Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/45

 

Т.*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                 Даргалагч, ерөнхий шүүгч            Д.Буянжаргал

                                Шүүгчид                                      Г.Давааренчин                                  

                                                                            Б.Эрдэнэхишиг                                  

 

                Оролцогчид:

                    Прокурор                                          ******* /цахим/

                                   Яллагдагчийн өмгөөлөгч            *******, Э.Ганбат /цахим/

                    Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******

                    Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч *******

                  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нарыг оролцуулав.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЗ/98 дугаартай шүүгчийн захирамжийг эс  зөвшөөрч  бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэл, яллагдагчийн өмгөөлөгчдийн давж заалдсан гомдлын дагуу Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2033000000057 дугаартай, 3 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Яллагдагчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, эмэгтэй, 31 настай, тусгай дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 3 дугаар баг, 3-38 тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:МФ89030801/,

 

Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Т.******* нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 3-38 тоотод байрлах гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нөхөр *******тай хувийн таарамжгүй харьцаа буюу эр, эмийн хардалтын улмаас маргалдан түүний эгэмний доод хэсэгт санаатай хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Т.*******д холбогдох хэргийг 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЗ/98 дугаартай шүүгчийн захирамжаар:

1.Яллагдагч Т.*******д холбогдох 2033000000057 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасугай.

2.Хэргийг Прокурорт очтол яллагдагч Т.*******д урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

З.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Т.Алтанбаганын нас барах үедээ өмсөж байсан хөх өнгийн зузаан куртик, цагаан өнгийн арьсан бээлий 1 хос, хар саарал өнгийн ,майк 1 ширхэг, адидас гэсэн бичигтэй хар өнгийн богино шорт 1 ширхэг, саарал өнгийн ноосон дотуур өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн дотоож 1 ширхэг, хөх өнгийн даавуун оймс 1 хос, хар өнгийн ноосон оймс 1 хос, яллагдагч Б.*******гийн өмсөж явсан гэх хөх өнгийн урт цамц 1 ширхэг, хар өнгийн хилэн өмд 1 ширхэг, ягаан эрээн өнгийн сул шорт 1 ширхэг, богино түрийтэй үстэй гутал 1 хос, хэргийн газрын үзлэгээ хураан авсан хар саарал өнгийн юүдэнтэй цамц 1 ширхэг, шалан дээр асгарсан байсан цуснаас авсан арчдас 3 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон 10 ширхэг нойтон салфетка гэмт хэрэг үйлдэхэд ашигласан цэнхэр өнгийн иштэй хутга 1 ширхэг, “Эдин” архины шил 1 ширхэг, “Хараа” архины шил 2 ширхэг, “Сэнгүр” пивоны сав 1 ширхэг, Нuawei маркийн эвдэрсэн гар утас 1 ширхэг, хэрэгт нэгжлэг хийх ажиллагааны явцад хураагдсан бэлэг эрхтэн томруулагч багаж 1 ширхэг зэргийг хэргийн хамт прокурорт шилжүүлсүгэй.

4. Хэрэгт хэргийн газрын үзлэгийн бичлэг бүхий СД 1 ширхэг, Өмгөөлөгч гээс гаргаж өгсөн хурлын бичлэг бүхий СД 1 ширхэг, Талийгаач Т.Алтанбаганын гар утсан дээрх бичлэг бүхий СД 1 ширхэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******аас гаргаж өгсөн бичлэг бүхий СД 1 ширхэг, нэгжпэг хийсэн ажиллагааны бичлэг бүхий СД 1 ширхэг зэргийг хэргийн хамт прокурорт шилжүүлсүгэй...” гэж, эрх бүхий этгээд хувийг гардан авсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Яллагдагчийн өмгөөлөгч *******, нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...дахин 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулахаар хэргийг прокурорт буцаасныг дор дурдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Үүнд:

1.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлт нь хэргийн материалаар гаргаж байгаа дүгнэлт буюу шинжээч эмч Т.Насанжаргалын цогцост задлан шинжилгээ хийсэн материал, задлан шинжилгээний онош, шинжээчийн дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад хийсэн туршилтанд тулгуурлаж давтан гаргаж буй дүгнэлт гэдэгт шүүгч дүгнэлт хийгээгүй байна.

Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Насанжаргал нь хохирогч Т.Алтанбаганын цогцост задлан шинжилгээ хийж хохирогчийн биед учирсан гэмтэл, үхлийн шалтгааныг тодруулж онош тавьж дүгнэлт гаргахдаа уг гэмтлийг хохирогч өөрөө өөртөө учруулах боломжгүй гэж хийсвэрээр дүгнэсэн байдаг бөгөөд үүнийгээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ямар ч эргэлзээгүйгээр тайлбарлаж чадаагүй байдаг.

Харин хохирогч нь уг гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломжтой гэдэг нь нэмэлт ажиллагаагаар хийсэн туршилт болон хүний биеийн физиологийн онцлог, гарын хөдөлгөөний шинж байдал, хохирогчийн хувьд үе мөчний саа саажилтгүй, хөдөлгөөн хязгаарлагдмал байдалгүй эрүүл, гарын үе мөч дутуу байдал байхгүй гэдэг нь нотлогдож байгаа учир туршилтанд ийм хүнийг оролцуулж хохирогчийн баруун гар зүүн эгэмнийхээ орчимд хүрэх боломжтой эсэх, өөрийн баруун гарт барьсан хутгаар өөрийн зүүн эгэмний орчимд хутгалах боломжтой эсэхийг тогтоосон. Шинжээч нар хутгыг хэрхэн барьснаас /хутганы ажлын хэсгийг эрхий хуруу тал руу юу, эсхүл чигчий хуруу тал руу харуулж барьсан уу гэдгээс/ хамаарна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Шинжээч нар нь болсон хэргийн товч, дотор эрхтэнүүдийн шинжилгээ, эд эсийн буюу нэмэлт шинжилгээний хариу, шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний онош, мөрдөн шалгах ажиллагаагаар хийсэн туршилт зэрэгт тулгуурлан хэргийн материалаар дүгнэлт гаргасан талаараа болон шинжээчид тавьсан асуулт бүрт хариулт өгч дүгнэлтийн хуудас бүрт өөрсдийн гарын үсгээ зурж баталгаажуулсан байхад шүүх үүнд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна.

2.Шинжээчид нь бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтийнхээ 2 дахь заалтад: Уг гэмтлийг хохирогч өөрөө өөртөө учруулах боломжтой, 7дах хэсэгт талийгаачид учирсан гэмтлийг бусад хүн учруулах боломжтой талаар ч тусгасан байгаа нь Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Насанжаргал нь хохирогч Т.Алтанбаганын цогцост задлан шинжилгээ хийж хохирогчийн биед учирсан гэмтэл, үхлийн шалтгааныг тодруулж дүгнэлт гаргахдаа уг гэмтлийг хохирогч өөрөө өөртөө учруулах боломжгүй гэж хийсвэрээр дүгнэсэн алдааг давтан дүгнэлтээр залруулсан бөгөөд дүгнэлт гаргасан үндэслэл нь тодорхойгүй гэж дүгнэх, эргэлзээтэй байдал байхгүй байна.

Уг хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1.6 дах хэсэгт шинжээчийн дүгнэлтэнд ...шинжилгээний аргачлал, явц, үр дүн шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариултыг тусгана гэж заажээ, шинжээчийн дүгнэлтэнд шархны байрлал, үүсгэсэн зүйлийн чиглэл, гарын болон хутганы урт, хүний гарын хөдөлгөөнийг тооцоолж үзсэн байдал зэрэг нь шинжилгээний аргачлал, явц зэргийг шинжээчийн дүгнэлт болон мэдүүлэгт тусгаагүй хэт ерөнхий байдлаар дүгнэлтийг гаргасан гэж дүгнэн шинжээчийн дүгнэлтийг давтан гаргуулахаар захирамж магадлалаа гаргасан байдаг.

Шинжээчдийн бүрэлдэхүүнтэй гаргасан давтан дүгнэлтээр шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлал зэрэгт тусгагдсан тодруулах шаардлагатай гэж дүгнэсэн асуудал нь “хутганы ажлын хэсгийн ирний чиглэл, хутганы ирийг хааш нь яаж харуулж барьсанаас шалтгаална” гэж дүгнэснээр тодорхой болсон байна. Өөрөөр хэлбэл бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед үүссэн гэмтлийг хохирогч өөрөө өөртөө болон бусад хүн ч учруулах боломжтой болохыг тогтоож өгсөн тул уг хэрэгт дахин шинжээч томилуулах хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Харин хохирогчийн биед учирсан гэмтлийг яллагдагч Т.******* учруулсан уу хохирогч өөрөө өөртөө учруулсан уу гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоохгүй бөгөөд үүнээс өөрөөр дүгнэлт гаргах боломжгүй юм. Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 215/421 дугаар тушаалаар баталсан Шүүх эмнэлэгийн шинжилгээ хийх журмын 2-р зүйлд шинжилгээний төрлийн талаар тодорхой тусгаж өгсөн ба уг зүйлийн 2.2.1 дах хэсэгт онц хүнд хэрэг болон маргаантай тохиолдолд шинжилгээг бүрэлдэхүүнтэй хийнэ тогтоож өгсөн бөгөөд уг дүгнэлтээр эргэлзээ төрүүлж байсан байдал нь арилсан, шинжээч нар бүрэлдэхүүнтэйгээр дүгнэлтээ гаргасан байгаа тул гэм буруугийн хуралд шинжээчийг оролцуулаад хэргийг хянан хэлэлцэх боломжтой гэж үзэж байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцож хэргийг гэм буруугийн хурлаар хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор 2021 оны 08 сарын 05-ны өдрийн 04 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ: “...Шүүх хэргийг үндэслэлгүйгээр нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах шийдвэрлэсэн байна гэж үзэж байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.5, 35.6, 35.8, 35.21 дүгээр зүйлд заахдаа шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулах, шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судлах, шүүх хуралдааны үед шинжээчид асуулт тавих эрхийг хуульчилсан байхад шүүхээс шинжээч нарыг шүүх хуралд оруулан хэргийг хянан хэлэлцэх боломжтой байтал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа” гэж үзэн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Шинжээчийн дүгнэлт нь талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоосон нотлох баримт болохын хувьд хүний амь нас хохирсон хэрэгт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох учиртай. Хэрэгт талийгаач Т.Алтанбаганын үхлийн шалтгааныг  тогтоох зорилгоор 2 удаа шинжээчийн дүгнэлт гаргуулсан бөгөөд уг дүгнэлтүүд хоорондоо ноцтой зөрүүтэй байдал гараагүй байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт “Шинжилгээний объект нь дараах шаардлагыг хангасан байна”, мөн хуулийн 10.4.1 дэх хэсэгт “Шинжилгээ хийхэд шаардагдах тоо хэмжээ, чанарын үзүүлэлтүүд хангасан байх”, 10.4.2 дахь хэсэгт “Эх хувь буюу биет байдлаар. эсхүп шинжилгээний шаардлага хангахуйц бусад хэлбэртэй байх”, 10.4.3 дахь хэсэгт “Эдийн засгийн холбогдолтой шинжилгээний материалын хувьд эрх бүхий байгууллагын акт, дүгнэлт гарсан байх...” гэж заасан бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлд “шинжээч шинжилгээ хийхэд шаардлагатай баримт материалтай танилцах шинжилгээ хийж дүгнэлт гаргахад шаардлагатай нэмэлт материал гаргаж ирүүлэхийг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс хүсэх” эрхтэй байхаар хуульчилсан.

Шинжээч нар нь прокуророос шинжээч томилсон тогтоолд хавсаргаж хүргүүлсэн шинжилгээний объектуудаас шаардагдах баримтуудыг үндэслэж дүгнэлтийг гаргасан нь шинжилгээг прокурорын тогтоолд заагдсан нотлох баримтуудад тулгуурласан эсэх нь эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлж хэргийг хянан хэлэлцэх боломжтой гэж үзэж байна. Иймд Т.*******д холбогдох хэргийг прокурорт буцаасан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЗ/98 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцов.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 98 дугаартай шүүгчийн захирамжид бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байна гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэлтэй санал нэг байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд хэргийг прокурорт буцаах тухай 3 үндэслэлийг заасан байдаг. Дээрх үндэслэлүүд энэ хэрэгт тогтоогдоогүй байх тул Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Сум дундын шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцүүлэх саналтай байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурор болон өмгөөлөгч нарын зүгээс гаргасан гомдлыг үндэслэлгүй гомдол гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанаас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бол нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх эрх нь шүүхэд өөрт нь байдаг. Иймд уг захирамжид маргах эрх байхгүй. Хоёрдугаарт анхан шатны шүүхээс хэргийг буцаахдаа 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй буюу 489 дугаартай шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзсэн. ... Анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. Прокурорын эсэргүүцэл, өмгөөлөгчдийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчийн өмгөөлөгч нарын гомдол, дээд шатны шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Т.*******д холбогдох 2033000000057 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Яллагдагч Т.*******д холбогдох хэргийг шүүгч хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар талуудын хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэж 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 87 тоот захирамжийг гаргажээ.

Урдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-6.17-д заасан асуудлуудын талаар талуудын санал хүсэлтийг сонсож яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэдэг.

Өөрөөр хэлбэл дээрх хуулинд заасан мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан алдаа, зөрчил, хэргийн оролцогчдыг солих, шүүх хуралдааны тов тогтоох, шүүх хуралдаанд оролцогчдыг тогтоох, шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах эсэх, нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хохирол нөхөн төлүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хэлэлцэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэж хэрхэх талаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт юм.

Гэтэл дээрх шүүгчийн захирамжаар хэрэгт авагдсан нотлох баримтуудын агуулгыг шүүгч үнэлж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаах шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцээгүй,  уг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” 12-д “Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ” гэж тус тус заасан ба шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээн дээр үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжгүй эргэлзээтэй байдал тогтоогдвол хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэх боломжийг олгосон байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлд зааснаар хэрэгт дүгнэлт гаргасан шинжээчдийг оролцуулан энэ хуульд заасны дагуу ач холбогдол бүхий байдлуудыг тодруулан асууж, шаардлагатай бол мөн хуулийн 27.8 дугаар зүйлд заасны дагуу дахин шинжилгээ хийлгэхээр шүүхийн шатнаас томилох бололцоотой.

 

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЗ/98 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЗ/98 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол Т.*******д урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ

 

                            ШҮҮГЧИД                                     Г.ДАВААРЕНЧИН

                                                                                        

                                                                                 Б.ЭРДЭНЭХИШИГ