Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2024/01750

 

 

 

 

 

 

 

 

2024 04 29 181/ШШ2024/01750

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: П.Э /РД:.............../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ю ХХК /РД:........../-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татварт нөхөн бичилт хийлгэх, ээлжийн амралтын олговорт 691,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А,

Хариуцагчийн төлөөлөгч: Н.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Агиймаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч П.Э хариуцагч Ю ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэх, ээлжийн амралтын олговорт 691,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч П.Э нь 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн №04 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулан Ю ХХК-д менежерийн албан тушаалд томилогдон ажилласан.

Тус хөдөлмөрийн гэрээнд Ю ХХК нь үндсэн цалин 1,000,000 төгрөг байхаар заасан боловч ажиллах хугацаанд тус компанийн гүйцэтгэх захирал 800,000 мянган төгрөгийг цалинг миний дансанд шилжүүлдэг байсан. Би тухайн үед холбогдох нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татварыг суутгаж олгодог байсан гэж бодож байсан боловч нэг ч удаа төлж байгаагүй болохыг нь би 2023 оны 5 дугаар сарын эхээр олж мэдсэн.

Үүнээс гадна талуудын хооронд байгуулсан гэрээний 4.11 дэх хэсэгт зааснаар ажилтнуудын ажлын хөлсийг сард 2 удаа буюу 15 хоногт 1 удаа олгоно гэж заасан байдаг. Гэвч ажил олгогчийн зүгээс нэг ч удаа гэрээний заалтын дагуу цалин олгож байгаагүй боловч би зохицоод ажилласаар ирсэн.

Улмаар 2023 оны 4 дүгээр сараас эхлэн менежерийн албан тушаалд нэмж ажилтан авсан. Үүнээс хойш захирал Н.Ууганчимэгийн ааш зан хувирч байнга ямар нэгэн байдлаар маргаан үүсгэх сонирхолтой болж эхэлсэн.

Би 2023 оны 5 дугаар сарын эхний цалинг авах гэтэл надад Чамтай тооцоотой. Цалинг чинь өгөхгүй, чиний хаана ямар зээлтэй байгаа чинь миний асуудал биш гэж хэлсэн. Би ажиллах хугацаандаа нэг ч удаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Ингээд би цалингаа авмаар байна гэхэд Чи надад нийгмийн даатгал болон татварт гомдол гаргахгүй гэсэн бичиг хийж өг гэсэн.

Би тухайн бичгийг нь хийж өгснөөр 2023 оны 5 дугаар сарын 15-нд авах цалинг 24-ний өдөр гуйж авсан. Үүнээс хойш намайг ямар үндэслэлээр ажлаас халсан талаар тушаалаа гаргаж өгөөгүй. Ажлаа хүлээж авна гэхээр нь хүлээлгэж өгсөн. Бидний хооронд байгуулсан гэрээний 7.2-т цалин хөлсөө Хамтын гэрээ-нд заасан хугацаанд авч байх гэж заасан боловч бидний хооронд хамтын гэрээ байгуулагдаж байгаагүй. Мөн гэрээний 7.4 дэх хэсэгт заасан Хөдөлмөрийн хууль тогтоомжид заасны дагуу амрах, тэтгэвэр тэтгэмж авах, бусад хөнгөлөлт эдлэх гэж заасан боловч ажлаас халахдаа ээлжийн амралтын олговрыг олгоогүй.

Иймд миний бие шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө хуульд заасны дагуу хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдолоо гаргаж урьдчилан шийдвэрлэх ажиллагааг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т зааснаар хуульд заасан хугацаанд гаргаж гурван талт хорооны Н.Ууганчимэг захирал хүрэлцэн ирээгүй тул шүүхийн журмаар шийдвэрлүүл гэсэн.

Хариуцагч шүүх хуралдаанаас өмнө ажлаас халсан тушаалыг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Энэ тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-ийг удирдлага болгон гаргасан байна. Гэвч нэхэмжлэгч Б.Э-ын хувьд Би өөрөө ажлаасаа халагдъя гэсэн хүсэлт байхгүй, хэрэгт нотлох баримтаар авагдаагүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т заасныг зөрчиж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 болон 6 дугаар зүйлээр цалин хөлс авах эрхийг хязгаарлах, дарамт үзүүлэх, шударга бус үйлдлүүдийг тус тус хориглодог. Гэтэл, хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгчээр ...нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар суутгуулж байгаагүй тул цаашид нийгмийн даатгал, шүүхэд гомдол гаргахгүй гэх хүсэлт бичүүлж авч байж, цалинг олгосон.

Ажил олгогчийн зүгээс дээрх байдлаар ажилтанд дарамт үзүүлэх байдлаар тухайн ажилтнаар хүсэлт бичүүлж авсан үйлдэл нь Иргэний хуульд заасан хууль зөрчиж хийсэн хэлцлийн шинжийг агуулдаг. Ийм учраас Б.Э өөрөө зөвшөөрсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар ажил олгогч нь ажилтны цалин хөлснөөс заавал суутгаж түүний нийгмийн даатгалын асуудлыг шийдвэрлэхээр зохицуулсан харилцаа бөгөөд ажилтан, ажил олгогч хоёр тохирч шийдэх хуульгүйгээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т ажил олгогч нийгмийн мөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг заавал төлөх үүрэг бол ажил олгогчийн үндсэн үүрэг гэж заасан.

Хариуцагч өнөөдрийн хурал дээр ээлжийн амралтыг олгохыг зөвшөөрч байгаа талаар хэлсэн. Бодолтын хувьд нэхэмжлэгчийн зүгээс гэрээ байгуулсан 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гэрээ байгуулаад 2023 оны 8 дугаар сар хүртэл тооцсон. Ингэж гаргасан үндэслэл нь анхнаасаа хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй байсан учраас 2023 оны 8 дугаар сар хүртэл өөрийн эрх зөрчигдсөн байх хугацааны цалин хөлснөөс Монгол Улсын Засгийн газрын 126 дугаар тогтоолын дагуу ээлжийн амралтад ногдох хэсгээ 21,2-т хуваагаад 15-аар үржүүлээд гаргасан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 99.2-т заасантай нийцэж байгаа.

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажилтан 11 сар ажилласан тохиолдолд ээлжийн амралт авах эрхтэй гэж заасан. Гэхдээ Хөдөлмөрийн тухай хууль зөрчиж хийсэн гэрээ буюу хуульд 6 сар болсон тохиолдолд ээлжийн амралт олгоно гэж заасан.

Мөн Хөдөлмөрийн гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-ийг дурдсан. Дээрх заалт бол хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцлах заалт биш.

Иймд нэхэмжлэгч П.Эыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Ю ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийлгүүлж, ээлжийн амралтын олговорт 2022 оны 9 дүгээр сарын 05-наас 2023 оны 8 дугаар сарын 15ны өдөр хүртэлх 11 сарын хугацааны ээлжийн амралтын олговорт 691,250 (1 000 000/21.7*15) төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Ю ХХК-ийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Ю ХХК-д холбогдуулан П.Эаас гаргасан нэхэмжлэлд хариу тайлбар хүргүүлж байна.

2.1. П.Э нь Ю ХХК-д 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн менежерийн ажилд орсон. Ажилд орохдоо 04 тоот Хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба тус гэрээгээр ажилтантай хөдөлмөрийн хөлсийг 800,000 төгрөгөөр тохиролцсон. Ингэхдээ П.Эад нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, хувь хүний орлогын албан татварт хэдэн төгрөгийг суутгуулах тухай хэлсэн ба тухайн үед бусдад өр зээлтэй, гар дээрээ бүх мөнгөө авья, харин 2023 оны 6 дугаар сар хүртэл нийгмийн даатгал шимтгэл төлөхгүй, 6 дугаар сараас эхлэн төлье гэж тохиролцсон. Анх ажилд ороход нь ажлын цагийг 9-18 цаг байхаар тогтсон.

Миний бие Н.Ууганчимэг нь 2022 оны 10 дугаар сарын 15 хүртэл оффист тогтмол ажилладаг байсан ба энэ хугацаанд П.Э цагтаа ирж цагтаа тардаг байсан. Манай оффист П.Э бид 2 л ажилладаг өөр ажилтангүй юм. Би 2023 оны 11 дүгээр сард амаржсан ба амаржихын өмнөх өдөр хүртэл ажлаа хийсээр байсан. П.Э 2023 оны 10 дугаар сараас эхлэн байнга хоцрох, ажлын дундуур хэдэн цагаар алга болох, орой эрт тарах зэрэг тохиолдол нь ихэссэн. Тухайн үед П.Этай ярилцаж ажпын цагийг 10-19 цаг болгосон ба өдрийн цагт тогтмол ажил дээрээ байх шаардлагатайг хэлж байсан. Учир нь хүүхэд асрагчаар ажиллах хүмүүс өдөр ирээд оффист хүнгүй байна гээд буцаад явчихдаг тул тогтмол байхыг хэлж байсан.

Манай байгууллага нь хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч зуучлах үйлчилгээ үзүүлдэг ба үйлчилгээ үзүүлсэний хөлсөнд нэг айлаас 100,000 төгрөгийн төлбөр авдаг. Тус үйлчилгээний хөлсөөр компани хэвийн үйл ажиллагаагаа явуулж, оффис менежерийн цалинг олгодог. П.Эыг ажилд ороход манай байгууллага 20 гаруй ажилтантай байсан, 2023 оны 11 дүгээр сард би амаржиж гэртээ хүүхдээ харах болсон тул П.Э ажилд хүн авах, асрагч айлтай ажилтнаа уулзуулах ажлуудыг дангаар гүйцэтгэх болсон. Би гэрээсээ ажиллаж, асрагч авах айлууд захиалгаа өгч тус захиалгын дагуу Эрдэнэсувдтай уулзаж, анкет өгсөн ажилчдаа уулзуулж ажилд нь оруулдаг юм. Гэвч 10 дугаар сараас эхлэн ажилд орох хүн багасч, ажиллаж байгаа хүмүүс маань ажлаасаа гарч цөөрсөөр 2023 оны 4 дүгээр сард гэхэд 7 айлд асрагч ажиллуулж байсан. Ажилтан гарах бүрт дараагийн хүнээ бэлдэхийг, айлдаа асрагчаа өгөхийг хэлдэг боловч хүний нөөцгүйн улмаас асрагч ажиллуулж чадахгүй гэрээгээ цуцалсаар байсан. Ингээд 4 дүгээр сараас эхлэн П.Эад Ажиллах хүнгүй байсаар одоо 7 айлтай боллоо. Сap бүрийн орлого нь оффис түрээсээ төлөөд, чиний цалинг өгөөд хүрэхгүй алдагдалд орж байгаа учир асрагчаар ажиллах хүний нөөцөө нэмэх шаардлагатай байна гэдгийг удаа дараа хэлж байсан. Хэлэх бүрт одоо хүн нэмнэ гэдэг ч огт нэмэгдүүлээгүй. Мөн ажилдаа хэзээ ч цагтаа ирж байгаагүй. Эртдээ 11:00 цаг, цаашлаад 13:00, 14:00 цагт ирдэг байсан. Эрдэнэсувдад цалинг cap бүр 2 хуваан олгодог байсан ба нэхэмжпэлд ...цалинг 15 хоногт 1 удаа олгоно гэж заасан байдаг боловч 1 ч удаа олгож байгаагүй... гэсэн нь үндэслэлгүй юм.

 

2.2. Нэхэмжлэлд хавсаргасан 1,000,000 төгрөгийн цалин бүхий гэрээний тухай:

П.Э нь анх ажилд орохдоо байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь 800,000 төгрөг ба нэхэмжпэлд хавсаргасан 1,000,000 төгрөгийн гэрээг 2023 оны 3 дугаар сарын 20-ны үед Сайн электроникс ХХК-иас лизингээр нөүтбүүк авахын тулд хийсэн гэрээ юм. П.Э нь 2023 оны 3 дугаар сард бие нь өвдөж, эмнэлэгт үзүүлнэ, бие өвдөөд гэртээ байгаа гээд чөлөө авч, өвдөж тухайн сард бараг ажиллаагүй. П.Э Энэ хугацаанд эмнэлэгт үзүүлэх, эмчилгээ хийлгэхийн тулд мөнгөний хэрэгцээтэй байгаа, байрны түрээсийн мөнгө өгөх шаардлагатай, нэхэгдээд байгаа. Ажиллаагүй тул цалин авахгүй байгаа учраас Сайн электрониксоос цахилгаан бараа лизингээр авч түүнийгээ зарж бэлэн мөнгөтэй болж дээрх зүйлсдээ мөнгөө зарцуулах хэрэгтэй байна. Иймд та хөдөлмөрийн гэрээний цалинг арай өндөр байхаар хийж өгөөч гэж хүссэн. Тухайн үед би Эрдэнэсувдад туслах үүднээс гэрээний цалинг 1,000,000 төгрөг байхаар тусгаж шинээр гэрээ гаргаж өгсөн. Иймд тус гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ болно.

 

2.3. Манай байгууллага нь cap бүрийн 3, 18-ны өдрүүдэд цалинг олгодог ба 15-ны өдөр цалин буудаггүй. П.Э нь 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажиллаад Ээжийн бие муу байна. Эрдэнэт явах шаардлагатай болсон гэж хэлээд хөдөө явсан. Тус өдөр цалин буух ёстой байсан ба өдөр нь ажил дээр ирээд П.Эыг манай үйлчлүүлэгчээс надад төлөх ёстой байсан төлбөрийг хувьдаа завшсан болохыг олж мэдсэн. Өмнө нь ч миний өмнөөс мөнгө авч түүнийг хувийн хэрэгцээндээ, нөхрийнхөө машины засварт гэх мэт зарцуулсан зүйл удаа дараа гарсан байдаг.

Н.У миний бие худалдан авах ажиллагааны хүрээнд зөвлөгөө өгөх, тендерийн материал бэлтгэх ажлыг Ю ХХК-иас ангид бие даан хийдэг. Энэ ажлын хүрээнд тогтмол зөвлөгөө авдаг, материал бэлтгүүлдэг Болормаа гэх эмэгтэй байдаг ба тэр хүний компанийн нэг тендерийг 2023 оны 4 дүгээр сард хийж, дараа нийт төлбөрөө тооцож авахаар тохиролцсон байсан. Гэтэл 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ажил дээр ирээд П.Эын цалинг олгох ёстой байсан тул Болормаа эгчээс мөнгөө нэхтэл түүнийг П.Э өөрийн Голомт банкны данс руугаа 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр шилжүүлж авсан гэж хэлсэн. Ингээд би П.Эад шууд хэлэлгүйгээр Чамайг ирэхээр ярих зүйл байна. Хэзээ ирэх вэ, ирээд цалингаа аваарай гэхэд ...би ингэж ажиллаж чадахгүй, ажлаасаа гарья, 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх цалингаа тооцуулж аваад ажлаасаа гарья гэж удаа дараа чат бичсэн. Үүний хариуд нь миний бие чи ажпаасаа гарах гэж байгаа бол 30 хоногийн өмнө мэдэгдэж, ажпаа хүлээлгэж өгч байж гарах ёстой, хуулиараа ч гэрээгээрээ ч ийм байгаа гэхэд тухайн өдрөөс хойш ажилдаа ирээгүй, ажлаа ч хүлээлгэж өгөөгүй. Ингээд 5 дугаар сарын 24-ний өдөр ирж цалингаа тооцуулж авсан.

 

2.4. Цалинг тооцож олгох үед нийгмийн даатгал төлүүлэх тухай надад хэлэхэд нь ...Чи анхнаасаа төлөхгүй гээд бүх цалингаа суутгалгүй авсан хэрвээ нийгмийн даатгал төлүүлэхээр бол 9 дүгээр сараас 5 дугаар сарыг хүртэлх хугацаанд авсан цалингийн 11,5 хувь буюу 736,000 төгрөг , хувь хүний орлогын албан татварт 406,400 төгрөгийг, нийт 1,142,400 төгрөгийг суутгуулсанаар дээрх нийгмийн даатгалыг төлөх боломжтой болно. Хэрвээ төлье гэж бодож байгаа бол энэ мөнгийг байгууллагад төлөх хэрэгтэй гэдгийг хэлсэн. Гэвч Эрдэнэсувд ийм мөнгө надад байхгүй тул нийгмийн даатгал төлөхөө больё доо гэсэн. Тэгэхээр нь би Тэгвэл чи нийгмийн даатгалд хандах шаардлагагүй гэдгээ бичиж өгөөд цалингаа ав, хэрвээ нийгмийн даатгалд хандахаар бол авах цалингаасаа энэ мөнгөө төлөх нь зүйтэй гэж хэлэхэд нийгмиийн даатгалд гомдол гаргахгүй тухай хүсэлт гаргаж өгсөн болно.

 

2.5. П.Э нь өөрөө ажлаасаа гарья гэж хэлсэн бөгөөд ажлаа хүлээлгэж өгөөгүй, ажлаа орхиж явсан тул ажилд эргүүлэн тогтоох боломжгүй болно.

 

2.6. Ээлжийн амралтын олговрын тухай П.Э нь 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан ба 3 дугаар сард ажиллаагүй. Иймд компанид нийтдээ 8 cap ажилласан байгаа. Ээлжийн амралтын олговрыг тооцохдоо 2023 оны 8 дугаар cap хүртэл ажилласан мэтээр тооцсон ба тус мөнгөнөөс нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар зэргийг хасаж тооцоогүй алдаатай бодолт хийсэн байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 21,140 төгрөг төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Б.А-д олгосон итгэмжлэл, 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дугаартай хөдөлмөрийн гэрээ, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 84 дугаартай хуралдааны тэмдэглэлийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШЗ2023/12696 дугаар захирамж ирүүлсэн.

 

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: Ю ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар, дансны хуулга, фэйсбүүкээр харилцсан зурвасын хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дугаартай хөдөлмөрийн гэрээ, Ю ХХК-ийн цагийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, Ю ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн П.Эыг ажлаас чөлөөлөх тухай тушаал ирүүлсэн.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилж, хариуцагчаас гаргаж өгсөн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 04 тоот Хөдөлмөрийн гэрээний ажилтан хэсэгт зурагдсан П.Э гэх гарын үсэг нэхэмжлэгч П.Эын гарын үсэг мөн эсэх талаар дүгнэлт гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Ю ХХК нь ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байгаагүй, ээлжийн амралтын олговор олгоогүй үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийлгэх, ээлжийн амралтын олговорт 691,250 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч П.Э өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу түүнийг ажлаас чөлөөлсөн. Нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй гэсэн учраас төлөөгүй. Сайн электроникс ХХК-иас зээл авахад шаардлагатай гэсэн тул сарын үндсэн цалинг 1,000,000 төгрөгөөр тохиролцсон хөдөлмөрийн гэрээ байгуулсан. П.Э нь 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажилласан тул ээлжийн амралтын олговрыг 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцсон нь үндэслэлгүй гэж маргав.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Нэхэмжлэгч П.Э нь хариуцагч Ю ХХК-ийн менежерийн албан тушаалд 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад Ю ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 23/01 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь тогтоогдож байна.

 

4.2. Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасныг 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 84 дүгээр тэмдэглэлээр дуусгавар болгосон. Улмаар 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийлгэх, ээлжийн амралтын олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 7 дугаар сарны 27-ны өдрийн 181/ШЗ2023/12696 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан байна.

Улмаар нэхэмжлэгч дээрх захирамжид заасан зөрчлийг арилган 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийлгэх, ээлжийн амралтын олговорт 691,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасантай нийцсэн байна.

 

4.3. Ю ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 23/01 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтыг тус тус үндэслэн Менежер ажилтлай П.Э нь 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон ажлаас гарах хүсэлт өгсөн үндэслэлээр П.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөр дуусгавар болгон түүнийг ажлаас чөлөөлжээ.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй. гэж, 79.2-т Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно. гэж тус тус заажээ.

 

Ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж байгаа тохиолдолд ажил олгогчийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх шаардлагатай. Хариуцагчийн төлөөлөгч нь П.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасныг баримталсан байх боловч хэрэгт авагдсан баримтаар ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан үйл баримт тогтоогдоогүй.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн татгалзлаа нотлохоор өгсөн хэргийн 25-32 дугаар талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй.

 

Иймд хариуцагч Ю ХХК-ийг ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Иймд Ю ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 23/01 тоот тушаал хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгч П.Эыг Ю ХХК-ийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж заасан.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцоход 7,489,815 төгрөг байна.

 

Иймд нэхэмжлэгч П.Эын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7,489,815 төгрөгийг хариуцагч Ю ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажил олгогч ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үндсэн үүрэгтэй талаар заасан.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй гэсэн учраас нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөөгүй гэж тайлбарласан боловч хариуцагчийн төлөөлөгчийн уг тайлбараар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Иймд нэхэмжлэгч П.Эын 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагч Ю ХХК-д даалгах нь зүйтэй.

 

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.-т Ажилтанд ажлын жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшууллын хэмжээг энэ хуулийн 110.2-т заасан хэмжээнээс нэмэгдүүлж олгох асуудлыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцон олгоно. гэж, 99.2.-т Ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш зургаан сар ажилласан бол түүнд ээлжийн амралт эдлэх эрх үүснэ. гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч П.Эад олгох ээлжийн амралтын олговрыг тооцоход Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/191 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын олговор тооцох журам-ын дагуу тооцоход 459,837 /5,947,800:177 хоног13/ төгрөг байх тул хариуцагч Ю ХХК-иас 459,837 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Эад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 231,413 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.Эыг Ю ХХК-ийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7,489,815 төгрөг, ээлжийн амралтын олговорт 459,837 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид П.Эад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 231,413 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Эын 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагч Ю ХХК-д даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч П.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,140 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю ХХК-иас 14,445 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 70,200 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ