Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 00118

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                        П.Нямсүрэн

             Улсын яллагч                                       Э.Энхбат

  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч   С.С, С.Д

  Хохирогчийн өмгөөлөгч                        А.Отгонбаяр

             Шүүгдэгчийн өмгөөлөгч                       А.Мөнхтулга

              Иргэний нэхэмжлэгч                                Д.Бямбасүрэн, Т.Ж

              Гэрч                                                             Б.Б, Б.Бат-Эрдэнэ

                         Шүүгдэгч                                               Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Бт холбогдох 201718020082 тоот эрүүгийн хэргийг хянан  хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 3, аав, ээжийн хамт Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2-р баг, 6-01 тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /НМ:*/ Хиад боржигон овогт Бат-Эрдэний Б.

 

Б.Б нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3-р багийн нутаг дэвсгэр буюу Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн төв асфальтан замд 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 21 цагийн орчим өөрийн эзэмшлийн “60-87” ТӨВ улсын дугаартай Хюндай Маяти маркын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас эсрэг урсгалд явсан “02-66” ОРО улсын дугаартай Хюндай Айропэсс загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, “60-87” ТӨВ улсын дугаартай Хюндай Маяти маркын тээврийн хэрэгсэлд зорчин явсан С.Бийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: … 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр талийгаач С.Б ах бид хоёр Төв аймгийн Жаргалант сумаас 1 тонн гаруй төмс ачаад Баруунхараа явсан. Тэгээд “Тахилтын даваа” уруудаж яваад руль маань гэнэт гацаад ямар машинтай мөргөлдсөнөө мэдэхгүй нэг мэдэхэд хотод оччихсон байсан. Тэр явдлаас болоод хотод эмчилгээ хийлгэж байгаад гарсан өөр зүйл байхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Миний буруу гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С мэдүүлэхдээ: … 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байхаа 15 цагийн орчим нэг танихгүй дугаараас залгасан утсаа автал мөрдөн байцаагч М гэж хүн байна. С.Б гэдэг хүний эгч нь мөн үү гэхээр нь мөн гэсэн чинь төрсөн эгч нь үү, хамаатных нь эгч нь үү гэхээр нь төрсөн эгч нь гэсэн чинь зам тээврийн осолд ороод бие нь нилээд тааруу байгаа шүү гэж хэлсэн тэгэхээр нь би хаана очих ёстой юм бэ гэсэн чинь 30 минутын дараа миний өрөөнд хүрээд ирээ гэсэн. Тэгээд би явж очоод М байцаагчийн өрөөнд ороход уучлаарай дүү чинь осолд ороод өнгөрчихсөн шүү би түрүүн хэлж чадаагүй юмаа гээд анхан шатны байцаалтыг авсан. Хохирогчийн талаар ямар холбоотой, ямар хүн байсан талаар мэдүүлэг надаас авсан. Тэр мэдүүлэг хавтаст хэрэгт байгаа. Мэдээж хүний амь нас хохирсон л юм чинь надад үнэхээрийн харамсалтай байгаа гэсэн хэдий ч гэр бүлийнхэн маань шүүгдэгч Б.Быг залуу хүн, хоёр хүүхдийн эцэг гэдэг утгаар нь дээрээс нь энэ хүн маань тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа эрүүл байсан гэж үзээд бид хүндэтгэлтэй хандаад Б.Быг өршөөн хэлтрүүлж байгаа юм. Гэхдээ би жолоочийн зөв байсан гэж хэлж байгаа юм биш энэ бол жолоочийн буруу үйлдэлээс осол гарч хүний амь нас хохирсон. Оршуулгын зардал 4000000 гаран төгрөгийг төлсөн нэхэмжлэх зүйлгүй. Манай талийгаач дүүтэй амьдарч байсан С.Дын хувьд би жаахан юм хэлмээр байна. Энэ хүн бол манай дүүтэй амьдарч байгаад өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай болоод одоо тэр хүнтэйгээ цуг амьдарч байгаа. Тэгээд тэр үедээ толгой мэдэн шийдээд амьдралаа салгаад өөр хүнтэй амьдарсан. Ямар ч байсан миний хувьд банкны мөнгөний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл тэр хүний халуун амьдрал руу орж ирээд, хүний амьдрал бусниулчихсан байгаа хүн яагаад тэр хариуцлагыг үүрдэггүй юм бэ, эхнэрээс нь салгаж суучихаад яагаад банкных нь мөнгийг нь төлдөггүй юм. Хоёр хүүхдэд нь яагаад тусалдаггүй юм бэ би үүнийг бас гайхаад байна. Энэ талаар хууль хяналтын байгууллагын хүмүүс маань бас нэг зүйлийг бодолцоорой, судалж үзээрэй өөр санал алга. Шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Д мэдүүлэхдээ: … 2015 онд талийгаач бид хоёр зээл авсан байгаа. Хэргийн талаар бол 2017 оны 03 дугаар сарын 22-ны орой манай ээж рүү С эгч хэлсэн байсан тэгж сонсоод ирсэн. М гэдэг байцаагчид би байцаалт өгсөн тэгэхэд тухайн үед манай хоёр хүүхдийг харах хүн байхгүй байсан. Тийм учраас С эгч надтай 2017 оны 04 дүгээр сард ирж уулзсан. Тэгэхдээ эгч нь хохирогчоор оръё чи завгүй хоёр хүүхэд энэ тэр гэж байгаа юм чинь гээд, би ч бас өөрөө хоёр хүүхэд харах хүн байхгүй болохоор нааш цааш яваад байж чадахгүй юм байна гээд хэлээд С эгчийг хохирогчоор та зөвшөөрч ороо гэж хэлсэн. Тэгээд би өөрөө хууль сайн мэдэхгүй байсан. Дараа нь хууль судлаад үзсэн чинь би талийгаачтай гэрлээд 10 жил болчихсон гэрлэлтийн баталгаатай гэр бүл байсан тэрийгээ цуцалсан зүйл байхгүй тийм учраас хоёр хүүхдийнхээ өмнөөс тухайн хүний хууль ёсны хохирогчоор орох эрхтэй юм байна лээ. Тэрнийхээ дагуу өөрийгөө хохирогчоор тогтоохыг хүссэн. Тиймээс одоогоор би ажилгүй байгаа учраас Хас банкинд бид хоёр 5000000 төгрөгний зээл авчихсан байсан. Тэрийг 3 сараас хойшхи үлдэгдэл 1250000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн С.Б нь Б гэдэг айлд 450000 төгрөгний цалинтай ажиллаж байсан цалингийн зөрүү болох 310000 төгрөг халамжаас олгож байгаа 140000 төгрөгийг хасаад ийм гарч байгаа. Өөрөөр хэлбэл 7-9 насны хоёр хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү гэсэн үг бас өмгөөлөгчийн хөлс 600000 төгрөгийг тус тус нэхэмжилнэ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Т.Ж мэдүүлэхдээ: … 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хуваарийн дагуу Орхон аймгаас Hyundai area space маркийн 02-66 ОРО улсын дугаартай автобустай 17 цаг 30 минутанд 21 хүнтэй хөдөлсөн. Тэгээд 21 цаг өнгөрч байхад Тахилтын даваа өгсөж явахад урдаас гэрлээ шилжүүлэхгүй машин орж ирээд би гэрлээ шилжүүлтэл өөдөөс урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгэхээр нь би гэрлээ шилжүүлчихээд бараг замынхаа шороон далан руу гараад зогссон. Тэгэхэд урдаас ирээд мөргөсөн. Hyundai маркийн машин байсан. Тэр машин хурд хассан зүйл мэдэгдээгүй. Бараг 40-50 метрийн зайнаас эсрэг урсгалд орж ирээд урдаас давхиад ороод ирсэн. Тэгээд урдаас мөргөсөн мөргөлдөх үед хашлага дээгүүр урд талын хоёр дугуй тэр чигээрээ давсан байгаа. Хэрвээ тэр хашлага байгаагүй тохиолддолд автобус тэр чигээрээ баруун талын жалга руу унах байсан. Аюулгүйн хашлага байсан тулдаа урд талын дугуйны запас дугуй хойшоо унаж тэрийг тогтоосон. Ингээд ослоос гарсан хохирол 12700000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ нь болохоор машины эвдрэл, байгууллагын гэх бүх хохиролууд нь ороод ийм мөнгө болж байгаа гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Д.Бямбасүрэн мэдүүлэхдээ: … 2016 оны 03 дугаар сарын 20-ны оройн 17 цаг 30 минутаас Эрдэнэтээс Улаанбаатар хот руу том оврын автобусаар манайх тээвэр гүйцэтгэж 21 зорчигчтой явж тэр дунд нь би өөрөө сууж явсан. Тухайн үед хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгсэл ордог. Жолооч маань мэргэшсэн жолооч явдаг. Тэгээд даваа өгсөж явахад машины хурд аяндаа саарсан. Саарсан ч байдаг. Бид нар өөрсдөө жи-би-ээсийн хяналттай тухайн автобус хурд хэтрүүлсэн эсэхийг хянасан төхөөрөмжтэй явдаг. Гэтэл яг огцом өөдөө өгсөөд явж байхад урдаас нь маяти маркийн машин орж ирэхдээ шүүгдэгч бол өөрөө би хурдаа сааруулаад тормоз гишгэсэн гэсэн байсан тормоз гишгэж хурд саарсан бол мөргөөд зогсох байсан. Гэтэл хурдтай учраас тэр машин хүчтэй цохиж эргээд дээшээгээ харсан байсан. Тиймээс хурд саараагүй гэж үзсэн. Мөн манай машины зай нь бол бараг 4 машин гарахаар цагаан зураас байхад манай машин өөрийнхөө зураасан дээр шүүгдэгчийн машин нөгөө зураасан дээр л явах ёстой. Тэгсэн манай цагаан зураасыг давж орж ирээд мөргөсөн, манай машин шороон зам руу гарсан. Хамгийн аюултай нь хашилга байгаагүй байсан бол олон хүний амь эрсдээд бараг 20 хүн үгүй болох байсан. Тиймээс манайх хүн эрсдээгүй болохоор тухайн хүний амьдрал юм чинь гэж бодсон. Би өөрөө тэр үед явж байсан болохоор гарч харсан. Машин ирээд хүчтэй мөргөнгүүт автобус хүнд даацтай тул машины рульд хавчигдаад доторх хүн өнгөрсөн байсан. Тэр машин дээрээ төмс болон зохих хэмжээний ачаанууд аччихсан байсан. Тэгээд энэ  хохирол бол байгууллагын хувьд маш их хохирол бид нар зохих хэмжээний зам тээврийн яамны сайдын бодлого чиглэлийн дагуу авто тээврийн үндэсний төвтэй гэрээ контракттай явдаг. Зорчигчийн үнэлгээг зам тээврийн яамны тушаалаар батлагдсан 1 хүний 15000 төгрөгөөр хүнээ авч явж 21 зорчигчтой явж байгаад тухайн машины эзэмшигч манай жолооч байдаг. Тэгээд тэр зорчигчдынхоо даатгалыг хийлгэсэн байдаг мөн түлшний зардал байдаг. Бидний тооцоог онлайн системээр ороод түүндээ хадгалагдаад орлогынхоо хувийг өгөөд байж байдаг юм. Тэгсэн автобусныхаа тооцоог интернетээс харж хяналт тавьдаг. Манайх 8 автобус явахад 1 жолооч сардаа 11 рес хийдэг. Сард 11 удаа явахад 1 талд, 2 талд гээд 35 хүнээр дундажлахад манай жолооч сард 3-5 сая төгрөгний орлого өгдөг. Үүндээ улсад төсөв хөрөнгөө өгдөг. Сардаа 8300000 төгрөгний татвар бид нар улсад өгдөг. Жилдээ 80 сая төгрөгний татвар төлдөг. Улсын бүртгэлийн гэрчилгээтэй ийм байгууллага. 12 сая төгрөгний тооцоог бол би тухайн 03, 04, 05-р сарын нийт тооцоог би дундажлаж гаргасан. Тэгээд 12800000 төгрөг байсан. Мөн зохих хэмжээний би энэ хүнийг бодоод бага хохирол нэхэмжлээд авчихъя гэж хэлсэн. Тухайн үед манай машин 35 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан автобус байсан. Тэгээд үүнээс болоод ямар ч тээвэр хийх боломжгүй одоо ч гэсэн байхгүй бид автобусаа сэлбэгт 8 сая төгрөгт өгсөн. Тухайн үед тэр машин банкны зээлэнд 10 сая төгрөгний зээлтэй байсан. Бид нар дахиад үйлчилгээ явуулахын тулд ахиад би 55 сая төгрөгөөр автобус авсан. Байгууллагын хувьд маш их хохирол гарсан. Би автобусаа 35 сая төгрөгөөр үнэлээд сэлбэгт 8 сая төгрөгөөр зарахад 27 сая төгрөг байгууллагад хохирол болж гарсан. Түүн дээр аж ахуйн нэгжийнхээ орлогыг 9 сая гэж нэмэхэд би бараг 36 сая төгрөг энэ хүнээс нэхэмжлэх ёстой байсан. Харин харж үзээд 12 сая төгрөгийг та нар надад барагдуулчихаачээ гэж хэлсэн. Даатгалын байгууллагаас 4020000 төгрөгийг би арай ядан гуйж байж би авахуулсан. Одоо би анх нэхэмжилсэнээрээ 12700000 төгрөгөө нэхэмжилж байна. Өшөө би нэхэмжлэх байсан бол 36 сая төгрөг нэхэмжлэх байсан шүү. Тэгтэл бид нарын энэ юмыг үзэж харах юм бол бид нар албан ёсны гэрээ байгаа, тариф байгаа энэ бүх зүйл онлайнаар гарчихдаг учраас бид хийсвэрээр тооцоо гаргадаггүй, бүх зүйл байгаа, улсын бүртгэлийн гэрчилгээ байгаа, 50 хүний гишүүн байдаг тийм учраас нэхэмжилж байгаа мөнгө маань хууль ёсны дагуу байгаа шүү. Харин биднээр үйлчлүүлж байсан хохирогчийн мөнгийг энэ хүмүүс хоорондоо зохицуулаад Г гэдэг хүний мөнгийг талыг нь өгсөн байгаа байх бид нараас давхар нэхдэг. Тийм зүйлүүд бас байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр энэ хүнийг хүндэтгэж их мөнгө нэхэмжлээгүй 12700000 төгрөгөө л нэхэмжилж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: … Би Төв аймагт амьдардаг. Талийгаач болохоор манай хүүхдүүдтэй Төв аймгийн Жаргалант суманд амьдардаг байсан. Талийгаач манай том хүүтэй хамт ажилладаг байсан. Талийгаачийг хэдэн төгрөгний цалинтай ажил хийж байсан талаар мэдэхгүй гэв.     

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Б мэдүүлэхдээ: … Талийгаачтай албан ёсоор ажил хийх талаар гэрээ байгуулаагүй. Гэхдээ талийгаачид сард 300000 төгрөгний цалин өгдөг байсан гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Сгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … С.Б бол миний төрсөн дүү байгаа юм. Төв аймгийн Жаргалант суманд Б гэдэг хүнтэй найзалж ажил төрөлд нь туслаж амьдардаг байсан. Би хамгийн сүүлд 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр дүүгийн хамт Төв аймгийн Жаргалант суманд амьдардаг айл болох Бынд оччихоод салсан ба биеийн эрүүл мэндийн хувьд хэвийн байсан. Зам тээврийн осол гэнэтийн шинжтэй байдаг байх гэвч чухам яагаад жолооч нь машинаа тоормослож зогсоож чадаагүй юм бол гэдэгт эргэлзэж байгаа юм. Оршуулгын зардал 4170450 төгрөг зарцуулсан ба Б.Б 5600000 төгрөг төлсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-23, 25-р хуудас/

         Иргэний нэхэмжлэгч С.Дын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … Талийгаач С.Б бид хоёрын дундаас 2 хүүхэд төрсөн ба хэдийгээр салсан байсан ч гэсэн хоёр хүүхдээ насанд хүртэлх хугацаанд буруутай хүнээс тэтгэмж авах хүсэлтэй байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 59-р хуудас/

          Гэрч, иргэний нэхэмжлэгч Н.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … Бид нар Баруунхараа дээр хоол идээд цаашаа хөдөлсөн ба гадаа харанхуй болсон байсан учраас би жаахан унтах гээд сандал хойшлуулаад нүдээ аниад хэвтээд удаагүй пис пас гээд мөргөлдөх чимээ гарсан. Би өөрөө шидэгдээд жолоочийн ар талд унасан байсан. Ослын дараа миний нуруу, сүүж, толгой өвдөж байсан. Би зураг авахуулахад ясны бэртэл бол байхгүй, зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэсэн. Одоо миний баруун хөлний өвдөгөөр өвддөг болсон, эмчилгээний зардал төлөөд өгвөл гомдолгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 63-р хуудас/

           Гэрч, иргэний нэхэмжпэгч Б.Эийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … Сэлэнгэ аймгийн Баянгол сум өнгөрөөд явж байтал миний сууж явсан автобусны урдаас ачааны машин мөргөж осол гаргасан. Харанхуй байсан гэнэт л тийм явдал болсон. Биед ил харагдах гэмтэл байхгүй ба би жирэмсэн тул доргилтын улмаас хүүхэд маань доошлоод зулбах гээд байгаа юм шиг болсон. Харин азаар хүүхдэд ямар нэгэн асуудал болсонгүй. Эмчилгээний зардал болох 150000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 67-р хуудас/

           Гэрч, иргэний нэхэмжлэгч Т.Жн  мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … Тахилтын даваа өгсөөд явж байтал эсрэг талаас нэг машин тойрог уруудаж явсанаа гэнэт 30 орчим метрийн зайнаас шууд эсрэг урсгал руу орж манай автобусыг чиглэхээр нь би хурдаа хасаад бүр ойртоод ирэхэд нь бараг зогстол нөгөө машин автобусны зүүн урд хэсэг рүү мөргөж, мөргөсөн хүчинд нь манай автобус давааны аюулгүйн тойргийн төмөр хамгаалалт дээгүүр урд 2 дугуй давж, харин нөгөө мөргөсөн машин зам дээр зүүн гар тийш бүтэн эргэж зогссон юм. Ингээд буугаад ирэхэд автобусыг мөргөсөн машины жолооч жолооны хүрдэн дээрээ дэрлээд хөдөлгөөнгүй, харин хажуугийн суудал дээр нэг хүн хавчуулагдсан байсан ба онцгой байдлын албан хаагчид ирж гаргаж авахад нас барсан байдалтай байсан. Уг машин тоормос ч гишгээгүй ерөөсөө хар хурдаараа давхиж ирээд л манай автобусыг мөргөсөн ба ослын газар харахад уг машин ядаж тоормос гишгэсэн мөр зорчих хэсэг дээр байгаагүй. Миний жолоодон явсан автобус “Арвин шар зам” хоршооны эзэмшлийнх ба компаниас гаргаж өгсөн албан бичигт дурьдсан хохирол буюу 12291700 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 38-39, 53-р хуудас/

             Гэрч Л.Эгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … Тахилтын даваа өөд өгсөөд явж байсан ба би автобусны хамгийн урд талын суудалд сууж явахад тус давааны уруу нэг машин өөдөөс чиглээд давхиж ирсэнээ автобусыг мөргөсөн. Баримжаагаар 50-60 орчим метрийн зайнаас урсгал сөрөөд орж ирсэн. Автобус тухайн машинд мөргүүлээд замын хажуугийн төмөр хашлага дээгүүр урд хэсгээрээ давж бараг л баруун гар тал руу гүнзгий жалга руу унах шахсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 54-р хуудас/

2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №26 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ... Талийгаач С.Б нь гавал тархи, цээж, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ гэх дүгнэлт /ХХ-ийн 102-108-р хуудас/

        2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 11/24 дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлт: ... Б.Бын жолоодон явсан 60-78 ТӨВ улсын дугаартай Хюундэй Маяти загварын автомашины “жолооны шингэнт хүчлүүр эвдэрсэн гэмтэл нь осол болоход нөлөөлөх боломжтой гэнэт техникийн эвдрэл үүссэн бол жолооч автомашиныг зогсоох боломжтой эсэх нь тухайн нөхцөл байдлаас хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 84-85-р хуудас/

        Туршилт хийсэн тухай тэмдэглэл, шүүхийн гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 120-124-р хуудас/

         2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн №35 дугаартай дүгнэлтэнд: ...  Жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн. Дээрх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол хэрэг гарах нөхцлийг бүрдүүлсэн байна гэх дүгнэлт /ХХ-ийн 126-р хуудас/

           Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн зургийн үзүүлэлт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /ХХ-ийн 3-11-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Б.Б нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын МСТТ-ийн Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 140 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 16 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3-р багийн нутаг дэвсгэр буюу Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн төв асфальтан замд 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 21 цагийн орчим өөрийн эзэмшлийн “60-87” ТӨВ улсын дугаартай Хюндай Маяти маркын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас эсрэг урсгалд явсан “02-66” ОРО улсын дугаартай Хюндай Айропэсс загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, “60-87” ТӨВ улсын дугаартай Хюндай Маяти маркын тээврийн хэрэгсэлд зорчин явсан С.Бийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Сгийн мэдүүлэг /ХХ-ийн 22-23, 25-р хуудас/, Иргэний нэхэмжлэгч С.Дын мэдүүлэг /ХХ-ийн 59-р хуудас/, Гэрч, иргэний нэхэмжлэгч Н.Гийн мэдүүлэг /ХХ-ийн 63-р хуудас/, Гэрч, иргэний нэхэмжпэгч Б.Эийн мэдүүлэг /ХХ-ийн 67-р хуудас/, Гэрч, иргэний нэхэмжлэгч Т.Жгийн мэдүүлэг /ХХ-ийн 38-39, 53-р хуудас/, Гэрч Л.Эгийн мэдүүлэг /ХХ-ийн 54-р хуудас/, 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №26 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт /ХХ-ийн 102-108-р хуудас/, 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 11/24 дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 84-85-р хуудас/, Туршилт хийсэн тухай тэмдэглэл, шүүхийн гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 120-124-р хуудас/, 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн №35 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 126-р хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн зургийн үзүүлэлт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /ХХ-ийн 3-11-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээч нарын дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Быг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас “60-87” ТӨВ улсын дугаартай Хюндай Маяти маркын тээврийн хэрэгсэлд зорчин явсан С.Бийн амь насыг хохироосон буюу /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Б.Бт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон өөрчилөн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Быг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3-р багийн нутаг дэвсгэр буюу Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн төв асфальтан замд 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 21 цагийн орчим өөрийн эзэмшлийн “60-87” ТӨВ улсын дугаартай Хюндай Маяти маркын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас эсрэг урсгалд явсан “02-66” ОРО улсын дугаартай Хюндай Айропэсс загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, “60-87” ТӨВ улсын дугаартай Хюндай Маяти маркын тээврийн хэрэгсэлд зорчин явсан С.Бийн амь насыг хохироосон нь тогтоогдож байна гэж үзэн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Э мөрдөн байцаалтын шатанд 150000 төгрөг, Н.Г 350000 төгрөгний тус тус нотлох баримттай зардал шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд дээрхи хохирол төлбөрийг шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан байх тул иргэний нэхэмжлэгч Б.Э, Н.Г нарт хэлэлцэгдэх хохирол төлбөр байхгүй гэж үзэх үндэслэлтэй байх ба Д.Бямбасүрэн, Г.Ж нар нь хавтаст хэрэгт авагдсан тооцооны хуудас /ХХ-ийн 45 дугаар хуудас/,  Байгууллагын үнэлгээний тайлан /ХХ-ийн 47-50 дугаар хуудас/, Авто машины үнэлгээний тайлан /ХХ-ийн 94 дүгээр хуудас/, авто машины эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /ХХ-ийн 93 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчээс 12291700 төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч, дээрхи хохирол төлбөрөөс 4200000 төгрөгийг даатгалын байгууллагаас иргэний нэхэмжлэгч Д.Бямбасүрэн, Г.Ж нарт олгосон болох нь тэдний тайлбараар тогтоогдож байх тул төлөгдөөгүй үлдсэн 8091700 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Бямбасүрэн, Г.Ж нарт олгох нь зүйтэй байна.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр шүүхийн шатанд тогтоогдсон С.Д нь ..... Талийгаачтай хэдийгээр тус тусдаа амьдардаг байсан ч гэсэн бид гэр бүл болоод 10 жил болсон бөгөөд гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй байсан. Мөн талийгаач нь сард 450000 төгрөгний цалинтай ажил хийдэг байсан. Иймд шүүгдэгчээс Хас банкнаас авсан банкны зээл болон талийгаачийн цалингийн зөрүү, тэжээгчээ алдсаны тэтгэвэрийн зөрүү зэргийг нэхэмжилж байна гэх боловч талийгаачийн сарын орлогыг тодорхойлох нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, эрүүл мэндийн даатгалын дэвтэрийн хуулбар, цалингийн тодорхойлолт зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байх тул гэрч Б.Бын мөрдөн байцаалтанд өгсөн “...би талийгаачид нэг сард 450000 төгрөгөөр тооцож ажлын хөлс олгодог байсан ...” гэх, шүүхийн хэлэлцүүлэгт “... талийгаачид сард 300000 төгрөгний ажлын хөлс өгдөг байсан...” гэх зэрэг зөрүүтэй мэдүүлгүүдийг үндэслэн талийгаачийн тогтмол цалин хөлс орлоготой байсанг тогтоох боломжгүй байна.

Мөн С.Д, талийгаач С.Б нар нь Хас банкинаас 5000000 төгрөгийн өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан, зээлтэй талаарх 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №1100017652 тоот зээлийн гэрээний хувийг нотариатчаар гэрчлүүлж шүүх хуралдааны үед шинээр гаргаж өгсөн боловч С.Д, С.Б нар нь тус зээлийг авч өрхийн хэрэгцээндээ зарцуулсан, Хас банкнаас уг зээлтэй холбоотой нэхэмжлэл гаргасан баримт хэрэгт байхгүй, С.Д нь зээлдүүлэгчийг төлөөлөх бүрэн эрхтэй эсэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Иймд хүүхдийн тэтгэвэрийн зөрүү, Хас банкны зээлийн үлдэгдэл гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ. Харин өмгөөлөгчийн ажлын хөлсөнд нэхэмжилсэн 600000 төгрөгийг шүүгдэгч Б.Баас иргэний хуульд зааснаар гаргуулах нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Бын өмчлөлийн Сони зурагт 1 ширхэг, ханын тавилга 1 ширхэг, Самсунг хөргөгч 1 ширхэг, Hundai mygti маркын 60-87 ТӨВ улсын дугаартай авто машин битүүмжилсэн ба эдгээр эд хөрөнгө нь гэр бүлийн дундын эд хөрөнгө бөгөөд чанар байдлын хувьд дунд,  Hundai mygti маркын 60-87 ТӨВ улсын дугаартай авто машин нь ослын улмаас эвдэрч гэмтсэн зэрэг байдлыг харгалзан эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хиад Боржигон овогт Бат-Эрдэний Быг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 600000 /зургаан зуун мянган/ төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1-р баг 1-026 тоотод оршин суух хаягтай, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Боржигон овогт Сүхбаатарын Дд, мөн шүүгдэгчээс 8091700 /найман сая ерэн нэгэн мянга долоон зуун / төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Арвин шар зам” хоршооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, С.Бямбасүрэн нарт тус тус олгож, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Д нь хүүхдийн тэтгэвэрийн зөрүү, болон Хас банкны зээлийн үлдэгдэл гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй болохыг дурьдсугай.

5. Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүйг  тус тус дурьдсугай. 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар энэ хэрэгт Б.Бын өмчлөлийн Сони зурагт 1 ширхэг, ханын тавилга 1 ширхэг, Самсунг хөргөгч 1 ширхэг, Hundai mygti маркын 60-87 ТӨВ улсын дугаартай авто машин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Бын №595079 дугаартай жолоочийн “В.C.D” ангилалын үнэмлэхийг эрх хасах тухай шийтгэх тогтоолын хамт тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

            8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ж.ЭРДЭНЭБАТ.