| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2021/0149/З |
| Дугаар | 128/ШШ2021/0437 |
| Огноо | 2021-06-29 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2021/0437
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар А.Дугармаагийн гомдолтой, Хан-Уул дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Соддуламд холбогдох зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Гомдол гаргагч: Агваанпүрэвийн Дугармаа, /РД: ХИ61051200/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Соддулам.
Гомдлын шаардлага: Хан-Уул дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Соддуламын 2020 оны 12 дугаар сарын 31 -ний өдөр гаргасан акт буюу №1451651 Шийтгэлийн хуудас-ыг хүчингүй болгуулах тухай,
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч А.Дугармаа, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатарцогт, гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Батдорж, хариуцагч Ч.Соддулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Пүрэвханд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч А.Дугармаа шүүхэд гаргасан гомдолдоо: А.Дугармаа миний бие Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн ээлжит сонгуульд Ард Түмний Олонхийн Засаглал Намаас нэр дэвшигчээр Сонгуулийн Ерөнхий Хороонд бүртгүүлсэн. Улмаар сонгуулийн ажиллагааны явцад Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна гэж заасны дагуу Хаан банканд 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 5176213081 тоот төгрөгийн данс нээсэн.
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааны үед тухайн дансаар хандив хүлээн авах болон сонгуулийн сурталчилгааны зардлын гүйлгээг хийхээр тусгагдсан.
А.Дугармаа миний бие Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн ээлжит сонгуульд Ард Түмний Олонхын Засаглал Намаас нэр дэвшигчээр Сонгуулийн Ерөнхий Хороонд бүртгүүлсэн хэдий ч хуульд заасан сонгуулийн сурталчилгаа болоод бусад үйл ажиллагаа огт явуулаагүй бөгөөд аливаа этгээдээс нэг ч төгрөгийн хандив хүлээн аваагүй болно. Тиймээс Хаан банканд 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нээсэн 5176213081 тоот сонгуулийн зардлын дансаар ямар ч гүйлгээ хийгдээгүй.
Гэтэл улсын байцаагч Ч.Соддулам нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, 27 дахь хэсгүүдийг үндэслэн 20,000,000 /хорин сая/ төгрөгийн торгууль оногдуулсан нь хууль бус гэж үзэж байна.
Иймд Хан-Уул дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Соддуламын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гаргасан Захиргааны акт буюу №1451651 Шийтгэлийн хуудас-ыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Хан-Уул дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Соддулам шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Иргэн А.Дугармаа нь Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1451651 дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах гомдлын шаардлагад дор дурдсан тайлбарыг гаргаж байна.
Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т Нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ", 58 дугаар зүйлийн 58.4-д Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ гэж зохицуулсан байна.
Дээрх тайланг ирүүлэх үүргээ биелүүлээгүй хүн, хуулийн этгээдийг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дах хэсэгт Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно, 17.1 зүйлийн 17.1.27 Нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тодорхой мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан.
Гомдол гаргагч А.Дугармаа 2020 оны Монгол Улсын Их хурлын ээлжит сонгуульд 29 дүгээр тойрогт нэр дэвшсэн бөгөөд сонгуулийн зардлын явцын болон эцсийн тайланг хугацаанд ирүүлээгүй болохыг Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцон шийдвэрлэх тухай Монголын Улсын Үндэсний аудитын газрын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2880 дугаар албан бичиг мэдээлэл ирүүлсэн.
Мэдээллийн дагуу Зөрчлийн хэрэг нээн шалгах ажиллагааг Прокурорын хяналт дор явуулахад Үндэсний аудитын газрын 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 01/3232 дугаар албан бичиг, 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 01/3505 дугаар албан бичиг болон www.audit.mn сайт дээр байршуулсан нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайлантай холбоотой мэдээлэл, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлгээр Явцын тайлан өг гэж хэн ч хэлээгүй. Намаас намайг сонгуульд дахин нэр дэвших үү? гэж асуухад би үгүй ээ гэхэд тайлан өгөх хэрэггүй юм байна гэж хэлсэн" гэж мэдүүлэг өгсөн нь Сонгуулийн тухай хуулийн 57.3, 58.4 г зөрчсөн болох нь тогтоогдсон.
Мөн Гомдол гаргач А.Дугармаа 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан гомдолдоо Миний бие Монгол улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн ээлжит сонгуульд Ард Түмний Олонхын Засаглал Намаас нэр дэвшигчээр Сонгуулийн Ерөнхий хороонд бүртгүүлсэн хэдий ч хуульд заасан сонгуулийн сурталчилгаа болоод бусад үйл ажиллагаа огт явуулаагүй бөгөөд аливаа этгээдээс нэг ч төгрөгийн хандив хүлээн аваагүй болно. Сонгуулийн зардлын дансаар ямар ч гүйлгээ хийгдээгүй гэж зардлын явцын болон эцсийн тайлан өгөөгүй болох нь зөрчлөө өөрөө хүлээн зөвшөөрч дурдсан байна.
Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4-д Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна заасныг 17.1 дүгээр зүйлийн 27-д зааснаар хүнийг хорин мянган нэгж
буюу хорин сая төгрөгийн шийтгэл оногдуулсан ба дээрх зөрчил нотлогдсон тул шүүхэд гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
А.Дугармаа нь Ард түмний олонхийн засаглал намаас нэр дэвшсэн, үүнтэй холбоотой сонгуулийн зардлын данс нээсэн. А.Дугармаа нь дансны үлдэгдэл байх шаардлагатай гэсэн үүднээс 5000 төгрөгийн орлого өөрөө хийсэн, бусдаар хандив аваагүй, ямар нэгэн зарлагын гүйлгээ хийгээгүй. Сонгуулийн хугацаа дуусмагц дансыг хаасан.
Захиргааны ерөнхий хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, мөн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны хугацааг хэтрүүлсэн. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6-д зааснаар хуульд үндэслэх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах заалтуудыг тус тус зөрчсөн. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т Захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно гэж заасан.
Хуулийн заалтуудаас үзвэл захиргааны акт гаргахдаа холбогдогчид хэргийн материалыг огт танилцуулаагүй, ямар баримт бүрдүүлж байгаа болон эрх, үүргийг нь тайлбарлаагүй. Иймд дээр дурдсан хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2.7, 2.9, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-т тус тус зааснаар эрх эдлэх боломжийг олгоогүй.
Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ний өдөр нээж, үүнийг удирдах албан тушаалтан 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 14 хоногийн хугацаагаар сунгасан. Прокурор 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 30 хоногоор тус тус сунгасан. 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хэрэг бүртгэлтийн ажиллагааны хугацаа дууссан байхад 3 хоногийн дараа буюу 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хугацааг сунгаж процессын алдаа гаргасан. Иймд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гаргасан 1451651 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ард түмний олонхийн засаглал намаас Үндэсний Аудитын газарт явцын тайланг өгсөн. Үндэсний Аудитын газарт хүсэлт гаргахаар хариу өгдөггүй, бичиг хийгээд өг гэхэд хийж өгдөггүй. Намаас гаргасан албан бичигт бүх нэр дэвшигчдийн нэр байгаа. Тухайн үед тайлан өгөх гээд Үндэсний Аудитын газарт очиход маш замбараагүй байсан, хоёр хүн суугаад энд тавьчих гээд тавиулж байсан. Аудитын байгууллага Ард түмний олонхийн засаглал намын нэр дэвшигчдийн явцын тайланг алга болгосон гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
А.Дугармаагаас 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлэг авсан. Тухайн мэдүүлэгт нэр дэвшсэн, гэвч данснаас зардал гаргаагүй, тайланг нам мэднэ гэсэн. Үндэсний Аудитын газарт нотлох баримт авахаар 2 удаа албан бичиг хүргүүлэхэд, тайлангаа өгөөгүй гэсэн хариу ирсэн. Иймд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, 27-д зааснаар шийтгэлийн хуудас ногдуулсан. Шийтгэлийн хуудсыг 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдөр үйлдэж, А.Дугармаатай шийтгэлийн хуудсаа гардаж авна уу гэж холбогдсон. Ирж авахгүй болохоор нь шуудангаар хүргүүлсэн байдаг. Захиргааны ерөнхий хуульд сонсох ажиллагаа хийгдэх тухай заагаагүй. Тухайн үед хөл хорио тогтоосон байсан учир ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, гомдол гаргагч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж, үнэлээд гомдол гаргагч А.Дугармаагийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Хан-Уул дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Соддуламын үйлдсэн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1451651 дугаартай шийтгэлийн хуудсаар А.Дугармааг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, 27 дугаар зүйлд заасан Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй, Нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан нь Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2880 дугаар албан бичиг, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2929 дугаар албан бичиг, Үндэсний аудитын газрын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01/3232 дугаар албан бичиг, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01/3505 дугаар албан бичгээр тус тус тогтоогдсон гэж үзэн нийт 20.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
Монгол Улсын Ерөнхий Аудитор 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сангийн яаманд Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланд аудит хийхэд сонгуулийн зардлын дансны явцын тайлан ирүүлээгүй 114 нэр дэвшигч, сонгуулийн зардлын дансны эцсийн тайлан ирүүлээгүй 137 нэр дэвшигч байгаа тул Зөрчлийн тухай хуульд заасан зохих хариуцлага хүлээлгэх тухай 2880 дугаар албан бичгийг хүргүүлсэн байна.
Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, нягтлан бодох бүртгэлийн Улсын Ерөнхий байцаагч С.Наранцогтоос Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Цогзолмаад нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах, улсын байцаагчийн эрхтэй албан тушаалтнууд харьяа аймаг, нийслэл, дүүргийнхээ хавсралтад заасан холбогдох нам, эвсэл, нэр дэвшигч нарт арга хэмжээ авах тухай 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 7/6746 дугаар албан бичгийг, хавсралтын хамт хүргүүлсэн байх ба уг албан бичгийн хавсралтын 183 дугаарт 29 дүгээр тойрогт Ард Түмний Олонхийн Засаглал намаас нэр дэвшигч А.Дугармаа жагсаалтад бичигджээ.
Үндэсний аудитын газрын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/3232 дугаар албан бичгээр Ард Түмний Олонхийн Засаглал намаас нэр дэвшигч А.Дугармаа нь сонгуулийн зардлын явцын болон эцсийн тайлангаа ирүүлээгүй болохыг,
Мөн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/3505 дугаар албан бичгээр Ард Түмний Олонхийн Засаглал намаас нэр дэвшигч А.Дугармаа нь сонгуулийн зардлын эцсийн тайлангаа аудитын хуулийн этгээдээр баталгаажуулж Үндэсний аудитын газарт ирүүлсэн, харин сонгуулийн зардлын явцын тайланг ирүүлээгүй болохыг тус тус мэдэгдсэн байна.
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д Нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-д Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ гэж,
Төрийн аудитын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Төрийн аудитын байгууллага нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх бөгөөд төрийн аудитын дээд байгууллага буюу Үндэсний аудитын газар, түүний харьяа аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газраас бүрдэнэ гэж,
Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж, мөн зүйлийн 27-д Нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж тус тус заажээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна гэж зааснаас үзэхэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллааг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн эрх бүхий албан тушаалтан хуулиар харьяалуулсан зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхээр байна.
Өөрөөр хэлбэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эрх бүхий албан тушаалтанд хуулиар харьяалуулсан байхаас гадна нутаг дэвсгэрийн харьяаллаар шийдвэрлэх нь зүйтэй.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг заасан ба мөн зүйлийн 2 дахь хэсэгт Энэ хуульд хэрэглэсэн бусад нэр томьёог Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан утгаар ойлгоно гэж,
Зөрчлийн тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д Зөрчил үйлдэгдсэн, түүний үр дагавар илэрсэн газрыг зөрчил үйлдсэн газарт тооцно гэж заасан байна.
Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, 27 дахь хэсгүүдэд заасан зөрчлийн хувьд нэр дэвшигч сонгуулийн зардлын зарцуулалтын явцын болон эцсийн тайланг Үндэсний Аудитын газарт хүргүүлэх үүргээ биелүүлсэн эсэхтэй холбоотой байх бөгөөд сонгуулийн зардлын тайлан хүргүүлээгүй эс үйлдлийн үр дагавар Үндэсний Аудитын газрын оршин байх нутаг дэвсгэр буюу Чингэлтэй дүүрэгт илэрсэн байна.
Үндэсний Аудитын газар нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт оршдог байх тул Хан-Уул дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Соддулам нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хуульд заасан нутаг дэвсгэрийн харьяаллыг зөрчсөн гэж үзэхээр байна
Хэдийгээр хэргийн оролцогчид харьяаллын асуудал дээр маргаагүй боловч Хан-Уул дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч нь шийтгэл ногдуулахдаа харьяалал зөрчсөн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.1-д заасны дагуу гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэх байжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Шийтгэлийн хуудас ногдуулсантай холбоотой зөрчлийн хэргийн материалыг огт танилцуулаагүй, эрх үүргийг нь тайлбарлаагүй, зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг 3 хоног хэтрүүлэн сунгасан, А.Дугармаа 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлэг өгөхдөө намыг дарга болон нарийн бичгийн даргаас тодруулах шаардлагатай гэж байсан. Улсын байцаагч ямар нэгэн байдлаар тодруулах ажиллагаа хийгээгүй, мөн Үндэсний Аудитын газраас ирүүлсэн хоёр албан бичиг хоорондоо зөрүүтэй, Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Соддулам шалгах ёстой байсан боловч шалгаагүй гэж,
Гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс Явцын тайлан өгөх гээд Үндэсний Аудитын газарт очиход маш замбараагүй байсан, хоёр хүн суугаад энд тавьчих гээд тавиулж байсан. Аудитын газарт хүсэлт өгөхөөр хариу огт өгдөггүй, тус байгууллага Ард түмний олонхийн засаглал намын явцын тайланг алга болгосон гэж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Үндэсний Аудитын газраас явцын болон эцсийн тайланг өгөөгүй учир Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцно уу гэсэн албан бичиг ирсний дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Үндэсний Аудитын газарт нотлох баримт гаргуулахаар хоёр удаа албан бичиг хүргүүлэхэд, тайлан өгөөгүй гэсэн хариу ирсэн. Иймд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, 27 дугаар зүйлд зааснаар шийтгэл хуудас ногдуулсан гэж тус тус маргажээ.
Түүнчлэн Хан-Уул дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Соддулам нь Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.4-т заасан зөрчлийг гаргасан талаарх нотлох баримтыг бүрэн гүйцэт шалгаж нотлоогүй байна.
Хан-Уул дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр А.Дугармаагаас мэдүүлэг авахад Ард түмний олонхийн засаглал намаас бүх тайлан өгсөн гэсэн. Намын дарга болон нарийн бичгийн даргатай холбогдоорой, мөн О.Лхагвадорж, Н.Эрдэнэцэцэг нартай хамт мэдүүлэг өгье. Би буруу, дутуу зүйл ярьж магадгүй, мэдүүлэгт гарын үсэг зурахгүй гэсэн тайлбар өгсөн байна. Гэвч улсын байцаагч нь намын дарга болон нарийн бичгийн дарга нарыг гэрчээр дуудаж тайлбар аваагүй байна.
Мөн А.Дугармаа нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн мэдүүлэгтээ Нам тайлан өгсөн... данс нээгээд нэг ч мөнгө орж, гаргаагүй, намд 0 үлдэгдэлтэй дансны хуулга өгсөн... Зөрчлийн тухай хуулиар торгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй... гэсэн байна.
Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд явцын болон эцсийн тайланг Үндэсний аудитын газар аваачиж өгөхөд хоёр байцаагч ажлын ачаалал их байгаа учир ширээ нь дээр үлдээгээд яв гэж хэлж байсан. Ард түмний олонхийн засаглал намаас нэр дэвшигчдийн зардлын тайланд дугаар авч, Үндэсний аудитын газар өгч байсан гэж тайлбарладаг.
Үндэсний аудитын газрын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01/3232 албан бичгээр явцын болон эцсийн тайланг ирүүлээгүй,
2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/3505 дугаар албан бичгээр сонгуулийн зардлын эцсийн тайланг ирүүлсэн, харин сонгуулийн явцын тайланг ирүүлээгүй болно гэсэн хариу өгсөн байна.
Дээрхээс үзэхэд А.Дугармааг сонгуулийн зардлын тайланг гаргаж өгөөгүй гэж хариуцагч тайлбарладаг боловч эцсийн тайланг өгсөн гэдэг нь тогтоогдож байна гэж үзэхээр байна.
Мөн Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т ...сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тодорхой мэдээлнэ.. гэж заасан байдаг.
Төр Зөрчлийн тухай хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, улмаар хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хуулийн дагуу шалгаж тогтоон, хуулийн хариуцлага хүлээлгэх үүргийг өөртөө хүлээсэн.
Иймд Хан-Уул дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын хувьд хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлэхдээ иргэний үндсэн эрхийг зохих ёсоор хангах үүрэгтэй юм.
Тиймээс хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д заасан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээх субъект болохын хувьд дээрх Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журамд нийцүүлэн бодит нөхцөл байдал, үндэслэлүүдийг нэг бүрчлэн нягтлан шалгасны үндсэн дээр захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, үйлдэл эс үйлдэхүйг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах нь зүйд нийцнэ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл зөрчилд холбогдогч А.Дугармааг явцын тайлангаа нийтэд мэдээллэсэн болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайлангаа хүргүүлсэн талаарх шалгасан нотлох баримт байхгүй буюу шалгах ажиллагаа хийгдээгүй байна. Өөрөөр хэлбэл явцын тайлангаа нийтэд ямар хэлбэрээр мэдээллэсэн эсэх мөн явцын тайлангаа хүргүүлсэн эсэх талаар мэдүүлэг авах, тухайн зөрчлийг нотлох ажиллагааг хийгээгүй мөн Үндэсний аудитын газрын ирүүлсэн зөрүүтэй албан бичгийг бүрэн гүйцэт нотолж, шалгалгүйгээр шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.
Хан-Уул дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч нь А.Дугармааг ковидын улмаас хэргийн материалтай танилцуулж, дахин мэдүүлэг авах боломжгүй байсан гэж тайлбарладаг. Холбогдогчид Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна гэж зааснаар цахимаар мэдэгдэх боломжтой байсан учир хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор Н.Оюунцэцэг нь 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 475 дугаар тогтоолоор зөрчлийн хэргийн хугацааг сунгахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2-т заасныг зөрчин хугацаа хэтрүүлэн сунгасан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Үүнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2-т зааснаар зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолно гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор Н.Оюунцэцэг нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 58 дугаар тогтоолоор нээж,
Эрх бүхий удирдах албан тушаалтан М.Цогзолмаа нь 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор хэрэг бүртгэлтийн хугацааг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 14 хоногоор сунгаж,
Эрх бүхий албан тушаалтан 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хугацаа сунгах санал гаргаж,
Прокурорын газрын ахлах прокурор Н.Оюунцэцэгийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 475 дугаар тогтоолоор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгасан зэрэг нотлох баримтаас үзэхэд 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр прокурорын тогтоол гарснаас хойш хугацааг 30 хоногоор сунгах бүрэн эрхтэй байсан.
Гэвч 2020 оны 12 дугаар сарын 04-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл гэж тогтоол гаргасан өдрөөс өмнө тооцож хугацааг сунгасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дах хэсгийг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Хан-Уул дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Соддуламын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1451651 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дугаар зүйлийн 25, мөн зүйлийн 27, Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,3, 58 дугаар зүйлийн 58.4-т заасныг тус тус баримтлан А.Дугармаагийн гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Соддуламын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1451651 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, хуульд заасан хугацаа өнгөрснөөс хойш тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ