Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 507

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/00134 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Б-д холбогдох,

 

23 115 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 02 дугаар сард Л.Б-ын хүсэлтээр түүний  танил хүний банк бус санхүүгийн байгууллагаас тээврийн хэрэгслийн зээл авсан. Зээлийн гэрээг миний нэр дээр байгуулах гэхэд өөрийн нэр дээр байгуулаад зээл төлж дууссаны дараа тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлж өгнө гэсэн. Үүний дараа түүний танил нь Лексус АрЭкс маркийн тээврийн хэрэгслээ 31 000 000 төгрөгөөр худалдана гэснийх нь дагуу “Инвескор ББСБ” ХХК-аас Л.Б-ын нэр дээр 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зээл авч, харин зээлийн гэрээний үүргийг би хариуцан төлөхөөр болж, 2019 оны 3, 4, 5 дугаар сарын зээлийн эргэн төлөлтөд 2 400 000х3=7 200 000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын зээлийн эргэн төлөлтөд 2 390 000 төгрөг, анх зээл авахад төлсөн шимтгэл 490 000 төгрөг нийт                   10 080 000 төгрөгийг төлсөн.

Гэтэл хариуцагч нь тээврийн хэрэгслийг авч яваад одоог хүртэл өгөөгүй бөгөөд дээрх банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ бүрэн төлж, автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байна. “Инвескор ББСБ” ХХК-тай 2019 оны 8 дугаар сард тус байгууллагын захиралтай уулзахад 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Л.Б- нь “Инвескор ББСБ” ХХК-иас 20 000 000 төгрөгийн зээл авч, хуурамч 31 000 000 төгрөгийн зээлийн гэрээг надад үзүүлэн уг зээлээ надаар төлүүлж байсныг олж мэдсэн.

Мөн хариуцагчид амаар тохиролцсоны үндсэн дээр 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хооронд нийт 47 удаагийн гүйлгээгээр зээл олгосон. Түүний дансаар 45 удаагийн гүйлгээгээр нийт 14 269 200 төгрөг, бэлнээр 2 удаа нийт 3 100 000 төгрөг, нийт  17 369 200 төгрөгийг хүү тооцохгүй нөхцлөөр зээлдүүлсэн. Хариуцагч нь дээрх хугацаанд манай компанид сарын 1 000 000 төгрөгийн цалинтай гэрээт нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд түүний ажилласан дээрх хугацааны цалинг 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр тооцож 4 334 000 төгрөг болно. Хариуцагч нь мөнгө зээлэхдээ “хувийн хэрэгцээнд мөнгө хэрэгтэй байна, цалингаасаа суутгуулъя” гэдэг байсан бөгөөд миний хувьд түүнийг тогтвортой ажиллана гэж итгэж байснаас түүнд дээрх зээлүүдийг хувийн журмаар өгсөн.

Би 3 100 000 төгрөгийг зээлүүлэхдээ эхнийх нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр  гар утас худалдаж авах гэсэн, мөнгө зээлээч” гэхэд нь зөвшөөрсөн. Ингээд бид 2 ажил хөөцөлдөж явах замдаа “Тэди” төврүү очиж надад бэлэн байсан 2 600 000 төгрөг болон данснаас 50 000 төгрөг нэмж, нийт 2 650 000 төгрөгөөр “Айфоне” маркийн гар утас худалдаж авсан. Мөн 2019 оны 3 дугаар сард “фитнесс төвийн жилийн төлбөр 1 500 000 төгрөг төлнө, 500 000 төгрөг дутаж байна” гээд надаас бэлнээр 500 000 төгрөг зээлж авсан. Миний хувьд хариуцагчтай тохирсон ёсоор зээлийн эргэн төлөлтийг түүний авах цалингаас тооцож байсан бөгөөд зээлийн эцсийн үлдэгдэл 13 035 200 төгрөг байх үед хариуцагч Л.Б- авсан зээлээ төлөхгүйгээр ажлаа орхиж явсан. Нэхэмжлэгч би үлдэгдэл зээл, мөнгөө авах гэж олон удаа утсаар холбогдож байсан ч тэрээр зээл, мөнгөө өгөхгүй илт зайлсхийж, зугтаах болсон. Иймд банк бус санхүүгийн байгууллагад түүний өмнөөс төлсөн буюу хариуцагч нь бусдын зардлаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 10 080 000 төгрөг, түүнд дансаар болон бэлнээр зээлсэн 13 035 200 төгрөг, нийт 23 115 200 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.3 дах хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Л.Б-аас 9 830 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 13 285 200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 399 356 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б-аас 172 230 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б-т олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Б-, түүний өмгөөлөгч Б.Дамба нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэртээ дурдсан “урьдчилгаа цалин, Буянжаргалд цалин, хайртай, чамдаа сайхан баярлаарай” гэх утгаар шилжүүлсэн дүн нь зээлийн гэрээний үүрэг гэж шаардсан мөнгөн дүнгээс хасагдсан юм.

Нэхэмжлэгч Ц.Б- хариуцагч Л.Б-д зээлдүүлсэн мөнгөө түүний авах цалингаас суутгах нөхцлөөр харилцан тохиролцсон болохоо нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тодорхой бичиж, ярьсан. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэл гардаж авсан атлаа хуулиар тогтоосон хугацаанд хариу тайлбар шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд ч оролцоогүй. Тэрээр хэргийн материалтай бүрэн танилцсан, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг үгүйсгэсэн, татгалзсан талаар ямар ч тайлбар, нотлох баримт шүүхэд гаргаагүй, мөн зээлийн харилцаа бодитой үүссэн талаарх нэг талын тайлбар болох миний тайлбарыг эсэргүүцээгүй, түүнтэй маргаагүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж, мөн хуулийн  38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”, 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.” гэж тус тус заасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг гардан авсан, хариу тайлбар, нотлох баримтаа өгөөгүй, мэтгэлцээгүй, эсэргүүцээгүй, маргаагүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөнд тооцох хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Ц.Б- нь хариуцагч Л.Б-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 10 080 00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13 035 200 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлж, нийт 23 115 200 төгрөг нэхэмжилжээ. /хх1-2, 76- 77/

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Л.Б- үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх шаардлагын үндэслэлээ, “Инвескор ББСБ” ХХК, Л.Б- нарын хооронд 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг хариуцагчийн “тухайн зээлийн хөрөнгөөр худалдан авах тээврийн хэрэгслийг Ц.Б-ын өмчлөлд шилжүүлнэ” гэсэн хүсэлтийн дагуу төлсөн боловч тээврийн хэрэгслийн өмчлөлийг биет байдлаар болон эрхийг нь шилжүүлээгүй тул тухайн зээлийн гэрээний үүрэгт төлсөн мөнгөн хөрөнгө болох 10 080 000 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

Хэрэгт авагдсан “Инвескор ББСБ” ХХК болон Л.Б- нарын хооронд байгуулсан 2019 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн В19022841 дугаартай зээлийн гэрээ  /хх61-65/, “Хаан банк” ХХК дах Ц.Б-ын эзэмшлийн 5003329446 тоот дансны хуулга /хх6-58/, Л.Б-ын эзэмшлийн 5720407657 тоот дансны хуулга /хх113-119/ зэргээс үзвэл, нэхэмжлэгч Ц.Б- нь “Инвескор ББСБ” ХХК-ийн зээлийн  5123058637 тоот дансанд 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2 390 000 төгрөг, хариуцагч Л.Б-ын “Хаан банк” ХХК дах 5720407657 тоот дансанд 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2 400 000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2 150 000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 2 400 000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 28-ний өдөр 490 000 төгрөг нийт                    9 830 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Энэ нь дээрх В19022841 дугаартай зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасан үнийн дүн, хугацаа зэрэгт тохирч байгаа үйл баримт тогтоогдож байна.

 

Иймд анхан шатны шүүхийн “нэхэмжлэгч нь тээврийн хэрэгсэл зээлээр худалдан авах зорилгоор хариуцагч Л.Б-д зээлийн төлбөр шилжүүлсэн, уг мөнгөн хөрөнгөө” хариуцагчаас буцаан шаардах эрхтэй гэсэн дүгнэлт нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дах хэсэгт заасантай нийцсэн гэж үзэх тул тухайн шаардлагын үнийн дүн болох 10 080 000 төгрөгөөс 9 830 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ. 

 

Нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн шаардлага болох 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хооронд хариуцагчийн хүсэлтээр олгосон зээлийн төлбөр 13 035 200 төгрөг гаргуулах шаардлагаа нотлох зорилгоор хэрэгт хавсаргасан банкны дансны хуулга /хх6-58, 113-119/, гэрчийн мэдүүлэг /146-147/, “Баталгааны хуудас” гэх баримтуудаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчид түүний хүсэлтээр мөнгөн хөрөнгө зээлдүүлсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байгаа тохиолдолд хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон буюу Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасны дагуу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг амаар байгуулагдсан гэж дүгнэх боломжгүй юм. Иймд талуудын хооронд зээлийн гэрээний харилцааны үүрэг үүссэн гэдэг нь нэхэмжлэгчийн гаргасан нэг талын дээрх баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь давж заалдах гомдлын үндэслэлээ, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг гардан авсан, хариу тайлбар, нотлох баримтаа өгөөгүй, мэтгэлцээгүй, эсэргүүцээгүй, маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөнд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан.

 

Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч Л.Б- нь энэхүү иргэний хэрэгт өөрийг нь төлөөлөх эрх бүхий этгээдээр иргэн Д.Оюунгэрэлийг томилсон байх бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэлүүдээр шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтүүдийг гаргасан байна. Улмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааныг нэхэмжлэгч талын гаргасан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийн дагуу шүүх хуралдаан үргэлжилсэн байх тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж шууд тооцох үндэслэлгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/00134 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ц.Б-аас төлсөн 223 450 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талуудад магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

.                                    

 

                 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО

 

                                              ШҮҮГЧИД                                  Д.БАЙГАЛМАА

 

                                                         Д.ЦОГТСАЙХАН