Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 543

 

 

 

 

 

 

 

 

 

“Х Ө” сууц өмчлөгчдийн холбооны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/03399 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Х Ө” сууц өмчлөгчдийн холбооны хариуцагч “А И”   ХХК, “Д Т”    ХХК-д тус тус холбогдуулан гаргасан,  

11 356 552 төгрөг гаргуулах тухай үндсэн, 8 280 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цэцэгсүрэн, Д.Шүрэнчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ундармаа, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Автомашины 23 ширхэг зогсоолын төлбөрийг төлөөгүй хугацаа буюу 2015 оны 11 сараас 2019 оны 6 сар хүртэл хугацааг тооцсон 15 640 000 төгрөгийн 50 хувь болох 7 820 000 төгрөг, мөн “А И”   ХХК-ийн өмчлөлийн уг хотхоны 100  дугаар байрны 59 тоот, 100 дугаар байрны 97 тоот, 100/1 дүгээр байрны 3 тоотод байрлах орон сууцны 2019 оны 01 сараас 6 сар хүртэлх сууц өмчлөгчдийн холбооны ашиглалтын төлбөр болох 552 404 төгрөгийн хамт нийт 8 372 404 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба дээрх 3 орон сууцны СӨХ-ны төлбөр болох 2019 оны 7 сараас 2019 оны 10 сар хүртэлх хугацаагааны 304 148 төгрөгөөр нэмэгдүүлж “А И”   ХХК-аас нийт 9 596 552 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шардлагаа нэмэгдүүлсэн. Хариуцагч нь 852 960 төгрөгийг төлсөн тул энэ хэсгээс татгалзаж, 8 740 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Бид нэхэмжлэлийн шаардлагаас 4 ширхэг орон сууцны сууц өмчлөгчдийн холбооны ашиглалтын зардал 856 552 төгрөгийг төлсөн ба үлдэх 8 740 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул зөвшөөрлийг баталж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон төлөөлөгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ”Х Ө” сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Цэцэгсүрэн нь 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд манай компанийн өмчлөлийн 30 тоот авто зогсоолыг ашиглаж байсан тул төлбөрийг нэхэмжилнэ. Сууц өмчлөгчдийн холбооны дарга байсан Д.Шүрэнчимэгтэй 2017 оны 12 дугаар сард тооцоо нийлж, хоорондын өглөг, авлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд нэхэмжлэгчтэй болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цэцэгсүрэнтэй холбоотой этгээдийн автомашиныг 30 тоот автозогсоолоос гадна өөр бусад зогсоолуудад байршуулдаг байсан. 

Бидний байгуулсан тооцоо нийлсэн актаар 2015 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэлх хугацаанд 2 308 000 төгрөг, 2015 оны 05 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 5 972 000 төгрөг, нийт 8 280 000 төгрөг болсон. Үүнээс манай компани нь 2017 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд 21 ширхэг автозогсоолын сууц өмчлөгчдийн холбооны ашиглалтын зардалд 5 040 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, зөрүү 3 240 000 төгрөгийг авахаар тохирсон юм. Гэтэл нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа манай компаниас хасч тооцохоор болсон 5 040 000 төгрөгийг 3 700 000 төгрөгийн хамт нэхэмжилсэн байна. Талуудын тооцоо нийлсэн актыг нэхэмжлэгчийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан этгээдтэй байгуулсан тул Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасны дагуу тооцоо нийлсэн тул хүчин төгөлдөр юм. Иймд, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

 Нэхэмжлэгч тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Сөрөг нэхэмжлэлийг хувь хүнд, эсхүл сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан гаргасан уу гэдгийг тодруулах хэрэгтэй байна. Миний хувийн өмчлөлд 2014-2019 онд ямар ч автомашин байгаагүй, тус 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тооцоо нийлсэн актыг манай сууц өмчлөгчдийн холбоог төлөөлөн Д.Шүрэнчимэг гарын үсэг зурсан ч тамга, тэмдэг дараагүй байна. Тэрээр сууц өмчлөгчдийн холбооны захирлаар ажиллаж байсан, намайг ажлаасаа гарсны дараахан “А И”   ХХК-ийн удирдлагууд дуудаж, олон цаасан дээр гарын үсэг зуруулсан гэж хэлсэн.

 Би болон манай сууц өмчлөгчдийн холбооны зүгээс хариуцагч “А И”   ХХК-ийн зогсоол дээр ямар ч автомашин зогсоогоогүй, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээ баримтаар нотлох ёстой. Гэтэл миний бие 2015 оны 09 дүгээр сараас Хүслийн өргөө сууц өмчлөгчдийн холбоо-ны гүйцэтгэх захирлаар ажилласан ч хариуцагчийн өмчлөлийн автозогсоолд автомашин байршуулаагүй, надтай түрээсийн гэрээ байгуулаагүй ба зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй олон автомашинууд зогсдог байсан.

 Би авто машин эзэмшдэггүй, Д.Шүрэнчимэг нь сууц өмчлөгчдийн холбооны ТУЗ-ын хурал дээр тайлбарлахдаа санамсаргүй төөрөгдөж гарын үсэг зурсан гэж хэлдэг. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч “Х Ө” сууц өмчлөгчдийн холбооноос 8 280 000 төгрөгийг гаргуулж хариуцагч “А И”   ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч “Х Ө” сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд гаргасан хариуцагч “А И”   ХХК-нд холбогдох 9 596 552 төгрөгийн шаардлагаас 856 552 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Д Т”    ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 1 760 000 төгрөгийг, хариуцагч “А И”   ХХК нь 8 740 000 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч “Х Ө” сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432 709 төгрөг, хариуцагч “А И”   ХХК-ийн төлсөн 147 430 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д Т”    ХХК-аас 43 100 төгрөг, хариуцагч “А И”   ХХК-аас 154 790 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х Ө” сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэгчээс 147 430 төгрөгийг гаргуулж хариуцагч “А И”   ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Шүрэнчимэг давж заалдах гомдолдоо: “Х Ө” сууц өмчлөгчдийн холбооноос 8 280 000 төгрөгийг гаргуулсанд гомдолтой байна. Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Зүүн сэлбэ нарны зам дагуу “Х Ө” хотхоны 100, 100/1, 100/2 дугаар орон сууцыг “А И”   ХХК 2013 онд барьж ашиглалтанд оруулсан. Манай Сууц өмчлөгчдийн холбоо 2014 онд байгуулагдаж миний бие 2017-2018 онуудад гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. “А И”   ХХК-ийн барьсан дээрх байрны доор нийт 67 ширхэг авто зогсоол байдаг бөгөөд уг зогсоолыг тус компани нь орон сууцны нэгэн адил худалдан борлуулж байсан ба худалдан борлуулагдаагүй автозогсоолын төлбөрийг СӨХ-д төлөх үүрэгтэй байдаг. Миний өмнө Ж.Цэцэгсүрэн гэдэг гүйцэтгэх захирал ажиллаж байсан ба түүнээс ажлыг авсан. Намайг гүйцэтгэх захирлын ажлыг авснаас хойш “А И”   ХХК нь байрны доор байрлах зогсоолын төлбөрийг төлдөггүй төлбөрөө нэхэмжилэхээр өөдөөс өмнөх захирлаас чинь авлагатай гэдэг байдлаар тайлбарлаж төлбөр төлдөггүй байсан. Дараа нь би эрүүл мэндийн шалтгааны улмаас С.Одгэрэлд ажлаа шилжүүлсэн бөгөөд одоо С.Одгэрэл ажиллаж байгаа болно. Дээрх 8 280 000 төгрөгийг манай сууц өмчлөгчдийн холбооноос гаргуулан шийдсэн асуудал миний үйлдсэн акт баримттай холбоотой учраас энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Дээрх актын хувьд миний бие ажлаа өгсний дараа 2018 оны 11 сарын үед “А И”   ХХК-ийн нягтлан н.Ганцэцэг, захирал А.Гантулга нарын хувийн хүсэлтээр тэдний үйлдсэн актанд гарын үсэг зурсан. Тухайн үед би энэ актын дагуу Ж.Цэцэгсүрэнтэй тооцоо нийлэх акт байна гэж ойлгож зурсан. Ажлаа өгсөн байсан учраас тамга, тэмдэг дарах боломжгүй байсан. Миний энэхүү болгоомжгүй, хайхрамжгүй үйлдэл нь тус холбооноос хувь хүний өр төлбөрийн мөнгийг гаргуулж шийдвэрлэсэн үр дүнд хүрсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх хуралдааны үед миний бие хөлөө хугалсан байсан тул оролцож чадаагүй болно. Иймд уг төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цэцэгсүрэн давж заалдах гомдолдоо: “Х Ө” СӨХ-ны зүгээс “А И”   ХХК болон иргэн А.Ганцэцэг нарт холбогдуулан автозогсоолын төлбөр болох тус бүр 8 740 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд А.Ганцэцэг нь уг автозогсоол нь бүгд “А И”   ХХК-ийн өмч бөгөөд зөвхөн бусдад түрээслүүлэх асуудлыг нь хариуцагч, өөрийнхөө хувийн дансаар түрээсийн төлбөрөө авч “А И”   ХХК-д тушааж байсан хугацааны төлбөр болох       4 760 000 төгрөгийг хариуцахыг хүлээн зөвшөөрч, үлдсэн 3 980 000 төгрөгийг “А И”   ХХК хариуцах тухай тайлбар өгсөн.

Нэхэмжлэгч талаас 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны явцад дээрх 3 980 000 төгрөгийг “А И”   ХХК-ийн нэхэмжлэл дээр нэмэгдэх болохыг тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан боловч шүүгч тэмдэгтийн хураамж төлөөгүй гэдэг байдлаар хүлээж аваагүй. Тухайн нэхэмжлэлийг анх гаргахдаа өмнө нь тэмдэгтийн хураамж төлсөн байхад авч хэлэлцээгүй шууд эвлэрсэн гэж үзэж захирамж гаргаж шүүхийн шийдвэртээ тусгасан. Иймд “А И”   ХХК-аас гаргуулж шийдвэрлэсэн 8 740 000 төгрөг дээр дээрх 3 980 000 төгрөгийн талаар талууд маргаж байхад шүүх шууд эвлэрсэн гэж үзэж эвлэрлийг баталсан нь хууль бус гэж үзэж байх тул шүүхийн шийдвэрт “А И”   ХХК-аас 12 720 000 төгрөгийг гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч “Х Ө” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч “А И”   ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам гудамж, “Х Ө” хотхоны 100 дугаар байрны 59, 97 тоот, мөн 100/1 байрны 2, 3 тоот орон сууцны ашиглалтын зардал, автозогсоолуудын сууц өмчлөгчдийн холбооны ашиглалтын зардал 8 740 000 төгрөгийг, хариуцагч А.Ганцэцэгээс үлдэх 8 740 000 төгрөгийг /1хх 1-2, 2хх 91-93, 135-139, 194-198/,

хариуцагч “Д Т”    ХХК-иас 55, 56 тоот автозогсоолын сууц өмчлөгчдийн холбооны ашиглалтын зардалд 2015 оны 11 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сарыг дуустал хүртэл хугацааны 1 760 000 төгрөг /2хх 94-96, 142-144/, 

хариуцагч Б.Өсөхбаяраас 66 тоот автозогсоолын сууц өмчлөгчдийн холбооны ашиглалтын зардалд 2017 оны 11 дүгээр сараас 2019 оны 6 дугаар сарыг дуустал хугацааны 600 000 төгрөг, /2хх97-99, 145-148/

хариуцагч П.Самбуужанцангаас 30 тоот автозогсоолын ашиглалтын зардалд 2017 оны 11 дүгээр сараас 2019 оны 6 дугаар сарыг дуустал хугацааны нийт 340 000 төгрөгийг /2хх 100-102/ тус тус нэхэмжилсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Х Ө” сууц өмчлөгчдийн холбоо нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дах хэсэгт зааснаар хариуцагч П.Самбуужанцан /2хх 150-151/, Б.Өсөхбаяр /2хх 219/, А.Ганцэцэг /3хх 6,48/, “Д Т”    ХХК /3хх 68/ тус бүртээ эвлэрэн хэлэлцэж, шүүх талуудын эвлэрлийг баталж, дээрх хариуцагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дах хэсэгт заасантай нийцжээ.

 

Түүнчлэн, хариуцагч “А И”   ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байсан тайлбаруудаа /1хх 140, 247, 2хх 123/ хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны явцад өөрчлөн 8 740 000 төгрөгийн хэмжээнд зөвшөөрсөн, нэхэмжлэгч нь түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 852 960 төгрөгөөс татгалзсан байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал тус бүрийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагч “А И”   ХХК нь нэхэмжлэгч “Х Ө” ХХК-д холбогдуулан 30 тоот автозогсоолыг 2015 оноос 2017 оны хооронд ашигласны төлбөрт 5 972 200 төгрөг, бусад автозогсоолын ашигласны төлбөрт 2 308 000 төгрөг, нийт 8 280 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсаныг /1хх 250-251/ нэхэмжлэгч тал бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан “Тооцооны үлдэгдлийн баталгаа” /2хх 2-3/, нэхэмжлэгчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч “А И”   ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага /1хх 1-2/, талуудын тайлбар зэргийг харьцуулан үнэлвэл, анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “хариуцагч А.Ганцэцэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 3 980 000 төгрөгийг хариуцагч “А И”   ХХК-аас шаардсан 8 740 000 төгрөгийн үнийн дүн дээр нэмж гаргуулах талаар маргаж, энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх хүлээн аваагүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болсон “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-нд “Х Ө” СӨХ-г төлөөлж гарын үсэг зурсан Д.Шүрэнчимэг нь тухайн өглөгийг сууц өмчлөгчдийн холбоо бус иргэн Ж.Цэцэгсүрэнтэй хамааралтай тооцоо гэж эндүүрсэн, тухайн үед СӨХ-ны дарга ажлаа хүлээлгэн өгсөн байсан” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч “Х Ө” СӨХ нь хариуцагч “А И”   ХХК, А.Ганцэцэг нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа хэнээс хэдий хэмжээний мөнгөн хөрөнгө нэхэмжилж байгаа талаар тодорхой заасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа тодруулж, нэмэгдүүлж байсан агуулгатай нэхэмжлэлийн шаардлага бүхий баримтууд хэрэгт авагдсан. /1хх 1-2, 2хх 91-93, 135-139, 194-198/ Дээрх баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч нь хариуцагч “А И”   ХХК, А.Ганцэцэг тус бүрээс 8 740 000 төгрөг гаргуулахаар шаардсан ба 3 дугаар хавтасны 6 дахь талд авагдсан А.Ганцэцэг болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цэцэгсүрэн нарын харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан бичгийн баримтад “хариуцагч нь 4 760 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг нэхэмжлэгч тал зөвшөөрч, үлдэх 3 980 000 төгрөгөөс татгалзаж байна” гэх агуулга тусгагдсан байна.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч А.Ганцэцэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 3 980 000 төгрөгийг хариуцагч “А И”   ХХК төлөх тохиолдолд эвлэрэн хэлэлцэх талаар тайлбарласан /3хх 50/, улмаар 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр буюу хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны явцад дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хугацаа олгож, шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт гаргасан байна. /3хх 71/ Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээн аваагүйг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна. /3хх 77-78/ Үүнийг давж заалдах гомдолд дурдсанаар “нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн” гэж үзэхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  26 дугаар зүйлийн 26.2, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлээ өөрөө гаргах, түүний үндэслэл, тайлбартай холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байгааг нэхэмжлэл гаргаж байгаатай адилтгаж үзэх тул хуульд заасан журамд нийцүүлэн гаргах учиртай. Иймд хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргаагүй буюу шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тайлбар гаргасан байгааг хүндэтгэн үзэх шалтгаантай биш тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх бөгөөд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй.

Сөрөг нэхэмжлэлийн талаарх давж заалдах гомдлын хувьд Д.Шүрэнчимэг нь тооцоо нийлсэн баримтыг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч байгууллагыг төлөөлөн үйлдэх үедээ тухайн байгууллагыг бүрэн төлөөлөх эрхтэй этгээд байсан нь хэрэгт авагдсан СӨХ-ны гэрчилгээ /1хх 6/-гээр тогтоогдож байна. Төлөөлөх эрхтэй этгээд гарын үсгээ зурсан байгаа тохиолдолд тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх, хийгдээгүй гэж үзэх үндэслэл болохгүй.  Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч тал хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно. Өөрөөр хэлбэл, сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байна.  

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээрхээс гадна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Шүрэнчимэгийн давж заалдах гомдлын хувьд, тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн давж заалдах гомдлоо хуульд заасан хугацаанд буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гаргасныг тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШЗ2020/01291 дугаар захирамжаар “гомдлын агуулга тодорхой бус, ойлгомжгүй байгаагаас шалтгаалан улсын тэмдэгтийн хураамж зохих ёсоор төлөгдөөгүй” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байна. /3хх 88-89, 92-93/ Улмаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Шүрэнчимэг нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлгэх болон улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг түр хойшлуулах тухай хүсэлт /3хх 95-101, 105-108/ тус тус гаргасныг шүүх хугацаа сэргээлгэхтэй холбоотой хүсэлтийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хангаж /3хх102-103/, улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэлтийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мөн хангаж /3хх 10-110/  шийдвэрлэсэн байна. Иймээс нэг үндэслэлээр гаргасан хүсэлтийг 2 захирамжаар шийдвэрлэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Шүрэнчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/03399 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х Ө” СӨХ давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлвөл зохих 211 110 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод болгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

.                        

            

 

                     ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                              ШҮҮГЧИД                                  Б.НАРМАНДАХ

 

                                                          Д.ЦОГТСАЙХАН