| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2017/00174/Э |
| Дугаар | 00150 |
| Огноо | 2017-11-20 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Э.Энхбат |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 00150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн
Улсын яллагч Э.Энхбат
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгч Ө.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ө.Гд холбогдох 1732000590057 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, Тусгай дунд боловсролтой, Авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг, Баруун-Өлөнтийн №145 тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /М3:92092911/ Боржигон овогт Өлзийбатын Г.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Ө.Г нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4-р багийн нутаг дэвсгэр “Нурамт” гэх газраас 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу бусдад худалдан борлуулж, ашиг олох зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан ховор ургамлын жагсаалтад орсон Дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж, байгаль орчинд 320250 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Г мэдүүлэхдээ: … 2017 оны 07 дугаар сарын 24-ны өдөр би телевизээр зар явж байсны дагуу тэр худалдаж авах ургамалыг нь судлахад Нурамт гэх газар байдаг гэж мэдэж аваад явсан. Түүдэг багаж нь мод тарьдаг багаж байгаа юм. Энэ багаж маань машин дээр байсан тэгэхээр нь тэр чигт нь авч яваад түүж үзээд цаг харахад 12 цаг болж байсан. Би явахдаа 95-31 гэх улсын дугаартай, цагаан жи-3 маркийн тээврийн хэрэгсэлтэй эгч, 2 найзын хамт явсан. Би тэр гурвыгаа машиндаа үлдээчихээд би өөрөө багажаа шуудайтайгаа аваад Дэрэвгэр жиргэрүү гэх ургамалыг түүж дуусаад 13 цаг болж байхад Зүүнхараа луу орж ирж яваад цагдаа нарт баригдсан. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Миний буруу. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.
Иргэний нэхэмжлэгч Ю.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Ө.Г нь Нурамт гэх газраас 2017 оны 07 дугаар сард ургамлын тухай хуулийг зөрчиж, ховор ургамалд хамаарах дэрэвгэр, жиргэрүү нэртэй ургамлыг зохих зөвшөөрөлгүй 18 кг 600 граммыг түүсэн ба бодит хохирлын үнэлгээг шинжээчийн гаргасан дүгнэлтийн дагуу Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-д зааснаар 5 дахин нэмэгдүүлэн тооцно гэж зааснаар төлүүлэхээр нэхэмжилнэ. ... Дэрэвгэр, жиргэрүү ургамлыг түүх зөвшөөрлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар тусгай эрх бүхий мэргэжлийн байгууллагад олгодог ба хувь хүнд тухайн зөвшөөрлийг олгодоггүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-р тал/
Гэрч П.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2017 оны 07 дугаар сарын 19-ны өдөр би Г, Золтуяа, Сүхээ нарын хамт Нурамт гэдэг газар луу явсан ба дүү Г бид гурвыг машинд хөгжим сонсоод сууж байхад багаж гаргаж ирээд шуудай аваад газар ухаад яваад байсан. Бид нараас нэлээн хол явж байгаад “болчихлоо” гээд буцаад сумын төв рүү явж байхад замд цагдаа зогсоогоод Ө.Гы түүсэн өвсийг хураан авсан. … Тэр өдөр Ө.Г ургамал түүсэн нь үнэн, гэхдээ Сүхээ, Золтуяа бид гурвын хувьд ургамал түүсэн асуудал байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-25-р тал/
Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн №01 дугаартай дүгнэлт: … Шинжилгээнд өгсөн үндэс нь шүхэртэний овогт хамаарах Дэрэвгэр жиргэрүү гэх олон наст өвслөг ургамлын үндэс болно. Олон улсын буюу Латин нэршил нь Saposhnikovia divaricate /Turcz/ schichk Дэрэвгэр жиргэрүү ургамал нь Засгийн газрын “Ховор ургамлын жагсаалт батлах тухай” 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №153 тогтоолын жагсаалтын №350 дугаарт бичигдсэн болно. ... Уг ургамал нь үндэсний системийн хөгжил сайтай, хөрс бэхжүүлэх, элсний нүүдлийг сааруулах зэргээр эко системд эерэгээр нөлөөлдөг тул үндсийг түүснээр элсний нүүдлийг түргэтгэх, цөлжилтийг эрчимжүүлэх зэргээр байгаль экологийн тэнцвэрт байдалд сөрөг нөлөөлөлтэй гэх шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 38-р тал/
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь байгаль орчны хяналтын тасгийн Улсын байцаагч Ж.Вийн 18-04-329/02 дугаартай шинжээчийн дүгнэлт: … БОАЖ-ын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн “Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох” тухай ташаалаар кг дутамд 50000 төгрөг байхаар тогтоосон ба Байгаль орныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гэсний дагуу /6 кг 405 грамм х 50000 х 5= 1601250 төгрөг болж байна гэх шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 45-р тал/
Ө.Гоос хураан авсан хоёр хэсэг шуудайнд савласан ургамалд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Ө.Гы хэргээ хүлээж мэдүүлсэн мэдүүлэг /ХХ-ийн 30-31, 53-54-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Ө.Г нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын МСТТ-ийн Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 61 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 58 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ө.Г нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4-р багийн нутаг дэвсгэр “Нурамт” гэх газраас 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу бусдад худалдан борлуулж, ашиг олох зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан ховор ургамлын жагсаалтад орсон Дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж, байгаль орчинд 320250 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Иргэний нэхэмжлэгч Ю.Гын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 23-р тал/, Гэрч П.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 24-25-р тал/, Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн №01 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 38-р тал/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь байгаль орчны хяналтын тасгийн Улсын байцаагч Ж.Вийн 18-04-329/02 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 45-р тал/, Ө.Гоос хураан авсан хоёр хэсэг шуудайнд савласан ургамалд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Ө.Гы хэргээ хүлээж мэдүүлсэн мэдүүлэг /ХХ-ийн 30-31, 53-54-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Ө.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд Ө.Гыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4-р багийн нутаг дэвсгэр “Нурамт” гэх газраас 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу бусдад худалдан борлуулж, ашиг олох зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан ховор ургамлын жагсаалтад орсон Дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж, байгаль орчинд 320250 төгрөгний хохирол учруулсан нь тогтоогдож байна гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ө.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр төлөгдсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 кг 405 грамм Дэрэвгэр жиргэрүү ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, 1 метрийн урттай төмөр багаж 4 ширхэгийг шүүгдэгчид буцаан олгох, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Өлзийбатын Гг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал түүсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Гд хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Ө.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 6 кг 450 гр Дэрэвгэр жиргэрүү ургамалыг устгах, 1 метрийн урттай төмөр багаж 4 ширхэгийг шүүгдэгчид буцаан олгохыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.