| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2024/01154/И |
| Дугаар | 182/ШШ2024/02700 |
| Огноо | 2024-06-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 182/ШШ2024/02700
| 2024 оны 06 сарын 10 өдөр | Дугаар 182/ШШ2024/02700 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух, Л.У /РД:Х4/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Л.У
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Хүсэлт гаргагч Л.У шүүхэд гаргасан хүсэлтдээ: Л.Уминий бие 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 4 дүгээр цэцэрлэгт дуу хөгжмийн багшаар ажилласан. 1994 оны 08 дугаар сарын 25-нд 4-р цэцэрлэг татан буугдсан ба биднийг ажлын байраар хангана гэсэн боловч хангаагүй, тус цэцэрлэгийн бичиг баримтыг улсын болон Нийслэлийн архиваас шүүлгэж үзэхэд огт гарч ирдэггүй ба тус цэцэрлэгт ажиллаж байсан ажилчид, багш нар тэтгэвэр тогтоолгох үедээ хамт ажиллаж байсан хүмүүсээ гэрч болгон шүүхээр оруулж ажиллаж байсан байдлаа тогтоолгож байсан байна. Миний бие одоо тэтгэвэрт гарах болсон чинь одоо бичиг баримт байхгүй, шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байгаа тул намайг 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Чингэлтэй дүүргийн 4 дүгээр цэцэрлэгт дуу хөгжмийн багшаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэмлэхний хуулбар, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Архивын ерөнхий газрын тодорхойлолт, гэрч Ч.Сарангуагийн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ж.Сэнгэдоогийн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр, фото зураг зэрэг баримт гаргаж өгсөн.
3.Шүүхийн журмаар гэрч Ж.Сэнгэдоо, Ч.Сарангуа нарын мэдүүлэг, Үндэсний төв архивын 2024.02.23-ны өдрийн 669 дугаар албан бичиг, Боловсрол, шинжлэх ухааны яамны 2024.02.23-ны өдрийн 671 дугаар албан бичиг, Нийслэлийн Архивын газрын 2024.03.01-ний өдрийн 04/303 дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.04.11-ний өдрийн 9/4752 дугаар албан бичиг, БНМАУ-ын хүн амын регистрийн карт, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2024.04.12-ны өдрийн 12/846 дугаар албан бичиг, Чингэлтэй дүүргийн 4-р цэцэрлэгийн 2024.04.18-ны өдрийн 03 дугаар албан бичиг, хавсралт, Л.Уийн хаягийн хуудас Чингэлтэй дүүргийн 4-р цэцэрлэгийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаа, БНМАУ-ын Боловсролын сайдын 1991.08.13-ны өдрийн 323 дугаар тушаал, 4-р цэцэрлэгийн Улсын бүртгэлийн 2000/006 дугаартай гэрчилгээ, төсөвт байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2001.01.29-ний өдрийн хүсэлт, Улсын бүртгэлд оруулсан өөрчлөлтийн тухай тэмдэглэл, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр цэцэрлэг, ясли цогцолборын 1997.03.25-ны өдрийн 08 дугаар хүсэлт зэрэг нотлох баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Л.У нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Шүүх дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Л.У нь 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Чингэлтэй дүүргийн 4 дүгээр цэцэрлэгт дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан фото зураг, БНМАУ-ын хүн амын регистрийн карт ХААТР-1, Хаягийн хуудас, 2000/006 дугаартай гэрчилгээ, төсөвт байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрч Ж.Сэнгэдоо, Ч.Сарангуа нарын мэдүүлэг, гэрч Ж.Сэнгэдоо, Ч.Сарангуа нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, фото зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Л.Уийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ИЛ.У нь 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Чингэлтэй дүүргийн 4 дүгээр цэцэрлэгт дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Л.Уийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС