Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 0369

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Хохирогч Э.Б-

Шүүгдэгч М.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Л-д холбогдох эрүүгийн 1725000000173 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ** оны ** сарын **-ны өдөр Орхон аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “хх” ХХК-нд хоол түгээгч ажилтай, ам бүл 5, аав, ээж 2 дүү нарын хамт урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М.Л, 

 

Шүүгдэгч М.Л нь 2017 оны 10 сарын 25-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртбулаг багт үйл ажиллагаа явуулдаг Хур зочид буудлын гадна хохирогч Б.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч М.Л-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хохирогч Б-ыг зодож хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би согтуу байсан. Тавуулаа 2 ширхэг 0.5-ын архи уусан байсан. Юунаас болж маргалдсанаа, мөн хохирогчийн хаана нь цохисноо сайн санахгүй байгаа. Уг нь уучлалт гуйх гээд уулзах гээд чадаагүй. Гэмтлийн хувьд маргах зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн үед О-ийг согтуу байна хүргээд өгөөч гэхээр нь явж очсон. Тэгээд Хур төвд ороход хамт олноороо сууж байсан. Намайг ороход Л- нь архиар шахсан. Би уугаагүй. Тэгээд би гадаа зогсож байхад О-ь гарч ирсэн. Араас нь хамт олон нь гарч ирсэн. Намайг утсаар ярьж байхад Л- ирж зодсон. Одоо болтол эмчилгээ хийлгэж чадаагүй байгаа. Хоёр баримт өгсөн байгаа. Хохиролд 500.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч З.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би караокеноос гараад Б-ын машинд суухад Б- буудлын ертөнцийн зүгээр баруун талд утсаар яриад зогсож байсан. Би машинд ороод толгойгоо доош нь болгоод хэсэг сууж байгаад машинаас гарахад Б- намайг зүгээр байхад зодчихлоо гээд гадаа хашгираад байсан гэсэн мэдүүлэг / хх 12 ху/,

 

-Гэрч Б.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Л-ийг Д- барьчихсан байсан. Би юу болсон юм бэ гэхэд Б- танай найз чинь ирээд цохьчихсон гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 13 ху/,

 

-Гэрч Г.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би О-ийн цүнхийг аваад эргээд гараад ирэхэд Б-, Л- хоёр хоорондоо маргалдсан юм шиг байдалтай байсан. Б- намайг Л- цохичихлоо гээд байсан. Б-, Л- нар хоорондоо дахиад зодолдох гээд байхаар нь би салгахад А- над дээр ирээд хамт Л-ийн хамт такси бариад гэртэй харьсан гэсэн мэдүүлэг /хх 14 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 907 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.Б-ын биед тархи доргилт, дээд уруул эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ.

2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

5. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 17 ху /

 

            -Хохирлын баримт /хх 9-10 ху/

-М.Л-г яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 28-29 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 31 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч М.Л нь 2017 оны 10 сарын 25-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртбулаг багт үйл ажиллагаа явуулдаг Хур зочид буудлын гадна хохирогч Б.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохиролч учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Б.Б-ын “...Намайг утсаар ярьж байхад Л- ирж зодсон” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч З.О-ь /хх 12 ху/, Б.А- /хх 13 ху/, Г.Д- /хх 14 ху/ нарын мэдүүлэг, хохирогчийн биед тархи доргилт, дээд уруул эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүссэнийг тогтоосон 907 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч М.Л-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

                     Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

            Хохирлын хувьд хохирогч Б.Б- нь гэм хорын хохиролд 500.000 төгрөг нэхэмжилж, толгойн ясны зураг 30.000 төгрөгний, КТГ 150.000 төгрөгний нотлох баримтыг ирүүлснийг шинжлэн судлаад дээрхи хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

            Харин хохирогч нь үлдэх 320.000 төгрөгний хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Л-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Л-д оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч М.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч М.Л-с 180.000 төгрөгийг гаргуулж хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум ** баг ** тоотод оршин суух РД/хх........./ Б.Б-од олгож, үлдэх 320.000 төгрөгийг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

 

7. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.

 

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА