Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2021/ДШМ/44

 

Д.*******, Г.******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                                                Даргалагч, шүүгч                          Д.Буянжаргал

                                             Шүүгчид                                        Б.Эрдэнэхишиг

                                                                                                        Г.Давааренчин                                  

                                                  Оролцогчид:

                                             Прокурор                                      О.*******

                                             Шүүгдэгчийн өмгөөлөгч               М.Гансүх

                                  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцож, Сэлэнгэ аймаг  дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаас гаргасан 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/81 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ын ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн ******* дугаартай, 2 хавтас хэргийг 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

                       Шүүгдэгч нарын биеийн байцаалт:     

Монгол улсын иргэн, **** оны **** дүгээр сарын ***-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, *** настай, ***эгтэй, ****боловсролтой, ******мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **** хамт, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын *** баг ****хэсэг **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Туваанжав овогт *******гийн *******, /РД:******/,

Монгол улсын иргэн, **** оны **** дүгээр сарын ****-ний өдөр Дархан Уул аймгийн Дархан суманд төрсөн, **** настай, *****эгтэй, ***** боловсролтой, ******* мэргэжилтэй, ***********ажилтай, ам бүл *********** хамт, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын *******, /РД:***********/,     

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.******* нь 2020 оны 10-р сарын 23-ны өдөр 23 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7-р багийн 1-р хэсэг 10 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.*******той маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохиж зүүн доод эрүүний шугаман хугарал, уруулд няцарсан шарх, цус хуралт бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Г.******* нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны 23 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7-р багийн 1-р хэсэг 10 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.*******тай маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж унаган баруун мөрний өргөгч шөрмөсний урагдал, хүзүү, баруун шилбэнд зулгаралт, зүүн бугалгад цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх Д.*******, Г.******* нарт холбогдох хэргийг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор:

1. Шүүгдэгч Туваанжав овогт *******гийн *******, шүүгдэгч ******* овогт *******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, Г.******* нарт тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

З. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.*******, Г.******* нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******, Г.******* нарт мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мөрний рентген зураг 6 ширхэг, томографийн оношилгооны зураг 2 ширхэг, сиди 1 ширхэг бичлэгийг хэргийн хамт архивд шилжүүлж, гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.*******, шүүгдэгч Г.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.******* нь Г.*******т 385.400 төгрөгийн эмчилгээний зардал төлүүлж, шүүгдэгч Г.******* нь Д.*******д гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.000.000 төгрөг төлүүлсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлыг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсүгэй...” гэж, дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Г.*******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2021 оны 06 сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд гаргасан 81 дугаартай шийтгэх тогтоолоор Г.******* нь Д.*******г шанаан тус газар нь цохьсны улмаас Д.******* нь газар тулж дарж унан баруун мөрний өргөгч шөрмөсний урагдал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэж дүгнэн ял шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон дараахь үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Д.*******гийн  эрүүл мэндэд хохирол учирсан эсэхийг тоггоосон шинжээч эмч Т.Насанжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт : “...хүн цохих үйлдэл хийх үед, огцом хөдөлгөөн хийх үед мөрний өргөгч шөрмөсний хэсэгчилсэн урагдал гэмтэл учирсан буюу мөр мултрах боломжтой талаар мэдүүлсэн ба Д.******* нь Г.*******т цохиулсны улмаас газар унахдаа уг гэмтлийг авсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдоогүй, түүнчлэн хохирогч Д.******* нь хойшоо ухарч байхдаа унаж мөрөө гэмтээсэн талаар мэдүүлсэн байсан зэргээс үзэхэд Г.******* нь уг гэмтлийг учруулсан эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм.

2. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хохирогч Д.*******гийн 1.000.000 төгрөгийн үнэ бүхий гар утасны үнийг Г.*******оос гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь уг гар утас нь хаана байсныг Г.******* хэрхэн гэмтээсэн нь хэрэгт шалгагдан тогтоогдоогүй байдаг.

3. Миний үйлчлүүлэгч Г.******* нь Д.*******д зодуулсны улмаас эмчлүүлэн, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар нотлох баримтыг гаргаж өгсөн боловч нотлох баримтын хэмжээнд үнэлэлгүй, ямар үндэслэлээр шийдвэрлээгүй талаар тодорхой дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн. Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2021 оны 06 сарын 24-ний өдөр хянан хэлэпцээд гаргасан 81 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.*******, Г.******* нарын хувьд бие, биедээ хүндэвтэр гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдож, хуульд нийцүүлэн нотлох баримтыг цуглуулж, шүүхэд шилжүүлсэн байгаа. Үүнд өмгөөлөгчийн ярьж байгаа Г.*******ийн ямар үйлдлээс Д.******* гэдэг хүний биед гэмтэл учирсан юм бэ? гэж байна. Мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан 3 гэрчийн мэдүүлэгт Д.*******гийн цохиулж унаж байгаа талаар мэдүүлж, унасан газрыг хүртэл зааж харуулдаг байгаа. Д.******* гэдэг хүний биед учирсан гэмтэл нь Г.******* гэдэг хүнд цохиулж унахдаа тулах үед нь учирсан гэмтэл гэж хууль зүйн дүгнэлтийг хийсэн. Анхан шатны шүүх энэ дүгнэлтийн дагуу нийцүүлж шийдвэрлэсэн үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж байна. Хоёр дахь асуудлын хувьд Д.*******гийн утсанд учирсан хохирол 1,000,000 нэхэмжилсэн байдаг. Хэргийг шалгах явцад хохирогчоор тогтоогдсон Д.******* энэ талаар мэдүүлсэн байгаа. Мөн шүүх хуралдаан дээр утасны талаар мэдүүлсэн байдаг. Г.******* гэдэг хүний шидсэн эсхүл дэвссэн үйлдлээс биш цохиулж унахад нь халаасанд нь гэмтсэн гэж хэлдэг. Мөн Г.******* гэдэг хүнээс баримт гаргаж нэхэмжлэл гаргасан ч шүүгчийн зүгээс баримтыг шаардлага хангахгүй байна гэж татгалзаж, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Д.*******, Г.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Д.*******, Г.******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.*******, Г.******* нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд тухайн хэрэгт авагдсан нотлох баримтуудад бүхэлд нь үнэлэлт, дүгнэлт өгч хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж, аль нотлох баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгож, алийг нь няцаан үгүйсгэж байгаа үндэслэлээ тодорхой зааж байх учиртай.

Гэтэл  шүүх Д.*******д учирсан хохирлыг шийдвэрлэхдээ зодоон болох үед Д.******* нь гар утастай байсан эсэх, уг зодооны улмаас тухайн гар утас нь хэрхэн, яаж гэмтсэн эсэх зэрэг асуудлыг мөрдөн байцаалтын шатанд тогтоогоогүй байхад хэрэгт авагдсан нотлох баримтгүйгээр зөвхөн түүний мэдүүлгийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.000.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн, хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн зохих зүйл, заалтыг хэрэглээгүй, мөн Г.******* нь Д.*******д зодуулсны улмаас түүнд учирсан хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхдээ хэрхэн ямар үндэслэлээр нээлттэй үлдээж буй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй;”, 39.7 дугаар зүйлийн 1.1 “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй;” гэсэн үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.7 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг  дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/81 шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шүүхэд буцаасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                                ДАРГАЛАГЧ                       Д.БУЯНЖАРГАЛ

      ШҮҮГЧИД                                 Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                Г.ДАВААРЕНЧИН