Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2021/ДШМ/43

 

 

                                      У.Ням-Очирт холбогдох  

                                        эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                          Г.Давааренчин

                                  Шүүгчид                                       Б.Эрдэнэхишиг                           

                                                                                       Д.Буянжаргал

                                                                 Оролцогчид

                                   Прокурор                                     А.Баясгалан

                                     Шүүгдэгчийн өмгөөлөгч                М.Гансүх

                                     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатарбэйл овогт Уянгын Ням-Очирт холбогдох эрүүгийн 2131000970078 дугаартай, 175/2021/0096/Э индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд ерөнхий шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлал, зочид буудлын менежер мэргэжилтэй, хил хамгаалаг 0101 дүгээр ангийн хилчин байлдагч, ам бүл 5, ээж, ах, бэр эгч нарын хамт Улаанбаатар хот Хан Уул дүүрэг, 15-р хороо, 79-р байр, 11 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Баатарбэйл овогт Уянгын Ням-Очир /РД:УП94101672/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч У.Ням-Очир нь 2018 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад хамаарах делта-9 тетрагнидроканнабинролын агууламж бүхий 0,0389 грамм, 0.00431 грамм, 0.0258 грамм, 0.0321 грамм, 0.0303 грамм, 0.0193 грамм, 0.0230 грамм, 0.0199 грамм бүхий найман ширхгийг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, улмаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт байрлах Хилийн 0101 дүгээр ангийн хилчин байлдагчаар алба хааж байхдаа өөрийн найз М.Анужингаар өөртөө 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Монгол Шуудан илгээмжээр ирүүлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх У.Ням-Очирт холбогдох хэргийг 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор:

“1.Шүүгдэгч Баатарбэйл овогт Уянгын Ням-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Баатарбэйл овогт Уянгын Ням-Очирыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ням-Очирт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч У.Ням-Очирт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5.Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн кит кат шоколад 3 ширхэг, эссэ тамхи 4 ширхэг, шүд цэвэрлэгч утас 2 ширхэг, сникерс шоколад 1 ширхэг, захидал 1 ширхэг, фото зураг 2 ширхэг зэргийг У.Ням-Очирт буцаан олгож, гялгар уутанд боосон 0,0389гр, 0.00431 гр, 0.0258гр, 0.0321 гр, О.ОЗОЗгр, 0.0193гр, 0.0230гр, 0.0199гр 8 ширхэг НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарах дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий бодисыг устгасугай.

6.Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч У.Ням-Очир нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай...” гэж, эрх бүхий этгээд хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо: “...Хуульч, өмгөөлөгч М.Гансүх миний бие У.Ням-Очирт эрх зүйн туслалцаа үзүүлж, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. У.Ням-Очирт холбогдох эрүүгийн эрүүгийн хэргийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2021 оны 08 арын 09-ний өдөр хянан хэлэлцээд гаргасан 100 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1.Холбогдсон хэргийн талаар: У.Ням-Очирыг мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд У.Ням-Очир нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэх 8 ширхэг мансууруулах бодисыг хэзээ хэрхэн олж авсан болохыг огт тогтоогоогүй ба мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 03 сарын 22-ны худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлага сануулан холбогдсон хэргийнх нь талаар өөрийнх нь эсрэг мэдүүлэг авч, гэрчээр байцаан Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан эрхийг ноцтой зөрчиж, улмаар эрх зүйн байдлыг нь дордуулсан, зөвхөн өөрийнх нь мэдүүлгийг түүнийг яллах талын баримт болгон эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Эдгээр нөхцөл байдалд анхан шатны шүүхээс анхаарал хандуулаагүйн зэрэгцээ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг нарийн тогтоогоогүй, шуудангаар ирсэн илгээмжийг хүлээн авсан нь гэмт хэргийн шинжийг хангасан мэтээр өрөөсгөл дүгнэлт хийсэн байна.

2.У.Ням-Очир нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож ухамсарласан бөгөөд энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд маш ойлгомжтой мэдүүлж тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх түүнийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ туйлын ойлгомжгүй дүгнэлт хийжээ. Тухайлбал У.Ням-Очирын үйлдэл нь нийгэмд ямар аюултай байсан болох, хүүхэд залуучуудын дунд хэрэглээ  ихэссэн, удмын санд нөлөөлж, үндэстэн мөхөөх зэрэг хор аюул нь У.Ням-Очирын үйлдэлтэй хэрхэн шалтгаант холбоотой болох нь тодорхойгүй байх ба уг ойлгомжгүй дүгнэлтээ шүүгдэгчид хорих ялыг биечлэн эдлүүлэх үндэслэл болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн У.Ням-Очирт 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй үндэслэлээ шүүгдэгчийг “оршин суух тодорхой хаяггүй” гэж дурджээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчийн биеийн байцаалтад оршин суух хаягийг дурдсан, мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд биеийн байцаалттай шүүгч биечлэн танилцсан атал илтэд үндэслэлгүй үндэслэл дурдсан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байгаа юм. Миний үйлчлүүлэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийгөө илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэгт холбогдсон нь түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд болсон үйл баримтын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгосон, түүний үйлдлийн улмаас хор уршиг, хохирол учраагүй, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугийн асуудлаар маргаангүй зэрэг байдал нь Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх үндэслэл болох бөгөөд шүүхээс энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр хамааруулах боломжтой байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, У.Ням-Очирын үйлдэлд эрх зүйн дүгнэлт хийж, оногдуулсан хорих ялыг багасган, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. Жич 2021 оны 08 дугаар өдрийн 16-ны өдөр шийтгэх тогтоолыг гардан авсан ба У.Ням-Очирт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгааг анхаарч үзэн эрх зүйн байдлыг дээрдүүлэн хуулийг хэрэглэж, хэргийг шуурхай шийдвэрлэх арга хэмжээ авч өгнө үү гэв.

 

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн үйл баримтад тохирсон гэж үзэж байна. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэгдсэн этгээдийн эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино гэж заасан. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.14 дэх хэсэгт зааснаар ялтан байнга оршин суух хаягтай байх бөгөөд  энэ хуулийн 4.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна гэж заасан. Оногдуулсан ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах нь зүйтэй байсан. Энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдэгдэх үед Өршөөл үзүүлэх тухай хууль хэвлэгдэн гарч, хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээгүй байсан. Миний ойлгосноор хэрэгт авагдсан иргэний бүртгэлийн мэдээллээр энэ хүн Хан-Уул дүүрэгт оршин суудаг гэх бүртгэлийн мэдээлэл авагдсан. Үнэхээр Өршөөл үзүүлэх тухай хуульд өөрийн хүнийг хамруулж, эрх зүйн байдлыг дээрдүүлэх хүсэлтэй байсан бол оршин суух газрын тодорхойлолтыг авч, шаардлагатай баримтыг бүрдүүлж яагаад болоогүй вэ? Иргэний бүртгэлийн баримт бүртгэлтэй гэдгийг л нотолно. Энэ хүн Сэлэнгэ аймагт хилчин, байлдагчаар байгаа учир хаана байна гэж үзэх вэ? Байлдагчийн албыг хааж дуусаад халагдах уу? тэгвэл хаана байх вэ? тус цэргийн ангидаа албаа хаагаад үлдэх үү? Энэ бүгдийг өмгөөлөгчийн хувьд идэвх, санаачилга гаргасан бол шүүх хэрэглэх үндэслэл байсан гэж харж байна. Тиймээс дээрх зүйлс тодорхой болсны дараагаар оногдуулсан ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь зүйтэй гэж үзэж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас У.Ням-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч У.Ням-Очирыг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу У.Ням-Очирт холбогдох эрүүгийн 2131000970078 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

У.Ням-Очир нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч Б.Уянга /хх-ийн 17-18-р ху/, М.Анужин /хх-ийн 22-р ху/, Б.Энх-Уужим /хх-ийн 32-33-р ху/, Ж.Санчир /хх-ийн 38-р ху/, Б.Бямбасүрэн /хх-ийн 40-р ху/, Г.Төмөр /хх-ийн 41-р ху/, Т.Бадрал /хх-ийн 44-р ху/, Ц.Мөнхтөр /хх-ийн 46-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №1848 дугаартай дүгнэлт /хх-ийн 52-53-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №1849 дугаартай дүгнэлт /хх-ийн 59-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан ял шийтгэлийг шүүгдэгчид оногдуулсан байх тул Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Хэдийгээр У.Ням-Очир нь  иргэний үнэмлэхээрээ Улаанбаатар хот Баянгол дүүрэг 16-р хороо Туул 12 дугаар гудамжны 217 тоотод оршин суух хаягтай боловч  хугацаат цэргийн албанд татагдахаас өмнө Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 79 дүгээр байрны 11 тоотод эх, эгч, дүү нарын хамт оршин суудаг байсан болох нь түүний төрсөн эх Б.Уянгын мэдүүлэг, бусад баримтуудаар тогтоогдож байх тул  Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 12 дугаар зүйлийн  12.14-д ....Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна. Шүүх Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авч болно... гэсэн нөхцөлийг хангасан байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Баатарбэйл овогт Уянгын Ням-Очирд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, хяналт тавихыг Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02 ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Баатарбэйл овогт Уянгын Ням-Очирд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, ялтанд хяналт тавихыг Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг У.Ням-Очирт анхааруулсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ                               Г.ДАВААРЕНЧИН

 

                           ШҮҮГЧИД                               Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                                                                                Д.БУЯНЖАРГАЛ