Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 00125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, шүүгч Б.Хэрлэн, шүүгч Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

 

                             Нарийн бичгийн дарга                                          П.Нямсүрэн

                              Улсын яллагч                                                        Н.Дүүрэнжаргал

                             Иргэдийн төлөөлөгч                                             Ч.Оюунгэрэл

                            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                    Б.Э

                              Хохирогчийн өмгөөлөгч                                        Ц.Цогзолмаа

                              Шүүгдэгчийн өмгөөлөгч                                         С.Сувдаа

                             Шүүгдэгч                                                   Ч.Ө нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

            Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Булгадар овогт Чонодоогийн Өид холбогдох 201718020086 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар  сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй одоо оршин суух тодорхой хаяггүй, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Булгадар овогт Чонодоогийн Ө /ОД:86060907/.

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Шүүгдэгч Ч.Ө нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг Орхироо гэх газарт малчин Батчулууны гэрт 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шилжих шөнө өөрийн хамтран амьдрагч Б.Гийг бусадтай хардан маргалдаж түүний толгой хэсэгт нь санаатайгаар цохиж, улмаар түлхэж унагаан Б.Гийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсаны улмаас Б.Г нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлэгдэж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ө мэдүүлэхдээ: ... 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 07-ны шилжих шөнө бид нар Батчулуун овогтой Эы гэрт Цагаанаа буюу Н.Э, С, манай нөхөр, хоёр хүүхэд гээд зургуулаа очсон. Очихдоо нэг шил архитай очоод тэрийг хүмүүс хувааж уусан. Хувааж уучихаад байж байтал Н.Э манай нөхрийг архинд цуг явъя гэсэн тэгсэн нөхрийн ах Б.Э манай нөхрийг яваад яах юм бэ гээд би цуг явчихаад ирье гээд эхнэрээ дагуулаад Н.Э, С нартай портер машин унаад Зүүнхараа хотын төврүү явсан. Явсных нь дараа нөхөр бид хоёр Бамбарууш буюу Б.Эы гэрт үлдсэн. Нөхөр маань аавын гэрт гал түлээд байж байя тэгээд хоёулаа аавын гэрт орж хоноё гэж хэлээд хадам аавын гэр лүү орсон. Тэгээд нөгөө гэрт ороод байж байгаад буцаж орж ирээд одоо оръё хүүхдүүдээ ороод унтуулж бай гэсэн. Хоёр хүүхдийн нэгийг нь  би тэврээд нөгөөг нь Г тэврээд аавын гэрт ороод баруун талын орон дээр хоёр хүүхдээ унтуулчихаад бид хоёр орны урд  хэвтэж байтал архинд явсан Н.Э, Б.Э эхнэртэйгээ, С нар буцаж ирсэн. Тэгээд авчирсан шил архийг нь хувааж ууцгаасан. Ууж сууж байтал С гэдэг хүүхэн энэ айлын морийг шинжинэ гээд гэрээс гарахд хоёр Эыг хамт гарсан. Тэгтэл Б.Энхтайвны эхнэр энэ хүүхэн одоо мал шинждэг хэн бэ гэж байсан. Тэгээд гарсан хүмүүсийг гэрт орж ирэхэд морь шинжсэн үү энэ тэр гээд яриад нөгөө архиа үргэлжлүүлэн хувааж ууж байтал Сарантуяа гэдэг эмэгтэй надад “би цагаан мотоцикльтой явж байхад танай нөхөр таараад хээр надтай унтсан ш дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би уур хүрээд босч очоод нөхөртөө “чи унтсан хүнээ надтай танилцуулах гэж авчирсан юм уу” гээд би нөхрийгөө нэг удаа ташсан /алгадсан/. Тэгсэн манай хүн над дээр гараад миний нүдрүү цохиод хөхөрчихсөн байсан үүнийг тэр хүмүүс өөрсдөө мэдэж байгаа байх. Миний хоолойг багалзуурдахад би босоод нөхрийгөө түлхчихээд хүүхдээ тэврээд гараад машин бариад явах гэтэл Б.Э намайг зогсоож түлхүүр аваад нэг хүүхдийг маань надаас аваад гэрлүүгээ орсон би жаахан охинтойгоо машин дотор удаан уйлж сууж байгаад гэрлүү ороод унтчихсан. Өглөө 06 болж байхад Б.Эы эхнэр намайг орж ирж сэрээсэн. Тэгээд боссон чинь манай хүн миний хэвтэж байсан орны урд нүцгэн турсиктэйгээ хэвтэж байсан. Би босоод татаад үзэхэд ямар ч ухаан байхгүй зүгээр хурхираад байсан тэгэхээр нь би Б.Эыд ороод Бамбарууш ахаа манай нөхөр ингээд унтаад байнаа гэж хэлэхэд Бамбарууш ах унтаж байгаа байлгүй хуччих гэхээр нь ороод би цэнхэр биеийн тамирын цамц, өмдийг нь өмсгөөд Н.Эыг дуудаад дулаан гэрт оруулъя гээд өргөж үүдэн дээр гаргаад явж байтал Бамбарууш ах хойноос ирж өргөлцөөд гэрт оруулсан. Би араас нь хүүхдээ аваад гэрт орсон. Тэгээд Бамбарууш ах нөхрийн маань нүдийг нь хараад эмнэлэг дуудъя гээд дуудсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э мэдүүлэхдээ: ... 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр соната-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй Саран, Ө, Г, Н.Э нар манайд ирэхдээ согтуу ирсэн.  Ирэхдээ 0,75 граммын архитай орж ирсэн, ирэхэд нь манайх хоол хийж байсан. Ирсэн хүмүүсдээ хоол аягалж өгсөн. Тэгтэл Ө хоолоо идэж байгаад аягаа шалны хулдаасан дээр шидээд “та нар намайг хэзээ хүн гэж үзэж байсан юм бэ” гээд аавд хандаж хэлж байх шиг агсам тавьж байсан. Тэгэхээр нь би хөгшин настай хүний хажууд та нар чимээгүй бай гэж загнасан. Тэгээд авч ирсэн архиа манайд ууж дуусаагүй нөгөө гэр лүү аваад орцгоосон. Архиа ууж байгаад өөрсдөө хар машинтайгаа ахиад архинд явахаар болоход нь согтуу та нар юугаа хийх гэж байгаа юм бэ гэж загнаад энэ хоёрыг цуг явах гэж байхад нь үлдээгээд Цагаанаа, Саран, Буянжаргал бид нар Зүүнхараагийн Баянхангайн “Онги” гэх дэлгүүр лүү явж очин тэр дэлгүүрээс Цагаанаа тортой юм авч гарч ирсэн. Тэгээд бид буцаад гэрлүүгээ явсан. Гэрт буцаж очсон чинь Г, Ө хоёр манай баруун гэрийг галлачихсан гэрт байхад нь бид нар орж ирээд 1 шил архиа цуг суугаад ууж эхэлсэн. Тэгж байгаад Ө Сарантайгаа маргалдсан. Саранг түлхэж унагаагаад Гийг чи энэ Сарантайгаа унт, Сарантайгаа амьдар гээд хэд хэд дахин хэлж манай дүү талийгаач Гийг хүүхдээ тэврээд хэвтэж байхад нь зандарч байсан. Түүнээс болоод Гийн нүүр лүү нь Ө цохисон юм. Тэгээд Г надад хоёр сим ордог гар утас өгөөд “ахаа Ө намайг зодоод байна та үүгээр бичлэг хийчих” гэж хэлсэн. Тэгтэл олон хүн сууж байсан болохоор би утасных нь цоожийг гаргаж чадаагүй тэгээд би Өийг гадагш нь аваад гарсан яагаад агсам тавиад байгаа юм бэ аятайхан байж чадахгүй гэж хэлсэн чинь гэрийн гадна ахаа гээд газар самраад байсан.Тэгээд тайвширсан бололтой дуугүй болчихоор нь Өийг гэр лүү оруулсан. Тэгтэл гэрт ороод дахиад тэд нар маргалдсан. Би гаднаас эргээд гэрт ороод ирсэн чинь Г Өийг миний хайраа болио гээд байснаа дараа нь дийлдэхгүй болохоор нь “чи муу яах гээд байна” гээд дээр нь гараад суусан байсныг би харсан. Түлхэж байхыг нь хараагүй. Тэгээд би гэрээс гараад морь аргамжаад өөрийн гэрлүүгээ орсны дараа 20, 30 минут болоогүй байхад нөгөө гэрт энэ хүмүүс чанга дуугаралдаад л байсан тэгсэн удаагүй машин дуугараад асаад явахаар нь дүүг нөгөөдүүлтэй архинд явж байна гэж бодоод гараад ирсэн чинь Ө 2 хүүхдээ аваад машинтай гэрээс уруудаж байсан. Том охиноо хөл нүцгэн, жаахан охиноо тэвэрчихсэн хар соната-2 машин унаад уруудаад явж байхад нь юу болж байгаа юм бэ гээд хойноос нь орилж гүйж очоод дүүгийнхээ охиныг, машины түлхүүр, гар утсыг нь аваад гэрлүүгээ ороод ирсэн юм. Тэгээд эхнэртээ жаахан охиныг нь аваачиж өгчихөөд Гийг эхнэр чинь согтуу машин бариад явж байна ш дээ юугаа хийж унтаж байгаа юм бэ гэж хэлээд сэрээх гэсэн чинь Г хурхираад унтаж байсан. Би бодохдоо согтуу унтаж байгаа юм болов уу гэж бодоод орхичихсон. Ө ч хүүхдээ аваад тэр гэрлүү орж амарсан ийм л зүйл болсон. Ө миний дүүг цохиж унагааж амь насыг нь хохироосон нь үнэн. Талийгаач амьд байх үеийн эм тариа, эмчилгээний зардал, нас барсны дараа оршуулгын зардал, өмгөөлөгчийн хөлс гээд 8235700 төгрөгний зардал гарсан. Үүнээс Өийн ах дүү нар нь оршуулган дээр 1000000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 7235700 төгрөгийг нэхэмжлэнэ. Бид нар Өид маш их гомдолтой байна. Аав минь хагас харвасан 69 настай, цус харвасан бие нь муу хүний асаргаанд байдаг. Эхний үед бид нар Өийг нялх хүүхэдтэй юм гэж бодоод гомдолгүй гэж хэлж байсан. Тэгтэл 2017 оны 08 дугаар сарын үед Өийн хоёр ах нь манай гэрт ирээд бидэнтэй үл тоосон байдалтай харьцсан, нохойтой юм ярьж байгаа юм шиг очиж байна гэж хэлж хоёулаа ирж уулзаад бид нараас уучлалт ч гуйгаагүй, өвчтэй аавыг маань үл тоож 1 ширхэг 500 граммын ус ч байхгүй ирсэн. Иймд гомдолтой байна. Сая эгч нь ирээд бид нартай уулзсан ингэхдээ 20000 төгрөгийн нэг шил архи, 1 кг чихэртэй ирсэн. Миний дүүгийн алтан амь ийм үнэтэй бишээ. Намайг сүрдүүлэх маягтай янз бүрийн зүйл ярьж байсан. Чи гомдолгүй гэж хэлэхгүй бол бид давж заалдана, шарилыг нь ухаж гаргаад шинжилгээ хийнэ гэхчилэн зүйл ярьж байна лээ гэв.

        Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: …Ө эхлээд Сруу дайрч “Чи миний нөхрөөр архи аяглуулах гэлээ, гэрээс гараад зайл” гэж Сруу агсам тавьсан, дараа нь Ө манай дүү Гт хандаж “Чи Сг урьд нь таньдаг байсан юм уу чи энэ Сгаа ав” гэж хэлээд байсан. Г бага хүүхдээ тэврээд сууж байсан ба Өид “Миний хайраа болио” гэж хэлсэн чинь Ө шууд Гийг хэд хэдэн удаа алгадаж авсан юм... Гийг гараа зангидаж байгаад гарынхаа дотор талаар нүүррүү нь хэд хэдэн удаа цохиод байсан чинь Г халааснаасаа гар утсаа гаргаж өгөөд “Агаа та бичлэг хийчих, энэ Ө намайг зодоод байна” гэж хэлсэн..., тэгтэл Г орны урд хэвтэж байснаа босоод Өийг хойш нь дараад гэдэс дээр нь мордож суугаад хоёр гарыг нь атгаад “чи ер нь яах гээд байгаа юм бэ” гэж хэлж байсан ..., би өөрийнхөө гэрт ороод 20-30 минут болсон байх гэтэл гэрийн гадаа Гийн соната-2 машин асаад явж байгаа чимээ гарахаар нь би хойноос нь гараад хартал Өлзийтгэш машинтай уруудаад явж байхаар нь би “Болиочээ” гэж орилоод гүйцээд очсон чинь Ө Гийн Саната-2 машиныг жолоодчихсон, хоёр хүүхдээ хажуудаа суулгачихсан явж байхаар нь би “Миний дүү ингэж болохгүй, хоёр хүүхдээ алахнуу” гэж хэлээд машиныг нь унтраагаад машиных нь түлхүүрийг, гар утастай нь аваад бага охиныг нь аваад баруун талын гэрт явж орсон юм. Тэгтэл Г баруун талын гэрийн цагаан толгойтой төмөр орны урд талд толгой хэсэг нь гэрийн хоймор өөд харчихсан, баруун талаараа хажуулдаад унтаж байгаа бололтой хурхираад ухаангүй байхаар нь би гараас нь татаж чангаагаад “Хөөе авгайгаа аваачээ, машин барьчихсан байна шүү дээ” гэж хэлсэн чинь Г ерөөсөө хөдлөхгүй байсан. Тэгэхээр нь согтуу унтаж байна гэж бодоод бага хүүхдийг нь аваад зүүн талын гэртээ орчихсон юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 40-43, 145-146-р хуудас/

         Гэрч Н.Эы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Г, С хоёр юм ярьсан чинь Ө хардаад “Та хоёр бие биенийгээ урьд нь таньдаг байсан юм уу" гээд Б.Гийг алгадаад эхэлсэн, нэлээд хэдэн удаа алгадаж авсан чинь Б.Э ах нь Өийг салгаад байсан. Б.Г болохоор Өид “Хайраа болиочээ” гээд байсан. Тэгж байгаад Б.Г Б.Э ахдаа гар утсаа өгөөд “Ахаа та бичлэг хийчих, Ө намайг зодоод байна шүү дээ” гэж хэлсэн. Ө нь ингэж агсам тавиад Б.Гийг алгадаж аваад больж өгөхгүй байсан. Ч.Ө Б.Гийг алгадаад байхаар нь Б.Г тэсэхгүй дэвсгэр дээр газарт буюу гэрийн зүүн талын орны урдуур Өийг дарж унагаагаад гэдэс дээр нь мордож суугаад хоёр гарыг нь дараад “Болилдоо” гээд байсан… тэгтэл Ө Б.Гийг хойш нь түлхсэн бололтой “тог” хийх чимээ гарахаар нь би харсан чинь Б.Г гэрийн хоймор өөд унасан бололтой унтаж байгаа юм шиг хурхираад эхэлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 49-50-р хуудас/

         Гэрч Б.Буянжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … Ө хоол идэж байсан аягаа шалны хулдаас дээр шидээд агсам тавьж “Та нар намайг хүн гэж тоодоггүй” гэж хэлсэн, би юм дугаараагүй. Харин манай нөхөр Б.Э “Та нар настай хөгшин хүний дэргэд ингэж агсам тавьж болохгүй баруун талын эзэнгүй гэрт орж архиа уу” гэж хэлээд баруун талын гэртээ гэрэл өгсөн. Манай хотонд ирээд баруун талын гэрт орж архи ууцгаасан. Архи ууж байх үед нь би зүүн талын гэртээ очоод орондоо ороод хэвтэж байсан чинь Ө агсам тавьж байгаа бололтой дуу нь чанга чанга гараад байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 51-52-р хуудас/

           Гэрч Т.Сарангийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … Бид нар төвөөс авч ирсэн архинуудаа гаргаад бүгдээрээ хувааж ууцгаасан, ууж байхад би Гийн хажууд очоод суучихсан чинь Ө над руу уурлаад “та хоёр өмнө нь явдаг байсан биздээ” гэж хэлээд уурлаад эхэлсэн, Ө эхлээд над руу “Та хоёр өмнө нь явалддаг байсан биздээ” гээд байхаар нь би юу яриад байгаа юм бэ би танай нөхөртэй зүгээр найзууд байсан шүү дээ гэж хэлсэн, нөгөө хажууд байсан хүмүүс битгий маргалдацгаагаад бай гэж хэлсэн....Тэгтэл Ө над руу уурлаж байснаа болиод шууд нөхөр лүүгээ уурлаж Б.Гийг алгадаад байсан. Хоёр гурван удаа тас, тас хийтэл хүчтэй алгадсан. Б.Г алгадуулж байгаад бүр тэвчихээ байгаад Өийг гэрийн зүүн талын орны урд сууж байхад нь хойш нь түлхээд хоёр гарыг нь дараад гэдсэн дээр суучихаад хазгай хэлээр юм хэлээд байсан би юу яриад байгааг нь ерөөсөө ойлгоогүй. Ө нөхрийгөө хардаж энэ байдлаар хазгай муруй хэлээр 2 цаг орчим хэрүүл хийсэн, авч очсон архинууд ч ууж дууссан. Тэгтэл гэнэт “пир” хийх чимээ гарахаар нь би гэрийн зүүн тал руу харсан чинь Ө Гийг хойш нь хүчтэй түлхэж унагаачихаад хүүхдээ тэвэрч аваад гэрээс гараад зугтаагаад гүйгээд явчихсан. Өийг гэрээс гараад явчихсан хойно Б.Г тэр газартаа хөдлөхгүй унтаад байгаа юм шиг хөдлөхгүй дээшээ хараад хэвтээд байхаар нь унтчихсан юм байх гэж бодсон. Гийг эхнэр Ө нь хардаж зодож, алгадаж түлхэж унагааснаас болж гэмтэл авсан,тэр гэмтлээсээ болж нас барсан гэж бодож байна гэх мэдүүлэг /ХХ-46-47-р хуудас/

       2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №4902 дугаартай шинжээчийн дүгнэлт: ...

         1. Гийн биед тархины зүүн тал бөмбөлөгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсаны доорх цусан хураа, баруун дух зулайн тархины эдэд няцрал, аалзан бүрхүүлийн цус харвалт зүүн дээд зовхи цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

        2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ.

        3. Гэмтлийн зэргийн хүнд зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 68-р хуудас/

         2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №797 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: …

          1. Талийгаачид хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл зүүн зулай чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, суурийн дунд арын хонхор орчмын хатуу хальсан доорх ялтаслаг цусан хураа, баруун, зүүн тал бөмбөлөгийн зулай, чамархай дагзны хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн хажуугийн ховдол дах цус нэвчилт, баруун тал бөмбөлөгийн дух, зүүн тал бөмбөлгийн чамархай, дагзны тархины эдийн няцрал бага тархины баруун зүүн мөчдийн аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, дээд доод уруулын салстад тавшиж буй шарх, цээжний зүүн дээд хэсэгт цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гавал тархины битүү гэмтлүүд нь хүнд, зүүн нүдний дээд зовхи цээжний цус хуралт уруулын шарх нь хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь гавал тархины битүү гэмлүүдийн улмаас нас баржээ гэх дүгнэлт /ХХ-ийн 72-77-р хуудас/

          Шинжээч эмч Ө.Сийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … Талийгаач Б.Гийн толгойн зүүн хэсэгт хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр цохигдох үед зүүн зулай чамархайд гэмтэл үүссэн байх боломжтой. Дагзаараа төмөр мөргөж унах үед зүүн зулай чамархайд гэмтэл үүсэхгүй.Тархиндаа гэмтэл авсан хүн яг унтаж байгаа юм шиг хурхирч дуугардаг юм. Тийм шинж гардаг. Өөрөө босох алхах боломжгүй өөрөөр хэлбэл идэвхитэй үйлдэл хийхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 80-81-р хуудас/

         Туршилт хийсэн тухай тэмдэглэл /ХХ-ийн 127-130-р хуудас/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /ХХ-ийн 131-134-р хуудас/, Ч.Өийн хэрэг хариуцах чадвартай гэдгийг нотолсон Шүүх сэтгэц эмгэг судлалын № 554 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 106-107-р хуудас/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 3-7-р хуудас/

        Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /ХХ-121 дүгээр хуудас/, оршин суугаа газрын багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 161 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 120 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ч.Ө нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг Орхироо гэх газарт малчин Батчулууны гэрт 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шилжих шөнө өөрийн хамтран амьдрагч Б.Гийг бусадтай хардан түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж улмаар хохирогч нас барсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эы ...Г бага хүүхдээ тэврээд сууж байсан ба Өид “ миний хайраа болио” гэж хэлсэн чинь Ө шууд Гийг хэд хэдэн удаа алгадаж авсан юм... Гийг гараа зангидаж байгаад гарынхаа дотор талаар нүүррүү нь хэд хэдэн удаа цохиод байсан чинь Г халааснаасаа гар утсаа гаргаж өгөөд “ агаа та бичлэг хийчих, энэ Ө намайг зодоод байна” гэж хэлсэн..., тэгтэл Г орны урд хэвтэж байснаа босоод Өийг хойш нь дараад гэдэс дээр нь мордож суугаад хоёр гарыг нь атгаад “чи ер нь яах гээд байгаа юм бэ” гэж хэлж байсан...гэж мэдүүлэг /ХХ-ийн 40-43, 145-146-р хуудас/, Гэрч Н.Эы ... Г, С хоёр юм ярьсан чинь Ө хардаад “Та хоёр бие биенийгээ урьд нь таньдаг байсан юм уу" гээд Б.Гийг алгадаад эхэлсэн, нэлээд хэдэн удаа алгадаж авсан чинь Б.Э ах нь Өийг салгаад байсан. Б.Г болохоор Өид “Хайраа болиочээ” гээд байсан. Тэгж байгаад Б.Г Б.Э ахдаа гар утсаа өгөөд “Ахаа та бичлэг хийчих, Ө намайг зодоод байна шүү дээ” гэж хэлсэн. Ө нь ингэж агсам тавиад Б.Гийг алгадаж аваад больж өгөхгүй байсан. Ч.Ө Б.Гийг алгадаад байхаар нь Б.Г тэсэхгүй дэвсгэр дээр газарт буюу гэрийн зүүн талын орны урдуур Өийг дарж унагаагаад гэдэс дээр нь мордож суугаад хоёр гарыг нь дараад “Болилдоо” гээд байсан… тэгтэл Ө Б.Гийг хойш нь түлхсэн бололтой “тог” хийх чимээ гарахаар нь би харсан чинь Б.Г гэрийн хоймор өөд унасан бололтой унтаж байгаа юм шиг хурхираад эхэлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 49-50-р хуудас/, Гэрч Б.Буянжаргалын… Ө хоол идэж байсан аягаа шалны хулдаас дээр шидээд агсам тавьж “Та нар намайг хүн гэж тоодоггүй” гэж хэлсэн, би юм дугаараагүй. Харин манай нөхөр Б.Э “Та нар настай хөгшин хүний дэргэд ингэж агсам тавьж болохгүй баруун талын эзэнгүй гэрт орж архиа уу” гэж хэлээд баруун талын гэртээ гэрэл өгсөн... би зүүн талын гэртээ очоод орондоо ороод хэвтэж байсан чинь Ө агсам тавьж байгаа бололтой дуу нь чанга чанга гараад байсан...гэх мэдүүлэг /ХХ-ийн 51-52-р хуудас/, Гэрч Т.Сарангийн ...би Гийн хажууд очоод суучихсан чинь Ө над руу уурлаад “та хоёр өмнө нь явдаг байсан биздээ” гэж хэлээд уурлаад эхэлсэн, Ө эхлээд над руу “Та хоёр өмнө нь явалддаг байсан биздээ” гээд байхаар нь би юу яриад байгаа юм бэ би танай нөхөртэй зүгээр найзууд байсан шүү дээ гэж хэлсэн, нөгөө хажууд байсан хүмүүс битгий маргалдацгаагаад бай гэж хэлсэн....Тэгтэл Ө над руу уурлаж байснаа болиод шууд нөхөр лүүгээ уурлаж Б.Гийг алгадаад байсан. Хоёр гурван удаа тас, тас хийтэл хүчтэй алгадсан. Б.Г алгадуулж байгаад бүр тэвчихээ байгаад Өийг гэрийн зүүн талын орны урд сууж байхад нь хойш нь түлхээд хоёр гарыг нь дараад гэдсэн дээр суучихаад хазгай хэлээр юм хэлээд байсан би юу яриад байгааг нь ерөөсөө ойлгоогүй. Ө нөхрийгөө хардаж энэ байдлаар хазгай муруй хэлээр 2 цаг орчим хэрүүл хийсэн… Тэгтэл гэнэт “пир” хийх чимээ гарахаар нь би гэрийн зүүн тал руу харсан чинь Ө Гийг хойш нь хүчтэй түлхэж унагаачихаад хүүхдээ тэвэрч аваад гэрээс гараад зугтаагаад гүйгээд явчихсан...гэх мэдүүлэг /ХХ-46-47-р хуудас/, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №4902 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 68-р хуудас/, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №797 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 72-77-р хуудас/, Шинжээч эмч Ө.Сийн…Талийгаач Б.Гийн толгойн зүүн хэсэгт хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр цохигдох үед зүүн зулай чамархайд гэмтэл үүссэн байх боломжтой. Дагзаараа төмөр мөргөж унах үед зүүн зулай чамархайд гэмтэл үүсэхгүй. Тархиндаа гэмтэл авсан хүн яг унтаж байгаа юм шиг хурхирч дуугардаг юм. Тийм шинж гардаг. Өөрөө босох алхах боломжгүй өөрөөр хэлбэл идэвхитэй үйлдэл хийхгүй... гэх мэдүүлэг  /ХХ-ийн 80-81-р хуудас/, Туршилт хийсэн тухай тэмдэглэл /ХХ-ийн 127-130-р хуудас/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /ХХ-ийн 131-134-р хуудас/, Ч.Өийн хэрэг хариуцах чадвартай гэдгийг нотолсон Шүүх сэтгэц эмгэг судлалын № 554 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 106-107-р хуудас/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 3-7-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ч.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд Ч.Өийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг Орхироо гэх газарт малчин Батчулууны гэрт 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шилжих шөнө өөрийн хамтран амьдрагч Б.Гийг бусадтай хардан зодож, түлхэн унагааж түүний биед “ гавал тархины битүү гэмтэл зүүн зулай чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, суурийн дунд арын хонхор орчмын хатуу хальсан доорх ялтаслаг цусан хураа, баруун, зүүн тал бөмбөлөгийн зулай, чамархай дагзны хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн хажуугийн ховдол дах цус нэвчилт, баруун тал бөмбөлөгийн дух, зүүн тал бөмбөлгийн чамархай, дагзны тархины эдийн няцрал бага тархины баруун зүүн мөчдийн аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, дээд доод уруулын салстад тавшиж буй шарх, цээжний зүүн дээд хэсэгт цус хуралт бүхий” гэмтлүүд учруулан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулж улмаар хохирогч нас барсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж үзэн энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байх ба үйлдсэн хэрэгт нь гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна. Мөн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Өийн үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжгүй ба энэ хэргийн улмаас хохирогчийн ар гэрт учирсан оршуулгын зардал, талийгаачийн эмчилгээнд зарцуулсан зардал зэрэг хохирол төлбөр бүрэн төлөгдөөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “хохирол төлбөр төлөгдөөгүй тул гомдолтой байна” гэж мэдүүлж байгаа зэргээс дүгнэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4- дэх хэсэгт зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй байна.  

Шүүгдэгч Ч.Ө нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э нь оршуулгын зардал болон бусад зардалд 7235700 төгрөгний хохирол төлбөр нэхэмжлэх боловч хавтаст хэрэгт хохиролын баримт нотлох баримтаар авагдаагүй байх тул шүүгдэгчээс хохирол төлбөр гаргуулах боломжгүй байх ба харин энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурьдаад 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Булгадар овогт Чондоогийн Өийг  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулснаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өийг 05 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өийн эдлэх 05 жилийн хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ч.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Өид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Ж.ЭРДЭНЭБАТ

 

      ШҮҮГЧИД                         Б.ХЭРЛЭН

 

                                                                               Д.РЕНЧЕНХОРОЛ.