Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 1

 

Т.Г, Х.Ч нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, хохирогч “Их хаадын цуваа” ХХК-ний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Г.Урантогос, Ц.Мөнгөнцацрал, шүүгдэгч Т.Г, Х.Ч, тэдгээрийн өмгөөлөгч Х.Баасанжаргал, Б.Чимэд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 265 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 79 дүгээр магадлалтай Т.Г, Х.Ч нарт холбогдох 1710000000110 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч “Их хаадын цуваа” ХХК-ний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Г.Урантогос, Ц.Мөнгөнцацрал нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1978 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Бовогт Т-ийн Г нь 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах”, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг завшиж үлэмж хэмжээний хохирол учруулах”, 2015 оны Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1978 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2001 онд Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ял, 2004 онд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлсэн, Ү овогт Х-ын Ч нь 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Т.Гг бүлэглэж албан тушаалын байдлаа ашиглаж бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн, мөн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг завшсан, мөн хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Х.Ч-ыг бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглаж бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Х.Ч, Т.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар тус бүр 6 сар баривчлах ял,

шүүгдэгч Т.Гг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар эрх хасахгүйгээр 2 жил хорих ял,

2015 оны Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-д оногдуулсан 6 сар баривчлах ялыг 2 жил хорих ялд багтааж, 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ч-ыг 6 сар баривчлах ялаас чөлөөлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ч-аас 1.249.137 төгрөг гаргуулж хохирогч С.Мөнхбатад, шүүгдэгч Т.Г-гаас 44.310.922 төгрөг гаргуулж хохирогч С.Мөнхбатад 1.249.137 төгрөг, хохирогч “Их хаадын цуваа” ХХК-нд 43.061.785 төгрөг тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд

“Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Г-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2, 148 дугаар зүйлийн 148.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Хүрэлбаатарын Чулуунбаатарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Х-ын Чулуунбаатарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан ... гэж өөрчилсүгэй... гэсэн заалт нэмж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дугаар заалтыг:

“Шүүгдэгч Т.Гг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1-т зааснаар хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Х.Чыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 1-д заасан төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж өөрчилж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72.1 дүгээр зүйлийн 72.1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 1-д зааснаар Х.Чт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.Гг 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгосугай.”

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дугаар зүйлд зааснаар Т.Ггийн цагдан хоригдсон 71 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 1.125.000 төгрөгийг нийт оногдуулсан торгох ялын хэмжээнээс хасч үлдэх 1.575.000 төгрөгийн торгох ялыг эдлүүлсүгэй.”

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Гд оногдуулсан 1.575.000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 315.000 төгрөг төлөхөөр хэсэгчлэн тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 6-д зааснаар шүүгдэгч торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлэгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй” гэсэн заалт тус тус нэмж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалтыг:

“Шүүгдэгч Х.Ч С.Мөнхбатад 1.229.920 төгрөг, шүүгдэгч Т.Г С.Мөнхбатад 1.229.920 төгрөг тус тус төлсөн, иргэний нэхэмжлэгч “Их хаадын цуваа” ХХК нь өөрт учруулсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар хариуцвал зохих этгээдүүдээс нэхэмжлэн авах эрхтэй болохыг дурдаж, “Их хаадын цуваа” ХХК-аас 2850.000 гаргаж Б.Бахатгульд, 3.554.100 төгрөгийг гаргуулж А.Анхбаясгаланд тус тус олгосугай” гэж өөрчлөн,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4, 5 дугаар заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч С.Батмөнх-Очир, шүүгдэгч Х.Ч, Т.Г нарын өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Т.Гд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Х.Чт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд хохирогч “Их хаадын цуваа” ХХК-ийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурласан, хууль зүйн үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс “Их хаадын цуваа” ХХК нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар хариуцвал зохих этгээдүүдээс нэхэмжлэн авах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Магадлалаар гэмт этгээд болох Т.Ггийн үйлдсэн залилах болон завших гэмт хэргийн шинж бүхий удаа дараагийн үйлдлүүдэд хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй бөгөөд зөвхөн хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж гэмт этгээд Т.Гг ял завшуулах, “Их хаадын цуваа” ХХК-д учирсан хохирлыг төлөхгүй байх боломжийг олгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3.2-т заасныг зөрчиж хяналтын журмаар гомдол гаргах үндэслэлийг бий болгоод байна.

Тухайлбал Т.Г нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааны эсрэг шууд чиглэсэн идэвхтэй гэмт үйлдлүүдээрээ залилах болон завших, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах шинж бүхий гэмт хэргүүдийг үйлдэж компанид 43.061.785 төгрөгийн шууд хохирол учруулсан болох нь гэрч, хохирогч С.Мөнхбат, хохирогч Б.Төгөлдөр, А.Анхбаясгалан, Б.Бахатгуль, гэрч, хохирогч Н.Сүхбаатар нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогддог юм. Өөрөөр хэлбэл “Их хаадын цуваа” ХХК-д бодит хохирол учирсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогч болох нь нотлогдсоор байхад давж заалдах шатны шүүхээс нотлогдоогүй гэсэн агуулгаар нотлох баримтад тулгуурлаагүй, хууль зүйн үндэслэлгүй, хэт өрөөсгөл буюу бусдад ял завшуулах агуулга бүхий дүгнэлтийг магадлалдаа тусгасан байна.

Мөн 79 тоот магадлал нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчим бүхий зүйл заалтуудыг ноцтой зөрчиж, шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд хохирогч “Их хаадын цуваа” ХХК-ийн өмгөөлөгч Г.Урантогос, Ц.Мөнгөнцацрал нар хамтран гаргасан гомдолдоо: “Х.Ч, Т.Г нарын 2.498.275 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж залилан мэхлэж авсан гэм буруу хангалттай тогтоогдож байгаа болно. Шүүгдэгч Х.Ч нь хохирогч С.Мөнхбатад компанийн захирал гэж итгэл үнэмшил төрүүлж, хууран мэхлэж хөнгөлөлт үзүүлж байгаа мэтээр гэрээ байгуулан 2.498.275 төгрөгийг бэлнээр хүлээн авсан. Х.Ч, Т.Г нар нь хөнгөлөлтийн мөнгийг бэлнээр хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирлыг төлж барагдуулсан байна.

...Шүүгдэгч Т.Г нь завших гэмт хэрэг үйлдсэн болохоо анхан шатны шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн, мөн Б.Бахатгуль, А.Анхбаясгалан нар Т.Гд 3 хувийн хөнгөлөлтийн мөнгийг бэлнээр өгсөн тухай мэдүүлсэн болно. Эдгээр хүмүүс “Их хаадын цуваа” ХХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр ямар нэгэн хөнгөлөлт эдлэхгүй байсан бөгөөд төлбөрөө 100 хувь төлөөд орон сууцаа хүлээн авах ёстой юм. Гэтэл Т.Г дундаас нь 3 хувийн хөнгөлөлтийг бэлнээр авч компанид орох ёстой орлогыг завшсан.

Шүүгдэгч Т.Г нь “Их хаадын цуваа” ХХК-ийн борлуулалтын менежерийн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж иргэн Мөнхнасантай гэрээ байгуулсан. Уг орон сууцны үнийг 1.650.000 төгрөгөөр тооцон борлуулж байсныг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ажилтанд борлуулах үнэ болох 1.452.000 төгрөгөөр худалдан борлуулж давуу байдал тогтоож “Их хаадын цуваа” ХХК-д 12.850.200 төгрөгийн, иргэн Батмөнхтэй гэрээ байгуулж “Их хаадын цуваа” ХХК-д 13.622.400 төгрөгийн, иргэн Х.Чтай гэрээ байгуулж “Их хаадын цуваа” ХХК-д 10.182.000 төгрөгийн хохирол учруулсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Эрдэнэт үйлдвэр ХХК-тай байгуулсан гэрээ, үнэ тогтоосон ТУЗ-ийн тогтоол, гэрээ байгуулах зөвшөөрөл олгосон албан тоот, гэрч Төгөлдөр, Сүхбаатар, Мөнхнасан, Ганхуяг, Бадралт, Батмөнх нарын мэдүүлгүүдээр хангалттай тогтоогдож байгаа болно.

Т.Г нь “Их хаадын цуваа” ХХК-д орвол зохих 3 хувийн хөнгөлөлт болох 6.404.100 төгрөгийг захиалагчаас хүлээн авсан атлаа дундаас нь завшсан, мөн компанид хохиролтой гэрээ байгуулж компанийг алдагдалд оруулж хохироосон. “Их хаадын цуваа” ХХК нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд заасны дагуу хохирогчоор тогтоогдсон. 43.061.785 төгрөг нь “Их хаадын цуваа” ХХК-д орох ёстой орлого бөгөөд давж заалдах шатны шүүх гэмт үйлдлийн улмаас бодитоор учирсан хохирлыг шүүгдэгч Т.Ггаар төлүүлэхгүй байх боломж олгож шийдвэрлэсэн нь компанид илэрхий хохиролтой, хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр болсон.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Х.Батчимэг хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй байна. Хохирогч нар бэлнээр төлбөрөө төлсөн нөхцөлд 5 хувийн хөнгөлөлт эдлэх ёстой байсан. Шүүгдэгч нар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн. Мөнхбатын үйлдэл бол залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй. 2 дахь үйлдлийн тухайд Анхбаясгалан, Бахытгуль нараас 6.1 сая төгрөг завшсан байдаг. 4, 5, 6 дахь үйлдлийн тухайд 35 сая төгрөг завшсан бөгөөд Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлд заасан гэмт хэрэг мөн юм. Давж заалдах шатны шүүх бүх үйлдлийг нэгтгэн 1 гэмт хэрэг гэж үзсэн нь буруу байна. Хавтаст хэрэгт нотлох баримт хангалттай авагдсан байхад хохирол шийдвэрлээгүй нь буруу” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч “Их хаадын цуваа” ХХК-ний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Г.Урантогос, Ц.Мөнгөнцацрал нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Т.Г, Х.Ч нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Г, Х.Ч нарыг бүлэглэн иргэн С.Мөнхбаттай 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Орон сууц захиалан бариулах тухай” 35 дугаартай гэрээ байгуулан Орхон аймаг дахь 7А хорооллын 304 тоот 76.87 м.кв орон сууцыг 122.992.000 төгрөгөөр зарж борлуулахдаа иргэн С.Мөнхбатад 5 хувийн хөнгөлөлт үзүүлэхээс 3 хувийн хөнгөлөлт эдлүүлж, С.Мөнхбатын эдэлбэл зохих 2 хувийн хөнгөлөлт буюу 2.498.275 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан залилан мэхлэж авсан,

Шүүгдэгч Т.Г нь

1.Иргэн А.Анхбаясгалантай 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 82 дугаартай Орхон аймаг дахь 7А хорооллын 901 тоот 71.8 м.кв орон сууцыг 118.470.000 төгрөгөөр худалдан борлуулсан атлаа “Их хаадын цуваа” ХХК-д дээрх орон сууцыг 114.915.900 төгрөгөөр худалдан борлуулсан гэж хуурамч гэрээ үйлдэн, “Их хаадын цуваа” ХХК-ийн орлогод орвол зохих 35.541.000 төгрөгийг завшсан,

2.Иргэн Б.Бахатгуль, Т.Бурхаан нартай 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдөр 83 дугаартай Орхон аймаг дахь 7А хорооллын 902 тоот 57.63 м.кв байрыг 95.089.500 төгрөгөөр худалдан борлуулсан атлаа “Их хаадын цуваа” ХХК-д дээрх орон сууцыг 92.236.815 төгрөгөөр худалдан борлуулсан гэж хуурамч гэрээ үйлдэн, “Их хаадын цуваа” ХХК-ийн орлогод орвол зохих 2.852.685 төгрөгийг завшсан,

Шүүгдэгч Т.Г нь “Их хаадын цуваа” ХХК-ийн “борлуулалтын менежер” гэх албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглан иргэн Д.Мөнхнасанд 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 64.9 м.кв талбай бүхий орон сууц борлуулахдаа “Их хаадын цуваа” ХХК-ийн ТУЗ-ийн 2014 оны 07/2014 тогтоолоор тогтоосон 1 м.кв орон сууцыг 1.650.000 төгрөгөөр тооцон борлуулах байсныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад борлуулах үнэ болох 1 м.кв орон сууцыг 1.452.000 төгрөгөөр худалдан борлуулж, давуу байдал тогтоон “Их хаадын цуваа” ХХК-д 12.850.200 төгрөгийн хохирол учруулсан,

иргэн Э.Батмөнхөд 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 68.8 м.кв талбай бүхий орон сууц борлуулахдаа “Их хаадын цуваа” ХХК-ийн ТУЗ-ийн 2014 оны 07/2014 тогтоолоор тогтоосон 1 м.кв орон сууцыг 1.650.000 төгрөгөөр тооцон борлуулах байсныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад борлуулах үнэ болох 1 м.кв орон сууцыг 1.452.000 төгрөгөөр худалдан борлуулж, давуу байдал тогтоон Их хаадын цуваа ХХК-д 13.622.240 төгрөгийн хохирол учруулсан,

иргэн Х.Чт /”Их хаадын цуваа” ХХК-д маркетингийн менежер ажилтай/ 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 68.8 м.кв талбай бүхий орон сууц борлуулахдаа “Их хаадын цуваа” ХХК-ийн ТУЗ-ийн 2014 оны 07/2014 тогтоолоор тогтоосон 1 м.кв орон сууцыг 1.650.000 төгрөгөөр тооцон борлуулах байсныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад борлуулах үнэ болох 1 м.кв орон сууцыг 1.452.000 төгрөгөөр худалдан борлуулж, давуу байдал тогтоон Их хаадын цуваа ХХК-д 10.182.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Т.Гд 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 150 дугаар зүйлийн 150.2, 2015 оны Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Х.Чт 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул дараахь үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв.

1.“Их хаадын цуваа” ХХК болон тус компанийн борлуулалтын менежер Т.Г нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ /1хх-17/, хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Гд орон сууц худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнг дур мэдэн өөрчлөх, тус компанийн эрх бүхий албан тушаалтанд танилцуулж, зөвшөөрөл авахгүйгээр гэрээг баталгаажуулж, орон сууцны өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, төлбөрийг компанийн харилцах данснаас гадуур хүлээн авч өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрх олгогдоогүй байна.

Гэтэл шүүгдэгч Т.Г нь иргэн А.Анхбаясгалан, Б.Бахатгуль, Т.Бурхаан нартай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнг өөрчилсөн хуурамч гэрээ үйлдэж, жинхэнэ болон хуурамч гэрээний үнийн дүнгийн зөрүүг хувьдаа завшсан үйлдлүүд нь албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн шинжийг агуулсан байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Т.Гг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэж дүгнэн, холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэв.

2.Прокуророос шүүгдэгч Т.Гг иргэн А.Анхбаясгалантай 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 82 дугаартай Орхон аймаг дахь 7А хорооллын 901 тоот 71.8 м.кв орон сууцыг 114.915.900 төгрөгөөр худалдан борлуулсан гэж хуурамч гэрээ үйлдэн, “Их хаадын цуваа” ХХК-ийн орлогод орвол зохих 35.541.000 төгрөгийг завшсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хохирлын үнийн дүнг шүүх зөвтгөж дүгнээгүй нь буруу болно.

3.Шүүгдэгч Х.Ч, Т.Г нар бүлэглэж иргэн С.Мөнхбаттай 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Орон сууц захиалан бариулах тухай” 35 дугаартай гэрээ байгуулан Орхон аймаг дахь 7А хорооллын 304 тоот 76.87 м.кв орон сууцыг 122.992.000 төгрөгөөр зарж борлуулахдаа иргэн С.Мөнхбатад 5 хувийн хөнгөлөлт үзүүлэхээс 3 хувийн хөнгөлөлт эдлүүлж, С.Мөнхбатын эдэлбэл зохих 2 хувийн хөнгөлөлт буюу 2.498.275 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан залилан мэхлэж авсан үйлдлийг тухайн үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлах, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан “торгох, баривчлах, хорих ял”-аас хэрэгжүүлэх боломжгүй баривчлах ялыг сонгон оногдуулж ял завшуулах, 2002 болон 2015 оны Эрүүгийн хуулиар оногдуулсан ялуудыг нэгтгэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлд заасан “хөнгөн ялыг хүнд ялд нь багтаах” журмыг баримтлах зэргээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

4.Прокуророос шүүгдэгч Т.Гг 2014 онд “Их хаадын цуваа” ХХК-ийн ТУЗ-ийн 07/2014 тогтоолд заасны дагуу 1 м.кв орон сууцыг 1.650.000 төгрөгөөр тооцож борлуулах байтал “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад 1 м.кв орон сууцыг 1.452.000 төгрөг тооцон борлуулахаар тогтоосон үнээр иргэн Д.Мөнхнасан, Э.Батмөнх, Х.Ч нарт орон сууц борлуулж, “Их хаадын цуваа” ХХК-д хохирол учруулсан гэх үйлдлийг 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүйгээр 2015 оны Эрүүгийн хуульд шинээр хуульчилсан “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” гэмт хэргээр буюу 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв эсэх, тухайн үйлдлийн улмаас хохирогч “Их хаадын цуваа” ХХК-д бодит хохирол учирсан эсэх, шүүгдэгч  Т.Ггийн үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх эсэх талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй байна.

5.Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Г, Х.Ч нарт холбогдох хэргийн талаар үндэслэл муутай хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдааг зөвтгөөгүй, мөн шүүгдэгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын аль хэсгийг хүлээн авч, аль хэсгийг хэрэгсэхгүй болгосон талаар ойлгомжгүй шийдвэр гаргаснаас гадна шүүгдэгч Т.Ггийн үйлдсэн хэргүүдийг бүхэлд нь 2015 оны Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхийн 79 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 265 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 79 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Т.Г, Х.Ч нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Анхан шатны шүүх нь шийтгэх, эсхүл цагаатгах тогтоол гаргахдаа Монгол Улсын Дээд шүүхээс Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлэгт заасан шаардлагад нийцүүлж тогтоосон “Шүүхийн шийдвэр бичих аргачлал, журам”-ыг чанд баримталж, тогтоолыг хэлбэр, бүтэц, утга найруулга, зөв бичих дүрмийн алдаагүй боловсруулахаас гадна хуулийн зүйл, хэсэг, заалтыг зөв тэмдэглэж, удиртгал хэсэгт тогтоолын дугаарыг “2018/ШЦТ/...” гэж бичихгүй, зөвхөн дугаарын тоог бичиж байхыг анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 265 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 79 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Т.Г, Х.Ч нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

                                    ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН  

                                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН