Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 541

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Т-, Р.Б-нарын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

   Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2020/00099 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Т-, Р.Б-нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ Г Т “ ЗГБХНөхөрлөл, Г.Г- нарт холбогдох,

 

Гэм хорын төлбөрт 6 607 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунжаргал,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Тамир,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Х-Соната-6 маркийн УББ 41-22 улсын дугаартай автомашинтай өглөө 06 цаг 10 минутын орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хороо, хорооллын эцсийн уулзварын замд явж байтал Тоёота Приус 11 маркийн 27-85 УБҮ улсын дугаартай автомашин ирж мөргөсөн. Үүний улмаас Б.Т- миний бие болон автомашинд хохирол учирсан.

Тухайн автомашин нь “ Г Т “ ЗГБХН-ийн эзэмшлийн автомашин байх ба иргэн Г.Г- нь лизингээр гэрээ байгуулан авсан гэж байгаа боловч тухайн үед О.Шинэбаяр жолоодож явсан байдаг. О.Шинэбаяр нь тухайн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 5.1, 5.6г гэсэн заалтуудыг зөрчсөнөөс энэхүү зам тээврийн осол гарсан гэдгийг цагдаагийн байгууллага тогтоож 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр жолооч О.Шинэбаярт захиргааны шийтгэл оногдуулж ХГ-148/310000618499105 дугаартай шийтгэх хуудас гарсан.

Миний бие анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж эрүүл мэндэд учирсан хохирол, унааны зардал, шуудан, өмгөөллийн хөлс, улсын тэмдэгтийн хураамж зэрэгт нийт 3 206 000 төгрөгийг автомашины эзэмшигч этгээд болох хариуцагч “ Г Т “ ЗГБХН, Г.Г- нараас нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Р.Болормаагаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дээрх ослын улмаас миний эзэмшлийн 41-22 УББ улсын дугаартай, Х.Соната-6 автомашинд хохирол учирсан. Тухайн үед жолооч О.Шинэбаяр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 5.1, 5.6г гэсэн заалтыг зөрчсөнөөс энэхүү зам тээврийн осол гарсан. Үүнийг цагдаагийн байгууллага тогтоож 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр жолооч Шинэбаярт захиргааны шийтгэл оногдуулж № ХГ-148/310000618499105 дугаартай шийтгэх хуудас гарсан. Миний автомашинд 2 208 000 төгрөгийн хохирол учирсан нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон. Иймд автомашины эзэмшигч этгээд болох “ Г Т “ ЗГБХН, Г.Г- нараас 2 208 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Г-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний найз О.Шинэбаяр нь 2017 оны 7 дугаар сард автомашин худалдан авах зорилгоор банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах гэтэл тухайн байгууллагаас нь хотын хаягтай, нийгмийн даатгал төлдөг хүнд зээл олгоно гэсэн шаардлага тавилаа туслаач гэсэн. Үүний дагуу би зээлд бүртгүүлж, миний нэр дээр шилжсэн. 2018 оны 6 дугаар сард зам тээврийн осол гаргачихаад надад хандсан учраас би  Баянгол дүүргийн замын цагдаагийн журмын хашаанаас автомашиныг нь гаргуулж байсан болно.

Иймд нэхэмжлэгч Б.Т-, Р.Б-нарын  нэхэмжилсэн нийт 5 414 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэм буруутай этгээд О.Шинэбаяр болон хариуцагч “ Г Т “ ЗГБХН нараас нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч “ Г Т “ ЗГБХН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Шинэбаяр нь согтуугаар автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож 41-22 УББ дугаартай Тоёота приус маркийн автомашиныг мөргөж жолооч Р.Болормаагийн эзэмшлийн автомашин болон бусад этгээдийн бие махбодид гэмтэл, хохирол учруулжээ. Тухайн үед замын цагдаагаас “ Г Т “ ЗГБХН-д холбогдуулж аваар гаргасан тухай акт гаргаагүй байна. О.Шинэбаярын жолоодож явсан тээврийн хэрэгслийн эзэмшигч нь манай байгууллага биш, 1 000 000 төгрөг зээлээд барьцаанд нь тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг манай байгууллагын нэр дээр шилжүүлсэн асуудал байгаа. Тэрнээс биш зээл авсан этгээд нь өөрөө машинаа унаад, эзэмшилдээ байлгаж байгаа. Тухайн автомашинтай холбоотой аливаа асуудал, бусдад учруулсан хохирлыг манайх хариуцахгүй гэж гэрээнд заасан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  

Шүүх: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Г-ээс нийт 4 267 800 төгрөг гаргуулж үүнээс нэхэмжлэгч Б.Т-д 2 059 800 төгрөг, нэхэмжлэгч Р.Болормаад 2 208 000 төгрөг олгож, хариуцагч “ Г Т “ ЗГБХ нөхөрлөлд холбогдох шаардлага болон нэхэмжлэгч Б.Т-ын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 574 200 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч О.Шинэбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Г.Г-ээс улсын тэмдэгтийн хураамж 83 234 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунжаргал давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Б.Т-, Р.Б-нар нь хариуцагч Г.Г-, “ Г Т “ ЗГБХН нарт холбогдуулж гэм хорын хохиролд 6 607 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар осол гаргасан автомашины өмчлөгч, эзэмшигч биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Г.Г-ээс нийт 4 267 800 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүх маргааны үйл баримтыг үндэслэлтэй дүгнэж шийдвэрлээгүй, нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Хариуцагч Г.Г- би осол гаргасан гэх Приус маркийн 27-85 УБҮ дугаартай автомашины өмчлөгч, эзэмшигч биш бөгөөд найз О.Шинэбаярын өмчлөлийн автомашин. О.Шинэбаяр надад машин худалдаж авах гэсэн юм, 5 000 000 төгрөг байна, үлдсэн 1 500 000 төгрөгийг ББСБ-аас зээл авч төлөх гэтэл заавал хотын хаягтай, нийгмийн даатгал төлдөг хүнд зээл өгнө гэсэн учраас би найздаа тусалж машиныг нь авч өгсөн. Түүнээс биш би тус машины өмчлөгч ч биш, эзэмшигч нь ч биш, машин хаана байгааг мэдэхгүй. 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл осол гарах үед хариуцагч “ Г Т “ ЗГБХН-д фидуцын гэрээгээр машины өмчлөх эрх шилжсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх осол гаргасан машины өмчлөгч, эзэмшигч нь Г.Г- гэж буруу дүгнэлт өгсөн.

Түүнчлэн, анхан шатны шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Г-ээс нийт 4 267 800 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй" гэснийг баримталсан нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна.

Учир нь, анхан шатны шүүх нэгэнт Г.Г-ийг эзэмшигч гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт заасны дагуу Г.Г-ийг гэм буруутай эсэх дээр дүгнэлт өгөх ёстой. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зохигчдын тайлбар, хэргийн үйл баримттай харьцуулан үнэлж, дүгнээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Т- нь хариуцагч “ Г Т “ ЗГБХН, Г.Г-, О.Шинэбаяр нарт холбогдуулан, гэм хорын хохиролд 6 607 000 төгрөгийг, эрэн сурвалжлуулах ажиллагааны зардал болох 140 400 төгрөг, нийт 6 747 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх1-2/ ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Шинэбаяраас татгалзаж /хх68/, улмаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч “ Г Т “ ЗГБХН, Г.Г- нараас 3 206 000 төгрөг гаргуулна /хх103/ гэжээ. Нэхэмжлэгч Р.Б-нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр оролцож хариуцагч “ Г Т “ ЗГБХН, Г.Г- нараас түүний эзэмшлийн автомашинд учирсан хохирол 2 208 000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан байна. /хх102/

 

Хариуцагч “ Г Т “ ЗГБХН, Г.Г- нар нь нэхэмжлэгч нарын дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь биш, гэм хорын хохирлыг осол гаргасан этгээд болох О.Шинэбаяр хариуцах үүрэгтэй гэж маргажээ. /хх70, 129, 145/ 

 

Анхан шатны шүүх хариуцагч Г.Г-ээс тээврийн хэрэгсэл ашиглалтын улмаас нэхэмжлэгч нарт учирсан хохирол нийт 4 267 800 төгрөгийг гаргуулж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн зохицуулалт болох Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал, шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарт гэм хорын хохирол учруулах үедээ О.Шинэбаярын жолоодож явсан гэх тээврийн хэрэгслийн автомашины өмчлөгч, эзэмшигч нь хариуцагч Г.Г-ийг гэж тодорхойлж, түүнээс хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд хариуцлага хүлээх этгээд нь тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч буюу өмчлөгч байх шаардлагатай учраас эрх зүйн байдллыг зөв тодорхойлох нь хэргийг зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

Хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШЗ2018/09268 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, мөн тус шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2018/02078 дугаар шийдвэр /хх6, 54-55/ зэргээс үзвэл, нэхэмжлэгч Б.Т- нь шүүхэд гаргасан удаа дараагийн нэхэмжлэлдээ “ Г Т “ ЗГБХН, О.Шинэбаяр нарыг хариуцагчаар татаж, улмаар шүүх иргэний хэрэг үүсгэхээс татгалзсан болон хариуцагч О.Шинэбаяр, Г.Г- нарыг эрэн сурвалжлуулахаар хандсан байна.

 

Энэхүү иргэний хэргийн хувьд, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гээд хариуцагч “ Г Т “ ЗГБХН, О.Шинэбаяр, Г.Г- нарт холбогдуулсан нэхэмжлэгч Б.Т-ын нэхэмжлэлд 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Иргэний хэрэг үүсгэснээс хойш буюу 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч “ Г Т “ ЗГБХН-ийн хууль ёсны төлөөлөгчийг албадан ирүүлэх тухай захирамж гаргасан байна. /хх56, 63/

 

Харин нэхэмжлэгчийн анх хариуцагчаар тодорхойлсон О.Шинэбаярт нэхэмжлэлийн шаардлагыг гардуулах, хэрэв гардуулах боломжгүй бол эрэн сурвалжлуулах, тухайн хариуцагчийн хаягийг олж тогтоох зэрэг ажиллагаа хийх эрх шүүхэд хуулиар олгогдсон байхад уг ажиллагааг хийгээгүй байна. Хэдийгээр нэхэмжлэгч Б.Т- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Шинэбаяраас татгалзсан агуулгатай хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаснаар /хх68/ О.Шинэбаяр нь хэргийн оролцогч биш болсон байх боловч түүнтэй холбоотой Зөрчлийн 1805001214 дугаар хэргийг хянан хянан шийдвэрлэх явцад цугларсан баримтад “тухайн тээврийн хэрэгсэл нь О.Шинэбаярын эзэмшил, мөн боловч түүний найз Г.Г-ийн нэр дээр бүртгэлтэй” гэх агуулгаар мэдүүлсэн О.Шинэбаярын мэдүүлэг /хх25/, тухайн зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Г.Г-ээс мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг авагдсан байна. Тухайн бичгийн баримтуудыг энэхүү иргэний хэрэгт шууд нотлох баримтаар хамааруулан үнэлэх боломжгүй байна.

 

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасан эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах эзэмшил үүсэх, 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө эзэмшигчийг өмчлөгч гэж тооцох учиртай.

 

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтаас үзвэл хариуцагч Г.Г-ийг тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч гэх нөхцөл байдал эргэлзээтэй байхад анхан шатны шүүхээс тодруулах ажиллагааг хийгээгүй байна. Иймд тээврийн хэрэгслийг бодитойгоор өмчлөн, эзэмшиж буй этгээдийг тодруулах шаардлагатай. Энэ үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтын талаар хууль хэрэглээний хувьд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийг залруулан өөрчлөх болон хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх замаар маргааны үйл баримтыг тогтоох, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд дүгнэлт өгөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2020/00099 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунжаргалаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83 235 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                    ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                              ШҮҮГЧИД                                Б.НАРМАНДАХ  

 

                                                     Д.ЦОГТСАЙХАН