Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 00079

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн  шүүх хуралдаанаар:

 

                        Нарийн бичгийн дарга                    Б.Ариунсанаа

                        Улсын яллагч                                  Э.Энхбат

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                  Л.Батжав

                        Хохирогч, иргэний нэхэмжлэгч      Д.Пүрэвдорж

                        Шүүгдэгч                                            Т.Ганболд, З.Янсансүрэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Т.Ганболд, З.Янсансүрэн нарт холбогдох 201518020362 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Архангай аймгийн Их тамир суманд 1974 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж 6-141 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ “Авто стандарт” группийн захирал ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Аврагч овогт Түргэнтөрийн Ганболд.  /РД: ХМ:74052337/

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1956 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, холбооны техникч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүргийн 20 дугаар хороо Нефтийн 3 дугаар байр 30 айлын ¹ 10 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржгин овогт Зундуйдовдонгийн Янсансүрэн. /РД: ЧЕ:56122370/

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Т.Ганболд, З.Янсансүрэн нар нь бүлэглэн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр, Хонин нуга гэх газар иргэн Д.Пүрэвдоржийг хувийн таарамжгүй харьцааны улмаас марган зодож, бие мах бодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Ганболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр найз, ах нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хонин нуга гэдэг газар луу рашаанд орохоор явсан. Тэндээ рашаанд орж амарчихаад буцах болоод бидний машины бензин дууссан байсан болохоор Мөнх-Эрдэнийн хамт нэг машиндаа бензинээ хийгээд Зүүнхараа луу орж ирээд бензинээ аваад очоод буцах гэж байтал рашаан дээр үлдсэн байсан Дарханы ах нар болох Оргил, Чулуунбаатар, Мөнхцог нар ирээд хоноод яв гэсэн. Тэгээд бид нар Хонин нугын нэг тохой дээр очиж амрахаар болсон. Тэгээд бид хонохоор болоод хоол цай бэлдээд байж байтал миний ах Янсансүрэн, Пүрэвдорж ахтай маргалдсан тухайгаа надад хэлсэн. Тэгээд дөнгөж сонсоод байж байтал Пүрэвдорж ах, Хаш-Эрдэнэ хоёр загас бариад отог дээр ирсэн. Ирэхэд нь би Пүрэвдорж ах руу миний ахыг дээрэлхсэн байна гэж уурлаад бид хоёр маргалдсан. Гэтэл Пүрэвдорж ах намайг загасныхаа уургаар цохисон. Тэгээд босоод иртэл дахиад намайг цохисон, тэгээд би Пүрэвдорж ахтай  барьцалдаж авах гээд ухасхийтэл, Чулуунбаатар намайг бариад суулгасан. Тэгээд тэр хооронд Янсансүрэн ах, Пүрэвдорж ахтай ноцолдоод ширээний цаашаа өнхөрөөд яваад өгсөн. Тэгээд тэр хоёрын хажууд яваад очтол Чулуунбаатар дахиад араас ирээд тэвэрч аваад сандал дээр суулгасан. Тэгээд энэ хоёрыг тэнд байсан бидний найз нөхөд салгасан, тэгтэл Пүрэвдорж  ах, над дээр чулуу барьж ирээд цохих гэсэн чинь Оргил ах чулууг нь салгаж авсан. Тэгээд Пүрэвдорж ах намайг хоёр удаа өшиглөсөн гэв. 

Шүүгдэгч З.Янсансүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хонин нуга халуун рашаан дээр очсон. Очиход Пүрэвдорж, Мөнх-Эрдэнэ, Анумэргэн, Оюун-Эрдэнэ, Оргил, Мөнхцог нар байсан. Би энэ хүмүүсийг таньдаггүй байсан, дүүгийн найзууд байсан. Тэгээд тэнд 7 хоног цуг байж байгаад би цаашаа Минжийн рашаанд 5 хоноод буцаж ирсэн. Тэгээд буцах  гэхэд бензин шатахуунгүй гээд Ганболд, Мөнх-Эрдэнэ хоёр Зүүнхараа луу шатахуунд явсан. Пүрэвдорж, Анумэргэн, Оюун-Эрдэнэ бид 4 үлдсэн. Тэгтэл Пүрэвдорж эхлээд тамхины асуудал яриад байсан, тамхигүй болчихлоо гээд тэгээд би 1 тамхи гаргаж өгсөн. Тэгтэл орой нь тамхи алга боллоо гээд уурласан. Тэгээд маргааш өглөө нь Пүрэвдорж жижиг данх бариад та айлаас ус гуйгаад ир гэхээр нь миний эгдүүцэл төрөөд хажууд гол урссаар байтал хар ус айлаас гуйгаад байхдаа яадгийн гээд 1 канистар аваад гол руу яваад ус авчирсан. Би тэгээд энэ хэд найз нөхөд болохоор нэг нэгэндээ юм хэлэх байлгүй гээд дүү Ганболдод болсон асуудлын талаар хэлтэл Ганболд, Пүрэвдорж руу чи ингэлээ тэглээ гээд уурлахад Пүрэвдорж Ганболдыг цохиод авахаар нь би... чи яасан их хүн зоддог юм, намайг зод гээд очоод Пүрэвдоржтой ноцолдож, зууралдаж авсан. Би  тэгээд цохилтын хүчийг нь сулруулахын тулд гараараа цээжнийх нь хоёр тал руу нь хавсарч цохисон. Нэгэнт хийсэн үйлдэл маань болохоор энэ хүнээс уучлалт гуйсан, хэлсэн ярьсан. Ийм зүйл болсон. Миний буруу гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Пүрэвдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр бид Хонин нугын халуун рашаанд амарч яваад хоорондын үл ойлголцол таарамжгүй байдлын улмаас ийм зодооны асуудал үүссэн. Тухайн үед би загасанд яваад иртэл Ганболд заазуур барьчихсан чи миний ахыг юу гээд байгаан, энээ тэрээ гээд дайрахаар нь би.. чи юун заазуурандаа хүрчихсэн юм бэ? юу болчихоод байгаа юм бэ гэхэд чи миний ахыг хулгайч гэсэн байна, усанд яв гэсэн байна гэж хэлэхээр нь чи энэний төлөө ямар сүртэй юм бэ гээд уургаараа ёворчихсон чинь Ганболд, Янсансүрэн хоёр миний хоёр талаас дайраад  намайг унагаж аваад хэд хэд өшиглөөд байсан. Дараа нь миний хуруу хугарчихсан санжигнаад байж байтал тэнд байсан Түнтэв гээд нөхөр чиг тавиад боож өгсөн, зарим нь хар цайгаар шавшиж өгсөн. Орой нь миний хавирга өвдөөд байна гэхэд Оргил эм авчирч өгсөн. Тухайн үед зодоон болсоныг тэнд байсан 9 хүн 9-лээ харж байсан тэр хүмүүсийн мэдүүлгээс уншихад энэ 3 зодолдоод унахаар нь бүгдээрээ гүйж очоод салгасан. Яг хэн нь хаана нь цохиод хугалсаныг хараагүй гээд байдаг. Тухайн үед жоохон бүрэнхий байсан. Миний санаж байгаагаар Янсансүрэн гуай миний хурууг барьчихсан, Ганболд хажуугаар өшиглөж байсан. Бид сүүлд нь ингээд 2, 3 удаагийн шүүх хуралдааны дараа яг гурвуулаа суугаад яг яагаад миний хавирга хугарчихав гээд ярилцахад Янсансүрэн гуай би чиний хавирга руу хоёр талаас нь хавсараад цохисон, дараа нь чиний заамдсан гарыг авахуулах гээд хурууг чинь мушгисан гээд байгаа. Энэ үнэн бол тэгээд Ганболд намайг цохиогүй л юм байлгүй, яах аргагүй гэрчүүдийн мэдүүлгээр урьд өмнө нь намайг мориноос унаж бэртсэн талаар мэдүүлдэггүй. Яг тухайн үед зодоон болоод хүмүүс салгасны дараа ийм бэртэл авсан нь тодорхой байгаа. Тэгээд Янсансүрэн гуай би чамайг ингэсэн юмаа гээд байгаа. Ийм зүйл л болсон юм гэв.

Хохирогч Д.Пүрэвдорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 22 цаг өнгөртөл загас барьж байгаад отог дээр ирэхэд Т.Ганболд молоко задалж байсан заазуураа чичлээд “Чи муу пизда миний ахыг дээрэлхэж усанд явуулдаг хэн юм бэ? тамхины хулгайч гэсэн гэлүү” гээд байсан. Тэгэхээр нь би юу болоод байгаа талаар асуухад Т.Ганболд чи миний ахыг усанд явуулдаг хэн юм, аятайхан байгаарай гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би чи хүн рүү заазуур чиглүүлээд хэл амаар доромжлоод байдаг хэн юм бэ? гээд барьж байсан загасны уургаараа ёворсон чинь Т.Ганболд заазуураа бариад босоод ирсэн ба би Т.Ганболдыг загасны уургаараа толгой руу нь цохиод уургаа хугалсан. Энэ уед З.Янсансүрэн ах хажуунаас орж ирээд гараараа нүүр лүү цохиод бид хоёр давхралдаад газар унасан, З.Янсансүрэн миний дээрээс гараараа цохих гээд байхаар нь би гэдэс рүү нь хөлөөрөө тийрээд өөрөөсөө холдуулаад байсан чинь миний баруун гарыг татаад ядам хурууг хоёр хурууныхаа завсар хавчиж байгаад хугалсан, би З.Янсансүрэнг холдуулах санаатай өндийтөл Т.Ганболд миний цээж рүү суган доогуур хүчтэй нэг удаа өшиглөсөн би тэр үед амьсгаа авч чадахгүй байсан... Маргааш нь Улаанбаатар хот руу гарах гэхэд Т.Ганболд ирээд “Д.Пүрэвдорж ахаа уучлаарай” гэхээр нь би хариуд нь эрчүүдийн хооронд ийм юм байдаг юм, харин хавирга хугарсан байвал асуудал үүснэ шүү гэж хэлэхэд миний хавиргыг хувцас сөхөж хараад зургийг нь аваад байсан. Энэ үед Р.Хаш-Эрдэнэ, М.Мөнх- Эрдэнэ, Оюундарь, Анумэргэн нар байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 39-41, 71 -р хуудас/

            Гэрч М.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Пүрэвдорж, Хаш-Эрдэнэ хоёр голоос загас бариад ирсэн чинь Ганболд уг хоёр хүнийг хараад хоёр пизда яагаад намайг байхгүй хооронд ах дээрэлхээд байна гэсэн чинь Пүрэвдорж чи одоо заазуур бариад юу яриад байгаа юм бэ гээд загасны уургаар ёвроод авсан чинь Ганболд ална гээд босч ирээд Пүрэвдоржтой барилцаад авсан чинь Янсан хажуу талаас нь ороод Пүрэвдорж доор нь орчихсон Янсансүрэн дээр нь гарчихсан ноцолдож байхаар нь би очоод салгасан. Зодооны дараа Д.Пүрэвдоржийн ядам хуруу нь хугарч далийсан байсан ба Түнтүү /Чулуунбаатар/ чиг тавьж боож өгсөн. Тэгээд бид нарыг гол руу загас барьчихаад ирсэн чинь Д.Пүрэвдоржийн хавиргаар өвдөөд байна гэхээр нь харсан чинь хөхөрч зулгарсан байсан ба Оргил өвчин намдаах эм өгөөд унтаж амарсан. Дараа нь Улаанбаатар хотод ирсний дараа Д.Пүрэвдоржийн хавирга хугарсан талаар мэдсэн. Д.Пүрэвдоржийн биед З.Янсансүрэн, Т.Ганболд хоёр гэмтэл учруулсан байх. Өөр хүнтэй зодолдоогүй... Т.Ганболд заазуур бариад Д.Пурэвдоржтой заазууртай гараараа барьцалдаад авсан ба тэр үед хажуунаас З.Янсансүрэн орж ирээд Д.Пүрэвдоржийг унагаагаад дээр нь гарсан байхад салгаад холдуулсан. Тэр уед Т.Ганболд хажууд нь зогсож байсан... Маргааш нь Д.Пүрэвдорж... хавирга хугараагүй байвал би юм ярихгүй, хугарсан байвал “гомдол гаргана” гэж байсан ба тэр үед Т.Ганболд ирээд “гайгүй юу” гээд хувцасыг нь сөхөөд гар утсаараа зургийг нь аваад байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 42-44, 2-р ХХ-76-p хуудас /

            Гэрч Р.Хаш-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би Пүрэвдоржийн хамт голоос загас бариад ирсэн чинь Ганболд та муу хоёр пизда намайг байхгүйд яагаад ах дээрэлхээд байна авч өгсөн тамхи татаж чадахгүй буян даахгүй байна гэсэн чинь Пүрэвдорж ах чи заазуур барьчаад юу яриад байна гээд загасны уурганы үзүүрээр ёворсон чинь Ганболд босч ирээд Пүрэвдорж руу дайраад барилцаад авах шиг болсон. Т.Ганболд заазуураа бариад Д.Пүрэвдорж руу дайраад заазууртай гараараа 1-2 удаа хий цавчаад барьцалдаж авсан. Энэ үед З.Янсансүрэн хажуунаас нь орж ирээд Д.Пүрэвдоржийг дараад цаашаа унагасан Д.Пүрэвдоржийг унах үед Т.Ганболд хажуунаас нь 1-2 удаа өшиглөсөн, тэр үед Т.Ганболдыг Ж.Чулуунбаатар араас нь тэврээд холдуулсан... Дараа нь Д.Пүрэвдорж “Т.Ганболд хавирга өшиглөчихлөө, З.Янсансүрэн хуруу хугалчихлаа” гэж хэлж байсан... Би М.Мөнх-Эрдэнийн багын найз бусад хүмүүсийг танихгүй, Т.Ганболд, Д.Пүрэвдорж нартай рашаанд явахад л танилцсан, хэнийх нь талд орох шаардлага байхгүй. Голын эрэг дээр зүлэгтэй газар байсан, хүмүүсийн тулга хийж байсан ганц нэг чулуу байсан, хүн унаад хавирга хугалахаар овгор товгор чулуу байгаагүй...Т.Ганболд өглөө нь санаа зовсон байдалтай Д.Пүрэвдорж дээр ирээд хавиргыг нь хараад байсан, машинд явж байхад Д.Пүрэвдорж “ миний хавирга хугараагүй бол би юм ярихгүй, хугарсан бол гомдол гаргана” гэж байсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 45-47-р хуудас, 2-р ХХ-75/

Гэрч С.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: … 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Д.Пүрэвдорж ах загасанд яваад ирж байтал Т.Ганболд ах, Д.Пүрэвдорж дээр очоод яагаад та нар манай ахыг дээрэлхсэн юм гэж хэлэхэд өөдөөс нь Пүрэвдорж ах чи буруу ойлгоод байгаа юм биш үү гэж хоорондоо хэсэгхэн зуур ярьж байснаа гэнэт зодолдоод эхэлсэн. Хоорондоо зодолдохоор нь ойрхон байсан хүмүүс салгасан. Яг хэн нь салгасанг анзаарч хараагүй. Тэгтэл Янсансүрэн Пүрэвдоржтой зууралцаад авсан. Удаа ч үгүй Пүрэвдорж ах газар унасан дээр нь Янсансүрэн ах байгаа харагдсан. Тэнд байсан хүмүүс салгаж болиулсан. Д.Пүрэвдорж хэлэхдээ Т.Ганболд миний хавирга руу өшиглөсөн гэж галын дэргэд сууж байхдаа 2-3 хүнд хандаж хэлсэн. Мөн хуруу далийчихсан байна гээд нэг гарынхаа ядам хурууг үзүүлж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 54-55 дугаар хуудас/

Гэрч Ч.Анумэргэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: … Ганболд Пүрэвдоржийг загасанд яваад ирэхэд нь пизда минь чи миний ахыг яагаад янз бүрээр хэлээд байгаа юм бэ дээрэлхэх гээд байна уу гээд гартаа заазуур барьчихаад ширээн дээр нүдээд байсан юм. Тэгсэн чинь Пүрэвдорж ах уурлаад чи одоо юу яриад байгаа юм бэ наад заазуураар яах гээд байгаа юм бэ гээд загасны уурганы үзүүр хэсгээр Ганболдын бие рүү чиглүүлээд чичих шиг болсон чинь Янсан ах босч ирээд Пүрэвдоржийг гараараа цохиод унагасан. Тэгээд дээр нь гарч суугаад ноцолдоод хажуунаас нь Ганболд, Пүрэвдорж ахыг цохиод байх шиг байсан. Яг тэр үед жаахан бүрий болж байсан ч тухайн үйл явдал нь тодорхой харагдаж байсан. Гэхдээ тэр гурвын зууралдсан зодолдсон асуудал нь тэрхэн зуур болсон. Уг зодооныг Мөнх-Эрдэнэ салгасан. Тэгээд Пүрэвдорж ах босч ирээд ёооё баруун гарын ядам хуруу гэмтчихлээ гэж хэлэхээр нь харахад тухайн хуруу нь тахийчихсан юм шиг харагдаж байсан Түнтүү ах тэр хуруунд нь мод тавьж чиг барьж боож өгсөн…. Тэр асуудал маш хурдан хугацаанд болж өнгөрсөн. Тэрхэн зуур өшиглөсөн үү эсвэл цохисон уу яг яасныг ялгаж хэлж чадахгүй байна. Ямарч л байсан пид пад хийх чимээ гараад салцгаасан гэх мэдүүлэг /ХХ-н 62-63 дугаар хуудас/

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹ 232 ... Дүгнэлт

1. Пүрэвдоржийн биед хавирганы хугарал, баруун гарын ядам хурууны шивнүүрийн хугарал, урууланд сорви, баруун гарын ядам хуруунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх /ХХ-н 66 дугаар хуудас/

Гэрч Ж.Чулуунбаатар, хохирогч Д.Пүрэвдорж нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /2-р ХХ-ийн 79-80 дугаар хуудас/, Гэрч С.Оргил, хохирогч Д.Пүрэвдорж нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /2-р ХХ-ийн 81 дүгээр хуудас/, Гэрч Ж.Чулуунбаатар , гэрч Р.Хаш-Эрдэнэ нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /2-р ХХ-ийн 82-83 дугаар хуудас/

Шинжээч Г.Ган-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:… Д.Пүрэвдоржийн биед хавирганы хугарал, баруун гарын ядам хурууны шивнүүрийн хугарал, урууланд сорви, баруун гарын ядам хуруунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдож хавирганы хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж үзэн дүгнэлтийг гаргасан. Баруун гарын ядам хурууны шивнүүрийн хугарал нь мөн гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Д.Пүрэвдоржийн биед учирсан хавирганы хугарал хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэл, баруун гарын ядам хурууны шивнүүрийн хугарал нь мушгих, гарын эсрэг зүгт нугалах зэргээс үүсгэгдэх боломжтой юм. Цаг хугацааны хувьд 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр үүссэн байх боломжтой гэх мэдүүлэг /ХХ-н 71 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сонгино хайрхан дүүргийн 20 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /ХХ-н 94 дүгээр хуудас/, Т.Ганболд, З.Янсансүрэн нар нь ял шийтгэгдсэн эсэх талаар ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 96, 97 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.Ганболд, З.Янсансүрэн нар нь бүлэглэн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр, Хонин нуга гэх газар иргэн Д.Пүрэвдоржийг хувийн таарамжгүй харьцааны улмаас марган зодож, бие мах бодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Пүрэвдоржийн мэдүүлэгт:...Би З.Янсансүрэнг холдуулах санаатай өндийтөл Т.Ганболд миний цээж рүү суган доогуур хүчтэй нэг удаа өшиглөсөн би тэр үед амьсгаа авч чадахгүй байсан... Маргааш нь Улаанбаатар хот руу гарах гэхэд Т.Ганболд ирээд “Д.Пүрэвдорж ахаа уучлаарай” гэхээр нь би хариуд нь эрчүүдийн хооронд ийм юм байдаг юм, харин хавирга хугарсан байвал асуудал үүснэ шүү гэж хэлэхэд миний хавиргыг хувцас сөхөж хараад зургийг нь аваад байсан. Энэ үед Р.Хаш-Эрдэнэ, М.Мөнх- Эрдэнэ, Оюундарь, Анумэргэн нар байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 39-41, 71 -р хуудас/,

Мөрдөн байцаалтанд Гэрч М.Мөнх-Эрдэний мэдүүлэгт: ...Ганболд ална гээд босч ирээд Пүрэвдоржтой барилцаад авсан чинь Янсан хажуу талаас нь ороод Пүрэвдорж доор нь орчихсон Янсансүрэн дээр нь гарчихсан ноцолдож байхаар нь би очоод салгасан. ... Д.Пүрэвдоржийн биед З.Янсансүрэн, Т.Ганболд хоёр гэмтэл учруулсан байх. Өөр хүнтэй зодолдоогүй... Маргааш нь Д.Пүрэвдорж хавирга хугараагүй байвал би юм ярихгүй, хугарсан байвал “гомдол гаргана” гэж байсан ба тэр үед Т.Ганболд ирээд “гайгүй юу” гээд хувцасыг нь сөхөөд гар утсаараа зургийг нь аваад байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 42-44, 2-р ХХ-76-p хуудас/,

Мөрдөн байцаалтанд Гэрч Р.Хаш-Эрдэний мэдүүлэгт: ... Д.Пүрэвдоржийг унах үед Т.Ганболд хажуунаас нь 1-2 удаа өшиглөсөн, тэр үед Т.Ганболдыг Ж.Чулуунбаатар араас нь тэврээд холдуулсан... Дараа нь Д.Пүрэвдорж “Т.Ганболд хавирга өшиглөчихлөө, З.Янсансүрэн хуруу хугалчихлаа” гэж хэлж байсан... Т.Ганболд өглөө нь санаа зовсон байдалтай Д.Пүрэвдорж дээр ирээд хавиргыг нь хараад байсан, машинд явж байхад Д.Пүрэвдорж “ миний хавирга хугараагүй бол би юм ярихгүй, хугарсан бол гомдол гаргана” гэж байсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 45-47-р хуудас, 2-р ХХ-75/,

Мөрдөн байцаалтанд Гэрч С.Оюун-Эрдэний мэдүүлэг: ... Д.Пүрэвдорж хэлэхдээ Т.Ганболд миний хавирга руу өшиглөсөн гэж галын дэргэд сууж байхдаа 2-3 хүнд хандаж хэлсэн. Мөн хуруу далийчихсан байна гээд нэг гарынхаа ядам хурууг үзүүлж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 54-55 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтанд Гэрч Ч.Анумэргэний мэдүүлэгт: ... Янсан ах босч ирээд Пүрэвдоржийг гараараа цохиод унагасан. Тэгээд дээр нь гарч суугаад ноцолдоод хажуунаас нь Ганболд, Пүрэвдорж ахыг цохиод байх шиг байсан. ... Тэрхэн зуур өшиглөсөн үү эсвэл цохисон уу яг яасныг ялгаж хэлж чадахгүй байна. Ямарч л байсан пид пад хийх чимээ гараад салцгаасан гэх мэдүүлэг /ХХ-н 62-63 дугаар хуудас/,

           Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹ 232 ... Дүгнэлт

1. Пүрэвдоржийн биед хавирганы хугарал, баруун гарын ядам хурууны шивнүүрийн хугарал, урууланд сорви, баруун гарын ядам хуруунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн

хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд тухайн хэрэг болсон өдөр буюу 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр, Хонин нуга гэх газар Т.Ганболд, З.Янсансүрэн нар нь бүлэглэн Д.Пүрэвдоржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас марган З.Янсансүрэн хохирогч Д.Пүрэвдоржтой цохих, зууралцах зэргээр ноцолдож баруун гарын ядам хурууг нь хугалж, З.Янсансүрэн хохирогч Д.Пүрэвдоржийн дээр нь гарч суугаад ноцолдож байх үед хажуунаас нь Т.Ганболд, хохирогч Д.Пүрэвдоржийг өшиглөж хавиргыг нь хугалан хүндэвтэр гэмтэл учруулсан гэх үйл баримт мөрдөн байцаалтаар тогтоогдсон байна. 

Прокуророос шүүгдэгч Т.Ганболд, З.Янсансүрэн нарыг бүлэглэн, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан буюу /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-д зааснаар зүйлчлэн тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Т.Ганболд, З.Янсансүрэн нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг болгон өөрчилөн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Т.Ганболд, З.Янсансүрэн нар нь бүлэглэн тодорхой сэдэлттэй буюу “чи миний ахыг яагаад янз бүрээр хэлээд байгаа юм бэ дээрэлхэх гээд байна уу” гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан хохирогч Д.Пүрэвдоржийн биед хавирганы хугарал, баруун гарын ядам хурууны шивнүүрийн хугарал, урууланд сорви, баруун гарын ядам хуруунд зөөлөн эдийн гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан нь тогтоогдож байх тул 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн эхлэн хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Ганболд, З.Янсансүрэн нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Шүүх хуралдаанд хохирогч Д.Пүрэвдорж нь ....”2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хонин нуга газар амарч байхдаа З.Янсансүрэнд зодуулж гэмтэл авсан. Хэргийн байцаалт болон шүүх хуралдааны явцад Т.Ганболд, З.Янсансүрэн нар бүлэглэж зодсон биш З.Янсансүрэнгийн цохилтын улмаас хавирга, гарын хуруу хугарсан нь тогтоогдсон болно. Иймд Т.Ганболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн З.Янсансүрэн нь эмчилгээний зардал болон гарсан хохиролыг бүрэн барагдуулсан тул миний бие цаашид нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй болно. З.Янсансүрэнд хөнгөн ял шийтгэл оногдуулж, боломжтой бол холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн” ... хүсэлтийг бичгээр гаргасан боловч 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогч Д.Пүрэвдорж мэдүүлэхдээ:... “...Миний урд өмнө мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг бол үнэн юм...Би тухайн үед загасанд яваад иртэл Ганболд заазуур барьчихсан чи миний ахыг юу гээд байгаан, энээ тэрээ гээд дайрахаар нь би.. чи юун заазуурандаа хүрчихсэн юм бэ? юу болчихоод байгаа юм бэ гэхэд чи миний ахыг хулгайч гэсэн байна, усанд яв гэсэн байна гэж хэлэхээр нь чи энэний төлөө ямар сүртэй юм бэ гээд уургаараа ёворчихсон чинь Ганболд, Янсансүрэн хоёр миний хоёр талаас дайраад  намайг унагаж аваад өшиглөөд байсан. Дараа нь миний хуруу хугарчихсан санжигнаад байж байтал тэнд байсан Түнтүү гэдэг хүн чиг тавиад боож өгсөн, зарим нь хар цайгаар шавшиж өгсөн. Орой нь миний хавирга өвдөөд байна гэхэд Оргил эм авчирч өгсөн. Тухайн үед зодоон болсоныг тэнд байсан 9 хүн 9-лээ харж байсан тэр хүмүүсийн мэдүүлгээс уншихад энэ 3 зодолдоод унахаар нь бүгдээрээ гүйж очоод салгасан. Яг хэн нь хаана нь цохиод хугалсаныг хараагүй гээд байдаг. Тухайн үед жоохон бүрэнхий байсан. Миний санаж байгаагаар Янсансүрэн гуай миний хурууг барьчихсан, Ганболд хажуугаар өшиглөж байсан”... гэх мэдүүлэг болон дээр дурьдагдсан гэрчүүдийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар уг бичгийн нотлох баримт үгүйсгэгдэж байна.

Шүүх хуралдаанд хохирогч Д.Пүрэвдорж нь хохирол төлбөр төлөгдсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2-р зүйл, 21.5-р зүйлийн 1.1-д зааснаар З.Янсансүрэнгийн эзэмшлийн Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 20 дугаар хороо Нефтийн 3-10 тоот хаягт байрлах 29 м2 орон сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Ганболд, З.Янсансүрэн  нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигн овогт Зундуйдовдонгийн Янсансүрэн, Аврагч овогт Түргэнтөрийн Ганболд нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 7.1-р зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн  11.4-р зүйлийн 2.1-д заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр З.Янсансүрэнг 01 /нэг/ жилийн хугацаагаар, Т.Ганболдыг 01 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж хянан харгалзсугай.

3. Эрүүгийн хуулийн 7.1-р зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9-р зүйлд заасан журмаар ял оногдуулж болохыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч З.Янсансүрэн, Т.Ганболд нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг  тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5-р зүйлийн 1.1-д зааснаар З.Янсансүрэнгийн эзэмшлийн Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо Нефтийн 3-10 тоот хаягт байрлах 29м2 орон сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол З.Янсансүрэн, Т.Ганболд нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9-р зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргаж, Сэлэнгэ аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ.