Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2017/ДШМ/02

 

2016.12.21                                           №02

 

 

 

Г.Л-, Ц.А- нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

226/2016/0019/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга,

Прокурор: Д.Энх-Амар /онлайнаар/,

Ялтны өмгөөлөгч: Х.Эрдэнэбаатар,

Ялтан: Г.Л-, Ц.А- /онлайнаар/ нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж шийдвэрлэсэн 2016 оны 11 дүгээр сарын 14- ний өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтны өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар, ялтан Ц.А- нарын давж заалдах гомдлоор Г.Л-, Ц.А- нарт холбогдох эрүүгийн 201617000243 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Г.Л- нь ялтай байхдаа Ц.А-ын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг согтуугаар жолоодон 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 03.00 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд Цагдаагийн газрын баруун талаар хойш яваад зүүн тийш тойрдог хэсэг рүү хойноосоо шороон зам нийлдэг хэсэгт зам хаах зорилгоор асгасан шороог мөргөснөөс Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1-ийн а-д “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу Олон улсын жолоодох үнэмлэхтэй байна” 2 дугаар бүлгийн 2.7-ийн а-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй, өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” мөн 2 дугаар бүлгийн 2.3-ын в-д заасан “ мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн 9 дүгээр бүлгийн 9.2-т “жолооч хөдөлгөөний аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж зорчиж явсан Э.Б-ийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан,

Ц.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7-ийн б-д заасан “ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу түүнчлэн согтууруулах ундаа, сансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж явж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж Г.Л-ид жолоогоо шилжүүлсэний улмаас Г.Л- согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргаж иргэн Э.Б-ийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Г.Л-ийг ялтай байхдаа, согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчин бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан, шүүгдэгч Ц.А-ыг согтуурсан үедээ согтуурсан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Г.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 01 / нэг/ жил 08 / найм/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01/нэг/ жилийн хугацаагаар хасаж, 04 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж, эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг журамлан ялтан Г.Л-ид оногдуулсан 01 жил 08 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Г.Л-оос 176.344 төгрөг гаргуулан хохирогч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р багийн иргэн Э.Б-т олгож, 147.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Э.Б- нь энэ тогтоолоор хэлэлцэхгүй орхисон 1.189.750 төгрөгийн нэхэмжлэл болон цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримт бүрдүүлсний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаад, ялтан Г.Л- нь хохирогч Э.Б-т эмчилгээний зардалд 1.122.000 төгрөг төлсөн, шүүгдэгч нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Э.Б- нь шүүгдэгч Ц.А-оос хохирол нэхэмжлээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10- т заасныг баримтлан ялтан Ц.А-ын өмчлөлийн 19-61 СҮЗ улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоциклийг битүүмжилсэн 2016 оны 08 сарын 29-ний өдрийн Мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Г.Л-, Ц.А- нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар уг тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

 

Ялтны өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар давж заалдах гомдолдоо: Сүхбаатар аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон Ц.А-од 04 сарын баривчлах ял шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч доорх үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлээгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахдаа хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь тухайн хэрэг болоход байсан гэрч нарын мэдүүлгүүдийг гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нотлох баримтын хэмжээнд үнэлэн авч үзээгүй. Ц.А- нь Г.Л-ид өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг дур мэдэн, сайн дураараа шилжүүлж өгөөгүй байдал нь санаатай болон болгоомжгүйгээр шилжүүлсэн гэх тухайн гэмт хэргийн субьектив талын шинжийг бүрэн дүүрэн хангаж чадахгүй гэж үзэж байна. Г.Л- нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ Ц.А-оос тээврийн хэрэгслийг түүний зөвшөөрсний үндсэн дээр барьж явсан эсэх асуудлыг нарийн сайн тодруулаагүйгээр Ц.А-од ял шийтгэл оногдуулсныг эс хүлээн зөвшөөрч эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Ц.А-ыг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсныг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

Ялтан Ц.А- давж заалдах гомдолдоо: Би Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйл ангид зааснаар буруутгагдаж, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 4 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн. Уг шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Уг хэрэг нь 2016 оны 08 дугаар сарын 14-ний орой болсон ба тэр өдөр манай цэргийн найзууд болон тэдний найз охидуудтай салхинд гарсан юм. Аймгаас зүүн тийш байдаг Хайлааст гэдэг газар очиж цэргийн найзуудтайгаа ямаа боож идсэн. ... Гэтэл гэнэт А-д очиж хонох болсон. Тэгээд хөдлөх гэтэл Г.Л- нь миний мотоциклийг уначихаад өгөхгүй, “чи согтуу байна” гээд байсан. Амартүвшин, Зулбаяр нар нь Г.Л-ийг боль, эзэнд нь өг гэхэд үгэнд нь ороогүй. Бид бүгд согтоогүй, биеэ хянах чадвартай байсан. Хэдийгээр тэр үед би хүч хэрэглээд Г.Л-оос мотоциклоо авах боломж байсан ч манай цэргийн найзын ах нь, би сайн танихгүй, ямар зан, ааштайг нь мэдэхгүй байсан учраас би айгаад, надад гэмтэл учруулах байх гэж бодоод тэгээгүй. Тэгээд Г.Л- бид нарын үгэнд орохгүй, миний мотоциклийг унаж, хохирогч гэх Э.Б-ийг сундалдаж, дүү Мөнхтөмөр болон Баярбилэг хоёрын араас аймаг руу хөдөлсөн. Г.Л- нь Э.Б-ийг суулгаад одоо ойрхон юм чинь би барьчихъя гээд хөдлөөд явчихсан. Төд удалгүй араас нь З, А, Х бид 4 хөдөлтөл 500 метр яваагүй, шууд машины гэрэлд Г.Л-ийн мотоцикльтойгоо унаснаас болж Э.Б-ийн биед хүнд гэмтэл учирсан. Г.Л-ид би сайн дураараа жолоогоо шилжүүлээгүй юм. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Г.Л- нь ялтай байхдаа Ц.А-ын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг согтуугаар жолоодон 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 03.00 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд Цагдаагийн газрын баруун талаар хойш яваад зүүн тийш тойрдог хэсэг рүү хойноосоо шороон зам нийлдэг хэсэгт зам хаах зорилгоор асгасан шороог мөргөснөөс Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1-ийн а-д “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу Олон улсын жолоодох үнэмлэхтэй байна” 2 дугаар бүлгийн 2.7-ийн а-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй, өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” мөн 2 дугаар бүлгийн 2.3-ын в-д заасан “ мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн 9 дүгээр бүлгийн 9.2-т “жолооч хөдөлгөөний аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж зорчиж явсан Э.Б-ийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан,

Ц.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7-ийн б-д заасан “ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу түүнчлэн согтууруулах ундаа, сансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж явж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж Г.Л-ид жолоогоо шилжүүлсэний улмаас Г.Л- согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргаж иргэн Э.Б-ийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

Г.Л-ийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Ц.А-ыг согтуу болохоор мотоциклийг нь би барьсан. Ц.А-ыг дарамталсан асуудал байхгүй... гэх мэдүүлэг.

Гэрч Г.Амартүвшингийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ямаагаа боогоод 1 шил 0,75 литрийн Сүхбаатар нэртэй архи, 2.5 литрийн боргио пиво хоёрыг бүгд хувааж ууцгаагаад 03 цагийн үед аймаг руу явахаар болсон. ...Бид нарыг хөдлөхөөс өмнө М хөдлөөд араас нь Г.Л- хөдөлсөн....” гэх мэдүүлэг.

Гэрч Б.З-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Мотоциклийг Г.Л- бариад ард нь Э.Б- суугаад явсан. Тухайн үед Ц.А- нь өөрөө барих гэсэн чинь Г.Л- нь “би баръчихая чи согтуу байна” гээд Ц.А-од хэлээд мотоциклио бариад явсан...” гэх мэдүүлэг.

Техникийн шинжээчийн 2016 оны  8 дугаар сарын 18-ны өдрийн 5 дугаартай: Мустанг маркийн улаан өнгийн мотоциклийн жолооч Г.Л- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. 2. жолооч Г.Л- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-ийн а-д “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу Олон улсын жолоодох үнэмлэхтэй байна”, 2.7-ийн а-д “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй, өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 2.3-ын в-д “ мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 9.2-т “жолооч хөдөлгөөний аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 3.Зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна. 4 Мустанг маркийн улаан өнгийн мотоциклийн эзэмшигч Ц.А- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. 5. Мустанг маркийн улаан өнгийн мотоциклийн эзэмшигч Ц.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-ийн б-д “ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй, өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна ” гэх дүгнэлт.

 Шүүх химийн шинжээчийн 40 тоот: 1.Шинжилгээнд ирүүлсэн Г.Л-оос авсан гэх цусанд 0.8 промилли илэрч байна. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт.

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 363 дугаартай акт: 1. Э.Б-ийн биед духанд зулгаралт, зүүн гарын шуу, нуруунд зулгаралт, гавал тархины зүүн талын хатуу хальсны гадна ясан дор цусан хураа, гавал ясны зүүг талын чамархайн хэсэгт цууралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Э.Б-ийн биед учирсан духанд зулгаралт, зүүн гарын шуу, нуруунд зулгаралт Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, гавал тархины зүүн талын хатуу хальсны гадна ясан дор цусан хураа, гавал ясны зүүг талын чамархайн хэсэгт цууралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3-1-3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...гэх дүгнэлтүүд зэрэг хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн үйлдлийг зөв зүйлчилж, шүүх хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулжээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Г.Л-ийн зүгээс Ц.А-ын мотоциклийг нь авахдаа хүч хэрэглэсэн, дарамталсан хуурч мэхэлсэн зүйл байхгүй болох талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд Г.Л-ийг согтуу, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй гэдгийг мэдсээр байж түүнд Ц.А- нь тээврийн хэрэгслийг шилжүүлсэн нь нотлогдсон тул  “гэм буруугүй, уг үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн ялтан болон түүний өмгөөлөгч нарын  давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

          Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 75 дугаар шийтгэх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч, ялтан нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.ДЭНСМАА

                                  ШҮҮГЧИД                                     О.БААТАРСҮХ

                                                                                         Б.СҮХГОМБО