Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2016/00758

 

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн

         нэхэмжлэлтэй, иргэний хэргийн тухай          

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/01774 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 777 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Татварын хэлтэсийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч Зэлмэтрейд ХХК-д холбогдох,

40.612.466 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан хяналтын гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Адъяашүрэн, Н.Цолмон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэцэгмаа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяа, нарийн бичгийн даргад Б.Хүрэлтулга  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус татварын хэлтэст 2638835 тоот регистрийн дугаартай “Зэлмэтрейд” ХХК нь 2008.6.16-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, машин, тоног төхөөрөмжийн болон бөөний худалдааны ажил үйлчилгээ явуулдаг. 2015 оны 3 улирлын байдлаар татварын тайлан болон хяналт шалгалтын актаар тогтоосон 40.612.466 төгрөгийн өрийг барагдуулахгүй хүндрэл учруулж байна. Хяналт шалгалтын актаар татварын алдангийн орлого 69.102 төгрөг, татварын торгуулийн орлого 4.746.866 төгрөг, татварын хүү торгуулийн орлого 90.457 төгрөг, дотоодын бараа, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татвар 32.152.296 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 513.310 төгрөг, нийт 37.572.030 төгрөг, татварын тайлангаар дотоодын бараа, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын өр 3.040.436 төгрөг, нийт 40.612.466 төгрөгийн өрийг барагдуулахаар Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан татварын өрийг үл маргах журмаар гаргуулах талаар банкинд данс хаах тухай мэдэгдэх хуудас хүргүүлж дансыг хаасан, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан ажиллагаа хийгдэх боломжгүй байна. Учир нь дүүргийн бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан бичигт үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй байна.Иймд 40.612.466 төгрөгийн татварын өрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Татварын өрийн үнийн дүнгийн талаар маргаан байхгүй. Төлөх хугацааг 1 жилээр тогтоож өгвөл эвлэрэх боломжтой. “Зэлмэтрейд” ХХК нь Хан-Уул дүүргийн 1 хороо, 120 мянгат, Жаргалан хотхон, 1-19 тоот хаягт бүртгэлтэй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу Хан-Уул дүүргийн шүүхийн харьяаллаар нэхэмжлэлээ гаргах ёстой байсан. Гэтэл үүсгэн байгуулагч Ц.Хадбаатарын хаягаар нэхэмжлэл гаргасан тул шүүх нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн өчигдөр өмгөөлөгч Б.Мөнхзаяа миний бие хариуцагчийг төлөөлж Нийслэлийн татварын маргаан таслах комисст хандаж актын талаар гомдол гаргасан байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/01774 дүгээр шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д зааснаар “Зэлмэтрейд” ХХК-аас 40.612.466 төгрөгийг гаргуулж Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан  Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурдаж, “Зэлмэтрейд” ХХК-иас  361.012 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 777 дугаартай магадлал гаргаж анхан шатны шүүхийн шийдвэрийг  хүчингүй болгож, нэхэмжлэгчийг  хэрэгсэхгүй болгосон байна.

 Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Зэлмэтрейд ХХК-ийн 2008.7.09-ний өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан хуулийн этгээдийн албан ёсны хаяг нь Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 120 мянгат, Жаргалан хотхон, 1-19 тоот гэсэн байх  тул ИХШХШТХуулийн 14.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн оршин байгаа газрын хаяг буюу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд  нэхэмжлэл гаргах байсан гэж магадлал үзсэн байна. Гэвч тус хаяг компани үйл ажиллагаа явуулахгүй байгаа болно. Бид нягтлан бодогч Л.Цэцэгмаагийн хэлсний дагуу Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Дүнжингарав хороолол, 107 байр, 5 тоот хаягаар гаргаарай гэсний дагуу гаргасан. Иймд захирлын гэрийн хаягаар нэхэмжлэл гаргасан учир магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хан-уул дүүргийн Татварын хэлтэс нь Зэлмэтрейд ХХК-иас татварын өр 40.612.466 төгрөг гаргуулахыг хүсэж шүүхэд хандсан байна. 

Нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг давж  заалдах шатны шүүх хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “...нэхэмжлэлийг Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд гаргах байсан....Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.2, 117-р хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй…” гэсэн хоёр үндэслэл заажээ.

Шийдвэрийг хүчингүй болгохдоо хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуульд нийцээгүй байх тул  магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Магадлалыг хүчингүй болгох үндэслэлийн талаар:

а/. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйл нь нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа /оршин байгаа/ газрын нутаг дэвсгэрийн харьяаллаар гаргах тухай зохицуулсан бөгөөд уг зүйлийн 14.2-т зааснаар хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана.  

Зэлмэтрейд ХХК-ийн албан ёсны хаяг нь “Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 120 мянгат, Жаргалан хотхон 1-19 тоот” байсан нь уг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар /хх 47/ нотлогдож байгаа бөгөөд энэ нь 2007 оны 03 дугаар сарын байдлаар өгсөн хаяг байна.

Хэргийн 11 дүгээр талд буй баримтаас үзвэл хариуцагч байгууллагын хаягийг  2014 оны 06 дугаар сарын байдлаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Дүнжингарав 107-05 тоот гэж заасан ба үүнийг үгүйсгэх баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгөөгүй тул  Зэлмэтрейд ХХК-ийн удирдах байгууллага нь  Баянзүрх дүүрэгт байдаг нь тогтоогдсон гэж үзлээ.            

Түүнчлэн, Зэлмэтрейд ХХК нь нэг гишүүнтэй бөгөөд тэр нь /хх 47/ Баянзүрх дүүрэгт оршин суудаг Ц.Хадбаатар болох нь нотлогдсон байна. Иргэний хуулийн 28 дугаар зүйлд зааснаар хуулийн этгээдийн ерөнхий захиргаа байршин байгаа газрыг түүний оршин байгаа газар гэнэ.   

Хариуцагч Зэлмэтрейд ХХК удирдах байгууллага мөн ерөнхий захиргаа нь Баянзүрх дүүрэгт байрладаг болох нь тогтоогдсон тул  Хан-Уул дүүргийн татварын хэлтэс нь нэхэмжлэлээ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийг зөрчөөгүй байна.  

б/. Нэхэмжлэлийг хүлээн авахдаа шүүхийн харьяаллыг зөрчсөн нь шүүх  хуралдааны өмнө буюу шүүх хуралдааны явцад илэрвэл шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж гаргаж хэргийг шилжүүлж болно гэж Иргэний хэрэг шүүхэд хянан үйлдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасныг шүүх анхаарч үзээгүй байна.    

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлийн талаар :     

а./ Хан-Уул дүүргийн Татварын  хэлтэс нь Зэлмэтрейд ХХК-иас татварын өр 40.612.466 төгрөг гаргуулахыг хүсэж шүүхэд хандсан бөгөөд нэхэмжлэлээ Татварын улсын байцаагчийн 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 230010441 дугаар акт /хх 8/, нэмэгдсэн өртгийн албан татварын /тайлант хугацаа 2014 оны 12 дугаар сар/  тайлангаар /хх 7/ үндэслэжээ.   

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Улсын байцаагч "Зэлмэтрейд" ХХК-ийн 2010 оноос 2013 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 230010441 тоот актаар нийт 37.572.030 төгрөгийн төлбөр  тогтоосон бөгөөд уг акттай хариуцагч байгууллагын захирал Ц.Хадбаатар танилцаж, гарын үсэг зурсан  байна. Зэлмэтрейд ХХК нь акттай холбоотой гомдлыг  Маргаан таслах зөвлөл, Захиргааны хэргийн шүүхэд  гаргаагүй, энэ тухай баримт хэрэгт байхгүй учир Татварын улсын байцаагчийн 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 230010441 дугаар актыг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Хариуцагч "Зэлмэтрейд" ХХК нь 2014 оны 12 дугаар сард Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 3.040.436 төгрөгийн татвар төлөхөөр тайлагнасан бөгөөд уг төлбөрийг мөн барагдуулаагүй байна. /хх 7/

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс акт, татварын тайлангийн өрийг  барагдуулах хугацаатай “мэдэгдэх хуудас” өгч, Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, хариуцагч төлбөрийг төлөөгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэр гаргасан нь Татварын ерөнхий хуульд нийцжээ.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 777 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/01774 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлөөгүй болохыг дурдсугай.

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                  Б.УНДРАХ