| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2133000000006 |
| Дугаар | 2021/ДШМ/46 |
| Огноо | 2021-10-05 |
| Зүйл хэсэг | 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 2021/ДШМ/46
Г.*******, Х.*******, Н.*******
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч, шүүгч Б.Эрдэнэхишиг
Шүүгчид Г.Давааренчин
Д.Буянжаргал
Оролцогчид
Прокурор Б.Мөнхдөл /цахим/
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа /цахим/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцуулан, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/27 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ******* овогт *******гийн *******, ******* овогт *******гийн *******, ******* овогт ын ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай, 150/2021/0017/Э индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд ерөнхий шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ****** оны **** дугаар сарын *****-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, **** настай, ****эгтэй, ****** боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-*** Сэлэнгэ аймгийн Сант сумын ***** багийн **** гудамж ***** тоотод оршин суух, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, ******* ******* овгийн *******гийн ******* /РД:********/,
Монгол Улсын иргэн, ***** оны **** дугаар сарын ****-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, **** настай, ****эгтэй, ******боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ********** хамтаар Сэлэнгэ аймгийн Сант сумын ***** *****дугаар багийн ****** тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн *******гийн ******* /РД:************/,
Монгол Улсын иргэн, **** оны **** дугаар сарын ****-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, **** настай, ****эгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***** хамтаар Сэлэнгэ аймгийн Сант сумын ********багийн ****** тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн ын ******* /РД:*****/,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Х.*******, Н.*******, Г.******* нар нь бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс СЭҮ улсын дугаартай Тоёота Королла маркийн тээврийн хэрэгслийг ашиглан, шунахай сэдэлтээр иргэн Г.ийн 2 тооны адууг хулгайлж, 6.748.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх Г.*******, Х.*******, Н.******* нарт холбогдох хэргийг 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор:
“1.Шүүгдэгч ******* ******* овгийн *******гийн *******, ******* овгийн *******гийн *******, ******* овгийн ын ******* нарыг бүлэглэн машин механизм ашиглан мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 07-р сарын 02-ны өдөр гарсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8-д заасныг баримтлан шүүгдэгч Г.*******, Н.******* нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.*******т 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.*******т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота Королла маркийн СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон морины үнэ нийт 2,860,000 төгрөгийг 3 тэнцүү хувааж шүүгдэгч Х.*******аас 953,333 төгрөг, шүүгдэгч Г.*******аас 953,333 төгрөг, шүүгдэгч Н.******* 953,333 төгрөг тус тус гаргуулан улсын орлого болгосугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц СЭҮ улсын дугаартай Тоёота Королла маркийн тээврийн хэрэгсэл, гэрчилгээг эзэмшигч О.д, хээр зүсмийн зүүн гуяндаа ширээтэй хас тамгатай 6 настай морийг С.д, модон бүүрэгтэй эмээл 1 ширхэг, суран хазаарыг 1 ширхэгийг Б.т тус тус буцаан олгож, О.ийн эзэмшлийн СЭҮ улсын дугаартай Тоёота Королла маркийн тээврийн хэрэгслийг, С.ын эзэмшлийн хээр зүсмийн зүүн гуяндаа ширээтэй хас тамгатай 6 морийг, Б.ийн эзэмшлийн модон бүүрэгтэй эмээл 1 ширхэг, суран хазаарыг 1 ширхэг, Г.*******ын экэмшлийн адуу 8 ширхэг, үхэр 18 ширхэг, ямаа 17 ширхэг нийт 43 тооны малыг тус тус битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай...” гэж, эрх бүхий этгээд хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор 2021 оны 08 сарын 12-ны өдрийн 05 дугаартай эсэргүүцэлдээ: ...Тус шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/27 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлага хангахгүй байна.
1.Прокуророос яллагдагч Х.*******, Н.*******, Г.******* нарыг бүлэглэн машин механизм ашиглан мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/27 дугаартай шийтгэх тогтоолын “ТОДОРХОЙЛОХ”, “ТОГТООХ” хэсэгт хуулийн зүйл, заалтыг буруу бичиж, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна гэж үзлээ. Үүнд:
Шийтгэх тогтоолын 5 дугаар хуудасны 26 дугаар мөрөнд “...Эрүүгийн хуулийн дугаар зүйлийн 1.3-д заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар заажээ гэж эрүүгийн хуулийн аль зүйл заалтын 1.3-д заасан гэдгийг тодорхой заагаагүй байна.
Шийтгэх тогтоолын 6 дугаар хуудасны 7 дугаар мөрөнд “Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж бичигдсэн байна. Гэтэл Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гарсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн...” гэж хуульчлагдсан байхад 7.2” дахь заалтыг орхигдуулж хууль зүйн дүгнэлт хийсэн байна.
Шийтгэх тогтоолын “ТОГТООХ” хэсгийн 2 дахь заалтад “...шүүгдэгч Г.*******, Н.******* нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай” гэж,
мөн шийтгэх тогтоолын “ТОГТООХ” хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.*******т 1 жилийн хорих ял оногдуулсугай” гэх тус тус заасан ба шүүгдэгч нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнийг орхигдуулсан байна.
2. Шүүхээс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гарсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8-д заасныг баримтлан шүүгдэгч Н.*******, Г.******* нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, 1.3 дахь хэсэгт заасан “Хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.10 дахь хэсэгт заасан “Илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон” зэргээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна гэж үзлээ. Учир нь:
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гарсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд “Зарим хугацаа болон эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох”-оор заасан ба мөн хуулийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж,
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж тус тус хуульчилсан байна/
Шүүгдэгч Н.*******, Г.******* нар нь бүлэглэн'машин механизм ашиглан мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн ба тухайн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих хуулийн заалтад хамаарахаар байна.
Гэтэл шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8-д заасныг баримтлан шүүгдэгч Н.*******, Г.******* нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэж, илтэд үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/27 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ...Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Г.******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд гаргасан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар гаргасан прокурорын эсэргүүцэлтэй Г.*******ын өмгөөлөгч би танилцаад доорх тайлбарыг гаргаж байна.
Нэг: Эрүүгийн хуулийн 17.12дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт орхигдуулсан гэх эсэргүүцлийн тухайд анхан шатны шүүх шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.2,2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заавал 2.2, 2.4 дэх хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнийг нэг бүрчлэн заах шаардлагагүй бөгөөд үүнийг хууль хэрэглээний алдаа гэж үзэх үндэслэлгүй юм.
Учир нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт уг гэмт хэргийн хүндрүүлэх бүх бүрэлдэхүүнийг хууль тогтоогч зааж өгсөн учир шүүх 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж байгаа талаар тусгаснаар хууль хэрэглээний алдаа, зөрчилдөөнтэй үр дагавар үүсэхгүй юм. Өөрөөр хэлбэл хүндрүүлэх бүрэлдэхүүний бүх заалтыг нэг бүрчлэн дурьдах шаардлагагүй юм.
Хоёр: Өршөөлийн хуулийг буруу хэрэглэсэн гэх эсэргүүцлийн тухайд 2021 оны 7 дугаар сарын 02 -ны өдөр батлагдаж гарсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн зүйл заалтууд нь өөрөө эргэлзээтэй, хууль хэрэглэх журмын тухай хуулиар энэ эргэлзээтэй байдлыг хэрхэн яаж нэг мөр ойлгох талаар тайлбарласан зүйл байхгүй тул шүүгдэгч нарт ашигтай байдлаар хуулийг хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилтод нийцсэн хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар заалтад: Өршөөл үзүүлэх тухай хууль нь Үндсэн хууль, 2002 оны эрүүгийн хууль, 2015 оны Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Корона вируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх , нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, энэ хуулиас бүрдэнэ гэж заасан байна. Ийм учраас анхан шатны шүүх хуулийг хэрэглэхдээ дан ганц өршөөлийн хуулийн зүйл заалтад баригдалгүй, өргөн хүрээтэй авч үзэж эдгээр хуулиудын зорилтод нийцүүлэн яллагдагч нарт ашигтайгаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд ялаас өршөөн хасах, 7 дугаар зүйлд заасан хорих ялыг зөрчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэх солих тухай зүйл заалтууд нь шууд утгаараа шүүхээр эцэслэн шийтгэгдээд хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолоор ял эдэлж буй ялтны ялаас өршөөн хэтрүүлэхтэй холбоотой заалт гэж ойлгогдож байна. Харин эрүүгийн ******* дугаартай хэргийн холбогдогч нарын хувьд шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолоор ял эдэлж буй ялтан биш учир анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчид ашигтай байх хуулийн суурь зарчимд тулгуурлан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дах заалт 5 дугаар зүйлийн 5.1, 5.12 дугаар зүйлийн 12,8 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******, Н.******* нарын ялыг өршөөн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрээр шүүгдэгч нарыг эрүүгийн хуулийн 17.12-р зүйлд заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон үүн дээр ямар нэг маргаангүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14-р зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 зэргийг баримтлан *******, ******* нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг шийдвэр нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулалгүй шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч нар нь бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс СЭҮ улсын дугаартай Тоёота Королла маркийн тээврийн хэрэгслийг ашиглан, шунахай сэдэлтээр иргэн Г.ийн 2 тооны адууг хулгайлж, 6.748.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4-д заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар оролцогчдын зүгээс ямар нэгэн гомдол санал гаргаагүй байна.
Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “...Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ...” гэж,
7 дугаар зүйлийн 7.1-д “...Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Бусдын эд хөрөнгийг хулгайлах /Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг/ гэмт хэрэг, Эрүү шүүлт тулгах /Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэг/, 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Хөрөнгө завших /Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/, Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Эрүү шүүлт тулгах /Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйл/, Хууль бусаар ан агнах /Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Хууль бусаар мод бэлтгэх /Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг/, Ой, хээрийн түймэр тавих /Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх /Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйл/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.”,
7.2-д “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Хууль бусаар ан агнах /Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...” гэж тус тус заажээ.
Гэтэл анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8-д заасныг баримтлан шүүгдэгч Г.*******, Н.******* нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.
Түүнчлэн прокурорын эсэргүүцэлд дурдагдсан шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт авагдсан техникийн шинжтэй бичилтийн алдаануудыг залруулах шаардлагатай, цаашид энэ төрлийн алдааг дахин гаргахгүй байхад анхан шатны шүүх онцгой анхаарах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/27 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/27 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.
2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол Х.******* авсан цагдан хорих, Н.*******, Г.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Д.БУЯНЖАРГАЛ