Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 508

 

 

 

 

 

 

 

 

 

“Э Э Э И В” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/03426 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Э Э Э И В” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч О.Б-д холбогдох,

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн О.Б- нь тус байгууллагын худалдан борлуулдаг “Evapor 3003i” уураар цэвэрлэх төхөөрөмжийг худалдан авахаар тохиролцож, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ  байгуулсан. Уг гэрээний үнэ 6 500 000 төгрөг ба худалдан авагч нь урьдчилгаа 500 000 төгрөгөөр тооцоо хийж 12 сарын дотор худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон. Биет байдлын болон эрхийн доголдолгүй бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн. Хариуцагчтай удаа дараа утсааар ярьж төлбөрийг төлөхийг шаардахад нэмэлт хугацаа өгөхийг хүсэж, удахгүй төлнө гэж явсаар өнөөдрийг хүрсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон. Үүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 39 хоног өнгөрсөн. Гэрээний 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасны дагуу алданги тооцвол 1 170 000 төгрөг болсон. Нэхэмжлэгчийн зүгээс алдангийг 500 000 төгрөг болгон багасгаж, хариуцагчаас үндсэн төлбөр 6 000 000 төгрөг, алданги 500 000 төгрөг, нийт 6 500 000 төгрөг нэхэмжилж байна. 

Хариуцагч О.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх бүтээгдэхүүн худалдахдаа 5 000 000 төгрөг гэж хэлсэн. Би бүтээгдэхүүнийг авсан өдрөөсөө хойш нэг ч удаа ашиглаагүй. Яаж ажиллуулах талаар зааж өгнө гэсэн  боловч одоо болтол зааж өгөөгүй. Мөн 7 ширхэг алчуур байх ёстой байхад 2 алчуурыг авсан байсан. Бараа авахгүй буцаамаар байна, хэтэрхий үнэтэй цэвэрлэгчийг надад өгсөн байсан. Би урьдчилгаа 500 000 төгрөг төлсөн. Алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Б-аас гэрээний үлдэгдэл төлбөр 6 000 000 төгрөг, алданги 500 000 төгрөг, нийт 6 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Э Э Э И В” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Б-аас 118 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Батзаяа давж заалдах гомдолдоо: Худалдагч талаас уг төхөөрөмжийг ажиллуулах, ашиглах талаар заавар зөвлөгөөг өгөөгүй, энэ талаарх сургалт явуулах үүргээ хэрэгжүүлээгүйгээс шалтгаалан хариуцагч О.Б-ы хувьд уураар цэвэрлэгч төхөөрөмжийг авсан өдрөөсөө хойш нэг ч удаа ашиглаж чадаагүй байдлаар өнөөдрийг хүрсэн.

Энэ талаар хариуцагчийн хувьд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “Надтай байгуулсан гэрээнд барааг ажиллуулах, ашиглах горим тухай танилцуулгыг бүрэн хэмжээгээр хийж үзүүлнэ гэдэг үүргийг худалдагч тал хүлээсэн. Гэтэл энэхүү үүргүүдээ худалдагч талаас огтхон ч хэрэгжүүлээгүй. Шүүх гэрээнээс тухайлан нэхэмжлэлийн шаардлагыг хангахтай холбоотой зүйл, заалтуудыг ишлэн татаж дүгнэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчийн тайлбарлаж байгаа гэрээнд заасан худалдагч талын үүрэгтэй холбоотой заалтуудад хууль зүйн дүгнэлт огтхон ч хийсэнгүй.

“Э Э Э И В” ХХК-ийг төлөөлж ерөнхий захирал Д.Дэлгэрнаран, О.Б- нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хийгдсэн гэх Зээлээр худалдах, худалдан авах гэрээг бодит байдал дээр сурталчилгааны ажилтан болон О.Б- нар байгуулсан байдаг. Гэрээг анхнаасаа худалдагч тал өөртөө ашигтай хэлбэрээр боловсруулсан, урьдчилаад эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж байгууллагын тамга тэмдэг дарагдсан байдлаар бэлтгэгдсэн гэрээ байдаг бөгөөд худалдан авагч талд уг гэрээнд өөрийн эрх ашгийг хамгаалсан зүйл заалтыг тусгаж, чөлөөтэйгээр гэрээ байгуулах боломжийг огтхон ч байгаагүй байдлаар л талуудын хооронд уг харилцаа үүссэн.

Гэрээний нэг тал болох “Э Э Э И В” ХХК-ийг төлөөлж ерөнхий захирал Д.Дэлгэрнаран биечлэн гэрээг байгуулаагүй, гэрээний нүүр болгонд талуудын гарын үсэг зурагдсан байдаг боловч энэ нь дээр дурьдсан гэрээг байгуулж буй эрх бүхий албан тушаалтан болох Д.Дэлгэрнаран бус сурталчилгааны ажилтан гарын үсэг зурсан байдаг.

Гэрээ нэг талын хүсэл сонирхлын илэрхийлэл болж бичигдсэн нь нэхэмжлэгчийн бэлтгэсэн уг гэрээний барааг буцаах тухай заалтаас тодорхой харагддаг. Гэрээнд  барааг буцаах тухай зохицуулалт байдаг ч гэрээг байгуулагдсанаас хойш 3 хоногийн хугацааг л олгосон байдаг. Энэ нь худалдан авагч талын татгалзах эрхээ хэрэгжүүлэх хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, хууль зөрчсөн гэрээ гэж үзэх үндэслэлийг бий болгосон гэж үзэж байна.

Хариуцагчийн хувьд огтхон ч хэрэглээгүй учир төхөөрөмжөө буцааж ав гэдэг саналыг гэрээ байгуулагдсаны дараа ч, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн өмнө ч илэрхийлсээр байсан. Гэтэл нэхэмжлэгч гэрээнд заасан төхөөрөмжийг буцаах хугацаа дууссан гэдэг байдлаар хандсан байдаг.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа энэ тохиолдолд хариуцагчийн тайлбарт дурьдсан асуудлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ шүүхийн шийдвэрт тодорхой заах ёстой атал энэ талаар дүгнэлт хийхгүй байгаа нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй болно. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/03426 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч “Э Э Э И В” ХХК нь хариуцагч О.Б-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 6 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Нэхэмжлэгч “Э Э Э И В” ХХК, хариуцагч О.Б- нар нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “3000i” загварын уураар цэвэрлэгч төхөөрөмжийг 6 500 000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь урьдчилгаа төлбөр 500 000 төгрөгийг гэрээ байгуулагмагц худалдагч талд бэлнээр болон дансаар шилжүүлэх, үлдэгдэл төлбөрийг 12 сарын хугацаанд сар бүрийн 25-нд 500 000 төгрөгийг төлөх, гэрээний 7.3-т “худалдан авагч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд энэхүү гэрээний 3.3.2-т заасан төлбөр төлөх хугацаа дуусмагц хоног тутамд худалдагчид төлбөл зохих үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх 6-8/

Талуудын дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар баримт үйлдэж гарын үсэг зурж байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэж дүгнэлт хийсэн нь зөв байна.

            Хариуцагч О.Б- нь гэрээний 3.3.1-т зааснаар урьдчилгаа төлбөрт 500 000 төгрөг төлсөн талаар зохигчид маргаагүй /хх 9/. Харин хариуцагч нь гэрээний зүйл болох уураар цэвэрлэх төхөөрөмжийг зах зээлийн ханшаас хэт өндөр үнэтэй, худалдагч нь бүтээгдэхүүний дагалдах хэрэгсэл болох алчуурыг дутуу өгсөн, ажиллуулах зааварчилгааг өгөөгүй” гэж маргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн талын хүсэлтээр “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон байх ба шинжээчийн дүгнэлтээр тус уураар цэвэрлэх төхөөрөмжийн зах зээлийн үнийг 6 900 000 төгрөгөөр үнэлсэнд зохигчид хэн аль нь гомдол гаргаагүй байна. /хх 34, 38/

Иймд шүүх хариуцагч О.Б-аас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 6 000 000 төгрөг, алданги 500 000 төгрөг, нийт 6 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э Э Э И В” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдолдоо “талуудын хооронд байгуулагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээнд худалдагч талыг төлөөлж эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, худалдагч талаас уг төхөөрөмжийг ажиллуулах, ашиглах талаар заавар зөвлөгөөг өгөөгүй, энэ талаарх сургалт явуулах үүргээ хэрэгжүүлээгүйгээс шалтгаалан хариуцагч О.Б-ы хувьд тус төхөөрөмжийг авсан өдрөөсөө хойш нэг ч удаа ашиглаж чадаагүй” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээнд худалдагч талыг төлөөлж “Э Э Э И В” ХХК-ийн захирал Д.Дэлгэрнаран гарын үсэг зурж, байгууллагын тамга, тэмдэг дарагдсан байх тул гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ. Түүчнлэн, ажиллуулах зааварчилгааг өгөөгүй нь гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй бөгөөд худалдан авагчаас тус төхөөрөмжийг ажллуулах зааварчилгааг худалдагч байгууллагаас шаардаж байсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/03426 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч О.Б-аас төлсөн 118 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

.                                    

                    ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

 

                                              ШҮҮГЧИД                                  Д.БАЙГАЛМАА

 

                                                       Д.ЦОГТСАЙХАН