Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2024/03132

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2024/03132

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, 01 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай 5, өөрийн байранд байрлах Голомт банк ХК /РД:2075377/-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Буяндэлгэрийн Нямдаржаа /РД: МЙ86092815/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл оролцов. (Хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

Тодорхойлох нь:

1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Буяндэлгэр овогтой Нямдаржаа /РД:МЙ86092815/ нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Голомт банктай 3Г/160844240 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан болно.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийг 79 сар хэтрүүлэн 35,243,526.42 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулахаар байна.

Буяндэлгэр овогтой Нямдаржааг банкнаас байнга идэвхтэйгээр хайж байгаа боловч одоог хүртэл олдохгүй байна. Зээлдэгч нь зээл авах үедээ Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага наран 45 гудамж, 9-5 тоот хаягт оршин сууж байсан боловч одоо тэр хаяг дээрээ амьдардаггүй нь 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/Ш32024/13174 тоот захирамжаар тус хороонд бүртгэлгүй, оршин суудаггүй болохыг тодорхойлогдож байгаа тул Буяндэлгэр овогтой Нямдаржаа /РД:МИ86092815/-г эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.

 

2. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

2.1 Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 18/02/1788 тоот Итгэмжлэл, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/160844240 дугаартай Кредит картын гэрээ, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШЗ2024/13174 дүгээр захирамж зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

2.2 Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШЗ2024/11685 дугаар нотлох баримт гаргуулах тухай захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас Б.Нямдаржаагийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг тус тус ирүүлж хэрэгт авагдсан.

 

Шүүх зохигчоос шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч Голомт банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Буяндэлгэрийн Нямдаржаа /РД:МЙ86092815/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

 

1. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлийг ...Сонгинохайхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШЗ2024/13174 дүгээр захирамжаар Б.Нямдаржаа нь Сонгинохайрхан дүүрэг, 03 дугаар хороо, Бага наран 45 гудамж, 9-5 тоот хаягт оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Б.Нямдаржаа нь зээлийн өр төлбөртэй, түүний оршин сууж байгаа хаяг нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлажээ.

 

3. Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шинжлэн судалсан нотлох баримтаас үзвэл дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1. Хүсэлт гаргагчийн тайлбар, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/160844240 дугаартай Кредит картын гэрээгээр Б.Нямдаржаа нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

 

3.2. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн CVL2411990001017236 дугаартай Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд Б.Нямдаржаа нь Сонгинохайрхан дүүрэг, 03 дугаар хороо, бага наран 45 гудамж, 9-5а тоот хаягт бүртгэлтэй гэжээ.

 

3.3. Б.Нямдаржаа нь Сонгинохайрхан дүүрэг, 03 дугаар хороо, бага наран 45 гудамж, 9-5а тоот хаягт оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй, уг хаягаас шилжилт хөдөлгөөн хийлгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т тус тус зааснаар  хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  Буяндэлгэрийн Нямдаржаа /РД:МЙ86092815/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа хийхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

4. Хүсэлт гаргагч Голомт банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

5. Хүсэлт гаргагч Голомт банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт хэсэгт нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Буяндэлгэрийн Нямдаржаа /РД:МЙ86092815/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Нямдаржааг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Голомт банк ХК /утас:8807-5269/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Голомт банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА