэх бүрэн боломжтой байгаа тул түүний биед ослын улмаас гэмтэл учраагүй гэж дүгнэх нь эргэлзээтэй...” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас ирүүлсэн 2019.12.25-ны өдрийн 14-2И/539 дугаартай албан бичигт “А.А- нь 2018.11.15-ны өдөр Хан-Уул дүүргийн нутагт Наадамчдын гудамж, ерөнхий боловсролын 118-р сургуулийн урд замд 2 тооны адуу мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь, уг ослын улмаас хүний биед гэмтэл бэртэл учраагүй, 2 тооны адууны эзэн тодорхойгүй байснаар иргэн А.А- нь өөрт учирсан эд материалын хохирлоо өөрөө хариуцахаар зам тээврийн ослын материалыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн, тухайн осол гарах үед эсрэг урсгалд орж өөр тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн асуудал гараагүй талаар дурдсаныг, мөн илрүүлсэн хэрэг зөрчлийн бүртгэл гэх баримтаар Т.Приус маркийн 23-04 УБМ улсын дугаартай автомашин Аръяа Аззаяа нь яармагийн замд адуу мөргөсөн гэх зөрчил бүртгэгдсэн талаар тусгагдсан нь нэхэмжлэгч А.А-г зам тээврийн осол гаргасан үйл баримтыг тогтоосон болохоос уг зам тээврийн ослын улмаас А.А-гийн биед гэмтэл учирсан болохыг нотлоогүй, энэ талаарх эрх бүхий байгууллагын дүгнэлт хэрэгт авагдаагүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм./хх 140, 162, 211-212/

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00049 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 508 905 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

.                                    

                    ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

 

                                              ШҮҮГЧИД                                  Д.БАЙГАЛМАА

 

                                                       Д.ЦОГТСАЙХАН