Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2024/01321

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ...................... 1 давхарт байрлах, “Т.С” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, .............................1 давхар 15 тоотод байрлах, “Т.С” ХХК /РД:............../-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн ................... 15 тоот хаягт байрлах, 25 м.кв талбай бүхий үйлчилгээний өрөөг орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.У,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.У, Э.Х,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Г,

Шинжээч: Г.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Л.Мэндбулган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч “Т.С” Сууц өмчлөгчдийн холбоо хариуцагч “Т.С” ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн ......................... 15 тоот хаягт байрлах, 25 м.кв талбай бүхий үйлчилгээний өрөөг орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Тус шүүхэд 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “Т.С” ХХК-ийг орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн ............. давхарт байрлах 15 тоот өрөөнөөс албадан гаргуулах нэхэмжлэл гаргаж, үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг орон сууцны байшингийн дундын өмчлөлийн хөрөнгө болохыг тогтоолгох гэж өөрчилсөн.

Голомт хотхон нь Бодь группийн төслөөр 2006 онд баригдсан. Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Голомт хотхон цогцолборын, С байранд байрлах, орон сууцны дундын өмчлөлийн хөрөнгө буюу 1 дүгээр давхрын үүдний өрөөний хэсэг нь анх барилга ашиглалтад орох үед камерын хяналтын өрөөний зориулалтаар ажиллаж байсан. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн хөрөнгөд “Т.С” ХХК болон контор нь өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.

Голомт хотхон, СӨХ, контор нь нэг удирдлагатай байсан учраас СӨХ нь ажлын өрөөгүй байсан. 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлаар Б.Ж-ныг гүйцэтгэх захирлаар сонгосон. Энэ цагаас хойш СӨХ нь Голомт хотхон цогцолборын С байранд байрлах оршин суугчийн өмчлөлийн, дэлгүүрийн зориулалтаар ашиглаж байсан байрыг өөрсдийн зардлаар түрээслэн үйл ажиллагаа явуулж байна.

Сууц өмчлөгчдийн холбоо нь “Т.С” ХХК-ийг орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Голомт хотхон цогцолборын С байранд байрлах, 1 дүгээр давхарт байрлах 15 тоот үүдний өрөөг суллахыг шаардаж, удаа дараа албан бичиг хүргүүлж байсан.

Сууц өмчлөгчдийн холбоо аливаа шийдвэрийг удирдах зөвлөлийн шийдвэрээр гаргадаг. “Т.С” ХХК нь хувийн хуулийн этгээд. Удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр, оршин суугчдад мэдэгдэлгүйгээр, хувийн хуулийн этгээд рүү шилжүүлж аваад Ү дугаартай гэрчилгээ гаргуулаад авчихсан. Ү дугаар гаргуулахдаа “Манайх тусгай зөвшөөрөл авахад Ү дугаар хэрэгтэй” байгаа учраас гэрчилгээ гаргаж өгөхийг хүсдэг болохоос биш Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл дундын өмчлөлийн талбайгаа Т.С ХХК-ийн хувийн үйл ажиллагаа эрхлэн явуулахад шилжүүлсэн зүйл байхгүй. Дундын өмчлөлийг худалдаж авсан үйл баримт байхгүй. 200 гаруй оршин суугчтай, 5 блок барилгын зөвхөн С блокийн барилгын 15 тоотын хэсэгт жижүүрийн өрөө байхаар анхнаасаа дундын эд хөрөнгө байхаар тогтоосон байгаа.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т "сууц өмчлөгчдийн холбоо" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид "орон сууцны байшин" гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ” гэж заасан.

Иймд Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2-т “Дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байна.” гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Голомт хотхон цогцолборын С байрны нэгдүгээр давхрын 15 тоот, 25 м.кв талбай бүхий үйлчилгээний өрөөг орон сууцны байшингийн дундын өмчлөл болохыг тогтоолгохоор шаардах эрхтэй гэв.

 

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“Голомт хотхон” төслийг хэрэгжүүлэгч, үндсэн захиалагч болох Бодь группийн харьяа “Бодь-Пропертийз” ХХК-иас төслийн 1 дүгээр ээлжийн барилгууд ашиглалтад орох үед инженер техникийн ажилтнуудаас 3 ажилтан томилон “Ашиглалтын өмнөх захиргаа”-ны бүтцийг бий болгосон. Ашиглалтын өмнөх захиргаа нь ашиглалтад орж байгаа барилгын ашиглалтад хүлээн авах үйл ажиллагааг хариуцан 2006 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад энэ өдрөөс “Бодь групп”-ийн охин компани болох “Т.С” ХХК бие даан үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Энэ үеэс эхлэн орон сууц ашиглалтын үйл ажиллагааг хариуцан үйлчилгээ, харуул хамгаалалт, цахилгаан шат, сантехник, цахилгааны мэргэжлийн ажилчдын багийг бүрдүүлэн ажиллаж ирсэн.

Голомт хотхоны 2 дугаар ээлжийг 2006 оны 12 дугаар сард ашиглалтад хүлээн авсан. Ингээд барилгын ашиглалтын баталгаат 3 жилийн хугацаанд ашиглалтыг бүрэн хариуцаж ажилласан. Барилгын ашиглалтын баталгаат 3 жилийн хугацаа дуусаж, 2010 он гармагц Сууц өмчлөгчдийн холбоог байгуулахад оршин суугчдад дэмжлэг үзүүлж зохион байгуулалцсан.

Манай байгууллага нь Барилга хот байгуулалтын яамны /тухайн үеийн нэрээр/ 2006 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн НАА16-00263/06 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийг авч Нийтийн аж ахуй үйлчилгээний орон сууцны ашиглалтын үйл ажиллагааг эрхэлж эхэлсэн бөгөөд хотхоны оршин суугчдад халаалт, халуун ус, цэвэр бохир ус, цахилгааны нийтлэг үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Ашиглалтын үйл ажиллагаа явуулж байх үед С байрны 15 тоотод манай байгууллагын ээлжийн ажилчид байрлаж байсан бөгөөд тухайн үед камер болон бусад тоног төхөөрөмжийг цахилгаанчид хариуцан хяналт тавьж ажиллаж байсан. Улмаар СӨХ байгуулагдсанаар камерын хяналт нь харуул, хамгаалалтын үүрэгт ажилд шилжсэн тул харуулын урд хойд байр руу камерын тоног төхөөрөмжийг нүүлгэх шаардлагатай болж нүүлгэсэн.

Улмаар манай байгууллага тус өрөөг 2010 оноос эхлэн албан өрөө болгон ашиглаж ирсэн ба 2012 оны 12 дугаар сард төслийн захиалагч, борлуулагч “Бодь пропертийз” ХХК-иас тухайн өрөөг манай байгууллага руу шилжүүлэх шийдвэр гаргасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас 000224661 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг манай байгууллагын нэр дээр гаргасан болно.

Манай компани 2010 оноос өмнө “Бодь групп”-ийн харьяа Голомт банкны байранд байрлаж үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд бидний байрлаж байсан албан өрөө нь хотхон дотроо биш гадагшаа харсан хаалгатай байсан тул оршин суугчдад үйлчилгээ явуулах тохиромжгүй гэж үзээд “С” байрны 15 тоот өрөөг манай байгууллагад өгсөн болно.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 3.1-т “Энэ хууль нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах, сууц өмчлөгчдийн холбоо, нийтийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой харилцаанд үйлчилнэ.”, мөн хуулийн 15.1.1-т “Орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил. цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө; нь дундын өмчлөлд хамаарах”-аар байгаа бөгөөд маргааны гол зүйл болох объект нь анх жижүүрийн өрөө байсныг хяналтын камерын өрөө болгон манай байгууллагын ээлжийн засварчин, цахилгаанчин байрладаг байсан бөгөөд тухайн камерыг тогтмол хардаг хүнтэй байх нөхцөл алдагдаж манай засварчид дуудлагаар байнга орж гарч, явдаг учир камерын тоног төхөөрөмжийг харуул хамгаалалтын байранд 2 хэсэгт /хойно, урд/ байрлуулан тавьсан.

Тус орон сууцнаас гадна 2007 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 10/20 тоот албан бичгийн дагуу “Бодь интернэшнл” ХХК-ийн Удирдах зөвлөлийн 2007 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хурлаас өгсөн чиглэлийг үндэслэл болгон манай байгууллага руу 2,187,806,984 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, шугам сүлжээний үндсэн хөрөнгийг манай байгууллагын эзэмшилд шилжүүлсэн болно.

Иргэний 142 дугаар зүйлийн 142.4-т зааснаар дангаар өмчлөлд тодорхой хил хязгаар бүхий тусгаарлагдсан сууцны байр, өрөө болон барилгын тусгаарлагдсан бусад байгууламж хамаарна гэсэн байдаг. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд “орон сууцны зориулалттай” гэж заасан. Хуульд заасан тодорхой шаардлага хангасан учраас үл хөдлөхийн гэрчилгээ гаргаж өгч байгаа. Тус үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хууль зөрчиж аваагүй. Дангаар өмчилж болох эд хөрөнгө байсан учраас дангаар өмчилж авсан.

Иргэний хуулийн 142, 145 дугаар зүйлд дундаа өмчлөх эд хөрөнгөөс гадна дундын өмчлөлийн хөрөнгийг дангаар өмчлөх зохицуулалт байгаа. Дангаар өмчлөх дундын хөрөнгийг дундын өмчлөлд шилжүүлэх нөхцөлүүдийг зохицуулсан байдаг.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлд  орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах эд хөрөнгийг нэг бүрчлэн заасан байдаг боловч тодорхой хязгаартайгаар хэрэглэгдэх талаар тайлбарласан Дээд шүүхийн тайлбар байдаг.

Улсын дээд шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 19-ний 26 дугаартай тайлбарын 4 дүгээр зүйлийн 4.2, 15 дугаар зүйлийн 15.5-д зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгийг тодорхой нэгэн этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж болно гэснийг СӨХ нь холбооны дүрэмд заасан тохиолдолд хэрэгжүүлэх бөгөөд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 15 дугаар зүйлд нэрлэгдсэн боловч, эрх бүхий этгээдийн өмчлөлд шилжсэн тухайн орон сууцны дундын эд хөрөнгийн дундын эд хөрөнгүүд хамаарахгүй юм гэсэн зохицуулалт байна. Дундын эд хөрөнгө байлаа гэж үзэхэд тухайн эд хөрөнгө нь тусгаарлагдчихсан, дундын өмчлөлийг ашиглаж байгаа дундын өмчлөлийн оршин суугчдын орц, гарцыг хаагаагүй тохиолдолд дангаар өмчлөх боломжтой. Нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээж авах юм бол сууц өмчлөгчийн эрхийг хөндсөн асуудал болох юм.

Түүнчлэн, дундын өмчлөлийн асуудлыг СӨХ хөндөж тавьсантай санал нийлэхгүй байна. Сууц өмчлөгчдийн холбоо 2010 онд байгуулагдсан. Оршин суугчдын зөвшөөрөлгүйгээр яриад байдаг. Одоо хүртэл зөвшөөрөл байхгүй. 2006 онд ашиглалтад орсон, одоогоос 18 жилийн өмнө баригдчихсан байсан. 2010 оноос хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 14 жил болчихсон байна. 2012 онд мэдэх ёстой байсан гэж үзвэл Иргэний хуулийн 74, 75, 76 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, “Т.С” Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ, “Т.С” СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №02/03 тоот Удирдах зөвлөлийн тогтоол, “Т.С” СӨХ-ны 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 36 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, Г.Ононд олгосон итгэмжлэл, Голомт хотхоны С байрны 4 давхрын 41, 42, 43, 44 тоот хаягт оршин суугчдын тодорхойлолт, “Голомт хотхон” орон сууцны хорооллын “С” хэсгийн 1 давхрын байгуулалтын зураг, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, гэрэл зураг, “Т.С” СӨХ-ны 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 77 тоот албан бичиг, “Т.С” СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурлын 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №02 тоот тогтоол, “Т.С” СӨХ-ны Удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээ, гэрэл зураг ирүүлсэн.

 

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: “Т.С” ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 119/2021 тоот “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг, “Т.С” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар, “Бодь пропертийз” ХХК-ийн 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 006/228 тоот албан бичиг, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс олгосон 00327 дугаартай тусгай зөвшөөрөл, Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон 05/2018, 06/2018 дугаартай тусгай зөвшөөрөл, Э.Х., О.У нарт олгосон итгэмжлэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5/8960 тоот албан бичиг............ ном ирүүлсэн.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Архивын ерөнхий газраас Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Голомт хотхон цогцолборын С байрны улсын комиссын акт, хурлын тэмдэглэл, комиссын үүрэг даалгаврын биелэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025421 дугаарт бүртгэлтэй, Голомт хотхон цогцолбор, С байранд байрлах 25 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны бүртгэлтэй холбоотой нотлох баримтуудыг гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Голомт хотхон цогцолборын С байранд 1 дүгээр давхрын 15 тоот, 25 м.кв талбай бүхий үйлчилгээний өрөө нь анх зураг төсөлд жижүүрийн өрөө байхаар төлөвлөгдсөн. Гэтэл Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр, худалдаж авсан аливаа нэгэн гэрээ, хэлцэлгүйгээр “Т.С” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан тул орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоолгохоор шаардах эрхтэй гэж тодорхойлов.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

“Т.С” ХХК тус өрөөг 2010 оноос эхлэн албан өрөө болгон ашиглаж ирсэн ба 2012 оны 12 дугаар сард төслийн захиалагч, борлуулагч “Бодь Пропертийз” ХХК-иас тухайн өрөөг манай байгууллага руу шилжүүлэх шийдвэр гаргасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас 000224661 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг манай байгууллагын нэр дээр гаргасан. Тус үл хөдлөх эд хөрөнгө нь тусгаарлагдчихсан, дундын өмчлөлийг ашиглаж байгаа дундын өмчлөлийн оршин суугчдын орц, гарцыг хаагаагүй, дангаар өмчлөх хөрөнгөд хамаарна. Мөн Сууц өмчлөгчдийн холбоо оршин суугчдын зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргав.

 

            4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

           

4.1. Нэхэмжлэгч “Т.С” Сууц өмчлөгчдийн холбоо нь 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдаж, Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 02/03 дугаар тогтоолоор Б.Ж-ыг, 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №02 дугаар тогтоолоор М.Ганбатыг гүйцэтгэх захирлаар томилсон болох нь хэрэгт авагдсан Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ, Удирдах зөвлөлийн тогтоолуудаар тогтоогдсон. /1хх, 4-5, 190/

 

4.2. Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 4 дүгээр байр, С блокын 15 тоот хаягт байрлах, орон сууцны зориулалттай, 25 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр “Т.С” ХХК-ийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025421 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгожээ./1хх, 29/

 

5. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “Сууц өмчлөгчдийн холбоо” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид "орон сууцны байшин" гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилгоор байгуулагдсан бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ” гэж заасан.

 

 Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд гүйцэтгэх захирлын эрх, үүргийг заасан бөгөөд мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4.-т зааснаар гүйцэтгэх захирал энэ хууль болон Иргэний хуулийн 148.2-т заасан үүргээ биелүүлээгүйгээс бусдад учруулсан хохирлыг барагдуулахыг сууц өмчлөгчдөөс шаардах, уг шаардлагыг сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хуулийн 149.2-т заасны дагуу холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч “Т.С” Сууц өмчлөгчдийн холбоо нь Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2 дахь хэсэгт зааснаар дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга байгууламж, төхөөрөмжийн хэсгийг сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд болохыг тогтоолгохоор шаардах эрхтэй боловч шүүхэд уг нэхэмжлэлийг “Т.С” Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Жаргалсайханаас олгосон итгэмжлэлийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Онон гаргасан байх тул эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

6. “Т.С” Сууц өмчлөгчдийн холбоо 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Т.С” ХХК-ийг бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон, нэхэмжлэгч “Т.С” Сууц өмчлөгчдийн холбоо нь 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

7. Нэхэмжлэгч “Т.С” Сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан “...нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө...” учраас орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна гэж тодорхойлсон.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т “орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө” хамаарахаар заасан.

 

Маргаан бүхий Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 4 дүгээр байр, С блокын 15 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь анх барилгын эскиз зурагт жижүүрийн өрөө гэж төлөвлөгдсөн болох нь Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон боловч Улсын бүртгэлийн ерөнхий газар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “Т.С” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон байх тул эрх бүхий этгээдийн шийдвэрээр бусдын өмчлөлд шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийг орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоох үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Голомт хотхон цогцолбор С байрны нэг давхрын 15 тоот хаягт байрлах, 25 м.кв талбай бүхий үйлчилгээний өрөөг орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай “Т.С” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Т.С” Сууц өмчлөгчдийн холбооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2-т заасныг баримтлан хариуцагч “Т.С” ХХК-д холбогдох Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Голомт хотхон цогцолбор с байранд байрлах нэг давхрын 15 тоот хаягт байрлах 25 мкв талбай бүхий үйлчилгээний өрөөг орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай “Т.С” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.С” Сууц өмчлөгчдийн холбооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ЭНХЦЭЦЭГ