Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 00145

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   Б.Ариунсанаа

             Улсын яллагч                                 Э.Энхбат

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                А.Хандмаа

                         Шүүгдэгч                                         Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ж.Бд холбогдох 1732000000032 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1961 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8-р баг Дэнжийн №12 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /МЭ:61101168/ Боржигон овогт Жамсранжавын Б.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Ж.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар баг, Дэнжийн №11 тоотод Б.Оыг өөрийх нь төрсөн хүүг уруу татаж архи уулгалаа гэх шалтгаанаар марган онц харгис хэрцгий аргаар буюу заазуураар толгой, цээж, нуруу, гар, хөл рүү нь цохиж, олон тооны шарх, гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б мэдүүлэхдээ: ... хохирогч Б.О бид хоёр үеэлүүд юм. Б.О нь 21 жилийн өмнө анх 4 настай хүүхэдтэйгээ хамт ирээд манай хаяанд ирж бууж байсан. Нөхөр бид хоёрын гал голомтноос өрх тусгаарлаж байсан. Б.О хоёр хүүг маань уруу татаж архинд оруулсан. Тэр өдөр бага хүүтэй маань байж байсан, тухайн үедээ бага зэрэг архи уусан байснаас болоод хүнээс гарахааргүй үйлдэл хийсэндээ маш их гэмшиж байна. Надад өөрийгөө өмгөөлж хамгаалах зүйл байхгүй, хүний өөдөөс мэс барьж дайрсандаа маш их гэмшиж байна. Та бүхнээсээ уучлалт гуйж байна. Миний буруу. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Б.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 14 цагийн орчимд Бямбаа эгчтэй хамт Тарни 8 дугаар багийн Төмөр замын точек дээр 1 шил архи хувааж уусан. Нэг мэдэхэд би точекийн Жаргал гэх айлд унтаж байсан. Орой 21 цагийн орчимд харих гээд Жаргалын гэрээс гараад явж чадахгүй гуйвж явтал Бямбаа эгчийн хүү Батбаатар тааралдаад гэр лүү хүргэж өгсөн. Тэгээд намайг гэртээ ороод байж байтал Бямбаа эгч гаднаас гартаа заазуур барьчихсан орж ирээд “чи миний хүүтэй архи уулаа” гээд над руу дайраад учиргүй намайг зодож заазуураараа хөл, гуя, толгой, тархигүй цохиж эхэлсэн. Би больё гэж их гуйгаад байсан чинь зодохоо больсон. Тэгээд гараад явахаар нь би хажуу айлын Бгийнд орж тусламж гуйгаад буцаад Бгийн хамт гэрт ирээд байж байтал гаднаас Бямбаа эгч дахин орж ирэхэд Б гэрээс гараад явсан ба Бямбаа эгч дахин намайг зодсон... У.Б намайг өөрийнхөө төрсөн хүүхдүүдтэй хардаад байдаг юм. Гомдолтой байна, хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-17-р тал/

Гэрч Ү.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Орой 22 цагийн орчимд манай зүүн урд хэсэгт байрлах О нүүр, хүзүү, толгой нь нил цус болсон орж ирээд “Бямбаа эгч намайг зодлоо би архи уучихсан байна, эмч дуудаад өгөөч” гэхээр нь би дуудаж чадаагүй харанхуй шөнө би явж чадахгүй гээд цусыг нь цэвэрлэх гээд дагуулаад Оын гэрт нь орж ирсэн. Гэр нь гал тогооны эд зүйл, ширээ, шал бүгд цус болсон байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 39-40-р тал/

                   2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №202 дугаартай Шинжээчийн дүгнэлт: ...

                   1. Б.Оын биед тархи доргилт, зүүн чихний дээд хэсэг, ар хэсэг, дагзны баруун хэсэгт хуйханд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, зүүн хацар, эрүү, баруун гарын бугалга, гуя, шилбэнд цус хуралт, дух зүүн мөрний дээд хэсэг, баруун, зүүн гуя, шилбэ, нуруу, баруун, зүүн гарын тохойн үе, баруун зүүн гарын алганы ар хэсэг, баруун гарын шуунд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

                   2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй болон хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

                   3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 42-р тал/

           Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 50 дугаар хуудас/, Шүүгдэгч Ж.Бгийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /53 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ж.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар баг, Дэнжийн №11 тоотод Б.Оыг өөрийх нь төрсөн хүүг уруу татаж архи уулгалаа гэх шалтгаанаар марган онц харгис хэрцгий аргаар буюу заазуураар толгой, цээж, нуруу, гар, хөл рүү нь цохиж, олон тооны шарх, гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

         Хохирогч Б.Оын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 14-17-р тал/, Гэрч Ү.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 39-40-р тал/, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №202 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 42-р тал/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ж.Бг хохирогч Б.Оын биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ж.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар баг, Дэнжийн №11 тоотод Б.Оыг өөрийх нь төрсөн хүүг уруу татаж архи уулгалаа гэх шалтгаанаар марган онц харгис хэрцгий аргаар буюу заазуураар толгой, цээж, нуруу, гар, хөл рүү нь цохиж, эрх чөлөөнд нь халдан Б.Оын биед тархи доргилт, зүүн чихний дээд хэсэг, ар хэсэг, дагзны баруун хэсэгт хуйханд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, зүүн хацар, эрүү, баруун гарын бугалга, гуя, шилбэнд цус хуралт, дух зүүн мөрний дээд хэсэг, баруун, зүүн гуя, шилбэ, нуруу, баруун, зүүн гарын тохойн үе, баруун зүүн гарын алганы ар хэсэг, баруун гарын шуунд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр төлөгдсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон     

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Жамсранжавын Бг онц харгис хэрцгийгээр, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бг 500 нэгж буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Ж.Бг торгох ялыг 06 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 14 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн 12.5 см урттай иштэй, ажлын хэсэг нь 15 см урттай нийт урт нь 27.5 см урттай 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ж.ЭРДЭНЭБАТ.