Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2024/03163

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2024/03163

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот,  хаягт оршин суух, Б овогт Л.М /РД:1/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот,  хаягт оршин суух, Бн овогт Л.Н /РД:/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,592,176.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Л.м, Л.Н нар нь ХБ 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 1410013184 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг жилийн 18.00 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Банк нь 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Л.м, Л.Н  нарын Х дахь ..... тоот дансанд 5,000,000 төгрөгийг шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 2,666,666.72 төгрөг, зээлийн хүүд 908,347.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,907.16 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1410013184 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 188 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. 1/ Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон 1410013184 дугаартай зээлийн гэрээний 8.2.1, 8.2.5 дэх заалтын дагуу гэрээг цуцалж төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр нийт үндсэн зээлийн төлбөр 2,333,333.28 төгрөг, 2024 оны 06-р сарын 10-ны өдрийн байдлаарх хүү 247,763.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,079.45 төгрөг, нийт 2,592,176.42 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч талуудаас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: ХХК-ийн нэхэмжлэлтэй, Л.м, Л.Н нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,592,176.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид дараах байдлаар эвлэрч байна.

Хариуцагч Л.м, Л.Н нар 2,592,176.42 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулах буюу 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор 500,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,046,089 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,046,089 төгрөгөөр төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч Л.м, Л.Нт холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,592,176.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Ариунбилэг, хариуцагч Л.м, Л.Н нар 2,592,176.42 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч Л.м, Л.Н нар 3 сарын хугацаанд төлж барагдуулах буюу 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор 500,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,046,089 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,046,089 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунбилэг нь дээрх хугацааг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Мөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Ариунбилэг, хариуцагч Л.м, Л.Н нар 2,592,176.42 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч Л.м, Л.Н нар 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор 500,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,046,089 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,046,089 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,424.82 төгрөгийн 50 хувь буюу 28,212.41 төгрөгийг буцаан олгож, үлдэх 28,212.41 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 28,212.41 төгрөгийг хариуцагч Л.м, Л.Н нараас гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС