Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2024/03055

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2024/03055

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, байранд оршин байрлах, Г ХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Я.О эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ерлан.

/нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Хүсэлт гаргагч Г ХК-ийн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Я.О нь 2017 оны 07 сарын 03-ний өдөр Гтай ЗГ/180670883 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийн кредит карт авсан. Мөн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Гтай ЗГ/180836006 тоот кредит картын гэрээ байгуулж 500,000 төгрөгийн кредит карт тус тус авсан. Кредит картын гэрээнд бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэйгөөр тус тус зээлж авсан. Зээлдэгч нь кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй 39 сар хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 5,390,610.90 төгрөгийн зээлийн төлбөртэй байна.

Я.О банкнаас байнга идэвхтэйгээр хайж байгаа боловч одоог хүртэл олдохгүй байна. Зээлдэгч нь зээл авах үедээ Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт ухаа 7-р гудамж, 296 тоот хаягт оршин сууж байсан боловч одоо тэр хаяг дээрээ бүртгэлтэй боловч оршин суудаггүй нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ний өдрийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШЗ2024/07811 тоот захирамжаар тус хаягт оршин суудаггүй нь тодорхойлогдож байгаа тул Я.О эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.

 

2.Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Кредит картын гэрээ, Кредит картын тооцооллын хүснэгт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШЗ2024/07811 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагч Г ХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Я.О эрэн сурвалжлуулж, оршин суудаг газрыг нь тодруулахаар хүсэлт гаргажээ.

 

Г ХК нь Я.Отэй 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн өдөр Кредит картын гэрээ-г байгуулсан болох нь талуудын хооронд байгуулсан дээрх гэрээгээр тогтоогдож байх тул зээлийн гэрээний үүргийн нэхэмжлэлд Я.О нь хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь Я.О нь Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт Ухаа 7-р гудамж, 296 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШЗ2024/07811 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу Я.О эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хүсэлт гаргагч Г ХК-ийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагч талыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Я.О эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Я.О эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Я.О хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгчийн төлөөлөгч д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС