Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2024/01439

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: “Ц ББСБ” ХХК /РД:............/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч.Б /РД: /-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 670,433 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Ц ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Ч.Б (РД:..............) нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагын KMOBIMN цахим зээлийн үйлчилгээнд №7775 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 110,000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай, 6,950 төгрөгийн шимтгэлтэй, 200,000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай, 12,900 төгрөгийн шимтгэлтэй, 90,000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай, 6,300 төгрөгийн шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй тохиролцож зээлсэн.

Бидний хооронд байгуулагдсан зээлийн эрх нээх гэрээний 4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт “Зээл тус бүрийн эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг, түүнд ноогдох шитгэлийн хамт үл маргах журмаар төлөх” 4 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт “Зээл, зээлийн шимтгэлийг тухайн зээлийн эргэн төлөх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хүү төлөх” гэж заасан. Мөн Банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн эрх нээх гэрээний 5 дугаар зүйлийн 1.5 дах хэсэгт зааснаар “Зээл болон зээлийн шимтгэлийг эргэн төлөх хугацаанд төлөөгүй тохиолдолд хүү тооцож эхлэх бөгөөд эдгээр төлбөрийг нийтэд нь төлүүлэх эрхтэй” гэж заасан.

Гэтэл зээлдэгч Ч.Б нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Бид зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээл хүүгийн төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй тул шүүхэд хандаж байна.

Зээлдэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 400,000 төгрөг, шимтгэл үлдэгдэл 13,700 төгрөг, хүүгийн үлдэгдэл 256,733 төгрөг, нийт 670,433 төгрөг байна.

Иймд хариуцагч Ч.Бээс 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №7775 дугаартай зээлийн эрх нээх гэрээний өр төлбөрт зээлийн үндсэн төлбөр 400,000 төгрөг, шимтгэл 13,700 төгрөг, хүү 256,733 төгрөг, нийт 670,433 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,642 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Тус шүүхэд Ц ББСБ” ХХК нь Ч.Бт холбогдуулан иргэний хэрэг үүсгэн шалгуулж байгаа бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн мөнгөн дүнг бүрэн төлж дуусгасан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц ББСБ” ХХК нь Ч.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 670,433 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ч.Бт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ц ББСБ” ХХК нь Ч.Бт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 670,433 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ч.Бт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,642 төгрөгийн тал хувь буюу 10,321 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 10,321 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                           Г.ЭНХЦЭЦЭГ