Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 542

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Ж-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2020/00187 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Ж-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч БХЗХТБАА УТҮГ- /цаашид БХЗХТБАА УТҮГ гэж товчилно/-т холбогдох,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн үнэлгээ буюу орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунжаргал,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тамир,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны12 дугаар сарын 18-ны өдрийн 2516 дугаар шүүгчийн захирамжаар “Экас интернэшнл” ХХК-иас 347 904 045 төгрөгийг гаргуулж “Капитал банк” ХХК-д олгох, уг төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцааны 6 үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохирсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Дээрх захирамжийн дагуу Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа бусад үл хөдлөх эд хөрөнгөнд албадах ажиллагаа явуулаагүй, зөвхөн нэхэмжлэгч Ж.Ж-гийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Их тойруу 45 дугаар байр, 28 тоотод байрлах 116 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж улмаар Ж.Ж-гийн 4 өрөө орон сууцыг 194 222 770 төгрөгөөр үнэлсэн тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 3/15254 дугаартай мэдэгдлийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгчид мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэгч ахмад Т.Алтангэрэл нь Ж.Ж-гийн орон сууцны үнэлгээг ямар байгууллагаар үнэлүүлсэн болон шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг Ж.Ж-д болон бусад өмчлөгч болох Г.Тамир, Г.Тулга, түүний нөхөр О.Гансүхэд мэдэгдээгүй танилцуулаагүй.

Албадан дуудлага худалдаанд оруулна гэж нэг л хуудас мэдэгдэл ирүүлж байсан. Өөрөөр хэлбэл Шийдвэр гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг зөрчиж Ж.Ж-гийн хөрөнгөнд үнэлгээ хийлгэсэн. Учир нь өмчлөгч нарын үнийн саналаа гаргах эрхийг нь хязгаарлаж, үнийн санал аваагүй, талуудыг тохиролцуулах арга хэмжээ аваагүй, шууд үнэлгээчин томилж үнэлгээчний тогтоосон үнээр дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдсэн. Нэхэмжлэгчийн орон сууц хотын А зэрэглэлийн бүсэд байрлалтай 4 өрөө орон сууцыг зах зээлийн бодит үнэ ханшийг хэрхэн яаж тогтоосныг өмчлөгч нар мэдээгүй, шийдвэр гүйцэтгэгч танилцуулаагүй, өмчлөгч нарт үнийн саналаа гаргах боломж олгоогүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан тул орон сууцыг 194 222 770 төгрөгөөр үнэлсэн, энэ үнэлгээ нь хэт бага байгаа учир “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн үнэлгээ буюу орон сууцны үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2516 дугаар шийдвэрээр “Экас интернэшнл” ХХК-иас 349 871 715 төгрөгийг гаргуулж “Капитал банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу төлбөр төлөгч “Экас интернэшнл” ХХК-иас үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан улсын бүртгэлийн Ү-2202012425 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 45 дугаар байр, 29 тоотод байрлах 116 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 19300745/03 дугаартай тогтоолоор хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ” гэж заасан байдаг. Үнийн саналын хувьд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 31-ий өдрийн 3/15072 дугаар бичгээр төлбөр төлөгч “Экас интернэшнл” ХХК-ийн захирал Ж.Жаргалсайханд, тус орон сууцны өмчлөгч Ж.Ж-д 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 3/15067, өмчлөгч О.Гансүхэд 3/15070, өмчлөгч Г.Тулгад 3/15068, өмчлөгч Г.Тамирт 3/15069 дүгээр албан бичгээр өмчлөгч Ж.Ж-гийн төрсөн ах “Экас интернэшнл” ХХК-ийн захирал Ж.Жаргалсайханд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарт гардуулан өгөхийг даалгаж, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гардуулсан. Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарт 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр баталгаат шуудангаар илгээсэн мэдэгдлийн дагуу төлбөр төлөгч буюу төлбөр авагч, өмчлөгч нар нь үнийн саналаа харилцан тохиролцож ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 10/25 тоот тогтоолоор “Ашид билгүүн” ХХК-ийг томилоход дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 194 222 770 төгрөгөөр тогтоосон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно” гэж заасан байдаг. Мөн тус хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт “шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж заасны дагуу “Экас интернэшнл” ХХК-ийн захирал Ж.Ж-гийн төрсөн ах Ж.Жаргалсайханд мэдэгдлийг танилцуулсан. Өмчлөгч Г.Тамир, Г.Тулга нар 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Хил хамгаалах ерөнхий газраас авсан лавлагаагаар гадагшаа явсан нь тогтоогдсон байгаа. Ж.Ж- 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 3/15254 тоот мэдэгдлийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гардаж авсан талаар нэхэмжлэлдээ дурдсан байна. Өмчлөгч Г.Тамир, Г.Тулга, О.Гансүх, Ж.Ж- нарт мэдэгдлийг баталгаат шуудангаар илгээсэн. Өмчлөгч Ж.Ж-тай 88809060 дугаарын утсаар 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр холбогдож хөрөнгийн үнийн саналаа өгөхийг мэдэгдэхэд би нөхрөө сахиад эмнэлэгт байна, манай гэрт битгий ирээрэй, манай нөхөр мэдээгүй байгаа, мэдчихвэл бие нь муудна гэж тайлбар өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл, Иргэний хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээг талууд харилцан тохиролцож тогтоогоогүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоосон. Тиймээс үнэлгээг тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба улсын төсөвт үйлдвэрийн газарт холбогдох “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн үнэлгээ буюу орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ж.Ж-гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1‑д зааснаар нэхэмжлэгч Ж.Ж-гаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Шүүх маргааны үйл баримтыг үндэслэлтэй дүгнэж шийдвэрлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Учир нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно", Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт “дараах хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” 55.2.2 дахь хэсэгт “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө" гэж заасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч Ж.Ж-д үнийн санал ирүүлэх мэдэгдлийг түүний оршин суугаа хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй байна гэж хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

 Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ж.Ж- нь хариуцагч БХЗХТБАА УТҮГ-т холбогдуулан “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан гэж маргажээ.

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2516 дугаар шүүгчийн захирамжаар “Экас интернэшнл” ХХК нь 347 904 045 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Капитал банк” ХХК-д төлөх, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх 43-44/

 Хариуцагч байгууллага дээрх шийдвэрийг гүйцэтгэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, барьцааны зүйл болох Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Их тойруу гудамж, 45 дугаар байрны 29 тоот, Ү-2202012425 дугаарт бүртгэлтэй 116 м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууцыг битүүмжилж, хураасан талаар зохигчид маргаагүй байна. /хх 45/

            Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцоогүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн тогтооно. Хараат бус мэргэжлийн үнэлгээчийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заажээ.

            Төлбөр төлөгч, төлбөр авагч нар эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн саналын талаар харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гэж заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр “Ашид билгүүн” ХХК-ийг томилж үнэлгээ тогтоолгосон нь хууль зөрчөөгүй байна. /хх 53-70, 78/

            Шинжээчийн үнэлгээний тайланг нэхэмжлэгчид 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 3/15067 тоот албан бичгийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр түүний оршин суугаа хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн, энэ тухай тэмдэглэл үйлдсэн, мөн уг албан бичгийг Ж.Ж-гийн төрсөн ах, төлбөр төлөгч “Экас интернэшнл” ХХК-ийн захирал Ж.Жаргалсайханд 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээлгэн өгч түүнд мэдэгдэхийг даалгаж, тэмдэглэл үйлдсэн байна. /хх 71, 72-74/

 

Шинжээчийн дүгнэлтээр Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Их тойруу гудамж, 45 дугаар байрны 29 тоот, Ү-2202012425 дугаарт бүртгэлтэй 116 м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг 194 22 770 төгрөгөөр үнэлсэн байх ба нэхэмжлэгч зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж гомдол гаргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар гомдлын үндэслэл нь баримтаар нотлогдоогүй байна. 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2020/00187 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

.                               

    

 

                     ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                              ШҮҮГЧИД                                Б.НАРМАНДАХ  

 

                                                     Д.ЦОГТСАЙХАН