Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 306

 

Ж.Ц-ын нэхэмжлэлтэй,

Баянхонгор аймгийн Жаргалант сумын

иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

сумын Засаг дарга, 3-р багийн Засаг дарга

нарт холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:              Танхимын тэргүүн М.Батсуурь,  

Шүүгчид:                 Г.Банзрагч

                                  Х.Батсүрэн

                                  Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:       П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох,

Нэхэмжлэлийн шаардлага: Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн “Нөхөн сэргээлт хийлгэх тухай” 2/09 дугаар тогтоол, Жаргалант сумын Засаг дарга, багийн Засаг дарга, “Б ц” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Хамтран ажиллах гэрээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, дээрх хууль бус тогтоол, гэрээний улмаас учирсан хохирлыг гаргуулах тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 111/ШШ2018/0006 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2018/0276 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагч Жаргалант сумын Засаг дарга Д.С, Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.У, хариуцагч нарын өмгөөлөгч Н.Э нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 111/ШШ2018/0006 дугаар шийдвэрээр: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.з, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.3, 52 дугаар зүйлийн 52.1, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн “Нөхөн сэргээлт хийлгэх тухай” 2/09 дугаар тогтоол, Жаргалант сумын Засаг дарга, багийн Засаг дарга, “Б ц” ХХК-ийн хооронд 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан "Баянхонгор аймгийн Жаргалант сумын Бөөргийн баруун, зүүн салааны уулзвар хэмээх газарт нөхөн сэргээлтээр ажиллах “Б ц” ХХК, Жаргалант сумын Засаг дарга, хөндлөн булаг 3 дугаар багийн Засаг дарга нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ"-г илт хууль бус болохыг тогтоолгох, дээрх хууль бус тогтоолууд болон хууль бус нөхөн сэргээлтийн гэрээний улмаас өөрт учирсан хохирлыг хариуцагч нараар нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2018/0276 дугаар магадлалаар: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 111/ШШ2018/0006 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч Ж.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч тухайн газрыг эзэмшилдээ авахаас өмнө (2012 оны 5 сараас өмнө) газрынх нь зарим хэсэг буюу ойролцоогоор газрын 10 орчим хувь нь эвдрэлтэй байсан. Уг эвдрэлийг 2012 оны 8 сард бүрэн нөхөн сэргээж, газартаа улиас хайлаас тарьсан, 2013 онд чацарганы мод тарьсан бөгөөд 2012 оны 8 сараас 2016 оны 5 сарыг хүртэлх хугацаанд газар бүхэлдээ эрүүл, хэвийн болсон байсан. Нэхэмжлэгч газрыг эзэмшилдээ авснаас хойш газар дээрээ алт олборлолт хийж газраа зориулалтын бусаар ашиглаж байгаагүй. Магадлалд нэхэмжлэгч эзэмшлийн газартаа алт олборлолт хийсэн болох нь гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримт, фото зургуудаар нотлогдож байна гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.2-т заасны дагуу нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй болохыг илтгэдэг.

4. Учир нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газар болох Баруун салаа хэмээх газар нь бүхэл бүтэн том жалга юм. Нэхэмжлэгчийн эзэмшлийн газар ердөө үүний 1 га хэсэг нь юм. Нэхэмжлэгчийн эзэмшлийн газар хаана байдгийг ч мэдэхгүй, чацаргана тарих зориулалттай газар дээр бичил уурхай эрхэлж байсныг яг тодорхой хараагүй, мэдээгүй гэрчүүдийн мэдүүлгийг магадлалын үндэслэл болгосон.

5. Мөн газрын даамал Ц.М нь энэхүү шүүхийн маргаан үүссэнээс хойш нэхэмжлэгчийг нэхэмжлэлээ татаж ав хэмээн дарамталж, Засаг даргын захирамж гараагүй байхад газар эзэмших эрхийг цуцалж байгаа тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид удаа дараа өгсөн.

6. Түүнчлэн нэхэмжлэгчийг бичил уурхай эрхэлж байхад нь торгосон торгуулийн акт, эвдэрсэн газрын судалгаа зэрэг баримтуудад нэхэмжлэгчийн эзэмшлийн газар хамааралгүй бөгөөд хамаарч байгааг нотолсон баримт хэрэгт байдаггүй, шүүхээс үүнийг нягтлах ажиллагаа хийгээгүй. Хариуцагч нараас шүүхэд гарган өгсөн зураг, бичлэгүүдийн хувьд яг аль газрын зураг болох нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын зураг мөн эсэх нь эргэлзээтэй бөгөөд уг зургууд нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газар болохыг нотолсон өөр баримт баримт хэрэгт авагдаагүй, шүүхээс үүнийг нягтлах ажиллагаа хийгээгүй.

7. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн газраасаа доор буюу өөр газарт бичил уурхай эрхлэгчидтэй хамт бичил уурхай эрхэлж байсан, сумын ИТХ-ын тогтоолын дагуу трактор ашиглаж байсан, уг тракторын моторын хэмжээ нь их байна гэсэн үндэслэлээр мэргэжлийн хяналтын байцаагчаас торгууль ногдуулж, торгуулийг төлж байсан зэрэг үйл баримттай нь холбогдуулан нэхэмжлэгчийг өөрийнхөө эзэмшлийн газарт олборлолт явуулсан хэмээн ташаа тайлбарыг өгч байгааг шүүх анхаараагүй.

8. Давж заалдах шатны шүүхийн дүгнээд байгаачлан хэрэв чацаргана тарих зориулалттай газартаа нэхэмжлэгч өөрөө болон бусад хүмүүс бичил уурхай эрхэлсэн бол тухайн газар нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.11-т заасны дагуу бичил уурхайн зориулалтаар ашиглах газар байх учиртай. Гэтэл нэхэмжлэгчийн эзэмшлийн газар нь бичил уурхайн зориулалтаар олгосон газарт хамааралгүй бөгөөд бичил уурхайн зориулалтаар олгосон газартай давхцалтай болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байдаг.

9. Нэхэмжлэгч 2012, 2013 онд газартаа үйл ажиллагаа явуулж, мод тарьчихаад тэгээд буцаагаад эвдсэн гэх логикийн хувьд алдаатай дүгнэлтийг шүүх хийгээд байгааг нэхэмжлэгчийн хувьд ойлгохгүй байна. Үнэхээр тухайн үед газар нь эвдрэлтэй байгаад нөхөн сэргээлтийн компани оруулахаар хэмжээнд хүрсэн байсан бол энэ талаар хариуцагч нэхэмжлэгчид мэдэгдэх боломжтой байсан. Харин газрыг нь эвдчихээд маргаан үүсэнгүүт эвдрэлтэй байсан, өөрөө эвдсэн гэсэн тайлбарыг хийгээд байгааг анхаарах учиртай. Иймд “нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн газартаа алт олборлолт хийсэн” гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

10. Газар эзэмшигч газрын төлөв байдлыг доройтуулсан буюу байгаль орчинд сөргөөр ашигласан, газарт хохирол учруулсан болох нь гагцхүү мэргэжлийн эрх бүхий байгууллагын дүгнэлтээр урьдчилан тогтоогдсон байхаар хуульчилсан байна. Тухайлбал, нэхэмжлэгч чацаргана тарих зориулалттай эзэмшлийн газартаа өөрөө алт олборлолт хийсэн эсхүл бусад этгээд алт олборлолт хийх нөхцөлийг бүрдүүлсэн болохыг урьдчилан мэргэжлийн эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоосны дараагаар нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт нөхөн сэргээлт хийлгэх эсэх асуудлыг шийдвэрлэхээр байна. Гэтэл давж заалдах шатны шүүх хуулийн дээрх заалтуудыг хэрэглээгүй. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч газраа эвдсэн, газартаа хохирол учруулсан болохыг урьдчилан мэргэжлийн эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоосон баримт байтугай энэ талаар нэхэмжлэгчид хүргүүлсэн албан бичиг, шаардлага, мэдэгдэл ч байдаггүй.

11. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хуулиар тусгайлан олгогдсон эрх хэмжээнийхээ дагуу “газар эзэмшигч газартаа хохирол учруулсан, газрын төлөв байдлыг доройтуулсан” болохыг тогтоож, дүгнэлт гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх түүний өмнөөс шийдвэр гаргаж маргаан бүхий актыг хянах хяналтын хүрээгээ хэтрүүлсэн.

12. Сумын ИТХ болон Засаг дарга нь зарим нэг эвдрэлтэй байгаа газраар далимдуулан эвдрэлгүй байсан газруудыг, тухайлбал нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг дахин боловсруулалт хийгдэх талбайд хамруулан тогтоол баталж, гэрээ байгуулсан. “Б ц” ХХК дан нөхөн сэргээлт бус давхар алт олборлолт хийж, уурхайн томоохон тоног төхөөрөмжүүд ашиглан нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг эвдсэн. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт нөхөн сэргээлт хийсэн гээд байгаа боловч газрыг үнэхээр нөхөн сэргээсэн тухай баримт хэрэгт байдаггүй. Өдгөө нэхэмжлэгчийн эзэмшлийн газар ямар байдалтай байгаа талаарх ганцхан нотлох баримт хэрэгт байгаа нь нэхэмжлэгчээс шүүхэд гарган өгсөн “Ж.Ц-ын эзэмшлийн газарт учирсан хохирлын үнэлгээний тайлан” гэх материал юм. Уг тайланд нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт хээрийн судалгаа хийсэн баримт, 2017 оны 8 сарын байдлаар газрын зургууд авагдсан байдаг. Хээрийн судалгаа хийхэд оролцсон иргэний гэрчээр асуулгасан. Тайланд орсон зургууд болон хээрийн судалгааны баримтуудаас үзвэл нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт өргөн хэмжээний уурхайлалт явуулсан, өдгөө газар нь талхлагдсан байдалтай байгаа болох нь харагддаг.

13. Шүүхүүд “Б ц” ХХК-ийг нөхөн сэргээлт хийсэн хэмээн дүгнэхдээ хариуцагч Жаргалант сумын Засаг дарга Д.С-с шүүхэд нотлох баримтаар өгсөн нөхөн сэргээлтийн ажлын тайлан гэх нөхөж бүрдүүлсэн хуурамч баримт бичгийг үндэслэсэн.  

14. Давж заалдах шатны шүүхээс нөхөн сэргээлт буюу дахин боловсруулалт хийх талбай нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай хэсэгчлэн /57 хувь нь/ давхцалтай болохыг тогтоосон атлаа маргаан бүхий тогтоол, гэрээ нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхэд халдаагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. “Б ц” ХХК-ийн дахин боловсруулалт /олборлолтын үйл ажиллагаа/-ны улмаас өдгөө нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт нэг наст ургамал ч ургаагүй, талхлагдсан байдалтай байгаа. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрх одоог хүртэл хүчинтэй, хүчин төгөлдөр байгаа. Нэхэмжлэгчийн “эрх зөрчигдөх” гэдэгт нэхэмжлэгч эрхээ хэрэгжүүлэхэд саад учрах, нэхэмжлэгч эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөлд хүргэх /нэхэмжлэгч эзэмшлийн газартаа чацаргана тарих боломжгүй болох/-ийг хамааруулан ойлгоно. Нэхэмжлэгч газрыг өөрийн мэдэлд байлгах, эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөлд хүргэсэн, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн.

15. Нэхэмжлэгч болон “Б ц” ХХК-ийн тус тус үйл ажиллагаа нэг газар дээр зэрэгцэн явагдах бодит боломжгүй. Эзэмшлийн газар болон дахин боловсруулалт хийх талбайн давхцалын хувьд он цагийн дарааллаар буюу “түрүүлж үүссэн эрх”-ийг хамгаалах зарчим үйлчилнэ. "Б ц" ХХК-д олгогдсон газар ашиглах эрх нь нэхэмжлэгчийн түрүүлж үүссэн газар эзэмших эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн.

16. Нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт дахин боловсруулалт буюу "ашигт малтмал ашиглах" үйл ажиллагааг явуулахыг эрхийг “Б ц” ХХК-д олгосон нь захиргааны гэрээ хууль зөрчсөн, захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар захиргааны гэрээ байгуулсан, газар эрүүл байхад нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэж шалтгаан үндэслэлээ хэлэлгүйгээр, газраа эвдсэн болохыг нь хуулийн дагуу тогтоолгүйгээр нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт дахин боловсруулалт /алт олборлолт/ хийх эрхийг олгосон, илт хууль бус актын шинжийг агуулсан.

17. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

18. Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

19. Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2/09 дугаар тогтоолоор эвдэгдсэн газрын судалгаанд хамаарах солбицол бүхий ...Баруун салаанд дахин боловсруулалт, техник болон биологийн нөхөн сэргээлт хийлгэхээр шийдвэрлэсэн, энэ дагуу 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гуравдагч этгээдтэй Хамтран ажиллах гэрээг байгуулсан байна. Гэвч орон нутгийн захиргааны байгууллагын дээрх тогтоол, гэрээ нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдэл зөв байна.

20. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн “з”-д зааснаар Иргэдийн Хурал нь нутаг дэвсгэрийн газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах үүргийн хүрээнд шийдвэр гаргах, мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, түүний баялагыг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ, төсөв баталж, биелэлтэд хяналт тавих бүрэн эрхтэй юм.

21. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 он/ хуулийн 9 дүгээр зүйлд илт хууль бус захиргааны актын үндсэн шинжийг тодорхой нэрлэн заасан, эдгээр үндэслэлүүдийн аль нэгийг Иргэдийн Хурлын тогтоол, гэрээ агуулаагүй буюу нөхөн сэргээлт явуулах асуудлаар шийдвэр гаргах эрх хэмжээ захиргааны байгууллагад олгогдсон, эрх хэмжээний хүрээнд тогтоол гаргаж, гэрээ байгуулсан, ямар нэгэн утга агуулгын алдаагүй, маргаан бүхий газар нь бусдын хууль бус үйл ажиллагаанаас шалтгаалан эвдрэлд орсон учраас нөхөн сэргээх шийдвэр гаргах эрх зүйн үндэслэл захиргааны байгууллагад үүссэн байсан зэргээр илт хууль бус захиргааны актын аль нэг шинжийг агуулаагүй байна.

22. Нэхэмжлэгчээс “газрыг эзэмшилдээ авахаас өмнө 10% нь эвдрэлтэй, бусад газар нь эрүүл газар байсан” гэж маргаж байгаа боловч үүнийг нотолсон баримт байхгүй, харин 2009 оноос гар аргаар алт олборлогч иргэдийн үйлдлээс шалтгаалан эвдэгдсэн, нөхөн сэргээлт хийгдээгүй газар болох нь гэрч нарын мэдүүлэг, аймгийн Иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн нөхөн сэргээлт хийх газар, талбайн хэмжээ, солбицол баталсан тогтоол, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Эвдэрсэн газрын тооллогын тайлан зэрэг баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгчийн дээрх гомдол няцаагдаж байна.

23. Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг Засгийн газраас баталсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмаар зохицуулахаар байна. Маргаан бүхий тогтоол нь нөхөн сэргээлт хийх зорилгоос гадна эдийн засгийн үр ашиггүй болсон талбайд дахин боловсруулалт хийх, нэмж хайгуул хийхгүйгээр нөхөн сэргээлт хийх явцад илэрсэн ашигт малтмалтай холбоотой харилцааг зохицуулсан, мөн журмын 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар Сумын Засаг дарга нь дээрх асуудлаар гэрээ байгуулах эрхтэй учир түүнийг шийдвэр гаргах эрх хэмжээгүй гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн “дахин боловсруулалт буюу ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулах эрхийг гуравдагч этгээдэд олгосон нь илт хууль бус, өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар гэрээ байгуулсан” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

24. Нэхэмжлэгчээс “гуравдагч этгээд нь эрүүл газар ухаж гэмтээсэн” гэх агуулгаар гуравдагч этгээдийн үйл ажиллагаатай холбогдуулан маргаж, “холбогдох баримтыг шүүхээс үнэлээгүй” гэж гомдол гаргасан боловч энэхүү үйл баримт нь нэхэмжлэлийн шаардлагатай шууд хамааралгүй, захиргааны хэргийн шүүх нь хувийн компанийн үйл ажиллагааг хянахгүй, зөвхөн захиргааны актын хууль зүйн үндэслэл, энэ хэргийн хувьд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тогтоол, гэрээ нь илт хууль бус захиргааны актад хамаарах эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх тул гомдлын зарим хэсэг маргааны үйл баримтад хамааралгүй байна.

25. Нэхэмжлэгчийн “өөрийн эзэмшлийн газарт алт олборлох үйл ажиллагаа явуулаагүй, бусад газраас олборлосон, 2012 оны 8 сард газрын эвдрэлийг бүрэн нөхөн сэргээж, улиас, хайлаас, чацаргана тарьсан, эзэмшлийн газар хаана байдгийг мэдэхгүй гэрчийн мэдүүлгийг үнэлсэн” тухай гомдол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч өөрийн эзэмшил газрыг хамгаалах, хашаа барих үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгчийн газрын байршлыг гэрч нар мэдэх боломжгүй болсон, энэ байдал нь нэхэмжлэгчид эерэг үр дагаврыг үүсгэхгүй, давж заалдах шатны шүүхээс гэрчийн мэдүүлгийг маргааны үйл баримтад холбогдуулан зөв үнэлж дүгнэжээ.

26. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй тул нэхэмжлэгчийн “газрын давхцал, түрүүлж үүссэн эрх хамгаалагдах” асуудалд эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ. Учир нь газрын давхцлын асуудал нь маргаан бүхий захиргааны актын хүрээнд хянагдах болохоос илт хууль бус захиргааны актын хүрээнд хамаарахгүй юм.

27. Дээрх байдлаар Иргэдийн Хурлын тогтоол болон Хамтран ажиллах гэрээ нь илт хууль бус захиргааны акт биш байх тул түүнээс шалтгаалан нэхэмжлэгчид хохирол учирсан тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй учир шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 111/ШШ2018/0006 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2018/0276 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ    

ШҮҮГЧ                                                                                       П.СОЁЛ-ЭРДЭНЭ