Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 544

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Э-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/00012 дугаар шийдвэртэй, Ц.Э-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Э-д холбогдох, 73 892 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 190 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Э-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Уянга, Ч.Өнөржаргал,

Хариуцагч Г.Э-,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Чинбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Э- нь 2014-2016 онд Г.Э-ы эзэмшлийн УБ хот, Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороололд баригдсан 6 давхар, 35 айлын орон сууцны барилгад хөрөнгө оруулалт хийхээр харилцан тохиролцож хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Гэрээний нөхцлийн дагуу 2014 онд оруулсан 385 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг 770 000 000 төгрөг болгож, 2016 онд нэмж оруулсан 85 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг ямар ч хувь ашиг, хүү тооцохгүйгээр тус тус бэлнээр буцааж төлөхөөр тохиролцсон. Нийт 855 000 000 төгрөгийг буцааж бэлнээр төлөх байснаас 2017 оны 6 дугаар сард 29 500 000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 10 дугаар сард тухайн ашиглалтад орсон барилгаас 9 ширхэг орон сууцыг 787 572 000 төгрөгөөр тооцож надад хүлээлгэн өгсөн.

Үлдэгдэл 37 928 000 төгрөгийг Г.Э-аас удаа дараа нэхэмжилсэн боловч өгнө гэж хэлээд өнөөдрийг хүртэл тооцоог хийхгүй зугтаад байна. Иймд Г.Э-гаас үлдэгдэл 37 928 000 төгрөгийг нэхэмжилсэн.

Ц.Э- миний бие нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн гэрээний дагуу Г.Э-аас 9 орон сууц авахаар тохирч 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр улсын комисс хүлээн авсны дараа албан ёсоор авч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан. Г.Э- нь надад дээрх 9 орон сууцны 1 м.кв талбайг 1 800 000 төгрөгөөр тооцон өгсөн атлаа бусдад орон сууцаа 1 400 000 төгрөгөөр тооцон хүүгүй хувь лизингээр худалдсан. Энэ үйлдлээс болж одоог хүртэл уг орон сууцуудаа бүрэн худалдаж, мөнгөө олж авч чадаагүй. 9 ширхэг орон сууцнаас 3 орон сууцыг 1 м.кв талбайг нь 1 500 000 төгрөгөөр тооцож хувь лизингээр худалдсан боловч талбайн хэмжээ дутуу гэж худалдан авагч нар гомдол гаргаад нийт худалдах үнийн дүнгээс дутуу талбайн хэмжээг хасч тооцсон. Энэ нь Г.Э-тай тооцож гэрээ байгуулсан үнийг дүнгээс 1 м.кв талбайн хэмжээ дутуу байгаагаас болж дахин хохирол учраад байна. Ц.Э- миний бие нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн гэрээгээр Г.Э-аас 1 м.кв талбайг 1 800 000 төгрөгөөр тооцож 437.54 м.кв талбайг бодитоор хэмжилт хийлгэлгүйгээр авахаар тохиролцсон бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр буюу уг орон сууцуудыг улсын комисс хүлээж авсан үеийн талбайн хэмжээгээр буюу дахин нэмэлт гэрээ байгуулан уг гэрээнд заасан хэмжээгээр талбайн хэмжээг тооцож авсан. 9 ширхэг орон сууцыг авахаар 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр харилцан тохиролцсон боловч Г.Э- нь орон сууцны түлхүүрүүдийг цувруулан өгсөн. Дараа нь орон сууцуудыг үзэхэд улсын комисс хүлээн авахаас өмнө иргэдэд хөлслүүлээд шинэ байр гэхэд хэцүү болсон байсан бөгөөд Ц.Э- миний бие нь өөрөөсөө мөнгө гарган материал худалдан авч барилгачдаар засвар хийлгэсэн болно. Миний авсан 9 орон сууцны 3 нь 63.2 м.кв бүхий 3 өрөө орон сууц юм. Одоогоор 3 орон сууцаа бусдад хувь лизингээр худалдсан бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээг нь шилжүүлж өгөөгүй байгаа. Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 38 дугаар байрны 5 тоот, 19 тоот, 33 тоот орон сууцнууд нь 63.2 м.кв талбайтай гэж улсын комисст хүлээлгэн өгсөн байтал уг хэмжээндээ хүрэхгүй байгаа талаар Ц.Э- надаас хувь лизингээр 38 дугаар байрны 5 тоотыг авсан иргэн Д.Жаргалсайхан “Брайт пойнт” ХХК-иар Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS 6058:2009 стандартын дагуу мэргэжлийн барилгын инженерүүд хэмжилт хийж 56.54 м.кв гэж баталгаажуулсан дүгнэлтийг өгсөн. Уг дүгнэлтийг үндэслэн иргэн Д.Жаргалсайхантай орон сууц хувь лизингээр худалдсан гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулан дахин гэрээ байгуулсан болно. Иймд Г.Э-аас 38 дугаар байрны 5 тоот, 19 тоот, 33 тоот орон сууцуудын тус тус талбайн зөрүү болох нийт 19.98 м.кв талбайг 1 800 000 төгрөгөөр тооцон, 35 964 000 төгрөгөөр шаардлагаа нэмэгдүүлж, нийт 73 982 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Э-т 50 000 000 төгрөг зээлдүүлсэн байсан. Ингээд 2013 оноос барилга барихаар болж 10 дугаар хороололд газар авсан Ц.Э- нь энэхүү барилгад 400 000 000 төгрөг оруулж ашиг орлогын 20 хувийг авахаар 2014 онд гэрээ хийсэн. Би Ц.Э-ын оруулсан мөнгөөр барилгаа барьж байсан боловч иргэн н.Билэгсайхан, н.Эрдэнэчулуун нарт 200 000 000 төгрөгийг залилуулсан асуудал шүүх, цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа. Би 2016 онд барилгыг үргэлжлүүлэн бариулахаар АНУ-аас төрсөн дүүгээсээ 250 000 ам.доллар авч барилгыг дуусгасан. 2015 онд Ц.Э-ын хөөцөлдөж гаргасан цахилгаан техникийн нөхцлөөс болж ажил 1 жил хойшилсон, түүнийг засахын тулд Ц.Э-ын танилцуулсан н.Нямдагва түүний танил н.Сайнаа эгч гэгчид 21 000 000 төгрөг төлсөн. 2016 онд дулааны техникийн нөхцлөөс болж би дулаанаа авч чадаагүйгээс 50 000 000 төгрөг, барилгыг нам даралтын зуухаар бүтэн жил халаасны хөлсөнд 25 000 000 төгрөг, мөн цэвэр ус шилжүүлэхэд 45 000 000 төгрөгийг өгсөн. Ингээд барилгын ажлыг дуусгахад 2014, 2015, 2016, 2017 онуудад чимээгүй байсан. 2017 онд Ц.Э- надтай уулзаж миний бие муу байхад архиар шахаж согтоогоод нэг гэрээнд дээр гарын үсэг зуруулсан нь энэхүү гэрээ байна. Би 2018 онд барилгаа ашиглалтад өгөөд Ц.Э-т 790 000 000 төгрөгийн үнэ бүхий байр өгсөн. Анхны гэрээний дагуу тэр гэрээг цуцлаагүй учраас би 120 000 000 төгрөг нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах газарт барилга барихаар 400 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтын гэрээг Ц.Э-тай 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан. Тус гэрээнд барилгын өртөг 2 тэр бум төгрөгийн 20 хувь ба 400 000 000 төгрөгийг Ц.Э- гаргаж ашиглалтад орсноос хойш борлуулалтын орлогын 20 хувь ашиг болгон авахаар заасан. Тус гэрээний хүчин төгөлдөр хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр дууссан. Гэтэл Ц.Э- нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хийсэн хэлцлийг би мэдэхгүй байна. Намайг архи ууж согтсон байхад гарын үсэг зуруулсан хэлцэл. Ц.Э- 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн гэрээ байсан. Үүнд 400 000 000 хөрөнгө оруулж борлуулалтын 20 хувийн ашиг авна гэж заасан. Ц.Э-т үл хөдлөх хөрөнгөөр тооцон илүү төлсөн 120 000 000 төгрөгийг 70 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 190 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 оны 12 cap гэхэд би түүнд 385 000 000 төгрөг өгсөн байсан. 2016 онд Г.Э- нь 100 000 000 төгрөг хүүгүй өгчихвөл барилгаа ашиглалтад оруулаад чиний мөнгийг гаргаж өгнө гэсэн. Тэгээд би 2016 онд түүнд ямар ч хүүгүйгээр 85 000 000 төгрөгийг өгсөн. Г.Э- нь барилга ашиглалтад орохоор өгсөн мөнгөндөө орон сууц л тооцож ав гэж хэлсэн. Ингээд Г.Э-тай харилцан тохиролцсоны дагуу 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулсан. Дараа нь 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр барилгын хэмжилтэд өөрчлөлт орсонтой холбоотойгоор нэмэлт гэрээг байгуулсан. Нотариатч хуулийн дагуу ажилласан гэж үзэж байна. Иймд хариуцагч Ц.Энхтайвангийн 190 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.  

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Э-аас 37 928 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Э-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 35 964 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Э-аас 190 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Г.Э-ы сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 685 720 төгрөг, хариуцагчаас төлсөн 1 267 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Э-аас 347 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Э-т олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “...Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн гэрээнд гарын үсэг зурсан талаар маргаагүй. Уг хэлцлээр А тал буюу хариуцагч Г.Э- нь Б тал буюу иргэн Ц.Э-т 855 000 000 төгрөг буцаан төлөхөөр тохиролцсон бөгөөд 855 000 000 төгрөгийн 787 752 000 төгрөгт 9 ширхэг орон сууцыг 1 м.кв-ыг нь 1 800 000 төгрөгөөр тооцож, үлдэгдэл 67 248 000 төгрөгийг бэлнээр төлөхөөр харилцан тохиролцсон байдаг.

Гэтэл 787 752 000 төгрөгт тооцож 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлэн өгсөн орон сууцнууд нь талбайн хэмжээндээ хүрээгүй тул А тал буюу хариуцагч Г.Э-ы 787 752 000 төгрөг бүрэн төлөгдсөн гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Э- нь 9 ширхэг орон сууцны 3 өрөө 63.2 м.кв талбай бүхий орон сууцыг хэмжүүлэхэд уг орон сууц нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр 56.54 м.кв талбайтай болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгч Ц.Э- нь хариуцагч Г.Э-аас 38 дугаар байрны 5 тоот, 19 тоот, 33 тоот орон сууцуудыг тус бүрийг нь 63.2 м.кв талбайтай гэж тооцож авсан боловч 1 орон сууцнаас 6.66 м.кв дутуу, З ширхэг орон сууцны нийт 19.98 м.кв дутуу буюу 35 964 000 төгрөгийг хариуцагч Г.Э- нь гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл 787 752 000 төгрөгөөс 35 964 000 төгрөг дутуу төлөгдсөн.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлд үүрэг дуусгавар болох нөхцлүүдийг заасан бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн орон сууцнуудын талбайн зөрүүнээс үүдэлтэйгээр нэхэмжлэгч Ц.Э-ын хувьд хариуцагч Г.Э- 787 752 000 төгрөгийг бүрэн гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй болж байна.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд бодож орон сууцыг тооцож өгч байгаа ч үүргийн зүйл болох орон сууц нь стандартын шаардлагад нийцэх ёстой. Нөгөө талаас нэхэмжлэгч Ц.Э- нь хариуцагч Г.Э-ы худалдан борлуулахаар зах зээлд санал болгосон орон сууцуудаас төлбөртөө тооцон авахаас өөр аргагүй нөхцөл байдалд байсан.

Ц.Э- нь Г.Э-ы худалдан борлуулж байсан орон сууцыг авсанаараа тэдний хооронд хэрэглэгчийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.

Хэрэглэгчийн гэрээ нь худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх гэрээний хэлбэртэй байдаг бөгөөд манай тохиолдолд талууд худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байдаг.

Г.Э- нь Баянгол дүүргийн 6-р хорооны нутагт баригдсан 35 айлын орон сууцны захиалагч, худалдагчийн хувьдаа уг орон сууцыг Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна.” гэж заасан. Гэтэл орон сууц анх ашиглалтанд орохдоо стандартын шаардлага буюу нэрлэсэн талбайн хэмжээндээ хүрээгүй нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогддог бөгөөд хариуцагч энэ талаар маргадаггүй. ...Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Э- давж заалдах гомдолдоо: 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр иргэн Т.Даариймаа нь иргэн Ц.Энхээгээс 50 000 000 төгрөг зээлж барьцаанд нь 68 000 000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгө браьцаалж зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан бөгөөд тусдаа гэрээний эрх зүйн зохицуулалтыг барилгад хөрөнгө оруулсан гэрээтэй хольж энэ мөнгийг хариуцагчаас 100 хувь нугалж авсныг би хүлээн зөвшөөрөхгүй.

Хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжпэлдээ иргэн Ц.Энхээ, Т.Даариймаа нарын хооронд байгуулсан гэрээнд хариуцагч огт хамааралгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар гомдол гаргасаар байтал шүүхээс нягтлан үзэж, эрх зүйн дүгнэлт хийгээгүй шийдвэр гаргасан. Зохигчдын барилгад хөрөнгө оруулалт хийсэн гэрээнээс огт тусдаа 2 өөр хүний гэрээг нэг зорилготой болгож хариуцагчид хамааруулан, хэт нэг талыг барьж шүүхийн шийдвэр гаргасан. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 100 000 000 төгрөгийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

           

Нэхэмжлэгч Ц.Э- нь хариуцагч Г.Э-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 73 892 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч  гэрээний үүргийн гүйцэтгэлд илүү төлсөн 190 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээнүүдийн үүргийг хариуцагчаар хангуулна...” гэж тодорхойлжээ.

 

Талуудын хооронд 2017 оны 10 дугаар сарын 28-ний өдөр иргэн Г.Э-ы эзэмшлийн газар дээр баригдсан 6 давхар 35 айлын орон сууцанд хөрөнгө оруулсан тухай хэлцэл байгуулагдаж, уг гэрээгээр Г.Э-ы эзэмшлийн 000493648 тоот гэрчилгээний дугаартай Баянгол дүүргийн 6 дугаар хороо 3 дугаар эмнэлгийн хойно байрлах 930 м.кв газар дээр зоорийн давхар бүхий 6 давхар 35 айлын орон сууц бүрэн баригдаж дууссан, улсын комисст хүлээлгэн өгөх гэж буйтай холбогдуулан түүнд хөрөнгө оруулсныг нотлох, хөрөнгө оруулсаны мөнгөн хөрөнгийг буцаан авах харилцааг зохицуулна гэж харилцан тохиролцсон байна. /хх 5-8/

 

Дээрх хэлцлийн 1.1 дэх хэсэгт А тал буюу Г.Э- нь 6 давхар 35 айлын орон сууцыг барихдаа Б тал буюу Ц.Э-аас нийт 485 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт, мөнгөн хэлбэрээр авсан, 2014 онд 385 000 000 төгрөгийг хөрөнгө оруулалт олгосны урамшууллыг 100 хувь нэмж, нийт 770 000 000 төгрөг болгон Б талд өгнө. А тал нь 2016 онд 85 000 000 төгрөг нэмж орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгөх зориулалттайгаар Б талаас авсан. А тал нийт 770 000 000 төгрөг дээр Б талаас дахин нэмж 85 000 000 төгрөг авсан. А тал нь нийт мөнгөн төлбөр 855 000 000 төгрөгийг Б талд буцаан төлөхөөр тохиролцов. Талууд тохиролцож 9 ширхэг орон сууцыг 787 752 000 төгрөгт тооцон, үлдэгдэл 67 248 000 төгрөг төлөхөөс 2017 оны 05 дугаар сарын 04-нд 15 000 000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 29-нд 10 000 000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 27-нд 4 500 000 төгрөгийг А тал нь Б талд бэлнээр төлсөн. Үлдэгдэл 37 748 000 төгрөгийг А тал нь орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсөний дараа Б талд бүрэн төлж барагдуулахаар тохиролцжээ.

 

Талуудын дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар баримт үйлдэж гарын үсэг зурж байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх дээрх гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 37 928 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Э- нь 35 964 000 төгрөгийн шаардлагаа орон сууцны талбайн зөрүү буюу худалдан авсан эд хөрөнгийн доголдолтой холбоотойгоор хариуцагчаас шаардсаныг шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар худалдан авах гэрээгээр тохирсон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх бөгөөд мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3 дахь хэсэгт зааснаар худалдан авагч энэ хэмжээний хувьд доголдолтой эд хөрөнгийг хүлээн авсан бол гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөх үүрэг худалдагчид үүснэ.

Талууд 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулж, хариуцагч нь гэрээнд заасан тооны орон сууцыг нэхэмжлэгч Ц.Э-т хүлээлгэн өгсөн эсэх асуудлаар зохигчид маргаагүй бөгөөд хүлээлгэн өгсөн орон сууцны талбайн хэмжээ зөрүүтэй байгаа талаар маргажээ. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь худалдан авсан эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй бол шаардлага гаргах эрхээ алдах талаар заажээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн гэрээнд өмнө авсан мөнгөн төлбөртөө худалдах, худалдан авах гэрээний дагуу үүрэг болгон сольж орон сууцыг хүлээлгэн өгөх, үлдэх мөнгөн төлбөр болох 37 928 000 төгрөгийг орон сууцыг улсын комисс хүлээн авсны дараа мөнгийг буцаан төлөх үүрэг үүссэн гэх 2 агуулгатай байна. Нэхэмжлэгчийн хүлээн авсан 9 ширхэг орон сууцны талбай м.кв-ын зөрүү гарсан гэх гомдлын хувьд гэрээний 2.2 дахь хэсэгт “Орон сууцыг хүлээлгэн өгөхдөө мэргэжлийн байгууллагаар талбайн хэмжилт хийлгэнэ. Талбайн хэмжээнд зөрүү гарвал зөрүүг арилгах буюу мөнгөн төлбөрөөр Б талд буцаан төлнө” гэж үүрэг хүлээсэн байна. Иймд нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүйтэй холбоотой учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхгүй юм.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд дурдсанаар худалдах, худалдан авах гэрээ хэрэглэгчтэй байгуулсан гэрээ тул хэрэглэгчийн эрхийг зөрчсөн гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2 дахь хэсэгт зааснаар аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал нь дараах нөхцлүүдийг буюу гэрээний стандарт нөхцөлд тусгасан бол тэдгээр нь хүчин төгөлдөр бус байхаар заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга, шинж чанар, өмнө байгуулагдсан гэрээний агуулгаас үзвэл нэг тал нь нөгөө талынхаа эрхийг хязгаарласан стандарт нөхцөл бүхий гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь гэрээний нөхцөл бүрийг тухайлан тохиролцсон шинжтэй, өмнөх үүргийг сольсон агуулгатай байх тул уг гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ гэж үзэхгүй. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд талууд 2017 оны 10 дугаар сарын 28-ний өдөр Иргэн Г.Э-ы эзэмшлийн газар дээр баригдсан 6 давхар 35 айлын орон сууцанд хөрөнгө оруулсан тухай хэлцлийг Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороололд баригдах 6 давхар 35 айлын орон сууцанд 2014 оноос 2016 онуудад хийсэн хөрөнгө оруулалтын талаар тохиролцож, тооцоо нийлж хийсэн талаар маргаагүй боловч хариуцагч нь уг хэлцлийг согтуу буюу үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадваргүй болсон буюу сэтгэцийн түр зуурын сааталд орсон үедээ илэрхийлсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэж маргасан бөгөөд анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хэлцэл хүчин төгөлдөр бус байх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул хэлцлийн учир холбогдлыг ойлгохгүй байхдаа буюу гэрээнээс үүсэх үр дагаврыг ойлгохгүй байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар баримт үйлдэж гарын үсэг зурж байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

Түүнчлэн, анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 37 748 000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хариуцагчийг 468 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан талаар дүгнэлт хийсэн байх тул мөн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/00012 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Э-аас 37 928 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Э-т олгож, мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас 35 964 000 төгрөгийг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Э-аас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337 770 төгрөг, хариуцагч Г.Э-аас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657 950 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй. 

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                     ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                              ШҮҮГЧИД                                Б.НАРМАНДАХ  

 

                                                     Д.ЦОГТСАЙХАН