Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2017/0434

 

 

 

 
2017 оны 06 сарын 20 өдөр     Дугаар 221/МА2017/0434             Улаанбаатар хот


“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0344 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн давж заалдах гомдлоор, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0344 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 11 дүгээр зүйлийн 11.1.16, 11.1.25, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, дээрх талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж, нэхэмжлэгч “А” ХХК маргаан бүхий талбайд тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэж эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрүүлж шийдвэрлэжээ.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга давж заалдах гомдолдоо: “... Тус компани нь Төв аймгийн Баян сумын нутагт … нэртэй … гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өргөдөл ба өргөдлийн бүртгэлийн … дугаарт бүртгэгдсэн ба Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу аймгийн Засаг даргаас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар санал авахаар мэдэгдэл хүргүүлсэн байна.
Төв аймгийн Засаг дарга нь 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 36 дугаар мэдэгдлээр “Дэмжихгүй” санал ирүүлсэн байна.
Мөн “А” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайг Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр тоот тогтоолоор бүхэлд нь сумын тусгай хэрэгцээнд авч кадастрын системд бүртгүүлсэн байдаг.
Дээрх бүртгэлийг хийснээр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3 дахь хэсэгт зааснаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байна.
Нэгэнт сумын тусгай хэрэгцээнд авч хуульд заасныг дагуу хориглосон, хязгаарласан талбайтай давхацсан байхад шүүхийн 2017 оны 0344 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “А” ХХК-д олгохыг Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн нь хуулийн буруу тайлбарлаж хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 0344 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ
ХЯНАВАЛ:
    Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
    Нэхэмжлэгч “А” ХХК нь “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга нь “А” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан … тоот өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэлгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох, “А” ХХК-ийн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн … тоот өргөдлийн дагуу “…” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, “А” ХХК нь Төв аймгийн Баян сумын нутагт “…” нэртэй … га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрөх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргажээ.
    “А” ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Баян сумын “…” нэртэй газар … га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч ашигт малтмалын Кадастрын хэлтсийн … дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн дотоод хяналтын хуудаст бүртгэгдсэн байна.
    Улмаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс “А” ХХК-иас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдлийн дагуу Төв аймгийн Баян сумын “…” нэртэй … гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талаарх саналыг 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 6/7260 дугаар албан бичгээр Төв аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна.
    Уг саналын дагуу Төв аймгийн Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 36 дугаар албан бичгээр “…” нэртэй … гектар талбайд ашигт малтмал хайхыг хүсч гаргасан өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй саналыг мэдэгджээ.
    Харин нэхэмжлэгч “А” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тусгай зөвшөөрөл хүссэн тухай өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан байна.
    Хариуцагч нь дээрх өргөдлийн хариуг “хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байна” гэж 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7/1430 дугаар албан бичгээр “А” ХХК-ийн захирал П.Б-д хаяглан хүргүүлжээ.
    Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-д “хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх” гэж заажээ.
    Тодруулбал, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс “А” ХХК-ийн Төв аймгийн Баян сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан … дугаартай өргөдлийг шийдвэрлэсэн хариуг нэхэмжлэгч хуулийн этгээдэд өгсөн болох нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7/1430 дугаар албан бичиг болон хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.
    Өөрөөр хэлбэл, “А” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан … тоот өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлээгүй орхигдуулсан гэх хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.
    Тиймээс давж заалдах шатны шүүхээс эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0344 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга нь “А” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан … тоот өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэлгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох, “А” ХХК-ийн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн … тоот өргөдлийн дагуу “…” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, “А” ХХК нь Төв аймгийн Баян сумын нутагт “…” нэртэй … га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрөх”   тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 


                    ШҮҮГЧ                            Д.БААТАРХҮҮ
                    ШҮҮГЧ                         Д.БАТБААТАР
                    ШҮҮГЧ                                                          Э.ХАЛИУНБАЯР