Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2024/03050

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2024/03050

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  тоот хаягт оршин байрлах, ГББСБ ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар 5832551/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Б.З эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ерлан.

/нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Хүсэлт гаргагч ГББСБ ХХК-ийн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Г ББСБ"-с Болд овогтой Золзаяа/ХК86062702/-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,438,785 төгрөг гаргуулахаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагч этгээд Б.З-д хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Сүхбаатар дүүргийн 12- р хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр манай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Б.З нь 2020 оны 10 сарын 22-нд манай байгууллагатай зээлийн гэрээ байгуулахдаа С тоотод оршин суудаг байсан. Гэтэл шүүхээс тухайн хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн тодорхойлолт үндэслэн шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Үүнээс шалтгаалан манай байгууллага нэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байдалд хүрээд байна. Мөн нотариатч зээлийн гэрээг батлахгүй гэсэн тул хуулбар хувийг, шүүгчийн захирамжийн хамт хавсаргасан.Оршин суугаа хаяг нь тодорхойгүй Б.Зг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2.Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Зээлийн гэрээ, зээлдэгчийн мэдээллийн хуудас, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2023/04088 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагч ГББСБ ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Зг эрэн сурвалжлуулж, оршин суудаг газрыг нь тодруулахаар хүсэлт гаргажээ.

 

ГББСБ ХХК нь Б.Зтай 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Зээлийн гэрээ-г байгуулсан болох нь талуудын хооронд байгуулсан дээрх гэрээгээр тогтоогдож байх тул зээлийн гэрээний үүргийн нэхэмжлэлд Б.З нь хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь Б.З нь Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 19 гудамж, 747 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2023/04088 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу Б.З эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хүсэлт гаргагч ГББСБ ХХК-ийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагч талыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Б.З эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.З эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ГББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Б.З хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С/-д мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС