Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 119/ШШ2024/0008

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “Н” ХХК

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.З, А.М

Хариуцагч: “Э” ТӨҮГазар, “Э” ТӨҮГ-ын ҮХ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н, Э.Э нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: “2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Э” ТӨҮГ-ын “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй II” ЭҮТӨҮГ/202301... дугаартай ТҮХ-ны 08 дугаар тэмдэглэл /шийдвэр/, “Э” ТӨҮГ-ын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн СЭ-112-12/6861 дугаар “Мэдэгдэл”-ийг хүчингүй болгож, “Э” ТӨҮГ-ын зарласан “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй II” ЭҮТӨҮГ/202301... дугаартай тендерт шалгарсан “Н” ХХК-тай гэрээ байгуулахыг “Э” ТӨҮГазарт даалгах” нэхэмжлэлийн үндсэн шаардлага,

““Э” ТӨҮГ-ын “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй II” ЭҮТӨҮГ/202301… дугаартай тендерийг дахиан зарласан 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах” нэмэгдүүлсэн шаардлагатай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Н” ХХК “Э” ТӨҮГ-ын ТҮХ-д холбогдуулан ““Э” ТӨҮГ-аас 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн СЭ-112-12/6861 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” актыг хүчингүй болгох, “Э” ТӨҮГ-ын зарласан “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй II” ЭҮТӨҮГ/202301... дугаартай тендерт шалгарсан “Н” ХХК-тай гэрээ байгуулахыг “Э” ТӨҮГ-т даалгах үндсэн нэхэмжлэлийн

“Э” ТӨҮГ-ын “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй II” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/20230... дугаартай тендерийг дахин зарласан 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгох” шаардлагыг нэмэгдүүлж маргасан.

2. “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/96 дугаар тушаалаар ЭҮТӨҮГ/20230... дугаартай “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй II” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ҮХ-г байгуулсан ба 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй II” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг төрийн худалдан авах ажиллагааны цахим системд зарлажээ.

3. “Н” ХХК нь уг “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй II” нийлүүлэх нээлттэй тендерт оролцсон байна.

4. “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй II” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ҮХ 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хуралдаж “...Тендерийн хүчинтэй хугацаа дууссан тул бүх тендерээс татгалзаж, дахин тендер зарлах саналыг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн ...” ба 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн СЭ-112-12/6861 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр  “Н” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсгийг баримтлан тендер шалгаруулалтыг дахин зарлах саналыг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн ҮХ-ны шийдвэрийг мэдэгдсэн байна.

5. 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

6. Нэхэмжлэгч “Н” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

6.1. Захиалагч “Э” ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасны дагуу тендер нээснээс хойш ажлын 15 хоногийн дотор буюу 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, бусад тендер оролцогчдод шалгараагүй үндэслэлийн хамт бичгээр мэдэгдэх үүрэгтэй боловч 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр буюу ажлын 9 хоногийн дараа “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдэл ирүүлсэн нь хугацаа хэтрүүлж гэрээ байгуулах эрх олгосон Захиалагчийн буруутай үйлдэл гэж тодорхойлжээ.

7. Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Н” компани нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлага “Э” төрийн өмчит үйлдвэрийн газрын хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй багц 2 нэртэй ЭҮТӨҮГ/202301... дугаартай тендерийн ҮХ-ны 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн тендерийн хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон тул тендер шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож, “Э” ТӨҮГ-ын зарласан хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй 21103 дугаартай тендерт шалгарсан “Н” компанитай гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан “Э” төрийн өмчит үйлдвэрийн газар нь 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цаг 10 минутад тендерийг нээж шалгаруулалтыг явуулсан. Тус шалгаруулалтад нийт 3 компани оролцсоноос ТҮХ-оос манай “Н” компанийг 2023 оны 10 сарын 13-ны өдөр С-112/126236 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх манай компанид олгогдсон. Гэтэл манай компанийн шалгарсан дээрх тендерт “Э” гэдэг компаниас гомдол гаргасан тул Сангийн яамны 2023 оны 10 сарын 19-ний өдрийн 0037708 дугаар албан бичгээр гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлсэн гэх мэдэгдэл ирсэн. Уг мэдэгдлийг Э-ээс манай компанид 10 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдсэн. Э нь тендер шалгаруулалттай холбогдуулан “Э” компани нь хэзээ гомдол гаргасан бэ, Монгол Улсын Сангийн яамнаас хариу гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн гэдэг талаар манай компанид огт мэдэгдээгүй. Цахим сайт дээр тавигддаг гээд байгаа. “Э” компанийн гомдол нь үндэслэлтэй юм уу, үндэслэлгүй юм уу гэдэг бичиг мэдэгдээгүй. 10 дугаар сарын 23-ны өдөр зөвхөн тендер шалгаруулалттай холбогдуулаад “Э” компани гомдол гаргасан гэдэг албан бичгийг манай компанид хүргүүлсэн. Уг компанийн гаргасан гомдлыг Сангийн яам нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. “Э” ТӨҮГ 10 дугаар сарын 13-ны өдөр манай компанид гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасны дагуу ирүүлсэн. Тус заалтын дагуу “Н” компанийн гэрээ байгуулах эцсийн хугацаа нь 2023 оны 10 сарын 23-ны өдөр болж таараад байгаа юм. Бусад тендерт оролцогч гомдол гаргаагүй тохиолдолд 10 сарын 23-ны өдөр гэрээ байгуулах бүрэн боломжтой байсан. Гэвч “Э” компани 10 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасны үндсэн дээр тендер шалгаруулалт түр хугацаанд түдгэлзсэн. 10 дугаар сарын 31-ний өдөр Сангийн яам гомдлыг хянан шийдвэрлэх захиалагчийн шийдвэрийг түр түдгэлзүүлсэн хугацаа дуусгавар болсон. 10 дугаар сарын 31-ний өдрөөс хуулийн 29.2-т заасны дагуу “Н” компани нь гэрээ байгуулах ажлын 6 хоногоос ажлын 4 хоног үлдсэн гэж үзээд 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэрээ байгуулах боломжтой байсан. “Э” компани хариу тайлбартаа “А” гэдэг компани гомдол гаргасан гэдэг байдлаар дурдсан байсан. Энэ талаар манай компанид “Э” ТӨҮГ бичгээр, амаар, цахимаар ямар нэгэн мэдээлэл огт өгөөгүй. Бид нар зөвхөн “Э” гэдэг компани Сангийн яаманд гомдол гаргасан юм байна. Тухайн компанийн гомдол нь 10 дугаар сарын 31-ний өдөр шийдвэрлэгдсэн юм байна гэж бодсон. Гэтэл “А” гэдэг компани Сангийн яам руу гомдол гаргаад тус гомдол нь үндэслэлтэй гэж Сангийн яам шийдвэрлэгдээд явсан гэдгийг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлох баримттай танилцах хүрээнд мэдсэн байгаа. Гомдолтой холбоотой Сангийн яам Тендерийн ҮХ-г дахин хянан шийдвэрлэх ёстой гэдэг шийдвэр гарсан. Э-ийн хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй 2 нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ҮХ-ны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хамгийн сүүлийн хурлын тэмдэглэл дээр “А” компанийн гомдол болон “Э” компанийн гомдолтой холбогдуулаад манай компанийг дахин үнэлсэн ҮХ-ны нийт хурлын тэмдэглэлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. ҮХ-ны 6 хурал болоход эхний 2 хурал дээр нь тендер сонгон шалгаруулалтыг сонгоогүй 3, 4, 5, 6 дугаар бүх хурлууд дээр нь хамгийн сайн оролцогч, тендерт оролцсон оролцогчоор шалгарсан, дараа нь мониторингийн хурлын дүгнэлт болоод мониторингийн хурлаас нь хянан шийдвэрлэх шаардлагатай гэж цаг хугацаа авсан байгаа юм. “Н” компанийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэрээ байгуулах эрх олгосноос хойш өөрсдийн ямар ч буруутай үйлдлээс үл шалтгаалан 11 дүгээр сарын 07-нд тендерийн хүчинтэй хугацаа дууссан гэх шалтгааны улмаас гэрээ байгуулах боломжгүй болсон. Хэрэгт авагдсан материалын “Э” ТӨҮГ-ын ҮХ-ны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэл буюу 8 дугаар хурлын тэмдэглэл дээр манай компани хамгийн сайн үнэлэгдсэн тендер шалгаруулсан оролцогчоор дахин шалгарсан байгаа. Гэвч тендерийн хүчинтэй хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дууссан тул “Н” ХХК-тай гэрээ байгуулах боломжгүй болж, нийт тендерт оролцсон бүх оролцогчоос татгалзаж, тендерийг дахин зарлахаар “Э” ТӨҮГ шийдвэр гаргасан. Энэ нь “Н” ХХК-ийн эрх ашгийг 100% хөндсөн. Тендерийн хүчинтэй хугацаанд гэрээ байгуулах боломжгүй болсон. Ийм шалтгааны улмаас “Н” компанийн гол үндсэн шаардлага нь Э-тэй гэрээ байгуулахыг даалгаж өгөөч гэсэн нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргаад байгаа. Түүнтэй холбогдуулаад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.  2023 оны 12 сарын 27-ны өдөр тендер шалгаруулалтаа дахиад зарласан. Энэ тендер шалгаруулалтаа зарласан шийдвэрийг нь хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Э” ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Сангийн яамнаас гаргасан холбогдох дүрэм журамд үндэслэн үйл ажиллагаагаа явуулдаг. Сая шүүх хуралдаан дээр хүсэлт гаргасан. Тэр хүсэлтийн агуулга, зорилго шүүх хуралдааныг хойшлуулъя гэдэг хүсэл зорилго байгаагүй. Нотлох баримтын шаардлага хангуулаад цааш нь үргэлжлүүлбэл процесс, алдааны зөрчил үүсэхгүй юм аа гэдэг л ийм л зорилготой байсан. Тэгэхээр Э-ийн тухайд бид нар тендерээ зарласан. Зохих журмын дагуу үнэлгээ хийгдэх ажлууд явагдаж байгаа. “ҮХ-ны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах ҮХ-ны бүрэлдэхүүнд орох, иргэний мэдээллийн хэлтсийн сан бүрдүүлэх журам”-ын дагуу үнэлгээний ажиллагааг явуулах ёстой. Тендерийн хууль энэ оны 1 сарын 1-нээс эхлээд мөрдөгдөж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Сангийн сайдын тушаалаар 2023 оны 12 сарын 25-ны өдрийн А/253 дугаар тушаал, 2019 оны 6 сарын 4-ний өдрийн 131 дүгээр тушаалыг хүчингүй болгосон. Мөн 2 сайдын тушаалаар хүчингүй болсон. Энэ тендер шалгаруулалтын ажиллагаа бол энэ журмын үйлчлэлийн хугацаанд явагдсан. Өөрөөр хэлбэл 2023 оны 12 сарын 13-ны өдөр гэхэд энэ журам хүчин төгөлдөр үйлчилж байсан. Тийм учраас энэ журмыг үндэслэж тайлбар өгөөд байгаа.

Э-ийн тухайд энэ журамд заасан сонгон шалгаруулалтын ажиллагааг явуулсан. Сонгон шалгаруулалтын ажиллагаа явж байхад тендер шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу зөрчилтэй асуудлууд үүссэн. Энэ асуудал дээр ҮХ шийдвэрээ гаргаад захиалагчид хүргүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар захиалагч хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, ҮХ-оос гарч байгаа шийдвэр үнэн зөв гарсан уу, үгүй юу, ҮХ-ны үйл ажиллагаа хууль ёсны дагуу явагдаж байна уу, үгүй юу гэдгийг дээрх журмын дагуу зохион байгуулж хянадаг. Энэ журмын дагуу захиалагч хянаж үзээд холбогдох асуудлуудыг тодруулах шаардлагатай гэдэг зөвлөмжийг ҮХ-д өгсөн. ҮХ нөхцөл байдлыг судалж үзээд шаардлагатай асуудлуудаар хуульд заасны дагуу тодруулга авъя гэдэг асуудлыг шийдвэрлээд тодруулга авсан. Тодруулгын үндсэн дээр 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалтын ажиллагаанд ямар нэгэн процесс, алдаа зөрчил гаргалгүй дүрэм журамд заасны дагуу ажиллагаа явагдсан гэсэн үг. Эрх олгох тухай мэдэгдэл хүргүүлсэн байтал 2 компаниас гомдол гаргасан. Сангийн яаман дээр гомдол хянан шийдвэрлэгдээд явсан. Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгээр сонгон шалгаруулалтын ажиллагааг түдгэлзүүлнэ гэдэг шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалтын ажиллагаа хугацаа дуусаж зогсож байна. Гомдлыг хянан шийдвэрлэнэ гэсэн үг. Энэ албан бичгийн дагуу 3 хоногийн дотор тендерт оролцогчдодоо мэдэгдсэн. 3 хоногийн дотор мэдэгдэж байгаа энэ процесс үйл явц бол түрүүний дурдсан Сангийн яамны гомдол хянан шийдвэрлэх тухай журмын дагуу тодруулбал гомдол Сангийн сайдын 2019 оны 6 сарын 4-ний өдрийн 131 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журмын 4.7-д заасан ажлын 3 хоногийн дотор мэдэгдэж байгаа процесс ажиллагааны үйл явц. Бид нар энэ журмыг баримталж ажлын 3 хоногийн дотор оролцогчдодоо мэдэгдсэн. Энэ журамд зааснаар бид нар зөвхөн Сангийн яамнаас ирж байгаа агуулгыг л мэдээлж байгаа. Тэрнийх нь дагуу л бид нарт мэдэгдэж байгаа. Тэрнээс биш гомдлын дотор юу байна гэдэг агуулгыг бид нар мэдэх боломжгүй. Сангийн яаман дээр гомдол хянан шийдвэрлэгдээд 10 сарын 31-ний өдөр гомдол хянасан тухай 2 албан бичиг ирсэн. Энэ 2 албан бичгийн хүрээнд эхнийх нь гаргасан гомдол нь үндэслэлгүй байна. Хоёрдугаарх нь тендер сонгон шалгаруулалтын ажиллагааг хүчингүй болгож дахин зарлахыг мэдэгдсэн агуулга бүхий байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3-т заасан  үндэслэлээр захиалагчийн хүргүүлсэн 10 дугаар сарын 13-ны өдрийн мэдэгдлийг хүчингүй болгоод дахин үнэлгээ хийж хянан үзэхийг даалгаж байгаа юм. Өөрөөр хэлбэл 10 дугаар сарын 13-ны өдрийн мэдэгдлээр гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр хүчингүй болж байна гэсэн үг. Бид нар үүнийг хүлээж аваад 11 дүгээр сарын 02-ны өдөр ҮХ хуралдсан. ҮХ хуралдаад “Н” ХХК-ийг шалгаруулж байна гэдэг мэдэгдлийг захиалагчдадаа өгсөн. Сангийн сайдын 2021 оны 06 сарын 30-ны өдрийн 103 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан” ҮХ-ны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын үнэлгээний бүрэлдэхүүнд орох, иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журмын 3.9, 3.10-д заасныг үндэслэн хяналтыг хийгээд, ҮХ-н дээр ТШӨХ-тэй холбоотой асуудал байна энийг нягталж үз гэдэг зөвлөмжийг өгсөн. 11 дүгээр сарын 7-ны өдөр ҮХ дахиж хуралдаад тендерийг цааш нь зохион байгуулах боломжгүй болсон, хугацаа дууссан гэдэг үндэслэлээр захиалагчид мэдэгдэл хүргүүлсэн. ҮХ-ны шийдвэр ҮХ-оос гарч байгаа эрх зүйн баримт бичиг бол дүгнэлт хэлбэртэй гардаг. Хуульд зааснаар дүгнэлтийг захиалагч хүлээж авах эсэх асуудал нь захиалагчийн шийдвэр байдаг. Захиалагчаас холбогдох эрх зүйн баримт бичигт үндэслэн шийдвэрийг гаргадаг. Энэ бол албажсан үйл ажиллагаа байдаг. Энэ процесс ажиллагааны явцад бид нар аливаа нэгэн зөрчил гаргаагүй.

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа 3 үндэслэлийг тодорхойлсон. “Э”-ээс гомдлыг мэдэгдээгүй гэдэг. Бид нар гомдлыг мэдэгдэх алба байхгүй, журамд ийм зохицуулалт байхгүй. 2 дугаарт гомдол хянан шийдвэрлэх хугацааг сунгах ёстой байтал сунгаагүй гэдэг. Гомдлыг 10 дугаар сарын 09-ний өдрийн Сангийн яамны албан бичгээр тендер хянан шийдвэрлэх хугацааг 15 хоногоор сунгачихсан. Хуульд зааснаар нэг удаа сунгах эрхтэй. 1 дүгээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үндэслэлгүй байна. Сүүлд зарласан тендер сонгон шалгаруулалттай холбоотойгоор нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. 11 дүгээр сарын 10-ны өдөр бид нар мэдэгдэл хүргүүлээд сонгон шалгаруулах ажиллагаа дуусчихсан. Үүний дараа ажлын хэсэг гараад үйлдвэрлэлд шаардлагатай дугуй нөөц бүрдүүлэх, үйлдвэрлэлийн хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг явуулах зорилгоор Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасныг үндэслэн гэрээ шууд байгуулах аргыг хэрэглээд оролцогчдоо хэлэлцээр хийсэн. Энэ ажиллагаа бол тендер сонгон шалгаруулалтын онцгой журмаар явагдаж байгаа. Тендер сонгон шалгаруулалтын л нэг журам. Өөрөөр хэлбэл эхний процесс ажиллагаа дуусчихсан. Дараагийн процесс ажиллагаа эхлээд онцгой журмын дагуу гэрээ шууд байгуулах аргыг хэрэглээд энэ компанитай 30 ширхэг дугуйг худалдан авах, худалдан авах гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл 2 дахь процесс ажиллагаа ингээд дуусаж байгаа юм. Гэрээ байгуулаад энэ компани 30 ширхэг дугуйгаа нийлүүлсэн. Одоо бид нар ямар асуудал үүссэн бэ гэхээр 2 компани дээр 30, 30 ширхэг дугуй нийлүүлээд нөгөө 98 ширхэг дугуйнаас 60 ширхэг нь нийлүүлэгдсэн байгаа. Одоо 38 ширхэг дугуйг дахин зарлах ийм асуудал үүсэж байгаа. Хуулийн дагуу сонгон шалгаруулалтын ажиллагаа хийгдээд оролцогч компани нь шалгарсан. Одоо Сангийн яаман дээр гомдол хянагдаад явж байна. Ийм процесс ажиллагаа явагдаж байгаа. Тэгэхээр даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд оролцогчдын эрх ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдсөнөөс үүдэлтэй тэр эрх ашиг сонирхлоо сэргээлгэхийг зорилгоо болгож гаргаж байна гэж ойлгож байна. Гэтэл энэ оролцогчийн тухайд эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн зүйл байхгүй. Энэ үйл ажиллагааны улмаас хохироод байгаа асуудал байхгүй. 3 дугаарт энэ процесс үйл ажиллагаанууд бүгдээрээ шат дамжлагатай яваад дуусчихсан. Дараагийн сонгон шалгаруулалт болох  3 дугаар шатны сонгон шалгаруулалт  яваад үр дүн нь гарсан. Тэгэхээр энэ нэхэмжлэлийн шаардлагын тухайд хүлээн зөвшөөрөх боломжгүй.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 1. Нэхэмжлэгч “Н” ХХК нь ““Э” ТӨҮГ-ын “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй II” ЭҮТӨҮГ/202301... дугаартай тендерийн ҮХ-ны 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн тендерийн хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон тул тендер шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож, “Э” ТӨҮГ-ын зарласан “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй II” ЭҮТӨҮГ/202301... дугаартай тендерт шалгарсан “Н” ХХК-тай гэрээ байгуулахыг “Э” ТӨҮГазарт даалгах” нэхэмжлэлийн үндсэн шаардлага,

““Э” ТӨҮГ-ын “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй II” ЭҮТӨҮГ/202301... дугаартай тендерийг дахиан зарласан 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах” гэсэн нэмэгдүүлсэн шаардлагыг тус тус гаргасан.

2. Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Э” ТӨҮГ-ын “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй II” ЭҮТӨҮГ/202301... дугаартай тендерийн ҮХ-ны 08 дугаар тэмдэглэл /шийдвэр/, “Э” ТӨҮГ-ын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн СЭ-112-12/6861 дугаар “Мэдэгдэл”-ийг тус тус хүчингүй болгож, “Э” ТӨҮГ-ын зарласан “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй II” ЭҮТӨҮГ/202301... дугаартай тендерт шалгарсан “Н” ХХК-тай гэрээ байгуулахыг “Э” ТӨҮГазарт даалгах”, ““Э” ТӨҮГ-ын “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй II” ЭҮТӨҮГ/202301... дугаартай тендерийг дахин зарласан 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж тус тус тодруулсан.

3. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

Захиалагч “Э” ТӨҮГ-ын үйлдлүүд нь тендерт шалгарсан оролцогчийн гэрээ байгуулах эрхийг ноцтой зөрчсөн гэж

 “Э” ТӨҮГ нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасны дагуу тендер нээснээс хойш ажлын 15 хоногийн дотор буюу 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, бусад тендер оролцогчдод шалгараагүй үндэслэлийн хамт бичгээр мэдэгдэх үүрэгтэй боловч 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр буюу ажлын 9 хоногийн дараа “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдэл ирүүлсэн нь хугацаа хэтрүүлж гэрээ байгуулах эрх олгосон нь буруу гэж тодорхойлсон. 

 4. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбарыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

5 . “Э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/96 дугаар тушаалаар ЭҮТӨҮГ/202301... дугаартай “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй II” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ҮХ-г байгуулсан ба 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй II” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг төрийн худалдан авах ажиллагааны цахим системд зарласан байна.

6. Тендерийн ҮХ 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тендерийг үнэлж, ““Э” ТӨҮГ-ын хэрэгцээт “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй II” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202301... тоот тендерт ҮХ-ны гишүүдийн 66.7 хувийн  саналаар шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “Н” ХХК-ийн DDP-“Э” ТӨҮГ-ын агуулах нөхцөлөөр нийлүүлэх 9.654.940.680 төгрөгийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзэж захиалагчид дүгнэлт хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

7. Дээрхи ҮХ-ны дүгнэлтэд захиалагчийн зүгээс  “мониторинг хийж танилцуулах” санал гаргасны дагуу “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй II” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ажиллагаанд мониторинг хийж 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан дүгнэлтдээ: “...шаардлагад нийцсэн гэж үнэлсэн “Н” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.4-д заасан шаардлагын дагуу ирүүлсэн мэдээлэл зөрүүтэй байх тул нягтлах шаардлагатай байна. Иймд ҮХ-оор дахин үнэлгээ хийлгэх саналтай байна.” гэжээ.

8. ТҮХ мониторингийн дүгнэлтийн дагуу 2023 оны 10 дугаар 03-ны өдөр хуралдаж “ ...“Э” ТӨҮГ-ын хэрэгцээт “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй II” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202301... тоот тендерт ҮХ-ны гишүүдийн 66.7 хувийн  саналаар шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “Н” ХХК-ийн DDP-“Э” ТӨҮГ-ын агуулах нөхцлөөр нийлүүлэх 9.654.940.680 төгрөгийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзэж захиалагчид дүгнэлт хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

9. 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй II” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ажиллагаанд мониторинг хийж “... ҮХ-ны “хамгийн сайн” Тендерээр шалгаруулан, гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, захиалагчид хүргүүлсэн “Н” ХХК-иас ирүүлсэн материалыг хянан үзэхэд батлагдсан баримт бичгийн заалтууд зөрүүтэй байна. ... Тухайн компанийн ирүүлсэн материал нь баримт бичгийн ТШЗ-ын 19.4-т “Тендерт оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг нотлох баримтыг зураг өгөгдлийн хэлбэрээр бэлтгэж баталгаажуулан тендерт ирүүлнэ. Оролцогчийн ирүүлсэн нотлох баримт нь үйлдвэрлэгчийн албан ёсны web хаягаар орж нягтлахад статистик ачаалалтай радиусын мэдээлэл зөрүүтэй, мөн ашиглагдаж болох дээд хурд болон дугуйн даацын мэдээлэл үйлдвэрлэгчийн албан ёсны web хаягт байхгүй байгаа тул шалгах боломжгүй байна. Иймд тухайн мэдээллүүдийг нягталж, үнэлээд харгалзах шаардлагатай байна.” гэсэн дүгнэлт гаргажээ.

10. Ингээд 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ТҮХ дахин хуралдаж “...“Э” ТӨҮГ-ын хэрэгцээт “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй II” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202301... тоот тендерт ҮХ-ны гишүүдийн 100 хувийн  саналаар тендерт оролцогчдоос  “...ажлын 1 хоногийн дотор техникийн тодорхойлолт дахь мэдээлэл нь үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудсанд зөрүүтэй, байхгүй байгаа талаар”  тодруулга авахаар шийдвэрлэж “А” ХХК, “Э” ХХК, “Н” ХХК-иудад тус тус тодруулга авах тухай албан бичгүүдийг хүргүүлсэн байна.

11. “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй II” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ҮХ 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хуралдаж ...“Э” ТӨҮГ-ын хэрэгцээт “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй II” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202301... тоот тендерт ҮХ-ны гишүүдийн 83.3 хувийн  саналаар шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “Н” ХХК-ийн DDP-“Э” ТӨҮГ-ын агуулах нөхцөлөөр нийлүүлэх 9.654.940.680 төгрөгийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзэж захиалагчид дүгнэлт хүргүүлсний дагуу захиалагч 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн СЭ-112-12/6236 дугаар албан бичгээр “Н” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдсэн байна.

12. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар ТҮХны  2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрийг “А” ХХК эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03/8002 дугаар албан бичгээр “...ҮХ-ны 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд тус торуулгын дагуу зөрүүтэй байгаа статистик ачаалалтай радиус үзүүлэлтийг тодорхой болгосон гэх үндэслэлээр цахим хуудасны мэдээллийг хүлээн зөвшөөрсөн байх боловч цахим хуудсанд “ТКРН” нь 620 байгааг “Н” ХХК-ийн тендерт 744 гэж зөрүүтэй байгаа асуудлаар хэлэлцэж шийдвэрлэсэн тухай мэдээлэл байхгүй байна.

Иймд захиалгчийн гэрээ байгуулах эрх олгосон 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн СЭ-112-12/6236 тоот шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож байна. Тендер шалгаруулалтын хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн мэдэгдье. ...” гэсэн хариуг өгчээ.   

13. Сангийн яамны албан бичгийн дагуу ТҮХ 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дахин үнэлгээ хийж “...“Э” ТӨҮГ-ын хэрэгцээт “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй II” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202301... тоот тендерт ҮХ-ны гишүүдийн 83.3 хувийн  саналаар шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “Н” ХХК-ийн DDP-“Э” ТӨҮГ-ын агуулах нөхцөлөөр нийлүүлэх 9.654.940.680 төгрөгийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж захиалагчид дүгнэлт хүргүүлэхээр шийдвэрлэсэн.

14. Дээрхи ҮХ-ны “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй II” нийлүүлэгчийг сонгох ажиллагаанд 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мониторинг хийж “...Тендерт оролцогчоос ирүүлсэн материалыг хянан үзэхэд ҮХ-ны шаардлагад нийцсэн гэж үзсэн “Н” ХХК-ийн ирүүлсэн материал тендерийн баримт бичгийн тендерийн өгөдлийн хүснэгтийн ТШЗ 19.4-д заасан шаардлагын дагуу ирүүлсэн мэдээлэл зөрүүтэй байх тул нягтлах шаардлагатай байна.” гэжээ.

15. Ингээд ТҮХ 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хуралдаж “...“Э” ТӨҮГ-ын хэрэгцээт “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй II” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202301... тоот тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан тул бүх тендерээс татгалзаж, тендер шалгаруулалтыг дахин зарлах ҮХ-ны саналыг захиалагчид хүргүүлэх”-ээр шийдвэрлэж, энэ тухай нэхэмжлэгч тендерт оролцогч комданиудад  2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн СЭ-112-12/6861 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр мэдэгдсэн  байна.

16. “Э” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20230... дугаартай “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй II”  нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн ҮХ-ны 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 08 дугаартай  “тендерийн хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон тул тендер шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

16.1. “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй II” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн ҮХ-ны 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар, 10 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр хуралдаанаар нэхэмжлэгч “Н” ХХК “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн, 10 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаар хуралдаанаар тендерт оролцогчдоос тодруулга авахаар, 10 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаар, 11 дүгээр сарын 02-ны өдрийн 07 дугаартай хуралдаанаар тус тус “Н” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” гэж үнэлсэн, 11 дүгээр сарын 07-ны өдрийн 08 дугаартай хуралдааны тэмдэглэлээр тендерийн хүчинтэй хугацаа дууссан тул бүх тендерээс татгалзсан шийдвэрийг тус тус гаргасан байна.

16.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна.”, 42 дугаар зүйлийн 42.1-д “Худалдан авах гэрээг дараахь тохиолдолд хүчин төгөлдөр бус гэж үзнэ:”, 42.1.2-т “захиалагч нь энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан” гэж заасан.

16.3. Монгол Улсын Сангийн яам Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-д “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтаж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 15 хоногоор сунгаж болно.” заасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 03/7400 дугаартай албан бичгээр “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй II” нийлүүлэгчийг сонгох тендерийн хүчинтэй хугацааг 15 хоногоор сунгах зөвшөөрлийг олгосон байна.  

16.4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-д “Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах”, Монгол Улсын Сангийн яамны сайдын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 130 дугаар тушаалаар баталсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшуулалыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх журам”-ын Тав дахь хэсгийн 5.3-д “захиалагч үнэлгээний дүгнэлтийг хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзвэл дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 2 хоногийн дотор энэ тухай ҮХнд бичгээр мэдэгдэнэ. ...” гэж тус тус зааны дагуу захиалагч үнэлгээний хорооны дээрхи шийдвэрүүдэд мониторинг хийж дүгнэлт гаргаж байжээ.

 16.5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж зааснаар тендерийн үнэлгээний хороо тендерт шалгарсан оролцогчтой гэрээ байгуулахад “6-аас доошгүй хоногийн дараа” гэсэн хугацаанд багтахааргүй нөхцөл үүссэн байна.

16.6. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна.”, 42 дугаар зүйлийн 42.1-д “Худалдан авах гэрээг дараахь тохиолдолд хүчин төгөлдөр бус гэж үзнэ:”, 42.1.2-т “захиалагч нь энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан” гэж зааснаар нэгэнт тендерийн хүчинтэй хугацаа дууссан, тендерийн хүчинтэй хугацаа дууссан байхад гэрээ байгуулагдах боломжгүй ба байгуулсан тохиолдолд хүчин төгөлдөр бус гэрээ болох учраас  мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т “Бүх тендерээс татгалзсан тохиолдолд захиалагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:...” гэж зааснаар дахин тендер зарлахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

16.7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ.” гэснийг зөрчиж хуулинд заасан 15 өдрийн дотор гэрээ байгуулаагүй нь нэхэмжлэгч компанийн эрхийг зөрчсөн гэж тайлбарласан.

16.8. Хэдийгээр нэхэмжлэгч “Н” ХХК нь ҮХ-ны хэд хэдэн хуралдаанаар “хамгийн сайн” гэж үнэлэгдэж, гэрээ байгуулах эрх олгосон боловч Монгол Улсын Сангийн яамны гомдол хянасан 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03/8002 дугаар албан бичгээр захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн СЭ-112-12/6236 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, тендер шалгаруулалтын хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн учраас дээрхи хуульд заасан хугацаанд гэрээ байгуулах нөхцөл бүрдээгүй байна.   

16.9. Мөн ТҮХ-ны шийдвэрүүдэд захиалагчийн зүгээс хэд хэдэн удаа мониторинг хийж, ҮХ-г “Н” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалд тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.4-д заасан шаардлагын дагуу ирүүлсэн мэдээлэл зөрүүтэй гэж үзэн дахин нягтлах шаардлагатай гэж дүгнэсэн учраас ҮХ дахин үнэлгээ хийж байсан.

16.10. Дээрхи үйлдлүүд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ үзүүлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан хугацаанд захиалагч  гэрээ байгуулах боломжгүй байсан нь нотлогдож байна.

16.11. “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй II” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн хүчинтэй хугацаа дуусч тендер шалгаруулалтыг дахин зарлах саналыг ҮХ хүргүүлсэн хэдий ч уурхайн технологийн тээврийн тасралтгүй үйл ажиллагааг хангах зайлшгүй шаардлага гарсан тул шууд гэрээ байгуулах аргаар тендерийг шалгаруулахаар тендер сонгон шалгаруулалтын онцгой журмыг хэрэглэхээр шийдвэрлэсэн нь “Э” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/737 дугаар “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй”-ны нөөц бүрдүүлэх ажлын хэсэг байгуулах тухай” тушаал, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй” нийлүүлэгчтэй хэлцэл хийж гэрээ байгуулах 01 дугаартай хурлын тэмдэглэл, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “2023/09-20-730 дугаартай “Худалдах-худалдан авах” гэрээгээр нотлогдож байна.  

16.12. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-т “Энэ хуулийн 30.4.1, 30.4.2-т заасны дагуу явуулсан тендер шалгаруулалтын үр дүнд 30.1-д заасан нөхцөл байдал дахин үүсвэл шууд гэрээ байгуулах”, 31 дүгээр зүйлийн 31.1.3-т “Тендер шалгаруулалтыг онцгой журмаар явуулахдаа дараахь аргыг хэрэглэнэ: 31.1.3.гэрээ шууд байгуулах”, 34 дүгээр зүйлийн 34.1.1-д “Гэрээ шууд байгуулах аргыг зөвхөн дараахь нөхцөлд хэрэглэж болно: 34.1.1.энэ хуулийн 30.4.3, 36.18-д заасан тохиолдолд” гэж тус тус заасныг зөрчөөгүй гэж шүүх үзлээ.

16.13. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Э” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/737 дугаар “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй”-ны нөөц бүрдүүлэх ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж,”Н” ХХК нь 30 дугуй нийлүүлсэн нь “Э” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20230... дугаартай “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй II”  нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендертэй хамааралгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй.

16.14. Учир нь “Э” ТӨҮГ-ын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ДҮ-112-12/7633 дугаар,  ДҮ-112-12/7634  дугаар “Мэдэгдэл хүргүүлэх албан бичиг”-ээр “Н” ХХК-ийг “Э” ТӨҮГ-аас зарласан “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй” нийлүүлэгчийг сонгон шалгаруулалтын Багц 1-т, Багц 2-т тус тус оролцсон ..., ...ТБОНӨХБАҮХТХ-ийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан шийдвэр гаргах хугацаа дууссан тул сонгон шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгосныг мэдэгдэж байна.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь заалт, 34.2 дахь хэсгийг үндэслэн хэлцэл хийх тул 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 14 цагт Zооm-ийн 81759193660 /РАSS:789/ хаягаар оролцохыг урьж байна.” гэсэн урилгыг хүргүүлжээ.

 16.15. Мөн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй” нийлүүлэгчтэй хэлцэл хийж гэрээ байгуулах хурлын 01 дугаар тэмдэглэлээр “Э” ТӨҮГ-ын хэрэгцээт “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй” нийлүүлэхээр сонгогдсон “Э” ХХК-ийн DDP-“Э” ТӨҮГ-ын агуулах нөхцөлөөр, бараа худалдан авах туршилтын гэрээгээр нийлүүлэх 2.626.800.000 төгрөг, “Н” ХХК-ийн DDP-“Э” ТӨҮГ-ын агуулах нөхцөлөөр, бараа худалдан авах туршилтын гэрээгээр нийлүүлэх 2.928.390.300 төгрөг гэрээ байгуулахаар шийдвэрлэв.” гэж шийдвэрлэн, “Н” ХХК-тай “Э” ТӨҮГ  2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүнд даацын өөрөө буулгагч автомашины 30 ширхэг дугуй худалдах, худалдан авах 2682-23 дугаартай гэрээг байгуулсан байна.

16.16. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн Гуравдугаар бүлгийн “Тендер шалгаруулалтын онцгой журам”-ыг хэрэглэж шууд гэрээ байгуулах аргаар “Н” ХХК, “Э” ХХК-иудтай гэрээ байгуулахаар шиййдвэрлэсэн захиалагч “Э” ТӨҮГ-ын шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана”, 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхитай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана” гэж тус тус заасны шууд гэрээ байгуулсан байна.  

16.17. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “Тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчдод зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг ойлгохоор заасан бөгөөд тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/, тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/, техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага, түүнд заасан маягтууд бүхэлдээ тендерийн баримт бичгийн бүрдэл хэсэгт хамаарна. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасны дагуу хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шаардлага хангасан баримт бичгийн дагуу шууд гэрээ байгуулсан  гэж үзэх үндэслэлтэй.

16.18. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар тендерт оролцогч нарын ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг хянан үзэж, “Н” ХХК, “Э” ХХК-уудтай гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэж үзэв.

17. “Э” ТӨҮГ-ын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн СЭ-112-12/6861 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тухайд:

17.1. “Н” ХХК-д хүргүүлсэн  “Э” ТӨҮГ-ын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн СЭ-112-12/6861 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичигт “ ...тендерийн хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон. ...тендер шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэсэн болохыг мэдэгдье.” гэжээ.

17.2. Энэхүү албан бичгийн агуулгаас дүгнэвэл “Э” ТӨҮГ-ын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн СЭ-112-12/6861 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг нь тендерийн ҮХ-ны 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн тендерийн ҮХ-ны шийдвэр буюу тендерийн хүчинтэй хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон учраас тендер шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэснийг тендерт оролцогч компанид дамжуулан мэдэгдсэн агуулга бүхий албан бичиг байна.

17.3.Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “ ...тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ.” гэсэн хуулийн заалтыг захиалагч хэрэгжүүлж гаргасан захиргааны акт.

17.4. Нэгэнт “Э” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20230... дугаартай “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй II”  нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн ҮХны 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 08 дугаартай шийдвэр үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн учраас дээрхи тендерийн ҮХ-ны шийдвэрийг мэдэгдсэн мэдэгдлийг хүчингүй болгох үндэслэлгүй.

18. “Э” ТӨҮГ-ын зарласан “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй II” ЭҮТӨҮГ/202301... дугаартай тендерт шалгарсан “Н” ХХК-тай гэрээ байгуулахыг “Э” ТӨҮГазарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

18.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ” гэж зааснаар тендерт үнэлгээ хийхээр зохицуулсан байх тул тендерийг хянах, тендер үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах зэрэг тендерийн тодорхой шат дараалсан ажиллагаанууд хийгддэг байхад шүүхээс захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцож, даалгах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

19. “Э” ТӨҮГ-ын “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй II” ЭҮТӨҮГ/202301... дугаартай тендерийг дахиан зарласан 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах” гэсэн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:

19.1. Захиалагч “Э” ТӨҮГ нь анх 98 ширхэг “хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй” нийлүүлэх тендерийг зарласан боловч тендер шалгаруулалт амжилтгүй болсон учраас тендер шалгаруулалтын онцгой журмыг хэрэгжүүлж, нэхэмжлэгч “Н” ХХК-тай 30 ширхэг хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй худалдах-худалдан авах гэрээ байгуулан хэрэгжсэн болох нь хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

19.2. Ингээд Захиалагч нэгэнт бүх тендерээс татгалзсан, онцгой журмаар 60 ширхэг дугуй худалдан авсан ба үлдэх 38 ширхэг дугуй нийлүүлэхээр дахин тендер зарлахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй учраас нэхэмжлэгч “Н” ХХК-ийн тендерийг дахин зарласан 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

19.3. Дээрхи дахин зарласан тендерт нэхэмжлэгч компани оролцсон, тендерийн ҮХ-ны шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргаж байгаа гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан болно.

20. Иймээс Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “ ...тендер хүчинтэй хугацаанд багтааж гэрээ байгуулна.” 42 дугаар зүйлийн 42.1.2 дахь хэсэгт “захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан” заасны дагуу тендерийн хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон, дахин тендер зарласан нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул дээрх нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14  дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 42 дугаар зүйлийн 42.1.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, 34 дүгээр зүйлийн 34.1.5, 34.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн “Э” ТӨҮГ, ТҮХ-д холбогдуулан  гаргасан “2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Э” ТӨҮГ-ын “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй II” ЭҮТӨҮГ/202301... дугаартай тендерийн ҮХ-ны 08 дугаар тэмдэглэл /шийдвэр/, “Э” ТӨҮГ-ын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн СЭ-112-12/6861 дугаар “Мэдэгдэл”-ийг тус тус хүчингүй болгох, “Э” ТӨҮГ-ын зарласан “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй II” ЭҮТӨҮГ/202301... дугаартай тендерт шалгарсан “Н” ХХК-тай гэрээ байгуулахыг “Э” ТӨҮГазарт даалгах”, “Э” ТӨҮГ-ын “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй II” ЭҮТӨҮГ/202301... дугаартай тендерийг дахиан зарласан 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.БОЛОРМАА